Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 176

 

Б.Батсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Амарсанаа,

Ялтан Б.Батсүрэн /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батсүрэн, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Батсүрэнд холбогдох 201525010155 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Болдын Батсүрэн, 1983 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн /албан үүргээ биелүүлэхийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс түр түдгэлзүүлсэн/ ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь-Эхийн 1-5-20 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД: /МЮ83100517/.

Б.Батсүрэн нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байхдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д “Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг Аймаг, Нийслэл, Сум дүүргийн төсөвт оруулна” гэх заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай “Хонгран Сфеко” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, тус компанийн нягтлан бодогч М.Энхтуяа нарт урьдчилан амлаж, тус компанийн орон сууцны зориулалтаар эзэмшдэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганц модны аманд байрлах 100 га газрын 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын газрын төлбөр болох 88.000.000 төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр болох 44.000.000 төгрөгийг төлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Д.Төгсжаргал, М.Энхтуяа нараас 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2013 оны 1, 2 дугаар улиралд нийт 62.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгийг хээл хахуульд давтан үйлдлээр авч, “Хонгран Сфеко” ХХК-ийг газрын төлбөр төлсөн мэтээр тайланд хий тусгаж, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэн газрын төлбөрийн тооцоо хийсэн акт үйлдэж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Батсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Батсүрэнг давтан үйлдлээр онц их хэмжээний хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Б.Батсүрэнгээс 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Батсүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсүрэнгийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудаст үдэгдсэн Б.Батсүрэнгээс 10.000.000 төгрөгийг Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөн 9 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст үдэгдсэн Б.Батсүрэнгийн 2014  оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гараар бичсэн тайлбар зэргийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Болдын эзэмшлийн 87-57 УНГ улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер-105” загварын автомашин, Ц.Энхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 11б дүгээр байрны 2 тоот 29 м.кв талбай бүхий орон сууц зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Батсүрэнгээс 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Ялтан Б.Батсүрэн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. “Хонгран Сфеко” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, их сургуулийн ангийн найз Төгсжаргалаас авлига гэж 62.000.000 төгрөг аваагүй, харин зээлсэн гэдгийг гэрчлэх гэрч байгаа. Тэр нь уг компанид барилгын инженерээр ажиллаж байсан Г.Номинчулуун гэх залуу юм. Тухайн үед уг мөнгийг Төгсжаргалаас зээлж байхад бид 3 цуг байсан. Номинчулуун “энэ юун мөнгө вэ” гэж Төгсжаргалаас асуухад “Батсүрэнд зээлж байгаа мөнгө” гэж хэлж байсан. Тэр үед би найзаасаа мөнгө зээлж байсан учир зээлийн гэрээ хийгээгүй нь бидний буруу. Уг зээлсэн мөнгөө миний төрсөн эх Ц.Энхжаргал нь хүнд өвчний улмаас Солонгос улс руу эмчилгээнд явахад зориулж авсан. Энэ талаар нотлох баримт миний эх болон өмгөөлөгчид байгаа. Төгсжаргал, Энхтуяа, тэдний өмгөөлөгч Дэлгэрням нартай миний бие болон миний эх Ц.Энхжаргал нар 2015 оны 11 дүгээр сард Дэлгэрням өмгөөлөгчийн ажлын өрөөнд уулзсан. Өмгөөлөгч Дэлгэрням ээж бид хоёрт хандан “танай хүүхэд миний үйлчлүүлэгчээс 62.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд 62.000.000 төгрөгийн хохирлоо өгөхгүй бол авлига өгсөн гэж буруу мэдүүлнэ. Миний үйлчлүүлэгч нар угаасаа “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдсан” гэж дарамталсан. Ийм учраас Төгсжаргал, Энхтуяа нарыг 62.000.000 төгрөгөөр хохироосон 10.000.000 төгрөгийг нь төлж, 52.000.000 төгрөгийн хохиролтой гэж бичиг бичиж, Төгсжаргал, Энхтуяа болон би гарын үсэг зурснаар 62.000.000 төгрөг хахууль авсан гэх баримт бий болсон. Тэгээд Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газарт Энхтуяа, Төгсжаргал нар нь Батсүрэнд авлига өгөөгүй гэж албан бичиг өгсөн. Гэтэл тэр бичгийг нь Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газар уг 2 албан хүсэлтийг хавтаст хэрэгт хийгээгүй байсныг манай өмгөөлөгч сүүлд нь хийлгэсэн. Энэ үйлдлээс дүгнээд үзвэл намайг заавал ямар нэг аргаар яллах сонирхолтой байгааг харуулж байна. Иймд уг асуудлыг тогтоолгох хүсэлтэй байна.

Төгсжаргал, Энхтуяа нарыг Авлигатай тэмцэх газрын комиссор Жаргалбаатар тус тусад нь 10 удаа байцаасан. Байцаалт өгөх болгондоо Батсүрэнд авлига өгөөгүй гэж мэдүүлж байсан. Гэтэл хамгийн сүүлийн байцаалт өгөхдөө өмгөөлөгчгүй, Амарсанаа прокурор, байцаагч Жаргалбаатар нар тулган шаардаж байцаалт авсан байх магадлалтай. Энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний энэ асуудлыг Нийслэлийн прокурор Оргил-Очир шалгаж байхдаа хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн үед прокурор Оргил-Очир “Чи Төгсжаргалаас 62.000.000 төгрөг зээлсэн чинь үнэн юм чинь үлдэгдэл 52.000.000 төгрөгөө хэзээ төлөх, “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдах хүсэлтэй гэдгээ бичиж өг” гэсэн. Тэгээд зээлийн үлдэгдэл 52.000.000 төгрөгийг хугацаа зааж бүрэн төлж барагдуулна гэж өргөдөл бичиж өршөөлд хамаарагдсан. Гэтэл энэ асуудлыг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд уг асуудлыг үнэн зөвөөр, нэг мөр болгон шийдвэрлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. …” гэв.

Ялтан Б.Батсүрэнгийн өмгөөлөгч Г.Мөнхбат гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Батсүрэнгийн өмгөөлөгч би дээрх шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.5 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг нотлоогүй. Б.Батсүрэнг онц их хэмжээний авлигыг давтан үйлдлээр авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн яллах дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 41 дүгээр яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх ч энэ яллах дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоолоо гаргасан. Энэ давтан үйлдлүүд нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд үйлдэгдсэн, ингэж үйлдэгдэхдээ хэд хэдэн төгрөг авсныг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолд заасан ажиллагаанууд огт хийгдээгүй. Энэ тогтоолыг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 272 дугаар магадлал гаргасан. Энэ тогтоол, магадлалууд өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа.

2. М.Энхтуяа, Д.Төгсжаргал, Б.Батсүрэн нарт холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлээр зүйлчлэгдэн удаа дараа хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. М.Энхтуяа нь энэ хэрэгт 2015 оноос хойш нийт 10 удаа мэдүүлэг өгсөн. Өмнөх есөн байцаалтад авлига өгөөгүй гэж мэдүүлж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өмгөөлөгчгүй өгсөн ганц мэдүүлэгтээ “авлига өгсөн” гэж мэдүүлээд түүнийхээ төлөө өршөөлд орсон. Д.Төгсжаргал нь мөн 10 удаа мэдүүлэг өгсөн. Өмнөх 9 мэдүүлэгтээ “авлига өгөөгүй, хэлэлцэн тохирч түр ашиглаж байгаа” гэж мэдүүлж байгаад 10 дахь байцаалтаа мөн өмгөөлөгчгүй өгөхдөө "авлига өгсөн” гэсэн мэдүүлэг өгөөд өршөөлд хамаарагдсан. Ингээд ганц мэдүүлэгт нь прокурор яллах дүгнэлт үйлдээд явуулсан, ингэхдээ өмнөх шүүхийн тогтоолыг биелүүлээгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д заасныг биелүүлээгүй. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу яллагдагч Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон. Гэвч Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус хуульд заасан шаардлагуудыг хангалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйл буюу Хээл хахууль өгөх гэмт хэргийн объектив тал болох хээл хахууль авсан үйлдэл нь бүрэн нотлогдсон байх ёстой боловч шүүгдэгч Б.Батсүрэн нь хээл хахууль өгсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тул тус хуулийн 10.9-­д "Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ" гэж заасны дагуу яллагдагч Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ёстой юм. Мөн Д.Төгсжаргал, М.Энхтуяа нар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргаагүй байхад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэв.

Прокурор Н.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Батсүрэн нь давтан үйлдлээр онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдсон. Б.Батсүрэн нь мөрдөн байцаалтын шатны эхний үед М.Энхтуяа, Д.Төгсжаргал нараас мөнгө аваагүй гэж мэдүүлж байсан бол мөрдөн байцаалтын явцад “мөнгийг Д.Төгсжаргал, М.Энхтуяа нартай цуг авч завшсан” гэж мэдүүлсэн. Тэдэнд холбогдох хэргийг тухайн үед хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч дээд шатны прокурор хэргийг хянаад хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн. Харин хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаагүй. Прокурор өөрийн тогтоолоор ял өөрчилж сонсгосон. Хэргийн зүйлчлэл хүндэрч байгаа учир мөрдөн байцаагч Жаргалбаатар байцаалт авсан. М.Энхтуяа, Д.Төгсжаргал нар уг байцаалтад “өмгөөлөгч гадаадад улсад явж байгаа. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө” гэсэн учир тэднээс өмгөөлөгчгүй байцаалт авсан. Тэднийг өмгөөлөгчгүй байцаалт өгсөн гэж хэлж магадгүй гэж үзэж, уг хэрэгт би хяналт тавьж байгаагийн хувьд байцаалтын ажиллагаанд оролцсон. Прокурор, мөрдөн байцаагч нар нийлж, эрүү шүүлт тулгаж байцаалт авсан зүйл байхгүй. Тэд мэдүүлэгтээ “хээл хахууль өгсөн. Харин уг хэрэг илрээгүй бол мөнгийг авахгүй байсан. Б.Батсүрэнд мөнгө өгч төлбөр төлсөн акт үйлдүүлсэн” гэж мэдүүлсэн. Тэднээс “дарамт, шахалт, бусдын нөлөөгөөр ийм мэдүүлэг өгч байна уу” гэж асуухад “тийм зүйл байхгүй. Үнэн зөв мэдүүлэг өгч байна” гэж хариулсан. Б.Батсүрэн хэдэн удаагийн үйлдлээр мөнгө авсан бэ гэдэг нь тогтоогдсон. Тэрээр 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2013 оны 1 дүгээр улиралд мөнгө авсан бөгөөд улирал тутам 22.000.000 төгрөг шилжсэнээс тодорхой хувийг нь авч байсан. “Өршөөл үзүүлэх тухай” хуульд М.Энхтуяа, Д.Төгсжаргал нар хамаарагдах ёсгүй байсан гэж байна. Тэд гэм бруугаа хүлээж хохирол, төлбөрийг барагдуулсан бөгөөд Б.Батсүрэн 12.000.000 төгрөг төлсөн байдаг. М.Энхтуяа, Д.Төгсжаргал нар компанид учирсан үлдэгдэл хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Батсүрэнд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.Батсүрэн нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байхдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д “Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг Аймаг, Нийслэл, Сум дүүргийн төсөвт оруулна” гэх заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай “Хонгран Сфеко” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, тус компанийн нягтлан бодогч М.Энхтуяа нарт урьдчилан амлаж, тус компанийн орон сууцны зориулалтаар эзэмшдэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганц модны аманд байрлах 100 га газрын 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын газрын төлбөр болох 88.000.000 төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр болох 44.000.000 төгрөгийг төлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Д.Төгсжаргал, М.Энхтуяа нараас 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2013 оны 1, 2 дугаар улиралд нийт 62.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгийг хээл хахуульд давтан үйлдлээр авч, “Хонгран Сфеко” ХХК-ийг газрын төлбөр төлсөн мэтээр тайланд хий тусгаж, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэн газрын төлбөрийн тооцоо хийсэн акт үйлдэж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн төлөөлөгч Г.Хандмаагийн “...Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж газрын төлбөрөө Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хонгран Сфеко” ХХК-д газар эзэмшүүлсэн учир Нийслэлийн төсөвт газрын төлбөр төвлөрөх ёстой. Тухайн эзэмшүүлсэн газрыг хариуцсан төлбөрийн байцаагч газрын төлбөрийг төлүүлсний дараа тооцоо нийлсэн акт иргэн, аж ахуйн нэгжид үйлдэх ёстой. Б.Батсүрэн гэж газрын төлбөрийн байцаагчийн хувьд тухайн иргэн, аж ахуйн нэгж газрын төлбөрөө төлөөгүй бол газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах санал тавьж, шийдвэрлүүлэх үүрэгтэй байтал төлбөрийг төлөөгүй байхад төлснөөр баримт үйлдэн 132.000.000 төгрөгийн хохирол орон нутгийн төсөвт учруулсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлбөрийн мэргэжилтэн нартай уулзаж “Хонгран Сфеко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд эзэмшиж буй 100 га газрын 2012 он, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр болох 132.000.000 төгрөг нөхөн төлөгдсөн эсэхийг тодруулахад “Хонгран Сфеко” ХХК-иас газрын төлбөрөө нөхөн төлсөн байна. Газрын төлбөрөө төлсөн болох нь Улаанбаатар хотын банкны дансны хуулгаар нотлогдож байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй байна. Харин хууль бус үйлдэл хийсэн гэм буруутай этгээдүүдийн үйлдэлд хуульд заасан хариуцлага оногдуулах шаардлагатай” /8 дугаар хавтас, 211-212 дугаар хуудас/,

Хохирогчийн төлөөлөгч П.Буянжаргалын “...2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "Хонгран Сфеко" ХХК-д хятад нягтлан бодогчийн туслах нягтлан бодогчоор ажилд орсон. Ажилд ороод миний өмнө М.Энхтуяа гэж хүн ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэдгийг мэдсэн. Намайг ажилд ороход Д.Төгсжаргал Монгол талын захирлаар ажиллаж байсан. Тус компанийн ерөнхий захирал нь хөрөнгө оруулагч компаниас томилогдсон хятад хүн байдаг. Иргэний нэхэмжлэгчээр томилогдох үед Д.Төгсжаргал захирал “би өөрийн авсан 66.000.000 төгрөгийг газрын албанд төлсөн. Үлдсэн 66.000.000 төгрөгийг Газрын албаны хүн төлөх байх” гэж хэлсэн. Компанийн зүгээс Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт гомдол санал байхгүй. Газрын төлбөрт шилжүүлэх мөнгийг газрын албаны дансанд бус хувийн компанийн дансанд шилжүүлсэн болохыг дансны хуулгыг нь харж байж сая мэдсэн. Учруулсан хохирлоо буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хятад нягтлан болохоор газрын төлбөр төлөөд ир гээд М.Энхтуяаг явуулдаг. М.Энхтуяа банкны баримт бичихдээ хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг өөрчлөн бичсэн болохыг Монгол хэл мэдэхгүй болохоор анзаараагүй байна гэж ярьсан” /6 дугаар хавтас, 198-199 дүгээр хуудас/,

… “...Манай компани бол нэгэнт төлөгдөх ёстой, төлөгдсөнд тооцож байсан мөнгийг дундаас нь авч завшиж үрэгдүүлсэн асуудал гарсан учраас Д.Төгсжаргал, М.Энхтуяа нар мөнгийг төлж, компани болон газрын албыг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна. Нэгэнт газрын төлбөрт төлөгдсөн мөнгийг буцаан байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах асуудал байж болохгүй. Д.Төгсжаргал, М.Энхтуяа нар “хятад нягтланг байхгүй байхад материал авах хэрэгцээ гарсан. Бид материал худалдан авч байгууллагад ашиглаад мөнгийг Хятад нягтлан ирсэн үед компаниас буцаан авсан” гэж хэлсэн. ...Газрын төлбөрт төлсөн мөнгийг нууцаар бусдын дансаар аваад өөр зүйлд зарцуулаад байж болохгүй шүү дээ" /6 дугаар хавтас, 200 дугаар хуудас/,

Гэрч П.Магнайбаатарын “...Баянзүрх дүүргийн газрын албаны газар төлбөрийн орлогын тайлан болон төлбөр тушаагдсан дансны хуулгыг 2012, 2013 оны байдлаар гаргуулан авч судлан үзэхэд "Хонгран Сфеко" ХХК Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 100 га газар эзэмшдэг ба 2012 оны газрын төлбөр 88.000.000 төгрөг төлөх ёстой. Газрын төлбөрийн дансанд тус компаниас нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад газрын төлбөр төлөгдсөн байдлаар тайланд тусгасан зөрчил илэрсэн. Мөн 2013 онд тус компаниас 3, 4 дүгээр улирлын газрын төлбөр 44.000.000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл тус 44.000.000 төгрөгийг төлөөгүй байхад 88.000.000 төгрөг төлснөөр тайланд тусгасан байдал тогтоогдсон. Энэ ажлыг хэн хийгээд байгааг судлаад үзэхэд Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны төлбөрийн мэргэжилтэн Б.Батсүрэн тайланг гаргасан байсан. ...Б.Батсүрэн “Хонгран Сфеко" ХХК-иас газрын төлбөр битгий ав гэсэн шаардлага Нийслэлийн газрын албаны дарга Сандуй тавьсан. Тэгэхээр төлөгдсөн татварыг тус компанийн нэрээр тайланд тусгасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хонгран Сфеко" ХХК-ийн эзэмшиж буй газрын нэгж талбарын хувийн хэргийг аваад үзэхэд 40 га, 60 га газар олгосон 2 захирамжийг нэг захирамжаар 100 га газар эзэмшүүлэх шийдвэрийг 2009 оны Нийслэлийн Засаг даргын 529 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байсан. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бол тухайн дүүрэг нэгж талбарын хувийн хэрэг болон газар эзэмшүүлсэн тухай гэрээг Нийслэлийн газрын албанд шилжүүлэх, Нийслэлийн газрын алба газрын төлбөрийг нь хүлээн авах, төлүүлэх ёстой байтал шилжүүлээгүй юм билээ. Яагаад шилжүүлээгүй юм бэ гэж Б.Батсүрэнгээс асуухаар “Сандуй дарга битгий шилжүүл гээд аваагүй” талаар хэлсэн. Мөн "Хонгран Сфеко" ХХК энэ ажлыг хийсний төлөө надад 8.000.000 төгрөг өгсөн, "Хонгран Сфеко" ХХК-иас битгий газрын төлбөр нэхээч, тус компанийн хүмүүс дарамтална” гээд байсан. ..." /6 дугаар хавтас, 113 дугаар хуудас/,

Гэрч Д.Дашцэцэгийн “...Би 2001 оноос эхлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Байгууллагын нэр бол Газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар гээд өөрчлөгдөн явж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлтэс гэрээ байгуулан, гэрчилгээг газар эзэмшигчид өгөөд манай хэлтэст гэрээний 1 хувь ирснээр бид төлбөрийг төлүүлж барагдуулах, төсөвт хуримтлуулах үүрэг хүлээдэг. Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргийн өмчийн харилцааны албад Улаанбаатар хотын банкинд газрын төлбөр төвлөрүүлэх зөвхөн орлогын данстай. Уг дансанд орсон мөнгийг өдөрт нь нэгтгээд Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх зарчимтай. 2004 онд ажлын ачаалал тэнцвэржүүлэх, зөвхөн төлбөр барагдуулах зорилгоор бүх дүүргийн газрын албадад тодорхой хэмжээний газар эзэмших, ашиглах гэрээнүүдийг шилжүүлэн өгч тайланд тусгуулан явж ирсэн. 2014 оны жилийн эцсийн тайлангаар Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд 6 иргэн, аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг төсөвт төвлөрүүлж, бусад иргэн аж ахуйн нэгжүүд Нийслэлийн өмчийн харилцааны газартаа төвлөрсөн. “Хонгран Сфеко” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгуулах асуудал 2014 оны 11 дүгээр сараас яригдаж эхэлсэн. Материалыг нь хянаад үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар 100 га газар эзэмшүүлсэн байсан. Газрын дуудлага худалдааны анхны үнэ 1.300.000.000 төгрөг төлөхөөс 220.000.000 төгрөг төлөгдсөн байсан. Үлдсэн мөнгийг гүйцээж төл гэсэн шаардлага тавихад 2014 оны 12 дугаар сард 264.000.000 төгрөг нэмж төлсөн ба үлдсэн мөнгийг график гарган төлөх хүсэлт гаргасан. Бид “дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй бол газар ашиглах гэрээг сунгах боломжгүй” гэж хариу өгсөн. Мөн газрын төлбөр төлсөн байдалд шалгалт хийхэд төлбөр төлсөн тухай дүүргийн Өмчийн харилцааны албанаас хийсэн тайлан, дансны хуулга зөрөөд байсан. Б.Батсүрэнгийн ажлыг авсан мэргэжилтэн Бямбадорж саяны сэлгээгээр манай хэлтэст шилжин ирсэн. Ингээд Бямбадоржид үүрэг өгсөн байгаа. “Хонгран Сфеко” ХХК-ийн тайланг үзэхэд Баянзүрх дүүргийн захирамжтай гэж бичсэн учир өчигдөр гарч ирээгүй байна лээ. Захирамжийн тухай мэдээллийг дүүргийн мэргэжилтэн нар мэдээллийн санд шивж оруулдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжтай болонгуут Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн газар зохион байгуулагч манай хэлтэст шилжүүлэн өгөх ёстой” /6 дугаар хавтас, 115-116 дугаар хуудас/,

Гэрч Б.Бямбадоржийн “...2014 оны 4 дүгээр  сард  Баянзүрх дүүргийн  Өмч  газрын  харилцааны мэргэжилтэн Б.Батсүрэнтэй сэлгэн ажиллуулсан. Ажлаа аваад ажиллаж    байхад "Хонгран Сфеко" ХХК-ийн нягтлан гээд нэг эмэгтэй ирээд тооцоо нийлсэн акт авна гэсэн. Газрын төлбөр төлөлтийн тайланд үзэхэд тус компани 2009 оноос хойш газрын төлбөрөө бүрэн төлж байсан талаар тайланд тусгагдсан байсан. Газрын төлбөрийн тооцоог хийхэд хамгийн сүүлийн тооцоо нийлсэн актаас хойш нь тулган үздэг журмын дагуу сүүлийн тооцоо нийлсэн актыг авч үзсэний дараа 2014 онд дансаар төлбөр төлсөн хуулгатай нь тулаад 2014 оны тооцоо нийлсэн актыг бичиж өгсөн. Баянзүрх дүүргийн газрын төлбөрийн орлогын тайланд тус компанийн захирамжийн талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа талаар тэмдэглэлтэй юм билээ. Саяхан Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Магнай ирж шалгалт хийсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт нийслэл болон дүүргийн бүх Засаг дарга нарын газар эзэмшүүлсэн захирамжийн цахим сан байдаг. Энэ сангаас тулгалт хийхэд "Хонгран Сфеко" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар газар эзэмшиж байгаа нь харагдсан. Дансны хуулгыг 2012 оноос хойш шүүж үзэхэд "Хонгран Сфеко" ХХК 2012 оны төлбөр 88.000.000 төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улиралд газар ашигласны төлбөрөө төлөөгүй байна лээ. Тайланг аваад үзэхээр тайланд газрын төлбөр төлсөн гэж тусгагдсан, тооцоо нийлсэн акт байгаад байсан” /6 дугаар хавтас, 118 дугаар хуудас/,

Гэрч Б.Болор-Эрдэнийн “...М.Энхтуяа миний багын найзтай хамт нягтлан бодох бүртгэлийн “Мандах” дээд сургуульд хамт суралцаж байсан учир танилцсан. 2012 оны эхээр М.Энхтуяа надтай уулзаад “танай компанийн дансаар мөнгө гаргаж авах гэсэн юм. Компанийн ашиглаж байгаа газрын төлбөрөө улсад тушаах ёстой. Тушаах хоног, хугацаа нь болоогүй болохоор түр хэрэглэж байгаад тушаачих санаатай дансаараа мөнгө гаргаад өгөөч” гэж хэлсэн. “Хууль бус юм биш биз дээ. Хүнийг дэмий зүйлд хутгачихваа” гэхэд “хууль бус зүйл юу ч байхгүй” гэж хэлсэн. Тэгээд газрын мөнгө нэрээр 22.000.000 төгрөг 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр "Шанд Дов" ХХК-ийн Голомт банкны дансанд ороод ирсэн. Мөнгө дансанд орж ирсэн даруйд М.Энхтуяа ирээд 21.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авдаг. 1.000.000 төгрөгийг татварт төлөхөөр авч үлдсэн. Энэ явдлаас хойш яг энэ байдлаараа 5 удаа нийт 6 удаа 22.000.000 төгрөг манай компанийн дансанд "Хонгран Сфеко" ХХК-иас орж ирсэн. М.Энхтуяа ирж мөнгөө авсан. “Ямар учиртай юм бэ” гэхээр “улирал бүр мөнгийг гаргаж авч хэрэглэж байгаад жилийн эцсээр бөөнд нь төлөх юм, оны эцэс болтол эргэлдүүлэх санаатай” гэж ярьдаг байсан. Мөнгөө авч яваад ямар зүйлд зарцуулсан болохыг нь бол мэдэхгүй байна” /6 дугаар хавтас, 119 дүгээр хуудас/,

Гэрч Э.Эрдэнэбулганы “...2001 оны 5 дугаар сараас хойш газрын албанд ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд “Хонгран Сфеко” ХХК нь 100 га газар эзэмшдэг байсан. Газар ашиглах захирамжаа Нийслэлийн Засаг даргын захирамж болгуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийг нь хүлээн авч, техникийн зөвлөлийн хурлаар оруулан танилцуулж Нийслэлийн засаг даргын 2009 оны 529 тоот захирамжаар газар ашиглах шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэл болгон газар ашиглах гэрээ тухайн компанитай байгуулж гэрчилгээг нь бичиж өгсөн. Захирамж гарсны дараа дуудлага худалдааны анхны үнийг төлүүл, гэрчилгээг нь олго гэсэн үүргийг Ц.Сандуй даргаас өгсөн. Төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн нараас хэнийг нь санахгүй байна дуудлага худалдааны анхны үнийг бодуулж нэхэмжлэх бичиг “Хонгран Сфеко” ХХК-ийн хүмүүст өгсөн. Газар ашиглалтын хэлтэс буюу Д.Дашцэцэг даргын хэлтэс дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж байж гэрээний нэг хувийг өг гэж хэлдэг байсан. Тэгээд гэрээ хүлээн аваагүй байх” /6 дугаар хавтас, 121 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батсүхийн “...2013 оны 1 дүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Ажил аваад хамт олонтойгоо танилцахад Б.Батсүрэн нь нэлээн тогтворгүй байдлын зан ааштай хүн шиг санагдсан. Хамт олон дундаа нэр хүнд муутай, бусад ажилтан нартаа их дээрэнгүй хандаад байсан. Ажлыг нь судлаад үзэхээр дутагдал гаргасан байсан. “Наст трейд” ХХК-иас газрын төлбөр төлөөгүй байхад иргэдийн газрын төлбөрт төлсөн мөнгийг “Наст трейд” ХХК-иас төлсөн мэтээр тайланд тусгасан зөрчил илэрсэн. Энэ зөрчлийг нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шалгаад даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх үед нь хамтран ажиллах боломжгүй гэдэг санал хүртэл гаргаж байсан. Газрын төлбөр хариуцсан 4 мэргэжилтэн, газар зохион байгуулагч 7 хүн бүртгэлийн мэргэжилтэн 2, өмчлөл хариуцсан мэргэжилтэн 3 хүн ажиллаж байна. Өдөрт ойролцоогоор 200-гаас 300 иргэнд үйлчилдэг болохоор хөл толгой нь мэдэгдэхгүй ажиллана. Энэ үед төлбөрийн мэргэжилтэн нар өөрсдийн хариуцсан ажил болох иргэн, аж ахуйн нэгжээс газрын төлбөр төлүүлэх, газрын төлбөр төлөгдсөн бол Нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим тайлангийн санд тайлан шивээд төлбөр нийлсэн актаа бичээд тамга дарахын тулд надаар гарын үсэг зуруулдаг. Тухайн хүн хариуцсан ажлаа хийгээд ороод ирж байгаа үед чи хариуцлагаа хүлээнэ шүү гэдгийг нь хэлээд гарын үсэг зураад явуулдаг. Миний хувьд нэг бүрчлэн хянаад байх боломжгүй. Ер нь бэлнээр газрын төлбөр авдаггүй, зөвхөн дансаар авч байгаа учраас буруу зөрүү хийх боломжгүй гэж ойлгож байсан. Буруу зөрүү хийвэл төлбөрөө төлсөн иргэн, аж ахуйн нэгж тооцоо нийлэхэд илрэх асуудал учир ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй. Ажил ихтэй байхад иргэн хүлээгээд байна гэж хэлээд тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулах, олон баримтад гарын үсэг зуруулах үе байдаг. “Хонгран Сфеко” ХХК-ийн тооцоо нийлсэн актад ямар үед гарын үсэг зуруулсан болохыг мэдэхгүй байна. Намайг ажил авснаас хойш бол өөр зөрчилгүй байгаа байх гэж бодож байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шалгалт орж байгаа. Энэ шалгалтаар зөрчил дутагдал байвал илрэх байхаа. 2013 онд 1.500.000.000 төгрөг газрын төлбөрт дансаар тушаагдсан байсан. “Хонгран Сфеко” ХХК-иас 2012 оны 4 улирал, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр төлөөгүй байхад Улаанбаатар хотын банкины дансанд тушаасан мөнгөн дүнг тааруулаад “Хонгран Сфеко” ХХК-иас төлбөр төлсөн байдлаар тайлан шивж байна гэдэг маань 130.000.000 төгрөг төлсөн аж ахуйн нэгжийн төлбөр төлөгдөөгүй байдлаар тайланг будлиантуулсан байна. 130.000.000 төгрөг төлдөг иргэн, байгууллага цөөхөн, их хэмжээний мөнгө төлж байгаа бол тэр дороо тулгалт хийж байгаа. Тэгэхээр маш олон иргэн, байгууллагаас төлсөн төлбөрийг шилжүүлэн тооцсон байх гэж бодож байна. Ажил хариуцсан мэргэжилтэн нараас шууд дансанд газрын төлбөрөө тушаасан, би дансны хуулгаа шалгасан гэж хэлээд тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулдаг юм” /6 дугаар хавтас, 122-123 дугаар хуудас/,

Гэрч С.Ундармаагийн “...шалгалтын явцад “Хонгран Сфеко” ХХК-ийн нэрээр газрын төлбөр төлсөн хуулгыг шалгахад 2012 оны 4 улирал, 2013 оны 1, 2 дугаар улиралд газрын төлбөр төлөгдөөгүй байна лээ. Тайланд бол төлбөр төлснөөр бичсэн байна лээ” /6 дугаар хавтас, 154 дүгээр хуудас/,

Гэрч Жөн Зиа Мин-ийн “...2011 онд анх удаа "Хонгран Сфеко" ХХК-ийн нягтлан бодогчоор томилогдон ирсэн. Энэ компанидаа өнөөдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна. Компани өнөөдрийн байдлаар 100 га газар эзэмшиж, 3500 ширхэг 2 давхар хаус барихаар төлөвлөсөн. Манай групп тухайн төсөлд өнөөдрийн байдлаар 230.000.000 юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Компанийн захирлаар Д.Төгсжаргал томилогдон ажиллаж байна. ...Газар ашигласны төлбөрийг газрын албатай байгуулсан гэрээний дагуу жилд 88.000.000 төгрөг төлөх бөгөөд улирал бүр буюу 3 сард нэг удаа 22.000.000 сая төгрөг дансаар төлдөг. Хөрөнгө оруулагч компаниас жилийн эхэнд 88.000.000 сая төгрөг газрын төлбөрт төлөгдөхөөр батлагдаж шилжин ирдэг. Уг мөнгийг улирал бүр газрын албанд дансаар шилжүүлэн төлдөг. Газрын төлбөр төлөгдөөгүй байх боломжгүй. Бид улирал бүр дансаар шилжүүлдэг. Газрын албанаас төлбөр төлснийг баталгаажуулсан тамга бүхий баримт өгсөн. ...би зөвшөөрснөөр гүйлгээ хийгддэг. Гүйлгээ хийхдээ дансны дугаарыг М.Энхтуяа дур мэдэн өөрчилсөн байх. Намайг байхгүй байхад дотоод үйл ажиллагаанд зарцуулсан гэж мөнгөний баримт өгч тооцоо хийлгээгүй. Газрын төлбөрт төлсөн мөнгийг өөр компанийн дансанд шилжүүлэн авсан, өнөөдрийг хүртэл 1 жил 6 сарын газрын төлбөр төлөгдөөгүй байгааг, мөнгө нь хаашаа алга болсон болохыг манай компани мэдээгүй байна. Өчигдөр ирээд энэ талаар ажилтан нараас сонслоо. Газрын төлбөрт шилжүүлсэн мөнгө өөр зүйлд зарцуулагдах ёсгүй. М.Энхтуяа газрын албанд өглөө гээд төлбөр төлсөн баримт аваад ирдэг байсан. Тамга тэмдэгтэй баримтад бид итгэнэ шүү дээ. Мөнгө төлөгдөөгүй бол буруутай этгээдүүдээр газрын төлбөрийг төлүүлэх хэрэгтэй” /6 дугаар хавтас, 191-192 дугаар хуудас/,

Гэрч Вү Жи Цияны “...М.Энхтуяа, Д.Төгсжаргал нарын хувьд газрын төлбөрт шилжүүлсэн мөнгийг өөр хүний данс руу шилжүүлэн авах эрх байхгүй. Би хөрөнгө оруулагч компанийн удирдлагатай утсаар ярьж манай компани тариа буудай тариалах туршилтын ажил хийлгэж байсан эсэх талаар асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн” /6 дугаар хавтас, 193 дугаар хуудас/,

Д.Төгсжаргалын сэжигтнээр өгсөн “...2012 оны 11 дүгээр сард “Хонгран Сфеко” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Манай компани барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ганц модны ам нэртэй газарт хувийн Канад технологи ашиглан орон сууц барьж байна. Улирал бүл 22.000.000 төгрөг байгууллагын данснаас газрын төлбөрт шилждэг. Уг мөнгийг нягтлан бодогч М.Энхтуяагийн таньдаг хүний дансанд шилжүүлж бэлнээр авдаг. М.Энхтуяа бэлнээр авсан мөнгөнөөс бэлэн мөнгө гаргасны шимтгэлийг тус дансны компанийн захиралд өгдөг. Авсан мөнгөнийхөө 50 хувийг М.Энхтуяа бид 2 хуваан авч үлдсэн, 50 хувь буюу 9.000.000-өөс 10.000.000 төгрөгийг Б.Батсүрэнд өгч байсан. Б.Батсүрэнгийн гэр Сансарт байдаг байх. Сансарт ажил нь тарсны дараа хүргэж өгдөг. Б.Батсүрэн компани руу залгаж газрын төлбөр нэхэхгүй байх, төлбөрийн тооцоо хийсэн тухай акт бичиж өгөхөөр амлаад мөнгийг авдаг байсан. Би ажлынхаа хажуугаар Төв аймагт буудай тариад төлнө гэж тооцсон. Буудай тарьсан боловч ашиг гараагүй тул мөнгөө төлж чадаагүй” /6 дугаар хавтас, 240 дүгээр хуудас/,

… “...М.Энхтуяа бид 2 оны эцэст бөөнөөр нь газрын төлбөрийг төлнө. Улирал бүр газрын албанд шилжүүлэх мөнгийг компаниас гарган авч, 50 хувийг нь Б.Батсүрэнд газрын төлбөрт өгөөд үлдсэн 50 хувийг нь дотоод үйл ажиллагаа болон хувийн газар тариалангийн ажилд зарцуулахаар шийдсэн. М.Энхтуяа таньдаг хүнийхээ компанийн данс руу улирал бүр шилжүүлдэг. 22.000.000 төгрөг бэлнээр гарган аваад 1.000.000 орчим төгрөгийг данс руу нь мөнгө шилжүүлсэн хүнд дансны шимтгэлийн хураамж гэж өгдөг. Үлдсэн 21.000.000 төгрөгийн 50 хувь буюу 10.000.000-11.000.000 төгрөгийг Б.Батсүрэнд хүргэж өгдөг байсан. Үлдсэн 10.000.000 төгрөгийг Энхтуяа бид 2 зарцуулж байсан. ...М.Энхтуяа бид 2 мөнгийг бэлнээр Б.Батсүрэнтэй уулзаж өгдөг байсан. ...” /6 дугаар хавтас, 241-242 дугаар хуудас/,

Д.Төгсжаргалын яллагдагчаар өгсөн “...компаниас газрын төлбөрт төлөх 132.000.000 төгрөг авч завшсан. 70.000.000 төгрөгийг би компанидаа буцаан төлсөн. Компаниас авч завшсан 132.000.000 төгрөгөөс 62.000.000 төгрөгийг манай газрын төлбөр хариуцдаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагч Б.Батсүрэнд хээл хахууль болгон өгсөн. Хэрэг илрээгүй бол тухайн төлбөрийг төлөхгүй байсан. Б.Батсүрэн ч газрын төлбөрийг төлснөөр баримт үйлдэж, тооцоо нийлсэн актын хувийг компанид өгсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдахыг хүсч байна. …” /9 дүгээр хавтас, 82 дугаар хуудас/,

М.Энхтуяагийн сэжигтнээр өгсөн “...2012 оны газрын төлбөр 88.000.000 төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр 44.000.000 төгрөгийн тус бүр 50 хувийг нь Б.Батсүрэнд төлсөн. ... Б.Батсүрэнд улирал бүр газрын төлбөрөөс 10.000.000-12.000.000 төгрөгийг хүргэж өгдөг. ... итгэлцлээр явагдсан зүйл болохоор ямар нэг баримт үйлдээгүй” /6 дугаар хавтас, 250 дугаар хуудас/,

М.Энхтуяагийн яллагдагчаар өгсөн “...миний хувьд мөнгө гаргаж авах данс олж өгсөн, компаниас  авсан мөнгөн хөрөнгийг үрсэн нь үнэн. Компаниас газрын төлбөрт төлөх 132.000.000 төгрөгийг бусдын компанийн дансанд шилжүүлэн авч завшсан. Д.Төгсжаргал бид 2 “Хонгран Сфеко” ХХК-д 70.000.000 төгрөг төлсөн. Компаниас авч завшсан 132.000.000 төгрөгөөс 62.000.000 төгрөгийг манай газрын төлбөрийг хариуцдаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагч, Д.Төгсжаргалын нэг ангийн хүүхэд болох Б.Батсүрэнд хээл хахууль болгон өгсөн. Б.Батсүрэн манай компанийн газрын төлбөрийг төлсөн баримт Төгсөөд өгсөн, тооцоо нийлсэн актын хувийг компанид өгөөд ямар ч асуудал гарахгүй гэж ойлгосон. Газрын албанаас ч эрүүгийн хэрэг үүсгэгдэх хүртэл хугацаанд төлбөр төл гэсэн шаардлага ирээгүй, ...132.000.000 төгрөг завшсан, хээл хахуульд 62.000.000 төгрөг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдах хүсэлт гаргаж байна. …” /9 дүгээр хавтас, 78 дугаар хуудас/,

Б.Батсүрэнгийн яллагдагчаар өгсөн “...газрын төлбөр төлөөгүй компанийг төлбөр төлснөөр тайланд мэдээлэл оруулж, тооцоо нийлсэн акт бичиж өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Д.Төгсжаргалын хүсэлтээр 2012 оны жилийн эцэс, 2013 оны эхний хагас жилийн байдлаар “Хонгран Сфеко” ХХК газрын төлбөрийн тооцоогүй гэсэн акт үйлдэж өгсөн. Тус компани жилд 88.000.000 төгрөг, улиралд 22.000.000 төгрөг газрын төлбөрт төлөх гэрээтэй байсан. ...би тухайн компани, аж ахуйн нэгжүүдэд 3 дугаар бүс газрын төлбөрөө төл гэж хэлээд газрын төлбөрийг төлүүлж, илүү орж ирсэн төлбөрийг нь “Хонгран Сфеко” ХХК-иас төлснөөр тайланд тусгасан. …” /7 дугаар хавтас, 9-11 дүгээр хуудас/,

“2012 оны газрын төлбөр 88.000.000 төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улиралд төлөх 44.000.000 төгрөгийг хамт суралцаж байсан Д.Төгсжаргал нэхэхгүй байж байгаач гээд гуйгаад байхаар нь төлүүлээгүй. ... “Хонгран Сфеко” ХХК-ийн төлбөрийг төлүүлээгүй, тайлангаар төлсөн мэтээр бичилт хийсэн нь миний буруу. Д.Төгсжаргал надаас гуйсан учир төлбөрөө төлсөн гэсэн тооцоо нийлсэн акт 2012 оны жилийн эцсийн байдлаар 1 удаа, 2013 оны эхний хагас жилийн байдлаар нэг удаа үйлдэж өгсөн” /7 дугаар хавтас, 12-14 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн газрын төлбөрийн талаар шалгасан тухай илтгэх хуудас /1 дүгээр хавтас, 8-9 дүгээр хуудас/,

Улаанбаатар хотын банкны 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1/91 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтас, 37 дугаар хуудас/,

Нийслэлийн засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр захирамж, хавсралтын хамт /1 дүгээр хавтас, 95-98 дугаар хуудас/,

Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ /1 дүгээр хавтас, 135 дугаар хуудас, 2 дугаар хавтас 218 дугаар хуудас/,

“Хонгран Сфеко” ХХК-ийн 2800000104 тоот данснаас “Шанд дов” ХХК-ийн 1105033306 тоот дансанд тус бүр 22.000.000 төгрөг, нийт 132.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримтууд /4 дүгээр хавтас, 207-212 дугаар хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн өмчийн харилцааны газрын төлбөрийн тайлан, дансны хуулга, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, 226-228 дугаар хуудас/,

Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /2 дугаар хавтас, 222 дугаар хуудас/,

Хохирлын мөнгө хүлээлцсэн гэх баримт /8 дугаар хавтас, 189 дүгээр хуудас/,

Б.Батсүрэнгийн “...М.Энхтуяа, Д.Төгсжаргал нараас 62.000.000 төгрөг авснаас 10.000.000 төгрөгийг буцаан өгсөн” гэх гар бичмэл /8 дугаар хавтас, 190 дүгээр хуудас/,

Нийслэлийн газрын албаны даргын “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /1 дүгээр хавтас, 99 дүгээр хуудас/,

Ажлын байрны тодорхойлолт /2 дугаар хавтас, 118-120 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “...2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн “хохирлын мөнгө хүлээлцсэн баримт”-ын дунд хэсэгт байх “мөнгө хүлээлгэн өгсөн” гэсний ард, “Б.Батсүрэн” гэсний урд зурагдсан гарын үсэг нь Б.Батсүрэнгийн гэх гарын үсгийн загвартай тохирч байна. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “тайлбар гаргах нь” гэсэн баримт дээрх гар бичмэлийн бичгийн хэв нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Батсүрэнгийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна” гэх 4095 дугаар шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэргэжлийн хяналтын албан шалгалтаар 2012 онд 6.665.505 төгрөгийн, 2013 онд 8.887.340 төгрөгийг бүгд 15.552.845 төгрөгийн газрын төлбөрийг дутуу тооцон төсөвт оруулаагүй тул 2014 оны 9 дүгээр сарын 5-нд 02-08-33/342 тоот Улсын байцаагчийн акт тогтоосон байна. Мөн “Хонгран Сфеко” ХХК-ийн төлөх ёстой 2012 онд 88.000.000 төгрөг, 2013 онд 44.000.000 төгрөг бүгд 132.000.000 төгрөгийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албаны төлбөрийн орлогын тайланд төлснөөр тусгасан байна.

2012 оны Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны орлогын тайлангийн 289-290 дүгээр мөрөнд “Хонгран Сфеко” ХХК-ийн мэдээллийг оруулсан байна. Үүнд: 2012 оны жилийн эцсийн байдлаар “Хонгран Сфеко” ХХК нь урьд оны үлдэгдэлгүй байсан ба 2012 онд ногдуулсан жилийн төлбөр нь 88.000.000 төгрөг, хяналтаар ногдуулсан алданги 500.691 төгрөг, нийт төлөх дүн нь 88.500.691 төгрөг төлөхөөс 88.500.691 төгрөг төлсөн гэж тусгасан байна. Шинжилгээнд ирүүлсэн Баянзүрх дүргийн Газрын албаны 2609005981 тоот данс болон Нийслэлийн газрын албаны 2611009722 тоот дансанд “Хонгран Сфеко” ХХК-иас ямар нэгэн төлбөр хийгдээгүй байна.

2013 оны Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албаны орлогын тайлангийн 1081-1082 дугаар мөрөнд “Хонгран Сфеко” ХХК-ийн мэдээллийг оруулсан байна. Үүнд: 2013 оны жилийн эцсийн байдлаар “Хонгран Сфеко” ХХК нь урьд оны үлдэгдэлгүй байсан ба 2013 онд ногдуулсан жилийн төлбөр нь 88.000.000 төгрөг төлөхөөс 88.000.000 төгрөг төлсөн гэж тусгасан байна. Шинжилгээнд ирүүлсэн Баянзүрх дүүргийн Газрын албаны 2609005981 тоот дансанд “Хонгран Сфеко” ХХК-иас 2013 оны 8 дугаар сарын 29-нд 44.000.000 төгрөг орж ирсэн байна. …” гэх 185 тоот дүгнэлт /9 дүгээр хавтас, 13-15 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

“Хонгран Сфеко” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, тус компанийн нягтлан бодогч М.Энхтуяа нар нь бүлэглэн тус компаниас газрын төлбөрт төлөх зориулалтаар гаргасан 100 га газрын 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын газрын төлбөр болох 88.000.000 төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр болох 44.000.000 төгрөг, нийт 132.000.000 төгрөгийг 2012 оны 3 дугаар сарын 6-наас 2014 оны 4 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд, нийт 6 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн газрын албаны дансанд шилжүүлэх нэрийдлээр “Шандов” ХХК-ийн дансанд шилжүүлэн, улмаар өөрсдөө уг компаний данснаас гарган авч, захиран зарцуулах байдлыг бий болгож, уг мөнгөнөөс 62.000.000 төгрөгийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны төлбөрийн байцаагч Б.Батсүрэнд өгсөн байна.

Харин Б.Батсүрэн нь “Хонгран Сфеко” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, тус компанийн нягтлан бодогч М.Энхтуяа нараас дээрх мөнгийг авч, “Хонгран Сфеко” ХХК-иас 100 га газрын 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын газрын төлбөр болох 88.000.000 төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр болох 44.000.000 төгрөгийг төлсөн байдлаар Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны тайланд хий тусгаж, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо хийсэн актыг 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үйлдэж өгчээ.

Б.Батсүрэн нь олон удаагийн үйлдлээр хээл хахууль авсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг яллах дүгнэлтэд шууд зааж өгөөгүй байх боловч мөрдөн байцаалтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийж, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарын “Хонгран Сфеко” ХХК-иас мөнгө завшиж эхэлсэн 2012 оны 3 дугаар сарын 6-наас хойш Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны тайланд хий тусгуулж, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо хийсэн актыг 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үйлдэж өгсөн нөхцөл байдлыг харгалзан, яллах дүгнэлтэд “… 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2013 оны 1, 2 дугаар улиралд нийт 62.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгийг хээл хахуульд авч, …” гэжээ.

Иймд яллах дүгнэлтэд “… 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2013 оны 1, 2 дугаар улиралд нийт 62.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгийг хээл хахуульд авч, …” гэж заасныг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг заасан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгтАлбан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол …, мөн зүйлийн 268.2 дахь хэсэгт Энэ хэргийг … эсхүл давтан, … эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр” тус тус хуульчилжээ.

Хээл хахуулийн гэмт хэргийн хувьд эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар болон зарим тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй хийлгэсэн байдаг.

Түүнчлэн, хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч, энэ үндсэн дээр хууль, дүрэм, журмаар албан тушаалтных нь хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байхыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байсан гэж үзнэ.   

Иймд, Б.Батсүрэнг хээл хахууль авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарын үйлдлийг шалгаж, гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, тэдний үйлдсэн гэмт хэргийг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасан зохицуулалтад хамааруулсан нь хуульд нийцсэн байна.

Мөн Батсүрэнгийн зарим гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзэхийн зэрэгцээ анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. 

Б.Батсүрэнд холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байна.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Батсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул ялтан Б.Батсүрэн, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.