Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/28

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0036/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгч Н.Ц***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.Ц*** холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т*** Н.Ц***, ****төрсөн, ****** настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****** ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ц***” төвийн ресторанд хохирогч Д.Т***тай маргалдан улмаар хоолны цэс шидэн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Н.Ц***гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

    ...Улаанбаатар хотоос эгч Б*** ирээд бид гадуур салхилаад явж байгаад зам дагуу “Ц***” төв онгорхой байхаар нь караокед нь орж үйлчлүүлсэн. Тухайн караокед эгч Б***, хүргэн М*** бид хэд байж байхад гаднаас манай бэр Л*** ирсэн. Тэгээд бид нар караокены зөөгч залууд хэлж байгаад нэг цаг дуулахаар цаг аваад хүн бүрийн нэг нэг шил пиво захиалсан. Тэгээд бид нарын эхний авсан цаг маань дуусаад дахиад 1 цаг зөөгчид хэлээд сунгуулсан. 
    ...2 дахь цагаа аваад 41 минут болж байхад гаднаас зөөгч байн байн орж ирээд караокены цагийг хараад байсан. Тэгэхээр нь Б*** эгч яагаад байн байн цаг хараад байгаа юм бэ бид нарын цаг дуусаагүй байна гэж хэлсэн. Гэтэл зөөгч нь та нарыг манай захирал гар гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тэгвэл дахиад нэг цаг сунгуулъя гэхэд зөөгч захирлаасаа асуугаад ирье гэж хэлээд гараад явсан. Удаагүй зөөгч залуу дахин орж ирээд -манай захирал та нарыг гарахыг хүлээгээд 2 хүн 20 минут хүлээгээд байна гэж хэлээд гаднаас 2 хүн дагуулж ирээд микрафон хураагаад авчихсан. Тэгэхээр нь бид нар гаръя, гаръя гээд тооцоогоо хийх гээд гарсан. Тэгээд ресторан руу нь ороод захирал эмэгтэйтэй уулзаад -та нар үйлчлүүлэгч нартайгаа ямар муухай харьцдаг юм бэ? соёлч боловсон үйлчлээч гэхэд захирал гээд байгаа эмэгтэй надад -би та нарт үйлчлэх алба байхгүй, олигтой юм аваад ууж, идэж чадахгүй гудамжны юмнууд орж ирээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж чи жоохон ёс зүйтэй харьцаач гэж хэлэхэд тухайн эмэгтэй намайг хэл амаар доромжлоод, есөн шидээр хэлээд байсан. 
    ...Тэгээд захирал гээд байгаа эмэгтэй нь миний өөдөөс янз янзын юм яриад байхаар нь уурлаад лангуун дээр байсан хоолны цэсийг аваад шидчихсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, 

    Хохирогч Д.Т***гийн хэрэг бүртгэлтэд өгсөн:
Би хувиараа Дархан сумын ** дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ц*** төвийг ажиллуулдаг. Манай төв нь дотроо караоке, ресторан, зочид буудалтай. Заримдаа манай төвийн ачаалал ихдэхээр би нэмэлтээр өөрөө ажилладаг. Манайх гэртээ байгууллагынхаа үйл ажиллагааг хараад байж байдаг хяналтын камертай. Тэгээд би гэртээ камераа хараад байж байхад 23 цагийн орчимд караокеноос хүмүүс олноороо орж гараад байхаар нь би ажлаа шалгах гэж гэрээсээ гарч ажил дээрээ ирсэн. Тэгээд би зөөгчтэйгээ уулзаад караокены тооцооны билл хуудсаа шалгаад караокены өрөөний дуусах хугацааг шалгасан. Тэгсэн чинь 3 номерын өрөөний караокены цаг нь дууссан байсан.  Тэгээд би зөөгчдөө 3 номерын өрөөнд байгаа хүмүүс дахиж цагаа сунгах юмуу, сунгахгүй юм бол дээшээ заал руу ороод суучих гэж зөөгчөөрөө хэлүүлсэн. Тэгсэн чинь манай зөөгч ****** надад -би урьд нь 3 номерын өрөөнд байгаа хүмүүст энэ талаар хэд хэдэн удаа хэлсэн, ааштай авгай нар орсон миний үгийг огт тоохгүй, намайг загнаад хөөж гаргаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөөгчдөө тэгвэл чи одоо очоод караокены дэлгэцийг нь унтраагаад, микрафоныг нь хураагаад авчих, эвтэйхэн тайлбарлаад дээшээ заал руу гарга гэж хэлсэн. 
...Удаагүй байж байсан чинь 3 номерын өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс ирээд надтай уулзсан. Эхлээд нүдний шилтэй хүүхэн гарч ирээд -та нар яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ гээд намайг учир зүггүй загнаад байсан. Түүний араас над руу хоолны цэс шидсэн эмэгтэй болон өөр нэг эмэгтэй хүрч ирээд намайг учир зүггүй загнаад үйлчлүүлэгч хаан, бид нар хэдэн цаг суусан ч ямар хамаатай юм бэ гээд байсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүст зааланд олон хүмүүс үйлчлүүлж байна, та нар үйлчлүүлэгч нарыг хүндлээд жоохон чимээгүй байж бай гэж хэлсэн. 
...Тэгж байгаад над руу нэг эмэгтэй нь тэкэн дээр байсан хоолны цэс авч шидээд хоолны цэсний булан нь миний хөмсөг болон хамарны дээд хэсгийг цохиж гэмтээсэн. Тэгээд миний хөмсөг, хамарнаас их хэмжээний цус гарсан. Миний зүгээс маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,   

    Гэрч Г.Л***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:

Намайг Ц*** төвийн караокед ороход Ц*** эгч, Б*** эгч, Б*** эгчийн хүргэн М*** нар байцгааж байсан. Тэгээд бид нар караокед нэг цаг дуулж байгаад дахин нэг цаг сунгуулсан. Тэгээд бид нарын цаг дуусаагүй байхад караокены зөөгч байн байн орж ирээд байхаар нь Б*** эгч түүнээс яагаад байн байн орж ирээд байгаа талаар асуухад цаг чинь дуусах гэж байгаа талаар харсан юм, та нар дахиад уух юм захиалах уу гэж асуусан. ...Тэгээд бид караокены өрөөнд 5 минут орчим сууж байгаад өрөөнөөс бүгдээрээ гараад дээшээ гарч тооцоо хийх гээд орсон. Тэр үед тус төвийн захирал хүүхэн тэкэн дээр байж байсан. ...Ц*** эгч захиралд нь хандаж -танайх ямар сонин газар бэ үйлчлүүлэгч нараа хөөж гаргадаг гэсэн. Тэгсэн чинь захирал нь Ц*** эгчид -манайх угаасаа хаах цаг болсон байна гэсэн. Ц*** эгч -танайх хаах гэж байсан юм бол яагаад 2 хүн оруулах гээд байгаа юм. Заавал бид нарыг хөөх гээд байхдаа яадаг юм, хажууд нь зөндөө өөрөө байж л байна шүү дээ гээд бөөн хэрүүл болж байгаад захирал нь Ц*** эгчийг -чи уусан архиа шингээ, олигтой юм авч идэж чаддаг юм шиг гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь бид нар болье, болье гээд гараад явах гэж байхад тухайн захирал эмэгтэй бид нарын араас хэлсэн үгийг нь сайн санахгүй байна тэвчихийн аргагүй үг хэлэхээр нь бид гурав буцаж очоод захирал эмэгтэйтэй нь хэрэлдээд байж байхад Ц*** эгч тэкэн дээр байсан хоолны цэсийг аваад захирал гээд байгаа эмэгтэй рүү шидчихсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Д.Б***гийн хэрэг бүртгэлтэд өгсөн:

Ц*** төвийн захирал гээд байгаа эмэгтэй нь тухайн үед маш их хэл амаар доромжилсон. Тэрээр намайг чи сургуульд байхдаа муу сурдаг гуйлгачин шиг юм байсан яг хэвээрээ байна гэх мэтээр доромжилсон. Тэгээд бид гурав гарах гээд рестораны үүдээр явж байхад захирал гээд байгаа хүүхэн нь бид нарын араас муу сайн гуйлгачингууд юм захиалж идэж ууж чадахгүй бол зайлцгаа гэсэн. Тэгсэн чинь манай 2 дүү уурлаад захирал эмэгтэйтэйг нь хэл амаар доромжиллоо гээд маргалдсан. Тэгээд тухайн эмэгтэй бид нарыг караокед 2 цаг болоход орлого хийсэнгүй шавар боллоо гэж уурласан. Тэгсэн чинь Ц*** тэкэн дээр байсан хоолны цэсийг нь аваад захирал гээд байгаа эмэгтэй рүү нь шидчихсэн чинь нүүр хэсгийг нь оночихсон гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Гэрч Б.Э***гийн хэрэг бүртгэлтэд өгсөн:

Би Дархан-Уул аймгийн ** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ц*** нэртэй төвийн паб караокед бармен хийдэг байсан. 3 номерын өрөөнд сууж байсан 3 эгч 1 ах манай караокед 2 цаг дуулсан, сунгах 30 минут байгаад байхад захирал аашлаад сунгаж өгөөгүй, тэгээд тооцоо хийхэд тэр эмэгтэйн нэг нь их уурлаж биш зүгээр л эвтэйхэн цагаа яагаад сунгахгүй байгаа юм бэ гэсэн чинь захирал шууд уурлаад та нар шиг хогийн авгай нар зайл гээд хэрүүлийг эхэлсэн. Тэрнээс болоод л хэрүүл маргаан эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.10.20-ны өдрийн 1119 дугаар дүгнэлт: 

1.Д.Т***гийн биед тархи доргилт, нүүрний цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
3.Уг гэмтэл нь ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 
4.Д.Т***гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 44/, 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг болно.  

Шүүгдэгч Н.Ц***нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ц***” төвийн ресторанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Т***тай маргалдан улмаар хоолны цэс шидэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Гэсэн хэдий ч хохирогч Д.Т*** нь шүүгдэгч Н.Ц***тэй шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Н.Ц***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Н.Ц***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32х25 см хэмжээтэй бор өнгийн савхин материалаар хийгдсэн зузаан хавтастай 8 хуудас хоолны цэсийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц*** төвд буцаан олгож, камерын бичлэг бүхий 3 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 
    битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Т*** Н.Ц***г согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Н.Ц***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32х25 см хэмжээтэй бор өнгийн савхин материалаар хийгдсэн зузаан хавтастай 8 хуудас хоолны цэсийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц*** төвд буцаан олгож, камерын бичлэг бүхий 3 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

    4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Н.Ц***, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ц***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
 
 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ