Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/00581

 

 

 

 

2020 оны 02 сарын 11 өдөр        Дугаар 101/ШШ2020/00581           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ж Т” ХХК,

Хариуцагч: Х.Э нарт холбогдох

81,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч талуудтай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөгийн үнэ бүхий явган замын хавтан үйлдвэрлэх зориулалттай бетон блокны ком үйлдвэрийг худалдан авагч талд худалдахаар харилцан тохиролцож тухайн үйлдвэрийг хүлээлгэж өгсөн.

Хариуцагч талууд нь дээрх төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлнө гэсэн нөхцөлөөр тохирсон боловч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч талууд нь дээрх төлбөрөөс 6,000,000 төгрөгийг төлсөн. Мөн хариуцагч талууд нь үлдэгдэл 54,000,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлөхөөр хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,5% алданги тооцож тус тус төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч талууд нь одоог хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд дээрх төлөгдөөгүй үнийн дүн болох 54,000,000 төгрөгийг алданги болох 27,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөгийг тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие “Ж Т” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр менежерийн ажилд орж 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болно 2019 оны 4 дүгээр сарын 01-өдрөөс эхлэн өөр байгууллага болох барилгын ажилд орсон болно. “Ж Т” ХХК-д ажиллаж байхад захирал Д.Э “Ж Т” ХХК-ийг төлөөлж Б.Атай явган замын хавтан, бетонон блок үйлдвэрлэх тоног төхөөрөмж авч оронд нь 60,000,000 төгрөгийн үнэтэй дүйцэх 450 м.куб шохойн блокийг солилцох гэрээ байгуулж миний бие менежер албан тушаалын үүднээс гарын үсэг зурж байсан. Тухайн үед гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй болно. Миний бие “Ж Т” ХХК болон Б.А нарын хоорондох иргэний хэрэгт хамааралгүй тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ж Т” ХХК нь Б.А-тай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Арилжааны гэрээ буюу бараа солилцох худалдах, худалдан авах гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн үнэ бүхий явган хавтан, бетонон блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг худалдан авч 450 м.куб шохойн блокийг худалдагч талд шилжүүлэхээр гараа байгуулсан. Б.А нь гадаад явах болсон тул мөнгө хэрэгтэй байна гэж гуйсны дагуу 6,000,000 төгрөгийг зээлж өгсөн. Б.А нь зээлж авсан мөнгөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 60,000,000 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 54,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Б.А нь 54,000,000 төгрөгөөс алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээ буюу бараа солилцох худалдах, худалдан авах гэрээнд талууд алданги төлөхөөр харилцан тохиролцоогүй. Харин 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай гэрээ”-нд “Ж Т” ХХК-ийн захирал Д.Э гарын үсэг зураагүй, менежер Х.Э дур мэдэж гэрээ байгуулсан тул ажлаас  чөлөөлөгдсөн байдаг. Х.Энхбаатар захиралтай алдангийн талаар тохироогүй тул 27,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А хариуцагч “Ж Т” ХХК, Х.Э нарт холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг, алданги 27,000,000 төгрөг нийт 81,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “Ж Т” ХХК нь арилжааны гэрээнд заасан 54,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 27,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Х.Э нь “Ж Т” ХХК болон нэхэмжлэгч Б.А нарын хоорондох иргэний хэрэгт миний бие хамааралгүй тул хариуцах үндэслэлгүй гэж тус тус маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

  1. 54,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид харилцан тохиролцож 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №1/1 дугаартай “Бараа солилцох худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ. /хх-ийн 26-27 дугаар талууд/

Уг гэрээгээр Б.А 60,000,000 төгрөгийн үнэ бүхий “Явган замын хавтан, бетонон блокны ком үйлдвэрийн тоног төхөөрөмж”-ийг, “Ж Т” ХХК нь 60,000,000 төгрөгийн үнэтэй дүйцэх 450 м3 шохойн блокийг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. Энэ талаар талууд маргаагүй

 Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.” гэж зааснаар талуудын хооронд гарын үсэг зурж, тамга дарагдсан арилжааны гэрээ байгуулагдсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч “Ж Т” ХХК нь арилжааны гэрээгээр хүлээсэн 60,000,000 төгрөгт дүйцэх 450м3 шохойн блокийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

Хавтас хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт авагджээ.

Дээрх баримтад “Ж Т” ХХК нь иргэн Б.А-д 54,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлнө” гэж тохирсон хэдий ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч “Ж Т” ХХК-иас арилжааны гэрээний үүрэгт 54,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

2. Алданги 27,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Бараа солилцох худалдах, худалдан авах гэрээ”-д 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай” нэмэлт өөрчлөлтийг оруулж, үүргээ хугацаанд биелүүлэхгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр менежер Х.Э гарын үсэг зурсан, тэрээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээд тул гэрээ хүчин төгөлдөр, анхны гэрээний үргэлжлэл мөн” гэж маргасан. /хх-ийн 47 дугаар тал/

“ Ж Т” ХХКнь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх үндсэн ажиллагааны чиглэлтэй, 1 гишүүнтэй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Э болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 34-36 дугаар талууд/

Хавтас хэрэгт “Худалдан авах гэрээний төлбөр дуусгах тухай" гэрээ авагджээ. Дээрх гэрээнд менежер Х.Э гэж гарын үсэг зурсан атлаа “Ж Т” ХХК-ийн захирал Д.Э гарын үсэг зураагүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заажээ.

Хариуцагч Х.Э “Ж Т” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр менежерийн албан тушаалд томилогдож, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, тэрээр тус компанийн ажилтан, шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш байх тул Х.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зохигчдын хооронд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай” гэрээнд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй учир  2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Бараа солилцох худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй байх тул алданги 27,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж Т” ХХК-иас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж Т” ХХК-иас 54,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,000,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Х.Э-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 427,950 төгрөгийг хариуцагч “Ж Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00797 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                      Т.ГАНЧИМЭГ