Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2020/00417

 

 

 

 

 

 

  2020           02              03                                                 184/ШШ2020/00417                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, зээлийн 16-11 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Н.Ө /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үэ гудамж, гео 4-30 байр, 9 тоот хаягт оршин суух, Хонгорж овогт М.З /рд:/-д холбогдох,

30,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Н.Ө миний бие нь өөрийн төрсөн дүү Солонгос улсад амьдардаг Мөнх-Эрдэнийн хүсэлтийн дагуу байр авах болж, иргэн М.З-тай харилцан тохиролцож Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8В байр, 13 тоот хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа 30,000,000 төгрөгийг худалдагч тал М.З-д бэлнээр өгсөн. Ийнхүү мөнгө өгөхдөө М.З-тай 30,000,000 төгрөгийг зээлүүлсэн болгож зээлийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн байрыг барьцаанд авсан. М.З нь тухайн үед дээрх худалдаж авсан байр барьцаанд байсан учир 1 жилийн дотор Голомт банкны 8 хувийн барьцаанаас чөлөөлж байрны гэрчилгээг Н.Ө миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Гэрээний үүргийг худалдагч тал биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл Голомт банкны зээлээс чөлөөлж өгөхгүй байсаар өдийг хүрлээ. Цаашид дээрх байрыг шилжүүлж авах боломжгүй, тус байр нь М.Згийн өмчлөлийн байр биш түүний хүргэн А.Мөнхжаргал, охин Г.Дөлгөөн нарын өмчлөлийн байр байдаг. Өөр хүмүүсийн нэр дээр байсныг 30,000,000 төгрөгийг өгөхдөө л мэдсэн. М.З нь манай хүүхдүүдийн нэр дээр байдаг ч би мэдэх юмаа гэж хэлж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч гэрчилгээг нь шилжүүлж авах боломжгүй захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй худалдан авагч миний эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд М.Зтай харилцан тохиролцсон хэлцэл гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн тайлбарыг дэмжин, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа бичгээр шүүхэд өгсөн байгаа. Нэхэмжлэгч Н.Ө өөрөө энэ маргааны талаар тайлбарлахдаа тухайн үед би мөнгөний боломжгүй байсан учраас 30,000,000 төгрөг өгөөд, нэг жилийн дараа үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгсний дараа маргаан бүхий байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон. 30,000,000 төгрөг өгөх үед байр барьцаанд байсан гэж тайлбарладаг. Байр барьцаанд байсан талаар нэхэмжлэгч мэдэж байсан. Үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгсний дараа байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж талууд тохирсон байсан. Тэгсэн хэрнэ нэхэмжлэгч нэг жилийн дараа байрыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй учраас гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө авмаар байна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Гэтэл өнөөдөр М.З нь худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байна. М.З болон Н.Ө нарын хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхой бус. Талуудын хооронд байгуулсан гэрээ зээлийн гэрээ юм уу эсвэл худалдах, худалдан авах гэрээ юм уу гэдэг нь тодорхой бус. Талуудын хооронд зээл хэлбэрээр эргэн төлөгдөх буюу буцаагаад ижил төрлийн бараа бүтээгдэхүүн өгөөд мөнгөө буцаагаад өгөх ёстой харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Тэгэхээр М.З гэдэг хүн маргаан бүхий орон сууцны худалдагчийн төлөөлөгч байсан гэдгийг гэрч Г.Дөлгөөнөөс авсан мэдүүлгээс харж болно. Гэрчийн мэдүүлгээс харахад нэхэмжлэгчээс гэрч Дөлгөөн мөнгө авах ёстой байсан боловч, тэр үед нялх хүүхдээ харж байсан учраас ээжийгээ гараад мөнгийг аваад ирээч гэсний дагуу М.З нь Н.Ө гэдэг хүнээс мөнгө авсан. Байр зарах, худалдах сонирхол нөхөр бид хоёрынх байсан учраас бид зар өгсөн. Зар өгсний дагуу маш олон хүн худалдаж авах санал гаргасны нэг нь Н.Ө гэдэг хүн байсан. Бид 50,000,000 төгрөгөөр бэлэн худалдах сонирхол байсан боловч Н.Ө нь зээлээр худалдах, худалдан авах санал бидэнд тавьсан гэдэг тайлбарыг гэрч хэлсэн. М.З нь худалдагчийн төлөөлөл болж зөвхөн мөнгө авсан үйлдэл хийснийх нь төлөө түүнээс мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Тийм учраас энэ хэргийн жинхэнэ хариуцагч М.З биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч М.Згаас 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг хариуцагч М.Згаас Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8В байр, 13 тоот хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийн урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг өгсөн боловч гэрээнээс татгалзан, өгсөн мөнгөө буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч нь орон сууц нь өөрийн охин Г.Дөл, түүний нөхөр А.Мөн нарын өмчлөлийн зүйл ба нэхэмжлэгч нь хэлцлийг Г.Д-тэй хийсэн, 30,000,000 сая төгрөгийг Г.Дөл даалгавраар Н.Ө-аас хүлээн аваад Г.Дөл өгсөн тул жинхэнэ хариуцагч биш хэмээн татгалзлаа үндэслэжээ.

Н.Ө нь Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8В байр, 13 тоот хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцыг худалдан авахаар 30,000,000 төгрөгийг М.Зд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн, үлдэх 20,000,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирсон, тус өдрөөс орон сууцыг нэхэмжлэгч Н.Ө мэдэлдээ байлгасан, тухайн үед уг орон сууц гуравдагч этгээдийн барьцаанд байсан, орон сууцыг шилжүүлэх талаар ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй үйл баримтад талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.Ө болон М.З нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар хүүгүй зээлдүүлэхээр, түүнчлэн тус өдөр байгуулсан Барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийг М.Згийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Геологийн 4/30 дугаар байрны 9 тоот 31.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас хангуулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ. /хх-36-37/

Улсын бүртгэлийн Ү-2201001148 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8В байр, 13 тоот хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцны өмчлөгч нь Г.Дөл, А.Мөн байна. /хх-28/

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлж, хариуцагч нь тодорхой хугацааны дараа буцаан төлөх үр дагаврыг бий болгох зорилгогүй, харин нэхэмжлэгчийн орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөг шилжүүлснийг баталгаажуулах хүсэл зорилготой байжээ. Хүчин төгөлдөр бус байх хэлцлээр талуудад аливаа үүрэг үүсэхгүй, харин хэлцлийн улмаар үүссэн үр дагаврыг арилгуулахыг шаардах эрх үүсэх юм.

Хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8В байр, 13 тоот хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцыг худалдан авах хүсэл зоригтой байжээ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж, эрх шинэ өмчлөгчид үүсэхээр заасан. Нэхэмжлэгч орон сууц худалдан авах хүсэл зоригоо илэрхийлэн төлбөрийн тодорхой хэсгийг шилжүүлсэн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй, хуулийн дээрх зохицуулалтын шаардлагыг хангаагүй тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, хүчин төгөлдөр гэрээний хувьд л гэрээнээс татгалзах, түүнтэй холбоотой үр дагаврыг арилгуулах шаардах эрх үүсэх тул нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардах эрх үүсээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчид 30,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул шилжүүлсэн этгээд нь хөрөнгийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийг хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй болохыг заажээ.

Иймээс хариуцагч М.З-гаас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Өт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.З-гаас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Өт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН