Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2019/0011/З |
Дугаар | 118/ШШ2020/0015 |
Огноо | 2020-07-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 118/ШШ2020/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, шүүгч Б.Одонтуяа, Ч.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн******* сумын Засаг даргад холбогдох
12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг Завхан аймгийн******* сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Завхан аймгийн******* сумын Засаг дарга А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд Завхан аймгийн******* сумын нутагт орших Айраг-Уулын алтны үндсэн ордуудад 2011-2018 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг гарган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлснээр 2019 оны 07 сарын 05-ны өдрийн ХХ-12-11 дугаар дүгнэлтийг гаргасан байдаг. Харин манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн ...24 дүгээр зүйлийн 24.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж тус тус заасан эрхийнхээ хүрээнд хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэх ажлыг хийсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 25.1.6-д Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг өргөдөлд хавсарган өгөх шаардлагыг тавьсны дагуу манай компанийн зүгээс энэ талаарх тодорхойлолтыг авах хүсэлтийг 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 07/08, 07/09 дугаар албан бичгээр******* сумын Засаг даргад хүргүүлсэн боловч түүний зүгээс өнөөдрийг хүртэл тодорхойлолт гаргаж өгөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.1.5, 38.1.6 дахь заалт, 38.2, 38.3 дахь хэсэгт тус тус заасан хүрээнд Сумын Засаг дарга нь Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар төлөвлөгөөг зөвшилцөх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнгийн тайланг нь хүлээн авч дүгнэх эрх, үүрэгтэй бөгөөд үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаар баримтыг буюу тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан юм. Гэтэл******* сумын Засаг дарга нь 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн******* сумын Засаг дарга А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 сарын 19-нд бичиг нь ирсэн байдаг. Тухайн өдөр сумдын Засаг дарга нар Солонгос улсад сургалттай байсан учраас би Солонгос улсад 7 хоногийн хугацаагаар ажиллаад Улаанбаатар хотод ирсэн. Ингээд Улаанбаатар хотод ажлаар явж байх үед нэхэмжлэгч компани нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл гомдлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацааг хүлээлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар шаардлагатай тохиолдолд тухайн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгах боломжтой байдаг. Энэ хүрээнд өргөдөл гомдлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад буюу 8 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Энэ хэрэг нь зөвхөн Засаг дарга миний биш сум орон нутгийн ирээдүйтэй холбоотой асуудал байсан учраас би нэлээд анхаарал болгоомжтой хандаж шийдвэрээ гаргах хэрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор өмнөх Засаг даргын хийж байсан байгаль орчинтой холбоотой бичиг баримтуудыг үзэж судлах шаардлагатай болсон. Нэхэмжлэгч компаниас 10 сард дахиад албан бичиг ирсэн. Үүний дагуу боломжгүй гэдэг хариуг албан бичгээр хүргүүлсэн байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн 2 шаардлагын хүрээнд тус тусад нь тайлбараа гаргая. Эхний байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар засаг төрийн төлөөлөгч мөн бөгөөд энэ хуулийн зохицуулалтаар үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, албан тушаалтнууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ерөнхий зохицуулалттай байгаа. Тэгэхээр сумын Засаг даргын тухайд ирсэн хүсэлтэд хариу өгөхийн тулд өөрийн нутаг орны онцлог байдал, байгаль орчны талаар хийж хэрэгжүүлсэн өмнөх онуудын ажлуудыг судалж үзэх, энэ компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 12 жилийн хугацаанд Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж байсан эсэхийг анхаарч үзэх шаардлага гарсан гэдгийг хэлж байна. Мөн уг хүсэлт ирэхээс өмнө хариуцлагатай уул уурхай гэсэн асуудлаар сумын нийт иргэдийн хүрээнд санал асуулга явуулахад нийт иргэдийн 80 хувь нь уул уурхайгүй байх ёстой гэсэн байр суурин дээр нэгдсэн байсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг зааж өгсөн. Үүний хамгийн гол зохицуулалт нь хуулийн 38.1.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулах заалт байгаа. 2007 оны 8 сарын 1-ний өдөр Хас даваа гэдэг компанид тусгай зөвшөөрөл олгогдсон хэдий ч өнөөдөр хэргийн материалд хавсаргагдсан баримтуудаас үзэхэд 2007 оны 9 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Завхан аймгийн******* сумын тухайн үед ажиллаж байсан Засаг даргатай байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулж ажилласан баримт огт байдаггүй.Тэгэхээр энэ компани анхнаасаа хууль зөрчиж эхэлсэн үйл ажиллагаагаа төрийн үйл ажиллагааг эрхэлж байгаа албан тушаалтан буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүй гаргасан мэтээр тулгаж нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь хууль тогтоомжийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нь байгаа хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Нэхэмжлэгч компани 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө 3 дахь удаагийн сунгалтыг хийлгэсэн. Одоогийн сумын Засаг дарга томилогдсоноосоо хойш буюу 2016 оноос хойш энэ компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй боловч 2016 оноос өмнөх жилүүдэд нь энэ компанийн явуулж байсан үйл ажиллагааны талаар судлах шаардлагатай болсон. Ингээд судалж үзэхэд сумын архивт ямар нэгэн баримт байдаггүй. Сумын байгаль орчны улсын байцаагчаас мэдээлэл авахад энэ компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нутгийн иргэн нэхэмжлэл гаргаад, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын улсын байцаагч дээр байсан бүх баримтуудыг шүүхэд өгсөн гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч компаниас сүүлд гаргасан нэхэмжлэлээр үүсгэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас нотлох баримтыг цуглуулах явцад тухайн компани хуулийн хүрээнд заагдсан ажлуудыг хугацаанд нь хийж байгаагүй, 12 жилээс 6 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь тогтмол явагдаж байсан эсэх нь эргэлзээтэй, батлуулж байсан төлөвлөгөө тайлангууд нь тодорхой хуульд заагдсан журмын дагуу хийгдэж байгаагүй нь мэдэгдсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нь манай бүх тайлан төлөвлөгөөг ном журмын дагуу өгч байсан гэж тайлбарладаг. Гэтэл үүн дээр байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан гэсэн 2 ойлголт гарч ирдэг. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад тэр төлөвлөгөөг хуульд заасны дагуу тайланг нь хүргүүлж байсан асуудал огт байдаггүй. Энэ тохиолдолд сумын Засаг дарга менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан талаар тодорхойлолт өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл хайгуулын ажлын төлөвлөгөөг тухайн үед Ашигт малтмалын газар, Улсын мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудаар батлуулсан зүйл байдаг. Гэтэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ямар нэг байдлаар батлуулсан зүйл огт байдаггүй. Зөвхөн сүүлийн 3 жилийг авч үзэхэд 2016-2019 оны 8 сарын 1-нийг хүртэл хугацаанд менежментийн төлөвлөгөөний тайлан ийм байсан, нэмэлтээр үүнийг тусгалаа гэх байдлаар тайлан огт ирүүлээгүй байгаа учраас энэ тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй юм. Дараагийн шаардлага нь эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгөөч гэж байна. Хариуцагч сая хэллээ. 7 сарын 19-нд бичиг ирсэн, Засаг дарга 8 сарын эхээр уг бичигтэй танилцсан. Нэхэмжлэгч компани 8 сарын 12-нд шүүхэд хандсан. Мөн энэ хүсэлтээ 9 сард дахиж ирүүлсэн. 11 сард боломжгүй гэдэг тайлбарыг нь Засаг даргаас хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс манай компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан байхад Засаг дарга тодорхойлолт өгөхгүй байгаа нь эс үйлдэхүй гаргалаа гэж маргаад байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа манайх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаад бүх тайлан, төлөвлөгөөгөө хүргүүлж байсан гэж маргадаг. Гэтэл хариуцагчийн зүгээс ийм асуудал огт байгаагүй, сумын архив болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад энэ талаар баримт байдаггүй гэж тайлбарладаг. Ингээд энэ хэрэгт нотлох баримт цуглуулж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаагдсан. Тэгэхээр анхан шатны шүүх үзлэг хийсэн, гэрчүүдийг асуусан, төрийн холбогдох байгууллагуудаас тайлбар авсан байна. Энэ бүгдээс үзэхэд нэхэмжлэгч компаниас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж төлөвлөгөө, тайлан хүргүүлж байсан гэх баримт хавтаст хэрэгт харагдахгүй, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага няцаагдаж байна. Засаг даргын тухайд Засаг төрийн төлөөлөгч гэдэг үүднээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах нь энэ хүний үүрэг. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төрийн үүргийг заасан. Энэ зохицуулалтын хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд нутгийн иргэдийн 80 хувь нь энэ уул уурхай манай нутагт байх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Мөн тусгай зөвшөөрөл байршиж байгаа бүс нутаг нь 34 айлын өвөлжөөг хамарсан малчдын хаваржаа, намаржааны гол бүс нутаг, Завхан аймгийн баруун бүсийн Завханмандал, Дөрвөлжин, Ургамал,*******, Яруу, Алдархаан сумдын малчдын малын тэжээл болдог хужир шүүг агуулсан Бор давс гэх байгалийн тогтоцод ноцтой сөрөг нөлөө учруулна гэж үзэж сумын Засаг даргын зүгээс энэ асуудалд маш анхааралтай хандах шаардлага гарсан учраас үүнийг судалж үзэх нь ойлгомжтой байсан. Энэ хүсэлтэд хуульд заасан 30 хоногийн дотор хариу өгнө гэсэн ойлгоцтой байсан. Гэтэл хариу өгөх хуулийн 30 хоногийн хугацаа болоогүй байхад нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Засаг даргын хувьд энэ компанид хариугаа өгсөн, компани 8 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан мөртлөө 9 сард дахиад Засаг даргад хүсэлтээ хүргүүлсэн. Үүнд нь Засаг даргаас боломжгүй гэдэг хариугаа өгсөн.
Нэхэмжлэлийн шаардлагад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байсан уу? үгүй юу? гэдэг асуудлаар тодорхойлолт байгаа. Үүнийг өгөөгүй эс үйлдэхүй, өгөхийг даалгах энэ нэхэмжлэлийн хүрээнд тайлбараа гаргахад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Засаг даргын бүрэн эрхэнд халдсан, тулгасан нэхэмжлэл гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар 38.1.1, 38.1.6-д заагдсан төлөвлөгөөг 10 хоногийн дотор батална, хүсэлтийг нь хүлээж авна гэсэн зохицуулалтууд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудалтай огт холбоогүй. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг анх авахдаа сарын дотор Засаг даргатай байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулж батлуулна, мөн хуулийн 38.1.6 дахь заалт нь тайлангаа батлуулах тухай агуулгууд байна. Гэтэл өнөөдөр 2007-2019 оныг хүртэлх хугацаанд манай компани байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу ийм ийм ажил хийлээ, ийм ийм сөрөг нөлөөлөл гарлаа, ийм шинэ техник, технологи нэвтрүүллээ гэсэн тайлан нэг ч байхгүй. Хамгийн гол зүйл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6-д заагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу үүргээ бүрэн биелүүлж байсан гэсэн тодорхойлолт байгаа. Тэр тодорхойлолтыг өгөхийн тулд Засаг дарга би ийм ийм зүйлүүдийг анхаарч үзэх ёстой байсан гэдэг тайлбараа хэлсэн. Өнөөдөр өөрөө хуульд заагдсан үүргээ биелүүлж ажиллаагүй байж тэрийгээ биелүүлж ажиллаж байсан гэх тодорхойлолтыг авах эрх байхгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамгийн гол асуудал бол Монгол орны нутаг дэвсгэр нэг хятадаас хятадын хооронд арилжааны морь шиг арилжагддаг, зарагддаг зүйл байх ёсгүй гэж үзэж таслан зогсоох гэсэн Засаг даргын үйлдлийг буруутгаж үзэх боломжгүй. Тэгэхээр өөрөө хуулиа хэрэгжүүлээгүй байж хууль хэрэгжүүлэх гэсэн Засаг даргын үйлдлийг шүүхээр нь буруутгуулах гэсэн гадаадын компанийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь Завхан аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Ашигт малтмалын тухай хуулиар болон бусад хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй...холбогдох тайлангуудаа ирүүлээгүй гэж тайлбарлан маргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 118/ШТ2020/0001 дугаар тогтоолоор шийдвэрлэж, нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /тухайн үеийн нэршил/-ийн даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2762 дугаар шийдвэрээр Завхан аймгийн******* сумын нутаг дахь Айраг уул нэртэй 2762 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх бүхий 12596Х дугаарын тусгай зөвшөөрлийг Хасдаваа ХХК-д олгож, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Жөн Юан ХХК-д шилжүүлжээ.
Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ******* ХХК шилжүүлэн эзэмших болсон байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр дээрх 12596Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сүүлийн 3 жилээр буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь уг 12596Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааны эцэст хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээр Завхан аймгийн******* сумын нутагт орших Айраг-Уулын алтны үндсэн ордны нөөцийг тогтоосныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар Эрдэс Баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-12-11 дугаар дүгнэлтээр[1] баталгаажуулжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, 25.1.6-д Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг өргөдөлд хавсарган өгөх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч компани дээрх баримт /тодорхойлолт/-ыг гаргаж өгөх тухай хүсэлтийг 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 07/08, 07/09 дугаар албан бичгээр[2] хариуцагч******* сумын Засаг даргад хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад сумын Засаг дарга хяналт тавих эрх хэмжээтэй байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаарх баримт буюу тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е заалтад нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх-өөр заасны дагуу сумын Засаг дарга нь ******* ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөхөөр байна.
Тодруулбал нэхэмжлэгч ******* ХХК нь 12596Х хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан эсэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан эсэх, уг нөлөөллийг хэрхэн арилгасан, цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаарх тодорхойлолт, саналыг холбогдох байгууллагад гаргаж өгөхөөр байна.
Нэхэмжлэгч тал 2019 оны 07 сарын 08-ны өдрийн Тодорхойлолт санал авах тухай 07/08, 07/09 дугаар албан бичгийн дагуу ******* ХХК нь байгаль орчныг хамгаалах талаарх үүргээ бүрэн биелүүлж ажилласан хэмээн тодорхойлох ёстой гэж маргажээ.
Хариуцагчаас 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 07/08, 07/09 дугаар албан бичигтэй 2019 оны 08 сард танилцаад хүсэлт шийдвэрлэх хугацаа болоогүй байхад эдний компани шүүхэд хандсан. 2019 оны 10 сарын 25-нд дахин албан бичиг ирүүлэхэд нь 11 сарын 05-ны өдрийн 1/196 дугаар албан бичгээр хариу өгсөн гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн тухайд 2017 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөөг 2017 оны 06 сарын 14-ны өдөр хариуцагч******* сумын Засаг даргад хүргүүлж, батлуулсан болох нь******* сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны ирсэн бичгийн бүртгэл[3] болон уг төлөвлөгөөгөөр[4] тогтоогдож байна.
Эрдэнэхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийхэд ******* ХХК-ны 09 сарын 03-ны өдрийн Менежментийн төлөвлөгөө батлуулах тухай 08/14 дугаар албан бичиг бүртгэгдэж, сумын Засаг даргад шилжүүлсэн байх боловч хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн талаар бүртгэл хийгдээгүй байна. Хэрэгт тус компанийн 2018 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө[5] авагдсан бөгөөд уг төлөвлөгөөг сумын Засаг дарга батлаагүй байна. Харин 2015, 2016 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогдож байна.
Нэхэмжлэгч компаниас 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, 2015, 2016, 2017 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан боловч уг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажлаа жил бүр тайлагнаагүй, уг төлөвлөгөөний дагуу хэрхэн ажилласан тайлангаа хариуцагч******* сумын Засаг даргад хүргүүлж, танилцуулж байсан талаараа шүүхэд нотолж чадаагүй байна.
Шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2/169 дүгээр албан бичгээр[7] дээрх үйл баримттай холбоотой баримтуудыг нэхэмжлэгч компаниас шаардахад зөвхөн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2017, 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс хайгуулын ажлын болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хийсэн ажлынхаа талаар хариуцагчид танилцуулаагүй, хүргүүлж байгаагүй байх тул нэхэмжлэгч компанийг уг төлөвлөгөөний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн талаар сумын Засаг дарга тодорхойлохоос татгалзсаныг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч компани нь 12596Х дугаарын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвхөн 2017, 2018 онуудад гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө[8] болон уг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажлын тайланг[9] Ашигт малтмал, газрын тосны газрын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүдээр тус тус батлуулсан байгаа хэдий ч энэ нь хариуцагч******* сумын Засаг даргын тухайд нэхэмжлэгч компанийг байгаль орчныг хамгаалах үүргээ бүрэн биелүүлж ажилласан хэмээн тодорхойлох үндэслэл болохгүй гэж үзнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д зааснаар хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэхээр байна. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан эсэхээс үл хамааран байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж байх зохицуулалт гэж ойлгохоор байна.
Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 2/170 дугаар албан бичгээр[10] ******* ХХК нь 2017, 2018, 2019 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон тэдгээрийн дагуу хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг хүргүүлж байсан эсэхийг Завхан аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газраас тодруулахад 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаар албан бичгээр[11] ******* ХХК-ын 2017, 2018, 2019 онуудад зохих ёсоор боловсруулж, сумын Засаг даргаар баталгаажуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянаж байгаагүй талаар тодорхойлжээ.
Ийнхүү нэхэмжлэгч компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг байгаль орчны хяналтын алба болон сумын Засаг даргад ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч компанийг үүргээ биелүүлээгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй бөгөөд энэхүү өргөдөлдөө 25.1.6-д Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг хавсаргах зохицуулалттай байна. Хуулийн энэхүү заалт нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх үүсэх нөхцөлийг заасан байна.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 38 дугаар зүйлийн 38.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан Завхан аймгийн******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг Завхан аймгийн******* сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АМАРЗАЯА
ШҮҮГЧИД Б.ОДОНТУЯА
Ч.ОЮУНСҮРЭН
[1] 1-р хавтаст хэргийн 19-р хуудас
[2] 1-р хавтаст хэргийн 6, 7-р хуудас
[3] 2-р хавтаст хэргийн 96-р хуудас
[4] Хавтаст хэрэгт хавсаргасан баримт
[5] 2-р хавтаст хэргийн 67-84-р хуудас
[6] 2-р хавтаст хэргийн 43-51-р хуудас
[7] Хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд
[8] Хэргийн хавсралт хавтаст баримт дахь 2, 3 дахь баримт
[9] Хэргийн хавсралт хавтаст баримтын 4, 5 дахь баримт
[10] 1-р хавтаст хэргийн 103-р хуудас
[11] 1-р хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд