Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж

            Хуралдааны нарийн бичгийн дарга M.Оргилтунгалаг

            Улсын яллагч Б.Байгалмаа

            Гэрч Э.Батхүү,  

            Шүүгдэгч Г.Хүдэрчулуун, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20739102 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

       Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй. ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 2-11 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхээс Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2006 онь 06 сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх ял дээр Дорнод аймгийн Сум дундын шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсны зарим болох 2 жил 7 сарыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 4 жил 11 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овгийн Ганболдын Хүдэрчулуун: /Регистрийн дугаар: ЖЮ85041817/

            Шүүгдэгч Г.Хүдэрчулуун нь 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улсын их дэлгүүр"-ийн хойд талын зам дээр Оросын Холбооны Улсын иргэн Турусинова Юлиа Олеговнагийн цүнхтэй эд зүйлсийг автомашины хаалгыг онгойлгон булаан авч 212378 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүгдэгч Г.Хүдэрчулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Гэрч Э.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би сургуулиа төгсөх жил эмнэлэгт хэвтэж байхдаа иргэний үнэмлэхээ хаяж байсан бөгөөд 2 долоо хоногийн дараа таньдаг ах олж өгч байсан. Иргэний үнэмлэхээ хаясан хугацаанд Г.Хүдэрчулуун олж аваад ашигласан байх. 2009-2015 он хүртэл Зам тээврийн яамны  харъяа Тээвэр авто замын газрын даргаар ажилласан.  “Алтай Хүдэр” компанид ажиллах санал ирэхэд Цагдаагийн газраас тодорхойлолт авчир гэсэн. Тэгээд Цагдаагийн Ерөнхий газар очиход намайг ялтай байна гэж хэлэхээр нь хаана хандах талаар асуухад Эрүүгийн хэргийн архивын газар ханд гэж хэлсэн. Тэгээд Эрүүгийн хэргийн архивын газар очоод хэрэгтэй гэсэн материалууд хуулбарлаж аваад хуулбар үнэн даруулж авсан. Миний нэртэй хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн байцаагчид хандахад өргөдөл гаргах хэрэггүй, асуудлыг чинь шийдэж өгнө гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл энэ асуудлыг шийдэж өгөхгүй байхаар нь 2016 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахад  дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байсан. Прокурорын газар очиход А.Нямсүрэн прокурор татгалзсан гэсэн хариу өгөхөөр нь Улсын Ерөнхий Прокурорын газарт өргөдөл гаргасан.  Даргын албан тушаалд ажиллаж байхад тодорхойлолт нэхээгүй. Харин Алтай Хүдэр компанид ажилд орох гэхэд цагдаагийн тодорхойлолт шаардаад энэ асуудлын талаар мэдсэн. Тэгээд 2016 онд Г.Хүдэрчулуунтай таараад энэ асуудлын талаар хэлэхэд “тухайн үед чиний нэрийг хэлчихсэн юм, уучлаарай” гэж хэлсэн. Улсын архивын газарт очиж хэргийн материалтай танилцахдаа Г.Хүдэрчулууны зургийг хараад таньсан. Би 2012 онд Хятад Улсад сурах болзолтой байсан мөн ажиллаж байсан байгууллага татан буугдаад Солонгос Улсад ажиллах, аймгийнхаа Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажиллах гэж байсан боловч ял шийтгэлтэй гэдгээс болж чадаагүй гэв.

      Хохирогч Турусинова Юлиагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2007 оны 01 сарын 30-ны орой 19 цагаас 20 цагийн хооронд Улсын их дэлгүүрийн ойролцоо байдаг "Дезайнер" клубээс савхи худалдаж аваад өөрийн машиндаа суугаад урт цагаанаас Улсын их дэлгүүрийн араар явдаг замаар маш удаан явж байхад жолоочийн эсрэг талын хаалгыг нэг залуу онгойлгоод суудал дээр байсан цүнхний их биенээс бариад татсан. Би өөрөө нэг талын оосорноос нь татсан. Тэр үед машины түгжрээ ихтэй байсан учраас урд явсан машиныг мөргөөд зогссон. Тэр залуу миний цүнхийг татаж оосрыг нь таслаад аваад зүүн тийшээ зугтаасан. Би араас нь хараад хоцорсон. Мөн миний урд талын машины хүмүүс гарч ирээд уурлаад байсан. Тэр хүмүүстэй маргалдаж байх хооронд алга болсон. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд миний цүнхийг булааж зугтсан хүн болон миний цүнх байсан. Тэр залуу дунд зэргийн нуруутай хар куртик өмсөөд энгэрээ задгай тавьсан. Анх харахад 15-16 насны залуу байна гэж бодсон. Дараа нь тайвшраад бодоход 20 орчим насны залуу шиг санагдсан. Миний цүнхэн дотор байсан юмнаас ганцхан түрийвч алга болсон байсан. Түрийвч дотор бэлнээр монгол мөнгөөр 132.000 төгрөг, 22 ам доллар, Мастер карт, голомт банкны 1 ширхэг карт, Монгол Улсын жолооны үнэмлэх, хүүхэд болон ээж, аавын зурагнууд байсан. Шаргал өнгийн хуучивтар дэлгэж онгойдог цоожлогчтой түрийвч тус тус алга болсон гэх мэдүүлэг,

            Гэрч Э.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 36, 37, 38 дугаар байшингуудын хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 15, 18 дугаар байшингийн голоор гардаг замаар нэг залуу гүйгээд хойшоо явахаар нь араас гүйгээд гарч ирэхэд алга болсон байсан. Тэгээд би 37 дугаар байрны зүүн талаар амдаад гүйхэд тэр завсраар урдаас гүйж яваад баригдсан. Тэрийг саатуулаад шалгахад өвөртөө цүнх хийсэн байсан. Тэгээд авчираад шалгахад нэг согтуу эгчээс аваад зугтаасан юм гэж хэлж байсан. Тэгээд эрүүгийн төлөөлөгч нарт хүлээлгэн өгсөн...тэр залууг барьж авахад өөрийгөө Энхбаяр овогтой Батхүү гэж хэлсэн гэх мэдүүлэг,

            Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

      2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Энхбаяр овогтой Батхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 96 тоот шийтгэх тогтоол,

      Шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэх тухай прокурорын тогтоол,

                Гэрч Э.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг Энхбаярын Батхүү гэдэг. Би 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн. 2009 онд би Дорнод аймгийн Автотээврийн газрын даргаар томилогдох гээд Цагдаагийн байгууллагаас ял шийтгүүлж байгаагүй гэсэн тодорхойлолт авахаар Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа олгодог газар нь хандсан юм. Тэгсэн намайг чи ял шийтгүүлсэн тул ял шийтгүүлээгүй гэсэн лавлагаа өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ял шийтгүүлж байгаагүй хэзээ хаана ял шийтгүүлж байсан юм бэ гэхэд 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 96 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ялаар шийтгүүлсэн гэсэн байсан. Би хаана хандах юм бэ гэхэд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Архивын газарт хандаж хавтаст хэрэгтэйгээ танилцаарай гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх архивын газарт хандаад учир байдлаа хэлэхэд ял шийтгүүлсэн гэх хэргийг надад харуулаад холбогдох материалыг нь хуулбарлаж өгсөн. Тэгэхэд тэр хэрэг дээр миний танил болох Ганболдын Хүдэрчулууны зураг байсан ба Хүдэрчулуун нь миний нэрээр ял шийтгүүлсэн байсан. Тэгэхээр нь Хүдэрчулууныг олж уулзах гээд хайгаад олоогүй, ээжтэй нь уулзахад ял эдэлж байгаа гэж хэлсэн. Би танай газарт өргөдөл өгсөний дараа Хүдэрчулуунтай Дорнод аймагт таарч уулзаад чи яаж байгаа юм бэ, чи намайг ял шийтгэлтэй болгосон байна ямар учиртай юм гэхэд тухайн үед санаандгүй овог нэрийг чинь хэлчихсэн чинь шүүхээр оруулаад шийтгэсэн юм. Уучлаарай гэж хэлэхэд би цагдаад өргөдөл өгсөн байгаа үнэн зөвийг нь тогтоож өгөх биз дээ дуудсан үед нь чи очиж байцаалтаа өгөөрэй миний нэр төрийг сэргээхэд чи чухал үүрэг гүйцэтгэх байх шүү гэж хэлсэн....Би 2006 онд бичиг баримтаа алга болгоод 14 хоногийн дараа олж авч байсан юм. Энэ үед миний бичиг баримтыг Хүдэрчулуун олж аваад хуулбарлаж авсан байхыг үгүйсгэхгүй. Миний нэр төрийг сэргээж ял шийтгэлгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

            Г.Хүдэрчулуун нь 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улсын их дэлгүүр"-ийн хойд талын зам дээр Оросын Холбооны Улсын иргэн Турусинова Юлиа Олеговнагийн цүнхтэй эд зүйлсийг автомашины хаалгыг онгойлгон булаан авч 212378 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

            Гэрч Э.Батхүүгийн …Би сургуулиа төгсөх жил эмнэлэгт хэвтэж байхдаа иргэний үнэмлэхээ хаяж байсан бөгөөд 2 долоо хоногийн дараа таньдаг ах олж өгч байсан. Иргэний үнэмлэхээ хаясан хугацаанд Г.Хүдэрчулуун олж аваад ашигласан байх. 2009-2015 он хүртэл Зам тээврийн яамны харьяа Тээвэр авто замын газрын даргаар ажилласан. “Алтай Хүдэр” компанид ажиллах санал ирэхэд Цагдаагийн газраас тодорхойлолт авчир гэсэн. Тэгээд Цагдаагийн Ерөнхий газар очиход намайг ялтай байна гэж хэлэхээр нь хаана хандах талаар асуухад Эрүүгийн хэргийн архивын газар ханд гэж хэлсэн…Тэгээд 2016 онд Г.Хүдэрчулуунтай таараад энэ асуудлын талаар хэлэхэд “тухайн үед чиний нэрийг хэлчихсэн юм, уучлаарай” гэж хэлсэн. Улсын архивын газарт очиж хэргийн материалтай танилцахдаа Г.Хүдэрчулууны зургийг хараад таньсан гэх мэдүүлэг,

      Хохирогч Турусинова Юлиагийн …Би 2007 оны 01 сарын 30-ны орой 19 цагаас 20 цагийн хооронд Улсын их дэлгүүрийн ойролцоо байдаг "Дезайнер" клүбээс савхи худалдаж аваад өөрийн машиндаа суугаад урт цагаанаас Улсын их дэлгүүрийн араар явдаг замаар маш удаан явж байхад жолоочийн эсрэг талын хаалгыг нэг залуу онгойлгоод суудал дээр байсан цүнхний их биенээс бариад татсан. Би өөрөө нэг талын оосорноос нь татсан. Тэр үед машины түгжрээ ихтэй байсан учраас урд явсан машиныг мөргөөд зогссон. Тэр залуу миний цүнхийг татаж оосрыг нь таслаад аваад зүүн тийшээ зугтаасан. Би араас нь хараад хоцорсон. ..гэх мэдүүлэг,

            Гэрч Э.Амаржаргалын …Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 36, 37, 38 дугаар байшингуудын хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 15, 18 дугаар байшингийн голоор гардаг замаар нэг залуу гүйгээд хойшоо явахаар нь араас гүйгээд гарч ирэхэд алга болсон байсан. Тэгээд би 37 дугаар байрны зүүн талаар амдаад гүйхэд тэр завсраар урдаас гүйж яваад баригдсан …гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

           

            Шүүгдэгч Халх овогт Ганболдын Хүдэрчулуун нь 2007 оны 01 дүгээр сарын 30-нд Оросын Холбооны Улсын иргэн Турусинова Юлиа Олеговнагийн цүнхтэй эд зүйлсийг автомашины хаалгыг онгойлгон булаан авч 212378 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

            Энэ хэрэгтээ Энхбаярын Батхүүгийн нэрээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 96 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн байна.

            Энхбаярын Батхүү нь ял шийтгэлгүй болно.

            Шүүгдэгч Г.Хүдэрчулуун нь 2007 онд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Халх овогт Ганболдын Хүдэрчулууныг Оросын Холбооны Улсын иргэн Турусинова Юлиа Олеговнагийн цүнхтэй эд зүйлсийг булаан авч 212378 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Г.Хүдэрчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

   3. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Хүдэрчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

     4. Г.Хүдэрчулуунд урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

   5. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                                

                                                                                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН