Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1207

 

М.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 174 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлээр М.Аэд холбогдох эрүүгийн 1904001500109 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........................., 19.......... оны .... дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн машинист мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эх, 3 дүүгийн хамт ........ дүүргийн ......... дугаар хороо ........ дугаар байрны .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЮ90042617/;

М.А нь хохирогч Д.Буянбатаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Байрны урьдчилгаа хийх зорилгоор Хаан банкин дахь зээлээ хааж, Хас банкнаас арай өндөр дүнтэй зээл гаргуулж авна” хэмээн өөрийн өр төлбөрт орсон бодит байдлыг нуух замаар, зээлийн гэрээгээр халхавчлан 2 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг авч, улмаар машин зараад өгнө, “Эв” ББСБ-аас зээл хөөцөлдөж байгаа хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос М.Аийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 15.000.000 төгрөгийн хохирлоо “нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж дүгнэж, яллагдагчтай 750.000 төгрөгийн торгох ял тохиролцон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх нотлох баримтууд болон хохирогч Д.Буянбатын “.......... болон түүний ээж нь гуйгаад байхаар нь гэрээ хийсэн. Энэ гэрээ хэрэгтэй үгүйг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгийг дүгнэхэд М.А нь төлбөрийн чадвартай болохоо нотолж чадаагүйгээс гадна уг гэрээ нь боломжит, үндэслэл бүхий бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй байна. Өөрөөр хэлбэл М.Аийн өмнөөс өөр этгээдийн гаргаж өгсөн баталгаа нь түүнийг “ирээдүйд хохирлоо төлөх бололцоотой” гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр яллагдагч, шүүгдэгчийн нэрийн өмнөөс түүний гэр бүлийн гишүүн нь хохирлын талаар хариуцлага хүлээж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан” Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн зарчмуудыг зөрчиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл буюу “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам” гэсэн зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтын “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэхийг хянана” гэж заасныг зөрчсөн байна. Дээр дурдсан ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх шаардлагатай тул М.А-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж хуульчлан тогтоосон байна.

Эрүүгийн 1904001500109 дугаартай хэргийн яллагдагч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хх-ийн 111 дэх тал/ прокурорт гаргасан.

 

Уг хүсэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “яллагдагч ...хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн...” талаар дурдсан ба яллагдагч М.А нь хохирогчтой эвлэрч гэмт хэргийн улмаас учирсан 15.0 сая төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж, энэ талаарх баталгаажуулсан баримт болох хохирогч Д.Буянбатад учирсан 15.0 сая төгрөгийн хохирлыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, прокурорт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр /хх-ийн 108 дахь тал/ ирүүлжээ.

Дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, яллагдагч М.А-ээс өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан нь яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчих, хязгаарлах үндэслэл болохгүй тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авч /хх-ийн 112 дахь тал/ шийдвэрлэсэн.

Улмаар яллагдагч М.А-д холбогдох эрүүгийн 1904001500109 дугаартай хэргийг прокурор даруй хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тул 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс М.А-ийг төлбөрийн чадвартай болохоо нотолж чадаагүй, хохирогч Д.Буянбат нь яллагдагч М.Атэй байгуулсан эвлэрлийн гэрээ нь боломжит үндэслэл бүхий бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтын “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн эсэхийг хянана” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэж, хэргийг прокурорт буцаасан нь илтэд үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн байх зохицуулалтыг тодорхой хуульчилсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй, яллагдагч нь төлбөрийн чадвартай эсэх, хохирлыг хэнээс, хэзээ төлөх болон хохиролтой холбоотой өөр бусад асуудлыг нотлох үүргийг тусгаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 174 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтыг хангагдаагүй” гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт шүүгдэгч, хохирогч нар “...М.А нь уг төлбөрийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Хохирогч Д.Буянбат нь өөр ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх хохирол байхгүй...” гэсэн эвлэрлийн гэрээ, яллагдагч М.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Буянбаттай тохиролцсон тул эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн хүсэлтийг гаргажээ. /хх 108,111/

Прокурор уг эвлэрлийн гэрээ, яллагдагчийн хүсэлтийг хянаад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч М.А-ээс гаргасан хүсэлтийг бүрэн хангаж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. /хх 112/

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл прокуророос шүүхэд “Төлбөр төлөх баталгаа гаргах тухай” баримтыг гаргаж өгчээ. /хх 133, 137/

Уг баримтад “...миний хүү М.А иргэн Д.Буянбатаас 15 сая төгрөг зээлсэн тул 15 сая төгрөгийг Б.Мядагбадам би төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Б.Мядагбадам миний бие 2020.1.1-нээс өндөр насны тэтгэвэрт гарч 36 сая төгрөгийн тэтгэмж авна. Уг тэтгэмжийн мөнгөнөөсөө Д.Буянбатад 15 сая төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний дотор хүү Алтансүхийн өмнөөс төлж барагдуулахаа баталж байна...” гэж бичигджээ.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Буянбат “...ийн ээж Мядагбадам гэдэг хүн би хүүгийнхээ өмнөөс хохирлыг төлж барагдуулна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгөөч гээд гуйгаад байхаар нь би гэрээ хийсэн. Надаас Алтансүх гэдэг хүн 15 сая төгрөг зээлсэн, гэхдээ ээж нь төлнө гэсэн. ... Энэ гэрээ хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу би мэдэхгүй байна. ...”,

шүүгдэгч М.А “...Би байраа барьцаалсан, хамтран зээлдэгчээр манай ээж байгаа. Миний цалингийн зээл дээр шүүхийн шийдвэр гарчихсан бөгөөд 30 гаруй сая төгрөгийн зээлтэй байгаа. ... Үүнээс гадна би ээжийн дүүд бас өртэй байгаа. ...” гэх мэдүүлгүүдийг өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхаас гадна зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд энэ зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэргийн үйл баримт болон зүйлчлэл, учруулсан хор уршгийн талаар маргаагүй байхыг ойлгоно.

Үүнээс гадна шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас гадна, тухайн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг.

Эвлэрлийн гэрээ нь яллагдагч, хохирогч нар сайн дураар харилцан тохиролцсон, хүсэл зоригийн илэрхийлэл байх учиртай.

Хэргийн оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийллээс түүний жинхэнэ хүсэл зоригийг зөв таньж тайлбарлах нь хуульзүйн чухал ач холбогдолтой байдаг.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар хэрхэн, яаж хүсэл зоригоо илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсан болохоо тодруулан мэдүүлсэн ба хэргийн оролцогч биш Б.Мядагбадамын хүсэлтээр тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, эвлэрсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тэрээр бусдад өр төлбөртэй, хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулаагүй, энэ байдлын улмаас учирсан хохирлыг бодитойгоор төлж барагдуулах боломжгүй гэж үзэхээр байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд прокурорын хяналтын шатанд мэдэх боломжгүй байжээ.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтаар шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэхийг хянах үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу хэргийг хянаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 174 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ