Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00066

 

******ын нэхэмжлэлтэй

                                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00581 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 854 дүгээр магадлалтай,

********ын нэхэмжлэлтэй,

“********” ХХК, ***** нарт холбогдох

1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “********” ХХК-ийн төлөөлөгч *******ын гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ********* нь хариуцагч “********” ХХК, ********* нарт холбогдуулан арилжааны гэрээний үүрэг 81,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00581 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан “*****” ХХКас 54,000,000 төгрөгийг гаргуулж ********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,000,000 төгрөгийн шаардлагыг, ********д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 427,950 төгрөгийг хариуцагч “*****” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 854 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

 3. Хариуцагч “*****” ХХК-ийн төлөөлөгч ******** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...*******” ХХК нь 60,000,000 төгрөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж ********аас авсан бөгөөд ********д зээлдүүлсэн 6,000,000 төгрөгийг хасаж тооцуулахыг шүүхийн шатанд “*******” ХХК нь зөвшөөрсөн болно. *********** нь 6,000,000 төгрөгийг тухайн үед зээлж авахдаа 6,200,000 төгрөг болгож өгнө гэсэн тул шүүхийн шийдвэрт заасан 54,000,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагч “******” ХХК-ийн төлөөлөгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “*******” ХХКас 54,000,000 төгрөгийг гаргуулж ********д олгож, үлдэх 27,000,000 төгрөгийн шаардлагыг, *********д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан 54,000,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* хяналтын журмаар гомдол гаргасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хүрээнд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.  

5. Нэхэмжлэгчийн шаардах эрх, хэргийн үйл баримтын талаар.

5.1. ******* нь “********” ХХК, ******** нарт холбогдуулан арилжааны гэрээний үүрэг 81,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “********” ХХК нь ...арилжааны гэрээнд заасан 54,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 27,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч ******** ...“**********” ХХК болон нэхэмжлэгч ******* нарын хоорондох иргэний хэрэгт миний бие хамааралгүй... гэж тус тус маргажээ.

 Талуудын хооронд байгуулагдсан 2018.07.05-ны өдрийн №1/1 дугаартай Бараа солилцох худалдах-худалдан авах гэрээгээр ********* 60,000,000 төгрөгийн үнэ бүхий явган замын хавтан, бетонон блокны ком үйлдвэрийн тоног төхөөрөмжийг, “*******” ХХК 60,000,000 төгрөгийн үнэтэй дүйцэх 450 м.куб шохойн блокийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 зааснаар зохигчийн хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд гэрээг бичгээр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 5.2. Хариуцагч “*******” ХХК арилжааны гэрээгээр хүлээсэн 60,000,000 төгрөгт дүйцэх 450 м.куб шохойн блокыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн, 2019.03.28-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад “********” ХХК *******д 54,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019.04.20-ны өдөр төлнө гэж тохиролцсон хэдий ч хариуцагч биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх “*******” ХХК-аас арилжааны гэрээний үүрэгт 54,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ********д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасантай нийцсэн гэж үзнэ.

5.3. Бараа солилцох худалдах-худалдан авах гэрээнд 2019.03.28-ны өдөр Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай нэмэлт өөрчлөлтийг оруулж, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр хариуцагч “******” ХХК-ийн менежер ********** гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

“******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд *********** болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан ********ыг хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай нэмэлт гэрээ хангаагүй тул 27,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

6. Хариуцагч “******” ХХК-ийн төлөөлөгч ********ын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “...6,000,000 төгрөг зээлж, 6,200,000 төгрөг болгож өгнө гэсэн боловч 200,000 төгрөг өгөөгүй тул уг мөнгийг хасуулах...” тухай тайлбар гаргаж, энэ талаар зохигч анхан шатны журмаар хэргийг хэлэлцэхэд мэтгэлцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан бөгөөд  давж заалдах шатны шүүх “******” ХХК-ийн гомдол үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “********” ХХК-ийн төлөөлөгч Д.Энхбаатарын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 854 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “********” ХХК-ийн төлөөлөгч ********ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД