Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 538

 

Д.С, А.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, Л.Данзанноров, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар магадлалтай, Д.С, А.О нарт холбогдох 2015090000606 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх хиа овогт Д-ийн С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирох” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнес менежментийн мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А-ын О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан “Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Д.С-ад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, А.О-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, Д.С-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон, А.О-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Д, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.О гаргасан гомдолдоо “Д.С нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан хотоос Улаанбаатар хот руу явах замд 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүйгээр жолоодсоноос болж зам тээврийн осол гаргаж, Д.Ц-ын амь нас хохирсон.Энэхүү хэрэгт ажил олгогч намайг буруутгаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаанууд надтай холбоогүй болно. Миний бие Япон улсаас орж ирээд Монголд огт явж байгаагүй, улсын дугаар аваагүй машин худалдан авахдаа техникийн бүрэн бүтэн байдалд нь анхаарч, Д.Ц-ын нэрээр үзлэгт оруулж улмаар түүнд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийг үзлэгт оруулахдаа  дугуйн хээ зөрсөн зөрчил дурдагдаагүй бөгөөд шинэвтэр хээтэй 4 дугуйтай байснаас гадна техникийн үзлэг шууд тэнцсэн тул замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн итгэл үнэмшил төрж, уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг Д.Ц-т зөвшөөрсөн болно. Тээврийн хэрэгслийг Д.Ц-т хүлээлгэн өгөхдөө тусгайлан ярилцлагаа хийж, жолоо барьсан туршлагатай танилцан аюулгүй ажиллагааны зөвлөмж өгсөн. Техникийн үзлэгт орсон тээврийн хэрэгслийг компанийн ажилтанд хүлээлгэн өгч ажилдаа гаргах явцад архи ууж, жолоогоо бусдад шилжүүлснээс болж осол гарч, хүний амь нас хохирсон хэрэгт ажилтныг цалинжуулан ажиллуулж байсан намайг буруутгаж ял оногдуулсанд гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн дугуйг хэзээ, хаана сольсон нь тодорхойгүй бөгөөд уг ослын улмаас миний бие санхүүгээр хохироод зогсохгүй хариуцлагад татагдаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Монгол Улсын Их хурлаас 2002 онд баталсан Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлд заасан хэрэг нь тусгай субъекттэй буюу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд албаны хувьд хариуцсан, хяналт тавих үүрэг бүхий ажилтан байх ёстой. Шүүгдэгч А.О-ийн компани нь мод тарьж, ойжуулалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд компанийн захирал А.О-д тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг албаны хувьд хариуцах ямар ч үүрэг байхгүй. Энэ гэмт хэргийн санаа зорилго, субъектив шинж байхгүй. Гэмт хэргийн шинжийн тухайд албаны хувьд бүрэн бүтэн байдлыг хариуцсан хүн тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг илт бүрэн биш байгааг мэдсээр байж ажилд гаргасан байхыг шаарддаг. Гэтэл А.О-ийн үйлдэлд ийм санаа зорилго ч байхгүй, мөн тэрээр техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг ч хариуцдаггүй, хариуцах ч үүрэггүй. Харин ч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг нь “Замын хөдөлгөөний дүрэм”-д зааснаар жолоочийн үүрэг бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд ч мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд А.О биш, жолооч Д.С зөрчсөнөөр тусгасан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан. Гэтэл хоёр шатны шүүх тухайн үйлдэлд жолоочийг гэм буруутай гэж ял шийтгэсэн атлаа гэм буруугүй А.О-д мөн үйлдэлтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлага халдаан хэрэглэсэн нь буруу юм.

Япон улсаас 1 сарын өмнө автомашин импортлоод, харъяалах байгууллагад техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулж, хөдөлгөөнд оролцоход тэнцсэн гэсэн дүгнэлт гаргуулсан атал хэн нэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдлийн улмаас осолд ороход өөр газар орчинд ажлаа хийж явсан, бүрэн бүтэн байдлыг албаны хувьд хариуцах үүрэггүй А.О буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймэрхүү байдлаар зам тээврийн осол бүрт компанийнх нь нэр дээр бүртгэлтэй автомашиных нь дугуйны хээ элэгдсэн, наклад нимгэрсэн байсан гэх шалтгаанаар компанийн захирал болгоныг хариуцлагад татаж, ял шийтгээд байвал юу болох вэ? тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах жолоочийн үүргийг хэрхэх вэ? жолооч компаниас хүлээн авч сар гаруй хугацаанд ашиглахдаа оношлогоонд оруулсан яг тэр эд анги, дугуй зэргийг солиогүй гэх баталгаа байхгүй.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журмыг бүдүүлгээр зөрчсөн. Тухайн зам тээврийн осол 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлээгүй байхад болсон байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн. Ингэхдээ хэрэг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан хуулийг, шүүгдэгчийн хувийн байдлыг илтэд дордуулан, тухайн үед гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдэлд халдаан хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд байж болшгүй, хүний эрх чөлөөг хууль бусаар хязгаарлаж хохироосон үйлдэл болжээ. 2015 оны Эрүүгийн хуульд “Бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах” гэмт хэргийг эрүүгүйжүүлсэн. Энэ хэргийн шинж нь 2015 онд батлагдсан хуульд өмнөх агуулгаараа уламжлагдан үлдсэн байсан ч бүрэлдэхүүний шинжээрээ А.О-ийн үйлдэл, эс үйлдэхүйд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй болно. Эрүүгийн хуулиас хасагдсан зүйл ангиар буруутгаж, тухайн үйлдлийг шинэ хуульд өөр агуулгаар тусгасан хэмээн төөрөлдөж, А.О-гийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, хууль бусаар ял оногдуулж байгаа нь хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөн.  Прокурорын буруутгаж, яллах дүгнэлтэд тусгасан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд заасан хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болж, бүрэн эрүүгүйжүүлсэн. Бүрэн эрүүгүйжүүлсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож байсан үйлдэл, эс үйлдэхүйг болон оногдуулах ялыг бүхэлд нь хүчингүй болгодог. Гэтэл А.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн 2 шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхлээгүй байхад шинэ хуулийн зохицуулалтыг А.О-ийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хэрэглэж хууль зөрчсөн. А.О-ийн үйлдэл 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын алинаар нь ч үзсэн гэмт хэргийн шинжгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.О-ийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байна гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх уг Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлд заасан үйлдлийг гэмт хэргээс хасч, гэмт хэрэгт тооцохгүй болсныг хүлээн зөвшөөрсөн атлаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасантай агуулгаараа ижил байна гэж үзэж, төсөөтэй хэрэглэсэн. Энэ хоёр заалтад агуулгаараа ч ижил зүйл байхгүй, энэ хуулийг төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэл ч байхгүй, хориглосон. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд тодорхой заасан диспозиц нөхцөлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “...захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэнтэй шууд төсөөтэй хэрэглэж ял шийтгэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмын агуулгыг ноцтой зөрчсөн, түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр болжээ. А.О нь модны үрсэлгээ, ойжуулалтын ажил хийдэг бөгөөд компани нь АНУ, Итали, Япон зэрэг улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, үйл ажиллагаа нь жигдэрч байх үедээ ийм асуудалд холбогдсоноос ойжуулах, моджуулах талаар компани аж ахуйн нэгжүүдтэй хийсэн байсан зарим гэрээ цуцлагдаад байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар А.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч А.О-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.О нь Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн “ажилтанд ажил үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангах, хөдөлмөрийн нөхцөл, орчин бүрдүүлэх” үүргээ биелүүлээгүйгээс тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 улсын стандартын 5.14.3 дахь заалтын шаардлага хангаагүй техникийн хувьд дугуйн хээ элэгдсэн, нэг тэнхлэг дээрх дугуйн хээ зөрүүтэй, ажлын тормосны хойд ялтас /накладка/ элэгдэлтэй тээврийн хэрэгсэл ажилд гаргаснаас зам тээврийн осол гарч хүний амь нас хохироосон эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэсэн атлаа шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн. Шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь 2015 оны Эрүүгийн хуульд дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг нэрлэн тусгагдаагүй тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.О-ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болохыг шууд тодорхойлжээ.

Шүүгдэгч Д.С, А.О нарт холбогдох эрүүгийн хэрэг нь цаг хугацааны хувьд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд “бүрэн биш тээврийн хэрэгсэл ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах” гэсэн зүйл анги байхгүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн байна.  Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан “бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид багтаж байна гэж хийсвэрээр дүгнэж шийдвэрлэсэн нь гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж дээрх хуулийн заалтыг илт зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Д.Ц-ын амь насыг хохироосон жолооч Д.С гэм буруугаа зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулж тохирох ял шийтгэл хүлээсэн байтал А.О-г Д.Ц-ын амь насыг хохироосон гэсэн үндэслэлээр буруутгах үндэслэлгүй болно. Д.Ц-ын амь насыг хоёр өөр үйлдлээр 2 хүн тус тусдаа болгоомжгүй хохироосон гэж 2 өөр зүйл хэсгээр буруутган ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн зарчмуудыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын А.О-д холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч А.О-ийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн. Тухайлбал, А.О нь “ажилтанд ажил үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангах, хөдөлмөрийн нөхцөл, орчин бүрдүүлэх” үүргээ биелүүлээгүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй. Шүүхээс А.О-г “Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн дугуйтай машинаар ажилд гаргасан гэж гэм буруутайд тооцсоныг онцлон дурдаж байна. А.О- нь 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 07 дугаар сарын 08-нд худалдан авахдаа Авто тээврийн газрын харъяа Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулахдаа Д.Ц-т өгч явуулж, түүний нэрээр үзлэг оношлогоонд орсон ба энэ үеэс хойш А.О тээврийн хэрэгслийг буцааж аваагүй юм. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 39579 дугаар дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь бүх үзүүлэлтээр замын хөдөлгөөнд оролцоход тэнцсэн тухай баримт авагдсан байна. Энэхүү нотлох баримт нь А.О- Төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлтэд итгэн сайн машин авсан гэсэн итгэл үнэмшилтэй явснаас биш, бүрэн биш тээврийн хэрэгсэл гэж огт ойлгоогүй, мэдээгүй мэдэх ч боломж байхгүй байна. Учир нь А.О өөрөө техникийн талаар анхны мэдэгдэхүүн байхгүй хүн юм. Хэрэв тээврийн хэрэгслийн чанарыг баталсан “техникийн хяналтын 39579 дугаартай дүгнэлт” байхгүй, бүрэн бус, чанаргүй байсан бол А.О худалдаж авахгүй, авсан ч засвар үйлчилгээг хийх байсан.

Мөн гэрч З.Санчир “оношлогоонд оруулаад авсан бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл байсан. Машин авахдаа Японоос орж ирсэн хээ сайтай дөрвөн дугуй аваад уг машинд тавьсан. Машины үндсэн дугуйнаас хээ сайтай 2 дугуйг нь обудын хамт запас дугуй болгосон. Уг машины өөрийнх нь үндсэн запас дугуй байсан” гэж мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримт гаргаж тавиагүй. А.О нь машиныг жолоочид хүлээлгэн өгснөөс хойш 1 сар 10 хоногийн хугацаанд машиныг эргүүлж авч байгаагүй, эд ангийг солиогүй. Мөн тээврийн хэрэгслийн ашиглалтаас шалтгаалан нэг дугуй таллаж элэгдэхээр нөхцөл үүсгэх хэмжээний замыг уг машин туулаагүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “Г” ХХК-ийн захирал шүүгдэгч А.О нь техникийн хувьд бүрэн биш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь дээрх шинжээч нарын дүгнэлт болон шүүгдэгч Д.С-ын мэдүүлгээр няцаагдаж байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу 1 сар гарангийн дараа осол болж үзлэг шинжилгээ хийхэд “Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн болох нь илэрсэн” гэсэн дүгнэлтийг үндэслэн А.О-г гэм буруутайд тооцсон. Шинжээчийн дүгнэлт нь А.О-г гэм буруутай гэдгийг нотлохгүй, харин ч мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох фактийг гаргаж тавьсан боловч шалгаагүй юм. Шүүгдэгч Д.С-ын ямар мэдүүлэг нь А.О-г яллах нотлох баримт болох, хэргээ хүлээн зөвшөөрөхгүй гэснийг няцааж байгааг заагаагүй нь үндэслэлгүй болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.С-ын зүгээс А.О-г буруутгасан ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд А.О нь техникийн хувьд бүрэн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг иргэн Д.Ц-т хүлээлгэж өгч ажилд гаргасан тул Д.Ц-ын амь нас хохирсон үйлдэлд А.О-ийн зүгээс нөлөөлсөн гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй байна. Магадгүй осол гарсан өдөр ч замдаа дугуйгаа муутган сольсон байхыг үгүйсгэхгүй. Хэргийн ээдрээг тайлах гол асуудлыг шалгаж тогтоогоогүй.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлох, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.1-д “Хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” гэсэн заалтуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс уг хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан, хийсвэр дүгнэлт хийсэн. Шүүгдэгч А.О- болон түүний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд тогтоолын А.О-д холбогдуулан ял оноосон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгож, тухайн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол гаргахад давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ бидний гомдолд дурдсан үндэслэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн зэрэг нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Иймд А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын А.О-д холбогдуулан ял оногдуулсан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.С нь “Г-” ХХК-ийн эзэмшлийн “Hijet” загварын 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 б, 9.3 дугаар заалтыг зөрчин явснаас осол гаргаж зорчигч Д.Ц-ын амь насыг хохироосон, “Г-” ХХК-ийн захирал А.О- нь компанийн үйл ажиллагаанд ашигладаг “Hijet” загварын 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн биш шаардлага хангаагүй байхад ажилд гаргасан буруутай үйл ажиллагаа зорчигч Д.Ц-ын амь нас хохирсонтой шалтгаант холбоотой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.С нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Цайдмын хөндий” гэх газарт 2015 оны 08 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим “Daihatsu/hijet” загварын 47-81 УБО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ”, 9 дүгээр бүлгийн 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг тус тус заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Ц-ын амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.С, А.О нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.С-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Д.С-ад холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч А.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, Л.Данзанноров нар нь 2015 оны Эрүүгийн хуулийг шинээр батлахдаа шүүгдэгч А.О-г буруутган ялласан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд заасан гэмт хэргийг эрүүгүйжүүлсэн, шүүгдэгч А.О нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан биш,  А.О- нь хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй гэсэн зарим талаар харилцан нэгийгээ үгүйсгэсэн гэж үзэж болохоор үндэслэлүүдээр гомдол гаргасан байна.

Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, ашиглах нь замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул, хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэдэг тул энэ үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан тохиолдолд гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэхээр заасан. Дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд уг харилцааг хамгаалж эрх бүхий этгээдээс хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, хэлцлээр тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн нь Эрүүгийн хуульд заасан хор уршиг бий болгосон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Механикжсан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж аюулгүй ажиллагааны зааврыг ажилдаа байнга мөрдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зохих нөөц сэлбэг бэлтгэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээр хангах үүргийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн дарга, захирал, ажил олгогч нар хүлээх ба энэ удирдан зохион байгуулах түвшний үүргээ биелүүлээгүй нь бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож бусдын амь нас, эрүүл мэнд хохирох, эд хөрөнгө устах шууд шалтгаан болсон бол гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хамааран 2002 оны Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үр дагаврыг бий болгоно.

Иймээс өмгөөлөгч нарын гомдолдоо заасан аж ахуйн нэгжийн захирал, ажил олгогч нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцах үүргийг зөрчсөн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

А.О нь 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу осол гарахаас ердөө 1 сар 10 хоногийн өмнө Авто тээврийн газрын харъяа Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулж Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 39579 дугаар дүгнэлт гаргуулсан байх ба тухайн тээврийн хэрэгсэл нь бүх үзүүлэлтээр замын хөдөлгөөнд оролцоход тэнцсэн тухай  заажээ.

Мөн гэрч З.С уг тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байсан, хээ сайтай дөрвөн дугуй сольж биечлэн тавьсан талаар гэрчилснээс үзэхэд “Г-” ХХК-ийн захирал А.О-г тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглалтын аюулгүй ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүйн дээр 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйны хээ нь харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн, нэг тэнхлэг дээрх дугуйн хээ зөрүүтэй тавигдсан, ажлын тормосны хойд ялтас /накладка/ элэгдэлтэй байдал нь хэзээ бий болсон, А.О-гийн буруутай ажиллагаанаас үүдэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас биш өөр бусад шалтгаанаар тээврийн хэрэгслийн дугуй солигдсон, эсхүл буруу ашиглалтын улмаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.  

Иймд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шийтгэх тогтоол, магадлалын А.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгон цагаатгаж, энэ талаарх гаргасан шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэдийгээр А.О-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон боловч компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан Д.С-ын буруугаас болж зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон гэм хор, хор уршгийг арилгах иргэний хариуцагчийн үүргээс чөлөөлөгдөхгүй тул хохирогч хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар магадлалд:

“Прокуророос А.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын А.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН