Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 118/ШШ2021/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ариунбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргад холбогдох

Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжийн Д.Очирбатад холбогдох хэсгийг болон дээрх шийдвэрийг үндэслэн Шургах багийн Хүрэн хадны өвөлжөөг Д.Очирбатад эзэмшүүлэхээр олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч Тэлмэн сумын Засаг дарга Б.Батболд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваажав, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, гэрч Ж.Гантөмөр, А.Дариймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав Гүндсамбуугийн Болдбаатар нь Шургах багийн уугуул иргэн байсан бөгөөд дунд Шургахын Хүрэн хадны өвөлжөөг 1988 оноос хойш эзэмшиж байгаад 1994 онд бага хувьчлалаар авч, Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр тус өвөлжөөний газрыг мал аж ахуйн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших болсон. Улмаар 1999 онд газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчилж олгохдоо 40 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байдаг. Миний аав 2010 он хүртэл мал маллан амьдарч байгаад 2012 оны 12 сард өөд болсон. Түүнээс хойш ээж Г.Наранцэцэг малаа маллаж байгаад 2017 онд мөн өөд болж би мал аж ахуйгаа өвлөн авч аавынхаа эзэмшиж байсан өвөлжөөнд амьдарч, газрын төлбөр, татварыг төлж ирсэн. Би 2020 оны 04 сарын 16-ны өдөр Тэлмэн сумын Засаг дарга, газрын даамал нарт өргөдөл гаргаж аавын эзэмшиж байсан өвөлжөөний газрыг үргэлжлүүлэн эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлж өвлөх эрхийн гэрчилгээ хавсарган өгсөн боловч тус өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй холбоотой О.Батзаяа гэх иргэн маргадаг тул маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн. Ингээд О.Батзаяа тус өвөлжөөний газрыг эзэмших эрхгүй тул өвөлжөөний газар чөлөөлүүлэхээр Тосонцэнгэл сум дахь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл О.Батзаяа нь өөрийгөө тус өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй гэж маргаж, Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай газар эзэмшүүлэх захирамжийг шүүхэд ирүүлсэн. Би энэ захирамжийг урьд өмнө мэдээгүй... Ж.Алтангэрэлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэж байна. Учир нь 18 насанд хүрээгүй хүнд гэрчилгээ олгож байгаагүй. Мөн Тосонцэнгэл сумын иргэний шүүх дээр ийм баримт гарч ирээгүй. Тэгэхээр сүүлд бичигдсэн байх гэж бодож байна. Газар эзэмших гэрчилгээ юм уу? Эсхүл хувь эзэмшиж байсан ягаан тасалбар байвал эгчдээ өгөөч, зарчхаач гээд Алтангэрэлийн хоёр эгч дээр Даваажав гуай очсон байдаг. Мөн гэрчээр асуугдсан Ренчиндорж манайхыг Дээд Шургах руу өвөлжөөтэй байсан, явж өвөлждөг байсан гэж мэдүүлсэн байна. Тэр бол үндэслэлгүй. Манайх удам угсаагаараа энэ өвөлжөөн дээр байж ирсэн. Манай ээж, аав хоёр энэ өвөлжөөн дээрээ цуваад бурхан болсон. Одоо хүүхэд нь байж байна. Хашаа барьсан асуудлын хувьд Очирбат ахынх 2009 онд өвөлжөөнд ирж буугаад сумын төвийн бүх амьтны мал аваад ирнэ. Тэгээд багтаж шингэхээ байгаад ирэхээр нь манайх хуучин өвөлжөөгөө сэлбэсэн. Түүнээс шинэ өвөлжөө бариагүй. Аавыг багийн дарга байхдаа албан тушаалаа ашигласан гэж байна. Манайх Тэлмэн сумд хэдэн үеэрээ ажиллаж байгаа. Манайханд албан тушаалаа ашиглах бодол байгаагүй... Иймд миний аав Г.Болдбаатарын эзэмшиж байсан одоо үр хүүхэд нь эзэмшиж өвөлждөг өвөлжөөний газарт Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжаар Батзаяагийн аав Д.Очирбатад давхцуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг эсэргүүцэж, уг захирамжийн Д.Очирбатад холбогдох хэсгийг болон дээрх шийдвэрийг үндэслэн Тэлмэн сумын Шургах багийн Хүрэн хадны өвөлжөөг Д.Очирбатад эзэмшүүлэхээр олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ариунбаатар маргаан бүхий Хүрэн хадны өвөлжөөний газрыг Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр мал аж ахуйн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших эрхийг анх манай аав авсан гэдгийг нэхэмжлэлдээ дурддаг... Шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн архивт албан бичиг явуулж дээрх 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай Тэлмэн сумын Засаг даргын захирамжийг гаргуулахыг хүссэн боловч хавсралтгүй байна гэсэн. Захирамжаар ямар агуулга тодордог вэ? гэхээр тухайн үеийн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг үндэслэж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэхийг шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр 1997 онд газар эзэмшүүлэх асуудлыг 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан хуулиар зохицуулж байсан. Гэрч Эрдэнэбат хэлдэг ...тухайн үед 300-аад хүнд газар эзэмших эрх олгосон. Үүн дээр байгаа зарим гарын үсэг минийх мөн байна. Гэхдээ би заримыг нь сайн санахгүй байна гэж мэдүүлдэг. Тэгэхээр тухайн үед маш олон хүнд газар эзэмшүүлсэн болох нь харагдаж байна. Гэвч захирамжийн хавсралт хэсэг байдаггүй. Харин захирамжаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг ажлын хэсэгт даалгасан. Энэ захирамжийг үндэслээд 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дашренчингийн Батбаатар гэдэг хүн Г.Болдбаатартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байгаа. Дариймаа гэрчийн мэдүүлгээс харахад Д.Батбаатар нь уг ажлын хэсэгт байсан тухайн үед байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан хүн байна. 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн энэ гэрээг би хууль ёсны гэрээ гэж үзэж байна. Харин тухайн үед 300-аад хүн газар эзэмших эрх авч байсан юм гэдгийг Засаг дарга Эрдэнэбатын мэдүүлэгт үндэслээд бодоход гарын үсэг тавигдаагүй байгаа байдал нь олон баримт бичиг үйлдэгдэж байсныхаа хувьд тухайн албан тушаалтнууд хариуцлагагүй, хайнга хандсаных байх боломжтой юм. Үүн дээр Хүрэн хадны өвөлжөөний газрыг мал аж ахуйн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Энэ гэрээний 7, 8, 9-д Газрын тухай хуулийн 36, 49 дүгээр зүйлийг удирдлага болгоно гэж заасан. Тухайлбал 8 дугаар зүйлд Эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах нөхцөл-ийг 1994 оны Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлээр зохицуулж байсан байна. Газрыг зохистой ашиглах, хамгаалах асуудлаар гэрээний 9 дэх заалтад заахдаа хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар энэ асуудлыг зохицуулна гэсэн байдаг. 49 дүгээр зүйлд газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах талаар нийтлэг зохицуулалтуудыг заасан. Тэгэхээр энэ гэрээг би хуульд нийцсэн, тодорхой үндэслэл журам, эрх олгосон шийдвэрийн дагуу бичигдсэн гэрээ гэж үзэж байгаа. Энэ гэрээг үндэслэж хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн. Энэ гэрчилгээнд Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 27 дугаартай шийдвэрийг үндэслэсэн. Энэ гэрчилгээнд газар эзэмшигчийн байнгын хаягийг Шургах багийн Дунд шургахын Хүрэн хад гэж бичсэн. Тэгэхээр анхнаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа манай аав Г.Болдбаатар нь 1988 оноос хойш Дунд Шургахын Хүрэн хадны өвөлжөөнд амьдарч ирсэн. Энэ өвөлжөөг 1994 онд бага хувьчлалаар авч, газар эзэмших эрхийг нь сүүлд авсан юм гэдэг тайлбар энэ гэрчилгээгээр нотлогдоно гэж үзэж байна. Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудаст 1999 онд Дариймаагийн байгуулсан гэрээ байдаг. Үүгээр тухайн Хүрэн хадны өвөлжөөний газрыг 40 жилийн хугацаагаар олгосон. Ингэхдээ мөн Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 27 дугаар шийдвэрийг үндэслэл болгосон. Энэ гэрээний 7, 8, 9 дүгээр заалтыг юу гэж зохицуулсан бэ? гэхээр тухайн үеийн Газрын тухай хуулиар зохицуулна, Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэг байдлыг энэ гэрээнд бичиж Дариймаа гэдэг хүн гарын үсгээ зурсан. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад Дариймаагаар өөрөөр нь гарын үсгийг нь зуруулж, таниулж үзлээ. Энэ гэрээг үндэслэж 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Болдбаатарт газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн байдаг. Энэ баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу бичигдсэн баримтууд байна гэж үзэж байна. Энэ нь 1994 онд дагаж мөрдөж байсан Газрын тухай хуулийн хэм хэмжээнд нийцсэн учраас 1997 онд Болдбаатарт Тэлмэн сумын Засаг даргын 27 дугаартай шийдвэрээр газар эзэмших эрх үүссэн байсан байна. Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсан дахь газар эзэмшигчийн регистрийн дугаарыг харахад 1997 онд Ж.Алтангэрэл 18 насанд хүрээгүй байсан тул тэрээр 1994 оны Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалтыг зөрчсөн, газар эзэмших эрхгүй субъект байна. Мөн энэ гэрээний 7, 8, 9 дэх заалтын агуулгаас харахад гэрээг 1997 онд байгуулсан гэх нь үгүйсгэгдэж байна. Би энэ гэрээг 2002 оноос хойш бичигдсэн гэрээ байна гэж хуульчийн хувьд дүгнэж байгаа. Учир нь гэрээний 7, 8, 9 дүгээр зүйлд заасан тухайн асуудлыг зохицуулах хуулийн зүйл заалтууд нь газар эзэмших эрх дуусгавар болоход газар дээрх барилга, байгууламж бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо-г талууд Газрын тухай хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлээр зохицуулахаар заасан. Энэ бол 1997 оны гэрээ. Гэтэл 2002 оны Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 41 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх асуудлуудыг зохицуулсан. Гэтэл 1994 оны Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар ашиглагчийн эрх үүрэг, 40 дүгээр зүйлд бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэр болон тусгай хэрэгцээнд ашиглах, 41 дүгээр зүйлд газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх хөрөнгийг шилжүүлэх гэсэн асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бол 1994 оны хуулийн 35 дугаар зүйлээр зохицуулж байсан хэм хэмжээ байгаа юм. Гэтэл 39, 40, 41 гээд 2002 оны хуулиар зохицуулж байсан хэм хэмжээнүүдийг энд аваад тавьчихсан. Мөн 8, 9 дүгээр зүйл яг адилхан. 2002 оны хуулийн тухайн асуудлыг зохицуулсан зүйл хэсгийг гэрээн дээр тавьж өгсөн байгаа. Энэ байдлаараа энэ гэрээг 2002 оноос хойш хийгдсэн, 1997 он гэж он, сар тавьж байгаад Дариймаа гэж тухайн үед газрын даамал байсан хүний нэрийг тавиад бичсэн энэ гэрээ нь өөрөө хууль ёсны байх шинжийг агуулахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Алтангэрэлийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь сая ярьсан газар эзэмших эрхийн гэрээг үндэслэж бичигдэж байгаа гэрчилгээ. Тэгэхээр 18 насанд хүрээгүй хүнд газар эзэмшүүлэх гэрээ хийгдэж, гэрчилгээ гаргаж байгаа нь хуульд заасан хэм хэмжээ, Газрын тухай хуулийн зарчим агуулгад нийцэхгүй. Ийм учраас Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай захирамжаар Алтангэрэлд газар эзэмшүүлж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээдийн талаас Алтангэрэл гэдэг хүнээс газрын эрхийг нь шилжүүлж авсан юм гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь 2009 оны асуудал. 2009 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ажлыг хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулж байсан. Тэгэхээр энд талууд нэгдүгээрт, өөрсдөө хүссэн байх ёстой. Хоёрдугаарт, тодорхой баримтуудыг бүрдүүлсэн байх ёстой. Эдгээр хүсэлт, баримтуудыг нь үндэслэж Засаг дарга шийдвэр гаргах ёстой. Гэтэл Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 96 дугаартай захирамжийг харахад Очирбатад Алтангэрэлийн газар эзэмших эрхийг шилжүүлээд байгаа биш, шинээр олгоод байгаа байдал харагддаг. Ингэхдээ 0,5 га-гаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрвээ Алтангэрэлийн газар эзэмших эрхийг шилжүүлж байсан бол түүний эзэмшиж байгаа газрын хэмжээгээр Алтангэрэлийн гэрчилгээний ар талд шилжүүлэх шийдвэрээ гаргаж байгаад бичилт хийх ёстой байсан. Ингэснээр Алтангэрэлийн эрх шилжигдээд Алтангэрэлийн газар эзэмшиж байсан эрхийн үлдсэн хугацаагаар, газрын хэмжээг зааж шилжих ёстой байсан. Гэтэл Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 96 дугаартай захирамжаар шинээр олгохоор шийдвэрлэсэн байгаа тул Г.Болдбаатар гэдэг хүний газар эзэмших эрхийг зөрчсөн, давхцуулан газар эзэмшүүлсэн ийм нөхцөл байдал харагдаж байгаа. ...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар 0,07 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр заасан. Гэтэл 0,5 га газар эзэмшүүлэхээр зааснаараа уг захирамж Газрын тухай хуульд мөн нийцээгүй. Гуравдагч этгээд О.Батзаяа өмч хувьчлалаар тухайн газрыг авсан гэж тайлбарладаг. Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Б.Ариунбаатарын өргөдлийг шийдвэрлэсэн аймгийн Засаг даргаас дамжиж ирсэн албан бичигт өмч хувьчлалын асуудал бол тухайн газар дээрх малын хашаа хороог л өмчилсөн, харин малын хашаа хорооны доорх газрыг эзэмших, ашиглах асуудал бол Газрын тухай хуулиар зохицуулагдана гэсэн байдаг. Энэ нь зөв юм. Өмч хувьчлалаар газрыг хувьчлаагүй. Харин 1994 оны хууль гарснаар газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшүүлж, ашиглуулах болсон. Нэхэмжлэгч болон төлөөлөгчийн зүгээс Жигэндий гэдэг хүн өвөлжөөг хувьчилж байсан гэдгийг үгүйсгэхгүй, гэхдээ Жигэндий гэдэг хүн хашаа хороог хувьчлах эрхтэй байсан байж болох хэдий ч газар эзэмших эрхтэй байсан гэдгийг бид мэдэхгүй байна. Учир нь Хүрэн хадны өвөлжөөг ааваас нь өөр өмчлөх эрхтэй хүн байхгүй гэж аав нь ярьдаг байсан. Энэ ярианд үндэслэж Жигэндий гэдэг хүн Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмших эрх олгогдсон гэж бодохгүй байна гэж тайлбарладаг. Мөн шүүх өмч хувьчлалын асуудлыг шалгах гэж аймгийн архив руу бичиг явуулсан боловч өмч хувьчлалын баримт олдохгүй байна гэсэн хариу өгсөн байна. Тус өвөлжөөний газрыг эдгээр хүмүүсээс хэн нь өмчилж авсан болох нь тогтоогдохгүй байгаа. Бид өнөөдөр тухайн өвөлжөөний доорх газрын асуудал, газар эзэмших эрхийн хүрээнд маргаж байгаа учраас хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тэлмэн сумын Шургах багийн иргэн Б.Ариунбаатарын аав Гүндсамбуу овогтой Болдбаатар нь 1988 оноос Хүрэн хадны өвөлжөөг эзэмшиж байгаад, 1994 оны бага хувьчлалаар авч, 1999 онд гэрчилгээг шинэчилж олгохдоо 40 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон. Гэтэл 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын 96 дугаар захирамжаар Долгорсүрэн овогтой Очирбатад давхцуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг... Энэ 2 хүний маргаан нь Засаг даргын захирамж цуцлуулах гэж байгаа учраас бид 2009 оны захирамжийг тухайн үед нь шүүж үзсэн. Тэр нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ороод хавсралтаар батлагдаж гарсан байсан. Иргэдийн Нийтийн Хурлаар оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байгаа учраас бид бичиг баримтыг үндэстэй байна гэж үзэж байгаа...Сум орон нутгийн асуудалтай холбоотой маргаанууд сүүлийн үед гараад байгаа. 1997 оны үед дээрх бичиг баримтуудыг өгөхдөө тухайн үед хариуцаж байсан хүмүүс нь хариуцлагагүй байдал гаргасан нь харагдаад байгаа. Тухайн үед өмч хувьчлалаар газар аваад одоо үргэлжлүүлээд эзэмшээд явж байгаа асуудлууд байгаа боловч ганц нэг өвөлжөөн дээр ийм маргаан гараад байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарыг би мэднэ. 1988 онд манайх эмчилгээ тэжээлийн цэгт байсан. Манай аав эмчилгээ тэжээлийн цэгийнх нь дарга байсан. Тухайн үед энэ өвөлжөөний газрыг өмч хувьчлалаар хэн авсныг нь бид хүүхдүүд байсан учраас нас гүйцэж мэдэхгүй байна. Гэхдээ 1997 оны 11 сард гарсан Засаг даргын захирамжийн хавсралт байхгүй учраас аль алиныг нь баримт гэж үзэхэд хэцүү байна. Дариймаагийн бичсэн гэрээний хувьд тухайн үед байгаль орчны улсын байцаагч нь Батбаатар гэдэг хүн байсан, байгаль хамгаалагч нь Дариймаа байсан байна. Гэтэл дээрх гэрээ, гэрчилгээг байгаль хамгаалагч нь бичиж байсан уу, байгаль орчны байцаагч нь бичиж байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн Засаг дарга нь захирамж гаргахдаа хавсралтаар хүмүүсийн нэрийг гаргаагүй, шинэчилж олгохыг даалгасан захирамж л гаргасан байна гэж харж байна. Тэгэхээр тэр захирамжийг үндэслэлтэй гэж үзнэ гэвэл хоёулаа үндэслэлтэй гэж харахаар байна. Он, сар, өдөр нь захирамжийн огноотой таарч байна. Гэхдээ гэрээ, гэрчилгээг бичсэн хүний гарын үсгийн тухайд Дариймаа бичсэн эсэх нь эргэлзээтэй байна. Тэгэхээр 1997 онд эдгээр хүмүүст гэрээ гэрчилгээ өгсөн байна. Сүүлд 2009 онд нэгтгэсэн гээд байгаа нь тухайн өвөлжөөн дээр байгаа айлууд тус тусдаа гэрчилгээтэй байж байгаад нэгтгээд нэг гэрчилгээн дээр эхний нүүрэнд нэг нэрийг бичээд ар дээр нь хамт байгаа айлуудыг бичсэн байдал манай сумын хэмжээнд байгаа. ...Би ойлгохдоо 1997 онд талуудад хоёуланд нь гэрчилгээ байсан байна. Тэр гэрчилгээнд нь үндэслэж 2009 оны захирамж гарсан гэж үзээд байгаа юм. Сумын хэмжээнд ганцаараа өвөлжөөний газраа эзэмшээд явж байгаа хүн байхгүй. Харин шилжсэн тохиолдолд худалдах, шилжүүлэх замаар өөр хүний эзэмшилд очиж байгаа. Хөдөөний хүмүүс ойлгохдоо газар эзэмших эрхийг зөвхөн тэр амьдарч байгаа өвөлжөөний газрыг гэж ойлгоод байгаа юм. Гэхдээ манай сумын Хурлаас тухай орон нутгийн иргэдээ ямар хэмжээтэй газар эзэмшүүлэх талаар шийдвэр гарч байсан юм байна лээ. Яг хэдэн оны ямар тогтоолоор гэдгийг нь олохгүй байгаа юм. Тэгэхээр талууд давхардуулж олгосон гээд маргаад байна. Бид ойлгохдоо тэр өвөлжөөний 0,5 га газрыг 2009 оны захирамжаар Очирбат, Жигэндий, Болдбаатар нарт олгосон, эдгээр 3 хүн тэгш оролцоотой юм байна. Тийм учраас 2009 оны 96 дугаартай захирамж хүчинтэй байна гэж үзэж байгаа. Заавал хэн нэг нь энэ өвөлжөөний газрыг дангаараа эзэмших эрх үүсэхгүй байх гэж бодож байна... гэв.

Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав Д.Очирбат нь Тэлмэн сумын Шургах багийн нутагт Хүрэн хадны өвөлжөөг тус сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжийн дагуу 0123496 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Аав 1992 онд тухайн өвөлжөөг нутгийн айлуудтай хувьчилж авсан. Аавыг нас барснаас хойш О.Батзаяа миний бие тухайн өвөлжөөнд ээжийн хамт одоог хүртэл хамт мал маллаж байна. Тухайн үед манай аав үндсэн эзэмшигчээр, Б.Жигэндий нь хамтран эзэмшигчээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан юм. Тэгээд Б.Жигэндийгийн хүү Ж.Алтангэрэл нь манайд 1,000,000 төгрөгөөр малын хашаагаа зарсан юм. Гэтэл Б.Ариунбаатар нь тухайн өвөлжөөг өөрийн өмч гээд манайхыг хашаагаа аваад нүү гэсэн шаардлагыг тавиад байгаа. Миний бие хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн өвөлжөөг ааваасаа өвлөж авсан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Мөн Газрын тухай хуульд айл өрх өвөлжөөний газрыг дангаараа эзэмших гээд манайхыг хашаагаа авч нүү гэж шаардлага тавиад байгаа нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... Өмч хувьчлал явагдахад манайхаас 6 ам бүл, Жигэндий гуайнхаас 8 ам бүл ороод Хүрэн хадны өвөлжөөг хувьчилж авсан. Манай нөхрийг 2016 онд нас барсан намар Өгөөмрөөр бэлчээр хадлан гараагүй, манай хүүхдүүд өвөлжөөнийхөө урд гүвээг хадсан чинь Ариунбаатар ирээд одоо та нар боль, энэ бол манай бэлчээр, өвөлжөө, манайх өөрсдөө авна гэж хөөсөн байсан. Урьд нь өвөлжөөний орчин тойрны бүх хадланг Ариунбаатар хаддаг байсан. Тэгэхэд нь бид нар юу ч хэлдэггүй байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч багийн хурал болсон гэсэн асуудал ярьж байна. Багийн хурал болоогүй. Сумын Засаг дарга ажлаа хүлээж аваад, Багийн даргатай айлуудаа хэсээд явахдаа манайд ирээд яриа хийгээд санал, хүсэлт байна уу? гэхэд нь Ариунаагийн ээж Нараа гарч яваад баахан бичиг баримт барьж орж ирээд ...манайх 1997 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, гэтэл эднийд газар эзэмших эрхийн гэрчилгээг давхцуулж олгосон байна. Эдний гэрчилгээг хүчингүй болгоод өгөөч гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Тэгээд байж байтал эднийх шүүхэд өгч гэрчилгээгээ ганцхан өөр дээрээ гаргуулж авна гэж яриад байна гэж дуулдаад байсан. Тэгсэн Тосонгийн шүүхээс гэнэтхэн 2020 оны 8 сард намайг шүүхээс дуудаад Ариунбаатарыг манай өвөлжөөний гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл өгсөн гэж хэлсэн. Эднийх манайхыг шүүхэд өгөхөөсөө өмнө манай бичиг баримтыг хүчингүй болгуулахаар сумын Засаг даргаар орсон боловч шүүхээр шийдвэрлүүлэх юм байна гээд Тосонгийн шүүхэд өгсөн юм байсан. Гэтэл Тосонгийн шүүх аймгийн Газрын албанд ханд гээд, аймгийн газрын албанд хандаад, өргөдлийг нь шийдвэрлэж өгөхгүй удаад байна гээд нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Манайх бол өмч хувьчлалаар авсан Хүрэн хадны өвөлжөөн дээрээ байгаа. Тэгэхээр эднийх танайх өмч хувьчлалаар авсан хашаа саравчаа ав, манайх эцэг өвгөдийн бууцаа авна, манайх гэрчилгээтэй гэж хөөдөг. Тэгэхээр би эднийхийг миний дуугай байдал, хууль мэдэхгүй сул талыг ашиглаж шүүхээр орж бичиг баримтыг өөрсдийн болгож авна гэж байгааг буруу гэж үзэж байна. Нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүнд газар эзэмшүүлэхдээ хурлаар ороод хурлаас шийдвэр гарч өгдөг юм шиг байсан. Тэгтэл нэг мэдэхэд эднийх гэрчилгээтэй болчихсон, яаж авсныг нь мэдэхгүй юм. Эднийх 1988 оноос эхэлж Хүрэн хадны өвөлжөөг эзэмшсэн гэж байгаа. Гэтэл 1984 онд Болдбаатарынх айл болсон. 1984-1992 онд хүртэл эднийх Тэлмэн сумын Өгөөмөр бригадын эмчилгээ тэжээлийн цэгт нутаглаж байсан. Үүнийг манай нутгийн ард түмэн бүгд мэднэ. Тэгэхээр 1988 оноос хэн нь Хүрэн хадны өвөлжөөнд өвөлжиж эзэмшиж байсныг мэдэхгүй юм. 1999 онд зуд болдог жил манай нагац ах зуд болж байна олон мал нэг дор хэцүү манайхтай ирж өвөлж гэхээр нь манайх тэр өвөл нагац ахынхтайгаа Дулаан хайрхан гэдэг газар өвөлжсөн. Тэр жил өрхийн бүртгэл хийгдсэн байдаг. Тэрийг нь бид мэдээгүй юм. Тэр үед Болдбаатар багийн Засаг даргын ажлаа хийж л байсан. Тэгэхдээ тэр бүртгэлээс манайхыг автоматаар Хүрэн хадны өвөлжөөний бүртгэлээс хассан байсан. Бичиг баримт дээрээ Жигэндийн Батгэрэл, Алтангэрэл, Гүндсамбуугийн Болдбаатар, Базарын Жигэндий, Жигэндийн Пүрэвдорж гэсэн 4 айлыг бичсэн. Манайхыг хассан байсан. Жигэндий гуайн хүүхдүүд Хүрэн хадны өвөлжөөг манайхтай хувьчилж авч байснаа мэддэг. Бас Өгөөмөр багийн өмч хувьчлалын бүх материалууд байгаа. Гэтэл Болдбаатарыг ажил хийж байхад үед манай Шургах багийн өмч хувьчлалын баримт байхгүй болсон байдаг. Болдбаатарынх анх Хүрэн хадны өвөлжөөнд буухад Болдбаатарын авгай агент, өөрөө багийн Засаг дарга хийж байсан. Ер нь бол Болдбаатарынх агент хийхэд олон түмнийхээ дунд юм гэж Хүрэн хадны өвөлжөөнд буусан гэдгийг Жигэндий гуай ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш ганц нэг жил бууж л байна биз гэсээр 20 гаран жил болсон. Энэ хугацаанд Жигэндий гуайн, манай хоёр газрын төлбөрөө ээлжилж төлдөг байсан. Би хамгийн сүүлд 2016 онд газрын төлбөрөө төлчхөөд манай нөхрийн бие муу байсан учраас хот руу явсан. Тэгээд дараа онуудын газрын төлбөрөө төлье гэхээр Ариунбаатарынх төлсөн гээд байдаг байсан чинь газрын төлбөрийг төлөхгүй байхаар болдоггүй юм байна гэдгийг эднийх захиргаа, шүүхээр яваад мэдсэн байсан юм байна лээ. Тэрийг нь би мэдэхгүй төлчихсөн юм байна гээд бодож байсан. Эднийх өөрсдөө хашаа, хороо бариагүй байхдаа хэл ам гаргадаггүй байсан. Тэгээд 2015 оны намар хашаа барьчхаад, 2016 оны хавраас бүх бичиг баримт, гэрчилгээ, хашаа хороо байна. Танайх өмч хувьчлалаар авсан хашаагаа ав, манайх бууцаа авна гээд хөөгөөд байсан. Би Ариунбаатарын аавыг багийн Засаг дарга байхдаа албан тушаалаа ашиглаад газрын гэрчилгээ гаргуулж авсан байна гэж ойлгож байгаа. Хурлын протокол шийдвэр нь байхгүй гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан байдаг. Анхандаа ганц нэг жил манайх өвөлжье, ажил төрөлд ойрхон гэж гуйж буучхаад дараа нь манай эцэг өвгөдийн өвөлжөө, эзэмших ёстой гэж яриад байна. Эцэг өвгөдийн гээд байгаа нь Болдбаатарын аавынх тэр өвөлжөөнд нэгдлийн мал маллаж байгаад, дараа нь Жигэндий гуайнх тэр өвөлжөөнд бууж нэгдлийн мал маллаж байгаад өмч хувьчлалаар Жигэндий гуайнх, манайх хоёр авсан юм. Манай 2009 оны газрын гэрчилгээний ард хамтран эзэмшигч Жигэндий, Болдбаатар гэж байгаа. Тэр бол хамтран эзэмшигч биш. Яагаад тэгж бичсэн гэхээр намайг өвөлжөөнийхөө бичиг баримтыг солиулахад Ариунбаатарын хүргэн ах тухайн үед байгаль орчны байцаагч хийж байсан Гантөмөр өвөлжөөний бичиг баримтад Болдбаатарын нэрийг ямар ч бичиг баримт үндэслэлгүйгээр нэмж бичсэн байсан. Би тухайн үед нь мэдээгүй юм. Тэгтэл сүүлдээ өвөлжөөний маргаан хийгээд болохоо байсан... гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:.. Ариунбаатарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид өнөөдөр маргаж байгаа үндсэн шалтгаан нь Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамж байгаа. Энэ захирамж эрх зүйн ямар үндэслэлтэй, яаж гарсан гэдгийг ярих шаардлагагүй гэж харж байна. Харин яагаад хууль бус болсон бэ? гэдгийг талууд нотлох шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 96 дугаартай захирамжаас Очирбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж харж байна. Нэгдүгээрт, гэрээ гэрчилгээг бичиж өгсөн Засаг даргын захирамж байдаг боловч түүний үндсэн хэсэг болох хавсралт нь байхгүй. Хавсралтаар энэ хүмүүст газар эзэмших эрх олгосон уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тийм учраас энэ нь өөрөө хүчин төгөлдөр гэрээ хэлцэл мөн үү? Үгүй юу гэдэг асуудал яригдана. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар тухайн гэрээ хэлцэл дээр газрын нэгж талбарын дугаар тавигдах ёстой. Гэтэл гэрээнд ямар нэг нэгж талбарын дугаар тэмдэглэл байдаггүй. Хоёрдугаарт, Засаг даргын дээрх захирамжийн хавсралт байхгүй. Гэрээ бичсэн учраас эдгээр хүмүүс дээрх захирамжийн хавсралтад бичигдсэн байх боломжтой гэж үндэслэл муутай маргаж байгаа. Маргааны эх үүсвэрээ гаргаж тавиагүй, таамаг төдий хэлбэрээр маргаад байгаа. Газар эзэмшүүлэх тухай 2009 оны захирамж эрх зүйн зөрчилтэй байх боломж харагдахгүй байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч талаас дээрх захирамжийг зөрчилтэй гэж үзэж маргаж өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд байгаа боловч нотлох баримтаар энэ захирамж зөрчилтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээд О.Батзаяа энэ газрыг эзэмших эрхтэй юу гэдэг талаар тайлбарлахад 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Очирбат гэдэг хүнд 0,5 га газрыг эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарсан байна. Энэ захирамжийг үндэслэж гэрээ гэрчилгээ бичигдсэн. Нэхэмжлэгч тал Очирбатад газар эзэмшүүлсэн уг захирамж гарч байх үед миний эрхийг зөрчлөө гэдэг байдлаар маргаан гаргаагүй. Энэ нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгч байгаа тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр батлагдаж байна гэж харж байна. Мөн нэхэмжлэгч тал өвөлжөөг өмч хувьчлалаар авсан байсан бол гомдлоо гаргаад асуудлаа шийдвэрлүүлэх боломжит хугацаа өнгөрсөн байна гэж харж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунбаатар нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 96 дугаар захирамжийн Д.Очирбатад холбогдох хэсгийг болон Д.Очирбатад олгосон газар эзэмших эрхийн 0123496 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ...Хүрэн хадны өвөлжөөнд миний аав Г.Болдбаатар 1988 оноос хойш өвөлжиж, 1994 оны бага хувьчлалаар өвөлжөөг авч, 1997, 1999 онуудад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газрыг нь эзэмшиж байгаад 2012 оны 12 сард нас барснаар одоо үр хүүхэд бид эзэмшиж байгаа боловч хариуцагч Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 96 дугаар захирамжаар О.Батзаяагийн аав Д.Очирбатад уг газрыг давхцуулан эзэмшүүлж, гэрчилгээ олгосон нь хууль бус бөгөөд өвөлжөөний газрыг эзэмших миний эрхийг зөрчсөн хэмээн тайлбарлан маргаж байна.

Хариуцагч ...Хүрэн хадны өвөлжөөний 0,5 га газрыг 2009 оны 96 дугаартай захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Д.Очирбат, Б.Жигэндий, Г.Болдбаатар нарт хамтран эзэмшүүлэх эрхийг олгосон тул уг захирамж, гэрчилгээ хууль зүйн үндэстэй. Тухайн үед хариуцаж байсан албан тушаалтнууд холбогдох бичиг, баримтыг үйлдэхдээ хариуцлагагүй хандсан байдал байгаа боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн хэнийх нь талд олгогдсон 1997 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа тул энэ өвөлжөөний газрыг дангаараа эзэмших эрх үүсэхгүй... гэж тайлбарлаж байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, талуудын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжаар[1] Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн газар эзэмших хүсэлт гаргасан нэр бүхий иргэдэд газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, газар эзэмшиж буй иргэдэд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Ж.Гантөмөр/-т үүрэг болгосон байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах журмыг зохицуулсан байх ба 33.1.1-д зааснаар хариуцагч Тэлмэн сумын Засаг дарга нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх ба уг эрхийн хүрээнд хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох 2009 оны 96 дугаар захирамжийг гаргажээ.

Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/15 дугаар тогтоолоор[2] батлагдсан 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 18 өрхөд 90 000 м.кв хэмжээтэй өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан боловч газрын байршил, нэр тодорхой заагдаагүй байна.

1. Өвөлжөөний газрыг эзэмших эрхийн өвлөгч нарын тухайд:

Нэхэмжлэгч Б.Ариунбаатар болон гуравдагч этгээд О.Батзаяа нар нь тус бүр Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмших эрхийн өвлөгч нар байх бөгөөд уг өвөлжөөнд хамтдаа өвөлжиж, жил бүрээ малаа тоолуулж ирсэн мал бүхий иргэд болох нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүд[3], Завхан аймгийн архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/4962, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/632 дугаар албан бичгүүд болон мал тооллогын комиссын тэмдэглэл, малын А данс гэх баримтуудаар[4] тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д Газар эзэмшигч нас барсан ...тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэж заажээ.

Тодруулбал, Хүрэн хадны өвөлжөөний газрыг 1997 оны Т-202, 1999 оны 121700116 дугаартай гэрчилгээний дагуу эзэмшиж ирсэн Г.Болдбаатар нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2009 оны 0123496 дугаартай гэрчилгээний дагуу эзэмшиж ирсэн Д.Очирбат нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус нас барснаар тэдний газар эзэмших эрхийг өвлүүлэхээр нэхэмжлэгч Б.Ариунбаатарт 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 19 тоот гэрчилгээ, гуравдагч этгээд О.Батзаяад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 218 тоот өвлөх эрхийн гэрчилгээ тус тус олгогдсон байна. Харин тэдний нэрээр өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.

2. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байна.

Иргэдэд газар эзэмшүүлэх асуудлаар гарсан буюу энэ хэрэгт маргаж буй Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжийн хавсралт дахь жагсаалтын 28-д иргэн Д.Очирбат /гуравдагч этгээд О.Батзаяагийн эцэг/-д өвөлжөөний зориулалтаар Хүрэн хад гэх байршилд 0,5 га газар эзэмшүүлэхээр тусгасан бөгөөд захирамжийг үндэслэн Хүрэн хад гэх байршилд нэгж талбарын 121500423 дугаартай, 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар Д.Очирбатад эзэмшүүлэхээр 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгож, тухайн үеийн Засаг дарга Ж.Рэнчиндорж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Гэрчилгээний хавсралт хэсэгт хамтран эзэмшигчээр Б.Жигэндий, Г.Болдбаатар нарыг нэрлэн заажээ. Өөрөөр хэлбэл, уг 0123496 дугаартай гэрчилгээгээр Хүрэн хадны өвөлжөөний газрыг хамтран эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Ариунбаатарын эцэг Г.Болдбаатар, гуравдагч этгээд О.Батзаяагийн эцэг Д.Очирбат нарт олгосон байна гэж үзэхээр байна.

Гэрч Ж.Рэнчиндорж нь дээрх гэрчилгээн дэх Засаг дарга гэсэн хэсэгт бичигдсэн гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн хэмээн мэдүүлсэн бөгөөд ...тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүдийн боловсруулсныг хянаж үзээд баталгаажуулж шийдвэр гаргадаг байсан. Өөрийн төрсөн дүү Ж.Алтангэрэлийг Эрдэнэт хот руу шилжин явахдаа өвөлжөөний газраа Д.Очирбатад шилжүүлснээр газрын гэрчилгээг нь Д.Очирбатын нэрээр шилжүүлэн бичиж олгосон... хэмээн тайлбарлан мэдүүлжээ.

Харин уг гэрчилгээний хавсралт хуудсанд хамтран эзэмшигчээр Б.Жигэндий, Г.Болдбаатар нарын нэр бичигдсэн байх ба уг бичилтийг хийсэн талаар гэрч буюу тухайн үеийн газрын даамал Ж.Гантөмөр ...Дээрх хүмүүс уг өвөлжөөг эзэмших хуучны гэрчилгээтэй байсан тул хамтран эзэмшигчээр бүртгэсэн. 2009 онд бүх газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх ажил явагдаж энэ журмаар гэрчилгээнүүдийг сольж шинэчилсэн хэмээн мэдүүлсэн тул Д.Очирбатад олгосон уг гэрчилгээгээр Хүрэн хадны өвөлжөөний газрыг нэхэмжлэгч Б.Ариунбаатарын эцэг Г.Болдбаатар болон гуравдагч этгээд О.Батзаяагийн эцэг Д.Очирбат нар дундаа хамтран эзэмших эрхтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2009 оны 96 дугаар захирамжаар Хүрэн хадны өвөлжөөний газрыг Д.Очирбатад эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон тухайн үед Тэлмэн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Рэнчиндорж нь өвөлжөөний газрын эрхийг Д.Очирбатад шилжүүлсэн гэх Ж.Алтангэрэлийн төрсөн ах бол, газрын даамлын чиг үүргийг хэрэгжүүлж байсан Ж.Гантөмөрийн эхнэр болон нэхэмжлэгч Б.Ариунбаатар нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд байх ба тухайн үед иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж биечлэн гүйцэтгэж байсан дээрх албан тушаалтнуудын аль аль нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хувьд ураг, садан төрлийн холбоотой байх боловч Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгохдоо хууль бусаар хандсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагч Тэлмэн сумын Засаг даргаас Д.Очирбатад газар эзэмшүүлэх асуудлыг 2009 оны 96 дугаар захирамжаар шийдвэрлэж, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Очирбатад олгож, Г.Болдбаатартай хамтран эзэмшүүлэхдээ Г.Болдбаатар, Ж.Алтангэрэл нарт урьд нь 1997, 1999 онуудад олгогдсон Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмших эрхийн хүчин гэрчилгээнүүдийг үндэслэсэн байна.

Дээрх 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2009 онд Д.Очирбатад олгохоос өмнө түүнд уг өвөлжөөний газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн Ж.Алтангэрэл болон нэхэмжлэгч Б.Ариунбаатарын эцэг Г.Болдбаатар нарын аль алинд нь Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамжийг үндэслэн Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр тус тусд нь гэрчилгээнүүд олгогдож байсан байна.

Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар захирамжаар тус сумын харьяат иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ахуйн ба үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эзэмших, өмчлөх гэрчилгээ олгохыг ажлын хэсэгт даалгаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нэрийг баг тус бүрээр хавсралтаар баталжээ. Гэвч уг захирамжийн хавсралт холбогдох архивт хадгалагдаагүй, олдохгүй болох нь Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/4682 дугаар албан бичиг[5], гэрч Н.Нямдэлэгийн мэдүүлэг[6] зэргээр тогтоогдож байна. Уг захирамжийн хавсралт олдохгүй нөхцөл байдлаар тэднийг газар эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Уг захирамжийг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хүрэн хадны өвөлжөөний 0.18 га газрыг 60 жилийн хугацаагаар Г.Болдбаатарт эзэмшүүлэхээр Т-202 дугаартай, мөн адил дээрх хэмжээ, хугацаагаар Ж.Алтангэрэлд эзэмшүүлэхээр 121700235 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг дарга гэсэн тамга \бүдэг\ дарж баталгаажуулан тус тус олгосон байгаагаас харахад өвөлжөөний газрыг хот айлуудад дунд нь эзэмшүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Д.Эрдэнэбат нь дээрх гэрчилгээнүүдийн баталгаажуулах гарын үсгийн хэсэгт Д.Эрдэнэбат гэж бичигдсэнийг өөрийн гарын үсгийг биш байна гэх бөгөөд тухайн үед 300-аад өвөлжөөний газарт нэгэн зэрэг гэрээ, гэрчилгээ бичиж олгож байсан тул нэг бүрчлэн санахгүй байгаа талаараа мэдүүлсэн[7] байна.

Мөн гэрч Дариймаа шүүх хуралдаан дээр ...тухайн үед сумын Засаг даргын 1997 оны 27 дугаар захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг иргэдэд олноор нь нэг дор гэрээ, гэрчилгээг нь бичиж олгох ажлыг хийж байсан... гэдгийг батлан мэдүүлж байгаагаас харахад уг гэрчилгээнүүд дээр нэг бүрчлэн гарын үсэг зурж баталгаажуулаагүй орхисон байж болохоор байна.

1993 оноос хойш Хүрэн хадны өвөлжөөний газарт Г.Болдбаатар, Ж.Алтангэрэл \Б.Жигэндийнх\, Д.Очирбат нарын хэн хэнийх нь өвөлжиж ирсэн нь гэрч Д.Дашдорж, Б.Тунгалаг, Ч.Чимэд-Ойдов нарын мэдүүлгийн[8] агуулгаас харагдаж байна.

Тодруулбал, уг өвөлжөөний газрыг мал өвөлжүүлэх зорилгоор бодитойгоор ашиглаж ирсэн байх тул Г.Болдбаатар, Ж.Алтангэрэл, Д.Очирбат нарт газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг үндэслэлгүйгээр олгосон гэж үзэхээргүй байна.

Харин 121700235 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд[9] тусгагдсан Ж.Алтангэрэлийн ИН80070311 регистрийн дугаарын төрсөн оныг тодорхойлох хэсэгт 80 гэж бичсэнээс харахад Ж.Алтангэрэл нь гэрчилгээг олгох үед буюу 1997 онд 18 нас хүрээгүй байсан байх ба энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана гэж заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна. Гэхдээ тухайн үед Ж.Алтангэрэлийн гэр бүлийнхэн \Б.Жигэндийнх\ Хүрэн хадны өвөлжөөний газрыг бодитойгоор эзэмшиж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд 18 насанд хүрээгүй иргэний нэрээр газрын гэрчилгээг бичиж олгосон нь захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байх тул иргэнийг буруутгах боломжгүй юм.

Гэрч Д.Эрдэнэбат нь Г.Болдбаатарт олгосон 1999 оны гэрчилгээн дээрх баталгаажуулсан гарын үсгийг өөрийнх мөн гэж мэдүүлсэн[10] бол Ж.Алтангэрэл болон Г.Болдбаатар нарт тус бүрд нь олгосон 1997 оны гэрчилгээн дээрх гарын үсгийг өөрийнх нь гарын үсэг биш байна хэмээн мэдүүлсэн.

Энэ үйл баримтаас дүгнэхэд 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Д.Очирбатад олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[11] тухайн үеийн Засаг даргын гарын үсгээр баталгаажуулан олгосон бөгөөд уг гэрчилгээ нь нэхэмжлэгч Д.Ариунбаатарт эерэг үйлчлэлтэй буюу Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмших талаар өөрийн эцэг Г.Болдбаатарт олгосон эрхийг өвлөгчийн хувьд шилжүүлэн авах боломжтой тул түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Түүнчлэн 2002 оны Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж

болох-оор заасан тул нэхэмжлэгч Б.Ариунбаатарын хувьд Д.Очирбатын газар эзэмших эрхийн өвлөгч О.Батзаяагийн хамтаар Хүрэн хадны өвөлжөөний доорх газрыг эзэмших нь хуульд заасныг зөрчихөөргүй байна.

Өөрөөр хэлбэл Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 96 дугаар захирамж болон түүнийг үндэслэн Д.Очирбатад олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасан зохицуулалтын хүрээнд гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өвөлжөөний доорх газар нь мал бүхий тухайн нутгийн иргэдэд зориулагдсан мал маллах, өвөлжүүлэхэд нөмөр нөөлөг болгох зорилгоор эзэмшүүлдэг онцлог бүхий газар байх ба хот айл дундаа хамтран эзэмшиж ирсэн уламжлалтай болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Ариунбаатар, гуравдагч этгээд О.Батзаяа нарын тухайд өөрсдийн /гэр бүлийн/ барьсан хашаа саравч бүхий Хүрэн хадны өвөлжөөний газрыг мал өвөлжүүлэхэд бодитойгоор ашиглаж ирсэн бөгөөд цаашдаа адил тэнцүү хэмжээгээр эзэмшиж, ашиглах бүрэн боломжтой байна.

3. 2009 онд иргэн Д.Очирбат, Ж.Алтангэрэл нараас Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гаргасан хүсэлт, холбогдох баримтууд тогтоогдохгүй боловч тийнхүү шилжүүлсэн болох нь гэрч Д.Дашдорж, Ж.Рэнчиндорж, Ж.Гантөмөр, Б.Тунгалаг нарын мэдүүлгээр[12] нотлогдож байна.

Түүнчлэн 1988 оноос Хүрэн хадны өвөлжөөнд эцэг, эхийн хамт өвөлжиж ирсэн хэмээн нэхэмжлэгч Б.Ариунбаатар, гуравдагч этгээд О.Батзаяа нар хэн аль нь тайлбарлаж байгаа бол гэрч буюу Шургах багийн Засаг даргаар ажиллаж байгаа Д.Дашдорж нь нэхэмжлэгч Б.Ариунбаатарын аав Г.Болдбаатарыг 1992 оноос эхлэн Шургах багийн Засаг даргаар ажиллах болсон, энэ үеэс эхлэн Хүрэн хадны өвөлжөөнд Д.Очирбатынхтай хамт өвөлжиж ирсэн... гэж мэдүүлж байгаа тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарынх 1992 оноос хойш дээрх өвөлжөөний газрыг өнөөдрийг хүртэл хамтдаа бодитойгоор ашиглаж ирсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Газрын эзэмших эрхийг нэг иргэнээс нөгөөд шилжүүлж буй уг тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл \Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх\-д заасан журмыг баримтлан шийдвэр гаргахаар заасан байх ба иргэн Ж.Алтангэрэлээс Хүрэн хадны өвөлжөөний газрын эзэмших эрхийг Д.Очирбатад шилжүүлэх асуудлыг хариуцагч Тэлмэн сумын Засаг даргаас шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан журмыг баримтлаагүй байна.

Тодруулбал, Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмших эрхийг иргэн Ж.Алтангэрэлээс Д.Очирбатад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тэдний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслээгүй, Эрх шилжүүлэх тухай агуулгаар захирамж гаргаагүй, шинээр газар эзэмшиж буй иргэнтэй адилтган үзэж захирамж гаргасан, Ж.Алтангэрэлд олгосон гэрчилгээнд заасан хугацаанаас үлдсэн хугацаагаар Д.Очирбатад уг газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээнд тусгаагүй зэрэг алдааг гаргасан байна.

Гэвч хуульд заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой хариуцагчийн уг буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан иргэнийг буруутгах боломжгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийн талаар маргаагүй тул хуулийн уг зохицуулалтыг энэ хэрэгт тайлбарлах шаардлагагүйг дурдах нь зүйтэй

4. Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр Тэлмэн сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтнаас иргэнтэй байгуулсан гэрээнүүдийн тухайд:

Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар захирамжийг[13] үндэслэн сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан А.Дариймаа, Д.Батбаатар нараас Хүрэн хадны өвөлжөөний 0,18 га газрыг 40, 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр иргэн Г.Болдбаатартай 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, Ж.Алтангэрэлтэй 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус байгуулсан гэрээнүүдийг[14] нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас шүүхэд гаргаж өгсөн байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэх-ээр заасны дагуу уг гэрчилгээнүүдийг сумын Засаг даргаас даалгасан газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд байгуулсан байхаар байна.

Тэлмэн сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан гэрч А.Дариймаа нь иргэн Г.Болдбаатартай 1999 онд байгуулсан газар эзэмших эрхийн гэрээний баталгаажуулах хэсэгт зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн болохыг, харин 1997 онд Ж.Алтангэрэлтэй байгуулсан газар эзэмших гэрээнд өөрийн гарын үсгийг зурагдаагүй, биш болохыг батлан мэдүүлж байна. 1997 онд Ж.Алтангэрэлтэй байгуулсан гэрээг зохих албан тушаалтан баталгаажуулаагүй нь болох нь тийнхүү тогтоогдож байх бөгөөд уг гэрээний 7, 8 дугаар зүйлд бичигдсэн газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга, байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай, эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах нөхцөлийн талаарх Газрын тухай хуулийн заалтууд нь тухайн үед үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийн заалтууд биш, 2002 оны Газрын тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг бичсэн байх бөгөөд дээрх үндэслэлүүдээр уг гэрээг хожим нөхөж хийсэн гэх нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Тэлмэн сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Д.Эрдэнэбат нь иргэн Г.Болдбаатартай 1997 онд байгуулсан газар эзэмших гэрээний баталгаажуулах хэсэгт өөрийн гарын үсэг зурагдаагүй, биш болох талаар мөн нотлон мэдүүлжээ[15].

Тодруулбал, уг 1997 оны гэрээнүүдийг захиргааны байгууллага албан тушаалтнаас баталгаажуулаагүй, А.Дариймаагийн нэрээр бичигдсэн уг гэрээнд тухайн үед хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй хуулийн зүйл, хэсгүүдийг тусгасан зэрэг байдлаас дүгнэхэд нөхөж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээнүүд байна. Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар гэрээ, хэлцэл нь ...хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох-оор байна.

Гэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр бус гэх нөхцөл нь маргаан бүхий захиргааны актууд буюу газар эзэмшүүлэх асуудлаар гарсан сумын Засаг даргын захирамж болон иргэнд олгогдсон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Газар эзэмшүүлэх гэрээгээр газар эзэмшүүлэх үндэслэл, газрын мэдээлэл болон газрыг зориулалтын дагуу зохистой эзэмшүүлэх талаар буюу тухайн газрыг эзэмших нөхцөл, болзол, төлбөр, газар эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага, хожим үүсэх үр дагаврыг хэрхэх талаар тодорхойлогддог болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Ариунбаатарын эцэг Г.Болдбаатар болон Ж.Алтангэрэл нар \гуравдагч этгээд О.Батзаяагийн эцэг Д.Очирбатад эрх шилжүүлсэн\-ын хэн алиных нь тухайд Хүрэн хадны өвөлжөөний газрыг эзэмших эрх Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар анх үүсч, уг захирамжийн дагуу гэрчилгээ олгогдсон нөхцөл нэгэн адил байх ба өмч хувьчлалаар маргаан бүхий тухайн газар дээрх өвөлжөөний эд хөрөнгийг хэнд нь ямар хэмжээгээр өмчлүүлсэн болох талаар баримт байхгүй байна.

Иймд хариуцагч Тэлмэн сумын Засаг даргаас Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн Хүрэн хадны өвөлжөөний газрыг хот айлаар нь дундаа хамтран эзэмшүүлэхийг зорьж иргэн Д.Очирбатад олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд 2002 оны Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А\98 дугаар албан бичигт хавсаргасан Тэлмэн сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны тэмдэглэл, Ардын аж ахуйтны мөрийн хөтөлбөр, Нуур хоршооны их хувьчлалын хөрөнгийн тооцооны жагсаалт, Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5\26 дугаар тогтоол болон 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг баримтуудыг хэрэгт хамааралгүй тул үнэлэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Тэлмэн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжийн Д.Очирбатад холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн Шургах багийн Хүрэн хадны өвөлжөөг Д.Очирбатад эзэмшүүлэхээр олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.Ариунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 191-193-р хуудсанд

[3] Хавтаст хэргийн 7, 60-р хуудсанд

[4] Хавтаст хэргийн 86-117, 238-269 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 83-р хуудсанд

[6] Хавтаст хэргийн 126-р хуудсанд

[7] Хавтаст хэргийн 215-р хуудсанд

[8] Хавтаст хэргийн 134, 141, 210-р хуудсанд

[9] Хавтаст хэргийн 61-р хуудсанд

[10] Хавтаст хэргийн 215-р хуудсанд

[11] Хавтаст хэргийн 72-73-р хуудсанд

[12] Хавтаст хэргийн 124, 134, 141, 210-р хуудсанд

[13] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд

[14] Хавтаст хэргийн 3, 5, 62-р хуудсанд

[15] Хавтаст хэргийн 3, 215-р хуудсанд