Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 133/2019/00084/и |
Дугаар | 133/ШШ2019/00333 |
Огноо | 2019-10-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 133/ШШ2019/00333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- С.М,
нэхэмжлэгч- С.Б нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Д.Г-д холбогдох,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлах, 85 м.кв орон сууцны зориулалттай, Ү-0518000432 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч Д.Г-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 15.000.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Д /0865/, гэрч Н.Д, Д.Н,Г.Б,Д.Д, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн, Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГАА-н Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргил Ган өргөө 21-р байр 7 тоот байрыг 2005 онд Т худалдан авч засвар хийж амьдарч байгаад бэр Ныг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Н гараад түүний ах Гынх орсон. Үүнээс хойш 2, 3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд С.М, С.Б бидний өмч болох ГАА-н Есөнбулаг сумын 10-р баг, Оргил Ган өргөө 21-р байр 7 тоот 45 м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай байрыг Д.Г хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай 85 м.кв хоёр өрөө байрыг 2005 онд Т худалдаж авсан. Энэ байранд засвар хийгээд амьдарч байгаад бэр байсан Ныг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Н гарч түүний ах Д.Гынх орсон. Үүнээс хойш 2-3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлд хажуу байрныхаа гэрчилгээг солиод өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Одоо уг байранд Д.Гынх амьдарч байгаа болно гэжээ.
Хариуцагч Д.Г 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар бидний өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10-р баг Оргил гал өргөө 21-р байр 7 тоот 45 мкв 2 өрөө орон сууцыг миний хууль бус эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.М нь 2011 онд маиайд тухайн байрыг зарах гэсэн юм танайх авах уу гэж 15000000 /арван таван сая / төгрөгөөр өгч авалцаж байсан. Тухайн үед С.М нь байрны гэрчилгээ гэж ер байхгүй дээр үеийн барилга учраас бичиг баримтгүй гэж хэлж манай гэр бүлийнхэн зээл авч тухайн байрыг худалдан авч байсан. Тухайн үед С.М, С.Б нартай худ ургийн холбоотой байсан учир тэр үед тэдний үгэнд итгэн худалдаж авсан. 2011 оноос хойш манайх тухайн байрыг бусдад түрээслэж байгаад 2015 оноос би хурим хийж гэр бүлтэй болон байрандаа амьдрах болсон. Нэхэмжлэлдээ байрыг надаас суллаж өгөхийг шаардсан гэж худал хэлж гүжирдэж байна. Эдгээр хүмүүстэй худ ургийн харилцаа тасарсанаас хойш тухайн байрыг бичиг баримтжуулж өг гэж шаардахад танай дүү Н хүүхдүүдээ авчирч уулзуулж бидний өгч буй тэтгэлэгийг авч байх юм бол бичиг баримтыг чинь шилжүүлж өгнө гэж дарамталсан. Одоо тухайн асуудал буюу намайг болон манай гэр бүлийнхнийг С.М, С.Б нар залилсан байх тул тухайн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Өөрчилсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М, С.Б нар маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай байрыг 2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдсан. Түүнээс хойш тус байрыг манайх засварлаж янзлан 1 өрөөг нэмж барих өргөтгөж уг байрандаа амьдарсаар өдийг хүрсэн. С.М нь надад гэрчилгээ байхгүй, гараагүй гэж зарсан, удахгүй гэрчилгээг гаргуулж өгнө гэж ярьдаг байсан. Гэтэл надад гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохыг 2019-03-04-нд шүүхэд С.М нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. 2012 оноос хойш манайхыг тус байранд амьдарч байхад С.М нь байрыг суллаж өг гэсэн шаардлага гаргаж, хөөж тууж байгаагүй. Иймд С.М нь намайг хууран мэхлэж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15.000.000 төгрөг, хүчин төгөлдөг бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас хохиролд 15.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тайлбартаа: Г бидний хооронд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг Ган өргөө хороололын 21 дүгээр байрны 7 тоот байрыг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хэзээ ч хийгдэж байгаагүй учир түүнээс байрны үнэ гэж 15.000.000 төгрөг авч байгаагүй.
Харин Г-ын ах Н нь надаас 8 тонны даацтай ачааны машин худалдан авсан. Тэр машины үнэ болох 10.000.000 төгрөгийг Г, Н нарын аав Д манай гэрт авчирж бэлнээр өгч байсан. Одоо Г нь Д гуайн авчирж өгсөн Нын худалдан авсан ачааны машины үнэ 10.000.000 төгрөгийг өөрийнхөө одоо амьдарч байгаа байрны үнэнд өгсөн хэмээн мэдүүлээд байна. Гын одоо амьдарч байгаа байрыг 2005 онд Т худалдан авснаас хойш өнөөг хүртэл С.Б бид хоёрын өмчлөлд байгаа бидний хууль ёсны өмч. Уг байрны талаар маргаан үүсэх болсон шалтгаан нь 2012 онд Гын аав Д гуай надад түүнийг гэрлүүлэх гэж байгаа, манайх саяхан Ныг гэрлүүлсэн, эгч Ц, дүү Н нарыг бас гэрлүүллээ, ойрын 2-3 жилийн хугацаанд хүүхдүүд гэр бүл болоод Гт байр авч өгч чадахгүй байна. Тиймээс танай саарал байранд түүнийг гэрлүүлье гэдэг санал тавьсан. Би Д гуайтай худ ургийн холбоотой байсан, өмнө нь ч сайн таньдаг ойр дотно харьцаатай байсан, манай хүү Т нь Дгийн хүргэн болсон зэрэг шалтгаануудыг бодолцоод Дг гуайн хүсэлтийг зөвшөөрч Гынх 21-р байрны 7 тоот байран хуримаа хийхийг зөвшөөрсөн. Би Гыг боломжтой болсон үедээ манай байрыг чөлөөлж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл надаас худалдан авсан мэтээр маргаж байна.
Айлын хуучин байранд хуримаа хийж байгаа хэн ч уг байраа засаж өнгө будгийг нь шинэчлээд хурим найраа хийдэг. Г ч энэ ёсны дагуу манай байрыны дотор ханыг будаж бага зэрэг засварласан. Өргөтгөл хийсэн гэх нөгөө байрны ханийг босгохдоо уг байрны зүүн хана, гараашний урд хана хоёрыг холбож босгосон хоёр хана байгаа. Энэ өргөтгөлийг хийхэд Гаас хөрөнгө, мөнгө гараагүй, миний барилга барьж байсан материалын үлдэгдлүүд болон уурын зуухны үнсээр барьсан. Г энэ байранд амьдрахдаа надад ямар ч түрээс төлдөггүй байсан, бидний хооронд ямар ч хэлцэл хийгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М, С.Б нар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөр байрны гэрчилгээг сольж өгсөн байна гээд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх урд байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв талбай бүхий 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэгт байрлах улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр өөрчилсөн байна /хх-1, 46/.
Хариуцагч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай, орон сууцыг 2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн үед хуучны байр учраас гэрчилгээ гаргаагүй гэж итгүүлсэн, гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлсэн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг С.М, С.Б нараас гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гарган маргажээ /хх-96-98/.
Нэхэмжлэгч С.М, С.Б нар өөрийгөө бүрэн төлөөлөх, нэхэмжлэл гаргах, өөрчлөх, эвлэрэх эрхийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр Ж.Мөнхнасанд олгосон /хх-47-48, 49-50/ байх боловч нэхэмжлэгч С.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж, өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргаснаар /хх-79/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Нэхэмжлэгч нар болон хариуцагч нарын нэхэмжлэл, тайлбарт дурдагдаад байгаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10-р баг, Оргил Ган Өргөө 21-р байрны 7 тоотод байршилтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0518000870 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С.М С.Б нарын /хх-3/ нэр дээр 2018 оны 03 дугаар сарын 26-нд бүртгэгдэн 000553366 дугаартай гэрчилгээ олгосон,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэг, улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С.М, С.Б нарын /хх-51/ нэр дээр 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдэн 000171458 дугаартай гэрчилгээ тус тус олгосон байна.
Нэхэмжлэгч нарын гаргасан хавтаст хэргийн 175, 176 дугаар хуудсанд авагдсан фото зурагт байгаа орон сууц нь хариуцагчийн амьдардаг орон сууц мөн болохыг талууд тайлбарлаж, хариуцагч маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь улсын бүртгэлд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэг гэж бүртгэгдсэн болохыг нэхэмжлэгч тайлбарлаж, 2005 онд улсын бүртгэлд бүртгүүлэхэд 85 м.кв талбайгаар бүртгэгдсэн боловч бодит талбайн хэмжилт 85 биш, 45 орчим м.кв талбайтай гэдгийг хүлээн зөвшөөрч, хэмжилт хийлгэхээс татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Тиймээс талуудын маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдэж, өмчлөгчөөр нь нэхэмжлэгч С.М, С.Б нар бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан 000171458 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-51/.
Харин хариуцагчийн 15.000.000 төгрөгөөр 2011 онд эсхүл 2012 онд худалдаж авсан гэх тайлбар нь түүний 2019-03-21-нд гаргасан тайлбар, 2019-08-20-нд гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Дгийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Учир нь хариуцагч Д.Гын одоогийн амьдарч байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаарх хэлцэл нэхэмжлэгч С.М, гэрч Н.Д нарын хооронд хийгдсэн болохыг нэхэмжлэгч С.М болон гэрч Д нар шүүх хуралдаанд тайлбарлаж, мэдүүлснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй, гэрч Н.Д нь хариуцагч Гын аав мөн болохыг талууд мөн хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Гэрчээр оролцсон хариуцагчийн аав Н.Д нь ...С.Мыг эртнээс таньдаг тул Гыг гэрлүүлэх зорилгоор маргаан бүхий орон сууцыг худалдан авч, 1-2 жил бусдад түрээслэж байгаад засвар хийж, өргөтгөл барьсан, гэрчилгээг шилжүүлэх талаар болон шинээр барьсан өргөтгөлийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар хөөцөлдөж асууж байгаагүй, уг орон сууцыг худалдан авсан үнэ болох 15.000.000 төгрөгийг ганцаараа нэхэмжлэгч С.М, С.Б нарт гэрт нь бэлнээр авчирж өгсөн талаар... мэдүүлсэн.
Хариуцагч нь дээрх тохиролцооны дагуу орон сууц худалдан авсан төлбөрийг банкнаас зээл авч бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэл, тайлбараа нотлохоор Д.Гын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, эхлэх огноо нь 2011-01-28-ны огноотой /хх-138-139/, Дгийн Цгийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2011-01-27-ны эхлэх огноотой /хх-140/, Намгарын Дгийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2011-01-26-ны эхлэх огноотой /хх-142/ баримтуудыг гаргасан боловч эдгээр баримтаар дээрх хүмүүс цалингийн зээл авсан болох нь нотлогдож байх боловч Д.Гт олгосон зээл 4.500.000 төгрөгийг, Д.Цд олгосон зээл 7.000.000 төгрөгийг, Н.Дд олгосон зээл 5.000.000 төгрөгийг тухайн зээлдэгч нар дээрх зээлийн данснаасаа зарлагдаж гаргасан эсхүл бэлнээр авсан эсэх нь нотлогдохгүй байна.
Мөн 3004996 хэрэглэгчийн кодтой АУЭХС ТӨХК Говь-Алтай салбар гэсэн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримтад Д Г гэж бүртгэгдсэн, 2012-01-01-ний өдрөөс 2019-02-27-ны өдрийг хүртэлх хуулга байх боловч хаана, ямар хаягт байршилтай газарт ашигласан цахилгааны төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй буюу талуудын маргааны зүйл болох орон сууцанд олгосон цахилгааны код мөн эсэх нь тодорхойгүй байна /хх-124-137/.
Хариуцагч Д.Г нь аав Д, эгч Ц бид нар банкнаас цалингийн зээл авч бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдан авсан, үнийг бүрэн төлсөн боловч гэрчилгээг гаргаж өгөөгүй, өгнө гэж хууран мэхэлж явсаар өдийг хүрсэн талаар тайлбарласан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нөгөө талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж,
Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ” гэж, хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,
хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа бол гэрээг бичгээр байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хуульчилсан байх тул энэ шаардлагыг хангаснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж тухайн гэрээ хүчин төгөлдөрт тооцогдох юм.
Тиймээс маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар хариуцагч Д.Г болон Н.Д нарт худалдсан хэлцэл хийгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь С.М, С.Б нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээсс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч нар хариуцагчийн хууль бус эзэмшлээс маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч Д.Г нь маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх талаар болон шинээр барьсан өргөтгөлийн хэсгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргасан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...”.
Тиймээс хариуцагч болон түүний аав Н.Д нар дээрх маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах эрхтэй гэж үзэж байгаа бол 2011 онд эсхүл 2012 онд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлагаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацааны дотор гаргах эрхтэй байсан. Уг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Учир нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгө буюу хавтаст хэргийн 175, 176 дугаар хуудсанд фото зургаар авагдсан өргөтгөл бүхий орон сууцыг хариуцагчийн аав Н.Д 2011 оноос бусдад түрээслүүлэн ашиглаж, түүний хүү Д.Г 2015 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа нь гэрчүүд болон талуудын тайлбараар тогтоогдсон хэдий ч эдгээр нөхцөл нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар С.М, С.Б, Д.Г нар хэлэлцэн тохиролцсныг нотлохгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 15.000.000 төгрөгөөр 2011 онд эсхүл 2012 онд худалдан авсан гэж маргаж байгаа боловч энэ үл хөдлөх эд хөрөнгийн талаар, гэрчилгээг шилжүүлэх болон шинээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулахаар хүсэлт, шаардлага гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч С.М, С.Б нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг 2005 онд авснаас хойш өмчлөх эрхээ алдаагүй, дуусгавар болоогүй, тасалдаагүй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй.
Тиймээс өмчлөгч С.М, С.Б нар өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Г 2015 оноос хойш эзэмшиж ашигласныг үгүйсгээгүй ба харин тэдгээрийн хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан үеэс хариуцагчийн эзэмшил хууль бус болох тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн зохигчдын хооронд дээрх орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан эсэх нь нотлогдоогүйгээс хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч нарт холбогдуулан худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэлцлийн үр дүнд шилжүүлсэн болон хохиролд нийт 30.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй болох нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад тогтоогдсон.
Учир нь талуудын маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар С.М, Н.Д нарын хооронд хэлцэл хийгдсэн болохыг зохигчид тайлбарлаж, гэрчГ.Б тухайн орон сууцыг 2012-2014 онд түрээслэн төлбөрийг Дд өгч байсан талаар мэдүүлсэн тул хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч С.Мтай хэлцэл хийгдсэн гэх Н.Дг төлөөлөн шаардлага гаргах эрхтэй болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ба нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгах нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна” гэж заасан.
Харин төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлох бөгөөд чухам ямар эрх эдэлж, үүрэг хүлээхэд итгэмжлэл олгогдож буйг нарийвчлан заах ба итгэмжлэлд тусгагдаагүй эрх, үүргийг төлөөлөгч хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн үйлдэлд бусдыг төлөөлөх бүрэн эрхгүй гэж үзэх тул Д.Г аав Н.Д нь миний амьдарч байгаа орон сууцыг С.М, С.Б нараас худалдан авсан, би худалдан авах хэлцэл хийгээгүй аав хийсэн тул төлбөрийг аав өөрийн биеэр эгчийн худалдан авсан автомашины үнийн хамт нийт 18.500.000 төгрөгийг бэлэн өгсөн гэж тайлбарласан атлаа нэхэмжлэгч нар намайг хууран мэхлэж хэлцэл хийсэн гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн сөрөг шаардлага гаргасан боловч хэлцэл хийгдсэн гэх Н.Дг төлөөлөн шаардлага гаргах эрхтэй болох нь тодорхойгүй, түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгосон талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.
Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Д нь түүний аав, Д.Н нь түүний ах,Д.Д, Д.О нар нь түүний найзууд байх бөгөөд гэрчГ.Бг маргаан бүхийн орон сууцыг 2012-2014 онд түрээслэн суусан болохыг зохигчид үгүйсгэж маргаагүй бөгөөд гэрчГ.Б түрээсийн төлбөрийг Н.Дд өгч байсан болон түүнээс өмнө нэхэмжлэгч С.Мын гаднаа 00-той байрыг түрээслэж байсан болохыг, гэрч Д.Н нь нэхэмжлэгч С.Маас ачааны автомашин худалдан авсан, төлбөрийг өөрөө бэлнээр төлсөн болохыг тус тус мэдүүлсэн боловч Д.Г, С.М, С.Б нарын хооронд хэлцэл хийгдсэн гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна.
Нэхэмжлэгч С.М нь өөрийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Эс Эм Би Ти ХХК-ний өмчлөлийн 74-63 ГАА улсын дугаартай автомашиныг хариуцагчийн ах Нт худалдсан болохыг үгүйсгээгүй бөгөөд Д.Н нэхэмжлэгч С.Маас худалдан авсан автомашины үнийг эхнэр Б.Пүрэвдуламын цалингийн зээл /хх-201-204/, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл /хх-210/ авч бэлэн 10.000.000 төгрөг төлсөн гэх мэдүүлгийг нэхэмжлэгч С.М үгүйсгэж, маргаагүй болно.
Түүнчлэн гэрч Д.Дийн ...Гтай найзууд бөгөөд хурим хийх болоод Мөнхөө ахаас авсан гэх байранд 2015 оны 8 дугаар сарын сүүлээр засвар хийсэн, өргөтгөл барьсан хэсгийг унтлагын өрөө болгосон, ажлын хөлсөнд 800.000 төгрөг авсан гэх,
гэрч Д.Оын ...өргөтгөл байгаа хэсгийг барихад оролцсон, 2015 оны намар засвар хийж өргөтгөлийн дээвэр, хана, хаалга зэргийг янзалсан, дотор засал хийж ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг авсан, өргөтгөлийн хана цутгахад Д, Г нар байсан ...гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч Д.Ц, Д.Н нарын мэдүүлгүүд нь цалингийн зээл авсан болон маргаан бүхий орон сууцанд хэн амьдарч байсан болохыг нотлож байгаа боловч зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн эсэхийг нотлохгүй бөгөөд дээрх гэрчүүд нь хариуцагч Д.Гтай хамарал бүхий буюу түүний аав, ах, эгч, дүү, найз нар нь байх бөгөөд хариуцагчийн иргэний үнэмлэх дээрх хаяг Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 1-р баг, Баянхайрхан 2-р гудамж 24 тоот гэж /хх-14/ бүртгэгдсэн шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа уг хаягийг бүртгүүлсэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг дарга Д.Г нь ам бүл-4, Ган өргөө хороолол 21-р байрны 7 тоотод 2015 оноос хойш оршин сууж байгаа болохыг 2019 оны 482 дугаар албан бичгээр тодорхойлсон байна /хх-144/.
Иймд хэргийн үйл баримтаар хариуцагч Д.Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, худалдан авахаар нэхэмжлэгч нартай тохиролцсон болох нь нотлогдон тогтоогдохгүй, харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч С.М, С.Б нар болох нь нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг дахин тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт, шинээр гаргах нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад хариуцагч тал гэрч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд нэхэмжлэгч нарт олгосон 2005 оны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаар бичигдсэн талаар болон хариуцагчийн оршин байгаа хаягийн талаар мэтгэлцсэн боловч энэ талаарх лавлагааг зохих байгууллагаас нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагч тал маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т заасны дагуу ...шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй.
Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан СД-ний бичлэг сонсогдохгүй, яриа нь хариуцагч өөрийнхөө утсанд бичсэн яриаг хуулсан гэж тайлбарлаж өөрийн гар утсан дээрх бичлэгийг шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад хэргийн оролцогч нарт сонсгосон боловч уг яриаг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт болж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглосон, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар мөн хуулийн 38.5-д заасныг зөрчсөн буюу дуу бичлэгийг хууль бус аргаар хийсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /хх- 1 ширхэг СД/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн, улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч С.М, С.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн гаргасан Н.Д, С.М нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн болон хохиролд нийт 30.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ