Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00072

 

  

Н.Өлзийжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар магадлалтай, 

Н.Өлзийжавын нэхэмжлэлтэй,

М.Заяатмаад холбогдох  

30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Н.Өлзийжав нь хариуцагч М.Заяатмаад холбогдуулан орон сууцны үнэ 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Заяатмаагаас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Өлзийжавт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.  

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Н.Өлзийжав миний охины байрыг худалдаж авахдаа 30,000,000 төгрөг зээлийн гэрээгээр надад өгсөн... гэжээ. Миний бие уг мөнгөнөөс 1,000,000 төгрөгөөс гэрээ байгуулах, хороонд бүртгүүлэх зардалд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

Хоёр шатны шүүх М.Заяатмаагаас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Өлзийжавт олгохоор шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг хасуулах тухай хяналтын журмаар гомдол гаргасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хүрээнд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.

5. Н.Өлзийжав нь хариуцагч М.Заяатмаад холбогдуулан орон сууцны үнэ 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч орон сууц худалдан авах хэлцлийг Г.Дөлгөөнтэй хийсэн, 30,000,000 төгрөгийг Г.Дөлгөөнд өгсөн, уг орон сууц нь Г.Дөлгөөн болон А.Мөнхжаргалын өмчлөлийнх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Н.Өлзийжав, М.Заяатмаа нарын хооронд 2015.08.06-ны өдөр 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Геологийн 4/30 дугаар байрны 9 тоот 31.6 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан тухай гэрээ байгуулагдсан байна. 

Үүнээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээс үзэхэд маргаж буй орон сууцны өмчлөгч нь Г.Дөлгөөн, А.Мөнхжаргал нар бүртгэлтэй байх бөгөөд Н.Өлзийжав нь Г.Дөлгөөний эх М.Заяатмаатай тохиролцон уг орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авах, үүнээс 30,000,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 1 жилийн дараа төлөхөөр болсон нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.  

Харин орон сууцны өмчлөгч Г.Дөлгөөнөөс хариуцагч М.Заяатмаад өөрийн өмнөөс орон сууц худалдах буюу захиран зарцуулах эрх олгосон нь баримтаар тогтоогдоогүй болно. 

Анхан болон давж заалдах шатны шүүх ...зохигчийн тайлбараар талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, 2015.08.06-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн ...1,000,000 төгрөгөөс гэрээ байгуулах, хороонд бүртгүүлэх зардалд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү... гэх утгатай гомдлын талаар зохигч анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг хэлэлцэхэд мэтгэлцээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул хангагдахгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.БАНЗРАГЧ 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                          ШҮҮГЧИД                     П.ЗОЛЗАЯА 

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД