Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 007

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,                            

улсын яллагч Д.Ганчимэг,

иргэдийн төлөөлөгч П.Гансүх,

            шүүгдэгч О.Болор түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Сутай-Идэр овогт Оюунчимэгийн Болорт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010700 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 8 дугаар гудамж 213 тоотод оршин сууж байсан, гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар /1хх-74-76х/, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 224 дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар 08 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /1хх-77-81х/, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 181.3, 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгэгдэж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 5 жил, 6 сар 13 хоног биеэр ял эдэлж суллагдаж байсан /1хх-83-87х/, бие эрүүл, ухаан бүрэн, Сутай-Идэр овогт Оюунчимэгийн Болор /РД:ХП84030571/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Болор нь давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны 8 давхарт иргэн О.Түмэнбуянд хутга тулгаж, эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, 8000 төгрөг, Айпоне-6s маркийн гар утас, бугуйн цаг зэрэг зэрэг эд зүйл дээрэмдэж, нийт 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч О.Болор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Халиунаатай бид хоёр Ганбаагийн гэрээс хутга аваад, 13 дугаар хороолол руу явж Анар зочид буудлын тэнд тэр хоёрыг машинд үлдээсэн. Би ганцаараа машинаас буугаад 7 дугаар байрны гадна хохирогчтой таарч орцонд дагуулж орсон. Тэгээд 7 билүү, 8 дугаар давхарт гараад утсаар чинь яръя гээд утсаар нь ярьсан. Дараа нь хутга тулгаад ай ди кодоо өг гэж хэлээд гар утас, 8000 төгрөг, дизель брэндийн шар өнгийн бугуйн цаг зэргийг аваад наанаасаа 15 минутын дараа гараарай гэж хэлээд орцноос гарч Халиунаа, Ганбаа хоёр дээр очсон. Дараа нь 25 дугаар эмийн сангийн Лоолой нэртэй ломбарданд Ганбаяр буюу Ганбаатар орж гар утсыг 1 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр мөнгөө Халиунаагийн байрны түрээсийн мөнгө гэж Халиунаагийн ээжид өгөөд, хохирогчийн цагийг Их бүрд зочид буудалд байсан найз Наранбаярт өгсөн” гэв.

     Шүүгдэгч О.Болор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед байх дээрэм хийхээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13-ын буудлын буюу “Анар” зочид буудлын хажууд улаан өнгийн комби загварын машинд суугаад тандээсээ Үйлдвэр комбинат орж, Ганбаагийнхаас шар иштэй хутга аваад Ганбааг аваад буцаад нөгөө машинтайгаа явж 13-ын урд талын “Анар” зочид буудлын гадаа буцаж очсон. Ганцаараа машинаас буугаад “Ийст” төвийн хажуу талд ганцаараа явж байсан залууг дуудаж уулзаад “Орцноос хүн дуудаад өг” гэж хэлээд 7 дугаар байрны орц руу дагуулж ороод 7 билүү 8 давхарт гараад “гар утсаар чинь яриатахъя” гэж хэлсэн чинь утсаа өгөхөөр нь “Ай ди” кодыг асуугаад, бугуйн цаг болон 8000 төгрөгийг аваад 10 минутын дараа гараарай гэж хэлээд гарч яваад “ Анар” зочид буудлын хажуу талд очиж, улаан өнгийн машинд суугаад 25 дугаар эмийн сан ороод Ганбаатай хамт “Лоло” ломбард руу орж гар утсыг 1 сая төгрөгний барьцаанд тавьсан. 1 сая төгрөгийг хамт явсан Халиунаад “Байрны түрээсээ өг” гэж хэлээд өгсөн. Таксины жолоочид 50,000 төгрөг өгсөн. Тэндээс гараад “Их бүрд”-ийн буудал орж найз Наранбаяртай уулзаж цагийг бэлэглэсэн /хх-53-54х/ гэжээ.

Хохирогч О.Түмэнбуян мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед 13 дугаар хорололд Оюун-Ухааны музейн урд талын 9 давхар цагаан байрны хойно явж байтал араас нэг залуу дуудаад  “Билгээ мөн үү” гэхээр нь биш гэхэд чи манай дүүг зодсон уу гэхээр нь үгүй гэхэд манай дүү хутгалж дээрэмдүүлсэн байна. Чи тэр хүнтэй адилхан харагдаад байна манай дүүд царайгаа харуулаадах гэхээр нь би биш ээ гэхэд чи царайгаа харуулаад л яв гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар байрны хамгийн хойд талын орц руу дагуулж ороод 8 давхарт гаргаад гар утсаа өгчих хүнтэй яриадхъя гэхээр нь Айпоне-6s маркийн утсаа өгсөн чинь дугаар хийж залгаад би байна хурдан хүрээд ир гэж ярьсанаа лифтний арын хог асгадаг газар руу ор гээд хутга гаргаж ирээд чи утасныхаа кодыг хэл гэхээр нь та миний утасны кодоор яах гээд байгаа юм бэ гэхэд чи яг мөн би чиний кодоор чинь хайж олно гэхээр нь би  бишээ гэхэд чи биш юм бол кодоо хурдан хэлээдэх нэг хүнд царайгаа харуулаад яв гэж хэлсэн. 965896 кодоо хэлсэн чинь гар нь дээрээ бичүүлсэн. Одоо ай ди кодоо хэл гэхээр нь миний ай ди кодоор яах гэж байгаа юм гэхэд чиний ай ди кодоор чинь чамайг олно гэхээр нь цүнхнээсээ цаас гаргаж ирээд ай ди кодоо бичиж өгсөн. Чамд мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд дахин мөнгө байна уу гэхээр нь байгаа мөнгөө өгье гээд түрүүвчээ гаргаж ирээд 8000 төгрөг өгсөн чинь орилж, чарлаад байх юм бол цустай чинь хутгаад явна шүү гэж хэлсэн. Тэгснээ цаашаа ор гээд миний зүүн бугуйнд байсан diesel маркийн шаргал өнгийн цагийг хараад наад цагаа тайл гэхээр нь тайлж өгсөн чинь цүнхэнд чинь юу байгаа юм бэ гэхээр нь дэвтэр ном байгаа гэхэд 15 минутын дараа гараарай үүдэнд хүн хүлээлгэсэн байгаа шүү 15 минутаас өмнө гарах юм бол чамайг ална шүү гэж хэлээд доош шатаар буусан. Би нилээн сууж байгаад гарахад нөгөө ах алга болсон байсан. Миний эд зүйлсийг авахдаа зодож цохисон зүйл байхгүй. Харин үзүүр хэсэг нь 10 см урттай, 2 см өргөнтэй хутга гаргаж ирэхэд нь би айсан. Тэгээд хамаг юмаа өгснө ба гарахдаа нөгөө залуу энэ дээрэм байсан юм за юу гэж хэлээд шатаар бууж явсан. 2015 оны 11 дүгээр сарын дундуур ээжтэйгээ явж байгаад “Тэди” төвийн 4 давхарын утас зардаг ахаас Айпоне-6s маркийн ягаан өнгийн гар утсыг шинээр нь 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Бугуйн цагийг найз Бат-Эрдэнээс авсан. 150.000 төгрөгөөр үнэлнэ /1хх-17х/ гэжээ.

               Иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

                 “2016 оны 02 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед хажуу талын лангуун дээр суудаг Золоо гэдэг охин надтай ярьж “Миний таньдаг хүн “Айпоне-6s” гар утас авахуу, найдвартай хүн” гэж нөхөр бид хоёрт хэлсэн. “Хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэж асуухад “1.250.000 төгрөг” гэхээр нь ажил тараад нөхөр бид 2 утас зарна гэсэн эмэгтэйтэй уулзахад “Лоло” ломбарданд 1.000.000 төгрөгний барьцаанд тавьсан гэж хэлсэн ... “дагалдах хэрэгсэл ... байхгүй” гэхээр нь 20.000 төгрөг хасаад  1.230.000 төгрөгөөр худалдаж авахаар болж уг ломбарданд орж утсыг үзээд ломбардны хүү 80.000 төгрөг болон нийт 1.080.000 төгрөгийг өгч, “Айпоне-6s” 64 GB-тай ягаан өнгийн гар утсыг авсан.../хх-23х/ гэжээ.

 

                 Гэрч Г.Оюун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...“2016 оны 02 дугаар сарын 08-ны орой гэртээ ирэхэд хүү Түмэнбуян “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололын хавьд явж байтал танихгүй залуу байрны орцонд оруулж хутга тулгаж “Айпоне-6s” маркийн гар утас, бугуйн цаг, 8000 төгрөгийг дээрэмдэн авсан” гэж ярьсан ... “Айпоне-6s” 64 GB-тай маркийн гар утсыг Тэди төвийн 4 давхарт байдаг утас зардаг залуугаас 1,780,000 төгрөгөөр хүүдээ худалдаж авч өгсөн. Цагийг найзаасаа 150,000 төгрөгөөр худалдаж авлаа гэж ярьж байсан /хх-22х/ гэжээ.

 

                 Гэрч Б.Баянмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 02 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед манай эхнэр Оюунтуяа хажуу лангууны найз хүүхэн нь гар утсаа ломбарданд тавьсан байна. “Зах зээлийн ханшаар утсаа зармаар байна” гэж хэллээ. Найдвартай юм чинь би баръя” гэхээр нь хамт явж “Лоло” ломбарднаас 1.230.000 төгрөгийг Халиун гэдэг эмэгтэйд өгөөд “Айпоне-6s” 64 GB-тай гар утсыг авсан. Манай эхнэр уг гар утсыг өөрөө барьж байсан ба хэд хоногийн дараа цагдаагаас дуудаж “Гэмт хэргийн замаар олдсон утас байна” гээд хурааж авсан /хх-25х/ гэжээ.

 

              Гэрч Ц.Мөнх-Оч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “О.Болорыг 2004 оноос хойш таних болсон. Саяхан 2016 оны 2 сард манай ломбарданд орж ирээд... “Айпоне-6s” маркийн гар утас гаргаж ирээд “тавьчихъя” гэхээр нь “юун утас вэ? “Ай ди” кодтой утас авахгүй" гэхэд “кодгүй зүгээр, асуудалгүй, манай дүүгийнх” гэсэн. Тэр утсыг 1 сая төгрөгний барьцаанд тавьсан ба мөнгийг нь Болор тоолж авсан. Хугацаа дуусахаар нь мессэж бичсэн чинь “авна байлгаж байгаарай” гэж хэлсэн. 2 хоногийн дараа ... Болор утсаар яриад “нэг хүүхэн очиж авна” гээд тэр хүний регистр, овог нэрийг өгсөн ба 2 эмэгтэй, 1 эрэгтэй ирээд уг утсыг шалгаад 1080000 төгрөг өгсөн /хх-26х/ гэжээ.

 

              Гэрч Л.Халиунаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би О.Болорыг 2 сарын өмнөөс таних болсон. 2016 оны 2 сарын 8-ны өглөө такси бариад комбинатад байдаг дүү Ганбаагийндаа ороод ... хамт гарч ирээд ... 13 дугаар хорооллын 9 давхар байрны тэнд зогсоогоод “би хүнээс юм авна” гэж хэлээд ганцаараа буугаад 1 цаг болоод буцаж ирэхдээ “iphone-6s” маркийн гар утас барьж ирээд “мөнгөө өгөхгүй болохоор гар утсыг нь авчихлаа” гэж хэлсэн. Ганбаа бид хоёр таксинд сууж байсан. Хүний гар утас дээрэмдэж авсныг нь мэдээгүй. Тэндээс хөдлөөд ... “Лоло” нэртэй ломбард руу Ганбаа тэр хоёр ороод “таньдаг хүндээ ... уг гар утсыг 1 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэр мөнгөнөөс надад "таксидаад яваарай” гэж 50,000 төгрөг өгсөн... Дараа нь Болор над руу утсаар яриад “Нөгөө ломбарданд тавьсан утсыг санаж байна уу. Би тэр утсыг зарах гэсэн юм аа. Тэр хүнд өөрийгөө хөдөө явж байна гэж хэлсэн” гэсэн. Тэгээд “Лоло” ломбардны үүдэнд ирэхэд гар утас авах эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирчихсэн байхаар нь “гар утас авах гэсэн хоёр хүн та хоёр юм уу” гэж асуухад “тийм” гэхээр нь уг ломбард руу хамт ороход ломбардны залуу “Болорын явуулсан хүн мөн үү” гэхээр нь “мөн” гэж хэлээд гар утсыг аваад хүүхэн, залуу хоёр ломбардны залууд мөнгийг өгөөд үлдэгдэл 120,000 төгрөгийг надад өгсөн. Тэр үед Болор ломбардны гадаа таксинд сууж байсан учир 120,000 төгрөгийг тоолж өгсөн. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй.../хх-28-29х/ гэжээ.

 

                 Гэрч А.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2008 онд багын найз Сарантогтох, О.Болор ахыг надтай анх танилцуулсан. Хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сарын 8-ний өдөр ... гэртээ байж байхад Болор ах орж ирээд “юу хийж байна вэ” гэхээр нь “Ээж хороололд хүрч ир, хамт хувцас авъя гэсэн. Би ээжийн ажил дээр нь очих гэж байна” гэж хэлэхэд “Би машинтай явж байна. Ээжээс мөнгө ирчихсэн. 13 ороод мөнгө авна. Халиунаагийн бие нь өвдөөд байна гэнэ чи ханьтай юм яриад сууж байгаач би 5-10 минут хүнтэй уулзах гэсэн юм” гэхээр нь зөвшөөрөөд гарахад улаан өнгийн “Хонда пит” маркийн машин дотор жолооч нь болон Халиунаа байсан. Бид хоёр машинд суугаад 13-ын “Анар” буудлын гадаа очоод машиныг зогсоогоод “Гялс хүнтэй уулзаад ирье” гээд ганцаараа буугаад 20 гаруй минут болоод хүрч ирээд “за явъя. Мөнгө авах гэсэн чинь өөрөө гараад явсан байна. Дүү нь гар утас түр барьцаанд тавиад мөнгө авчих гэж хэллээ” гээд “Айпоне-6s” маркийн ягаан өнгийн гар утас гаргаж үзүүлсэн. Мөн цаасан дээр утасны кодыг бичсэн байсан ба “кодыг хийж чадах уу, хийгээдэх” гэхээр нь би “наадахыг чинь чадахгүй” гэж хэлсэн. Тэндээсээ шууд ... хороолол орохоор явж байгаад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын харалдаа зогсоод “Лоло” нэртэй ломбард руу хамт орсон. Ломбардны эзнийг зүс таньдаг. Манай ээж Айпоне-6s маркийн гар утсаа уг ломбарданд барьцаанд тавьсан бөгөөд тэр утасны хугацаа дууссан учир “ээж авч чадахгүй гэж хэлж байна лээ” гэдгийг хэлээд ганцаараа гарсан. Харин Болор ах гарч ирээд “чи хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “ээж рүүгээ очно” гэж хэлээд “Элбэг” дэлгүүрийн урд буугаад салж явсан.../хх-31-32х/ гэжээ.

           

            Гэрч Г.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 02 дугаар сарын сүүлээр Болор над уруу яриад “чи “Айпоне-6s” маркийн гар утас авахгүй биз. Манай найз охин Халиунаа гар утсаа зарах гэсэн юм. Ломбарданд тавьчихсан байгаа” гэхээр нь “Тэди” дээр “Айпоне-6s” гар утас авахгүй байгаа. Би утас зардаг хүмүүсээс асууя” гэж хэлээд тасалсан. Маргааш нь 14 цагийн үед залгаад “Өнөөдөр ломбарднаас гар утсаа авчихмаар байна. Чи асуусан уу? хэдэн төгрөг нэмээд зарах гэсэн юм” гэж хэлсэн. “хайрцаг савгүй болохоор хүмүүс авахгүй байна” гэхээр нь “Наадах чинь асуудал гарах юм биш биз” гэж хэлэхэд “Манай найз охиных асуудал байхгүй. Хайрцаг савыг дараа авчраад өгье. Өнөөдөр мөнгө хэрэгтэй байна. Орой 19 цагаас өмнө авах шаардлагатай байна” гэхээр нь Заяа эгчтэй ярьж “Найз охиных нь утас гэж байна. Ямар нэг асуудал байхгүй гэж хэллээ. Та авчихаач” гэхэд “орой 19 цагаас ажил тарахаар очиж үзээд авчихъя” гэж хэлсэн. Заяа эгч Болортой утсаар ярьж байгаад уг гар утсыг ломбарднаас авсан байсан ... /хх-33х/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан О.Болорыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-48-55х/, хохирогч О.Түмэнбуян /хх-17х/, иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяагийн /хх-23х/, гэрч Г.Оюун /хх-22х/, Б.Баянмөнх /хх-25х/, Ц.Мөнх-Оч /хх-26х/, Л.Халиунаа /хх-28-29х/, А.Ганбаяр /хх-31-32х/, Г.Золжаргал /хх-33х/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-9, 109х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-14х/,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-11-12х/, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-76-80х/, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-82-85х/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-130х/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-99х/, мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэлүүд /хх-102-104, 174-177х/,  зэрэг нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай  гэж үнэллээ.

 

Шүүгдэгч О.Болор нь давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны 8 давхарт иргэн О.Түмэнбуянд хутга тулган хүч хэрэглэхээр заналхийлж, 8000 төгрөг, Айпоне-6s маркийн гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлийг дээрэмдэж, нийт 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Болорыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч О.Түмэнбуян болон иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяа нар нь хохиролоо бүрэн авч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон байна.

Шүүх шүүгдэгч О.Болорт ял шийтгэл оногдуулахдаа хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Шүүгдэгч нь өөрийн тогтсон гэр оронгүй, эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч О.Болорын цагдан хоригдсон 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 291 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сутай-Идэр овогт Оюунчимэгийн Болорыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О.Болорыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Болорт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Болорын цагдан хоригдсон 291 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан  тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, О.Болор нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч  ид, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус  тус дурдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Болорт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ШИНЭБАЯР

                 

ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

  С.ӨСӨХБАЯР