Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2019/00694

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Эрдэнэтойлгойн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн сумын 2 дугаар багт оршин суух, регистрийн дугаартай овогт ы д холбогдох

25 500 000 төгрөгийн үнэ бүхий 6 үнээ, 6 шүдлэн, 6 хязаалан, 6 бяруу гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 6 тугалтай үнээг 3 900 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед манай хүргэн нь тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Тэр хэлэхдээ хүрээлэнгийн малчин Ө. гайгүй сайн малчин гэсэн тул Ө.гээр худалдаж авсан 6 тугалтай үнээгээ маллуулаад 2016 оны 10 сард авахаар болсон. Тохирсон ёсоороо 10 дугаар сард үнээгээ авахаар очиход Ө. нь утсаа авахгүй байсаар 11 сар гарсан. Хүргэн аар дамжуулан үнээгээ авах гэтэл Ө. зугтаасаар байгаад бас л авч чадаагүй. 2017 оны 06 дугаар сард үхрүүдээ авъя гэтэл Ө. нь хүрээлэнгээс цалингаа авахаар танай үхрийг өгнө гээд өгөөгүй. 2017 оны 7 сард очиж үхрээ зүслэхэд 6 үнээ, 6 бяруу, 6 тугал байсан. Миний бие Улаанбаатар хотоос үхрээ авах гэж олон удаа сум руу очсон. Ө. нь элдэв заль мэх хэрэглэн худлаа хэлсээр өгөөгүй. Одоо миний үхэр ******* толгой болсон байгаа. Ө. нь хүрээлэнгийн 160 толгой үхрийг сарын 200 000 төгрөг буюу нэг үхрийг 1250 төгрөгөөр хардаг гэсэн. Тиймээс хүрээлэнгийн жишгээр тооцож миний үхрийг харсан цалинг би Ө.д төлж болно. 2016 онд худалдаж авсан 6 үнээ, 6 тугалыг 2017 он, 2018 онд гарсан төлийн хамт тооцвол өнөөдрийн байдлаар 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу байх ёстой. Миний бие дээрх үхрүүдээ зах зээлийн ханшаар үнэлж байна. Үнээ 1 500 000х6=9 000 000 төгрөг, хязаалан үхэр 1 400 000х6=8 400 000 төгрөг, шүдлэн үхэр 1 000 000x6=6 000 000 төгрөг, бяруу 350 000x6=2 100 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөг болно. Миний бие ******* нь хариуцагч гээс 25 500 000 төгрөгийн үнэлж 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу нэхэмжилж байна. Малаа малаар нь авна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав ******* нь Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6 тугалтай 6 үнээг, нэгийг нь 650 000 төгрөгөөр, нийт 3 900 000 төгрөгөөр худалдаж авсан. Байгууллагын малчин Ө.гийнхээс худалдаж авсан үхрээ авах гэж нөхөр ын хамт очсон. Биднийг очиход Ө. нь мориныхоо уяан дээр оччихоод бид нартай уулзахгүй байсан. Харин эхнэр Батчимэг нь бидэнд хүрээлэнгээс үлдсэн гэх үхэрнүүдийг зааж өгч, бид зургийг нь авсан. 2017 оны 08 дугаар сард дахин очсон. Тэгтэл Ө. нь 2016 оны 09 дүгээр сараас хойшхи үхэр харсан хөлс 2 500 000 төгрөг нэхэмжилж, аав маань тэгэхэд нь ахад нь 1 000 000 төгрөг байна, энийг малласан хөлсөндөө тооцоод ахынхаа худалдаж авсан үхэрнүүдийг өгчих гэхэд хүрээлэнгээс цалингаа аваагүй байгаа гээд өгөөгүй. Тэр үед биднийг очиход 4 үнээ нь тугалсан байгаа гэж байсан. Ингэхээр нийт 16 толгой үхэр болсон байсан. Бид байнга л Ө.тэй ярьж үхрээ авах талаар хэлж, нэхэж байсан. Сүүлдээ биднийг залгахаар утсаа ч авахгүй болсон. Аав маань 70 хүрч байгаа, хөгшин настай хүн, би бага насны 9 хүүхэдтэй. Өөрсдийнхөө худалдаж авсан үхрээ авах гэж Улаанбаатар хотоос наашаа цаашаа явах нь их хүндрэлтэй байна. Хариуцагч шүүхэд өгсөн хариу тайлбартаа үндэслэлгүй тайлбар бичсэн байна лээ. Бид 2017 оны 08 дугаар сараас өмнөх мал малласан цалинг өгнө, үүнээс хойших хугацааны цалинг өгөхгүй. Учир нь бид малаа авъя гээд байхад байгууллагын цалингийн барьцаанд малыг маань авчихаад өгөхгүй байсан учраас Иргэний хуулийн 88 дугаар зүйлд зааснаар малынхаа үр шимийг хүртэх ёстой. Тийм учраас ******* толгой үхрийг нэхэмжилж байна. Шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тул 25 500 000 төгрөгөөр тооцсон болно. Бид төлийн төл гэж нэхээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Малаа малаар нь авна гэв.

Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх 2015 оны ,6 дугаар сард Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 163 толгой үхэр хүлээж аван Дорнод аймгийн Халхголоос хөөж ирж байсан. Тухайн үед тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан нь хүрээлэнгийн нэрээр болон хувийн зүгээс зарж үрсээр байгаад 2016 оны 09 дүгээр сард 6 толгой гунж үлдсэн байсан. Захирал 2015 оны 08 дугаар сарын орчимд 16 үнээ, 15 тугал, нийт 31 толгой үхэр ачиж зарсан байсан. Дараа нь буюу 2017 оны хавар намайг 31 толгой үхэр дутаасан хувьдаа ашигласан гэж Дорнод аймгийн Цагдаагийн газарт өгсөн байсан. Энэ асуудал шалгагдаж хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Анх мал харахдаа төлийн хувь болгож гарсан төлийн 30%-ийг сарын цалингаас гадна өгөхөөр тохиролцсон. ******* гэдэг хүнд зарсныг мэдээгүй, бидэнд энэ тухай мэдэгдсэн зүйл байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 06-нд ******* нь хүрээлэнгээс 6 тугалтай үнээ 3 900 000 төгрөгөөр авсан гэжээ. Энэ үед хүрээлэнгийн 6 гунж үлдсэн байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын сүүл үед нь *******той ирж 6 толгой үхрээ авна гэсэн /зарсан гэх/. Би тухайн үед буюу 2016 оны 09 дүгээр сараас хойш хүрээлэнгээс цалингаа аваагүй, төлийн нэмэгдэл ч аваагүй байсан тул цалин хөлсний тооцоо хийсэн хойно үлдэгдэл малыг нь албан ёсоор хүлээлгэж өгнө гэж хэлсэн. ойрхон бэлчиж байсан тэр хавийнхны үхэртэй хамт хөөж ирээд үхэр дундуур яваад зураг аваад байсан. *******д үхэр зааж өгөөд зураг авсан. 6 тугалтай үнээ өгчих. Энэ хүнд өгөөд явуулчих, цалин болон төлийн хувийг чинь хүрээлэнгээс гаргуулаад өгнө гээд гуйгаад байсан. Би зөвшөөрөөгүй. Үхрийн тоо цөөрсөн тул цалинг багасгаж 200 000 төгрөгөөр тооцож 2016 оны 09 дүгээр сарын 14-нд нэг л удаа цалин авсан. Хүрээлэнгээс цалингийн зөрүү, төлийн хувийг нэхэмжлэх болно. Үлдсэн 6 толгой үхэр бол бага насны шинэ гунж байсан ба захирал болон хүрээлэнгээс аль том нас гүйцсэн үхэрнээс нь шилж зарсаар байгаад үлдсэн 6 гунж байсан. Гэтэл үндэслэлгүйгээр ******* толгой үхэр нэхэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө. нь Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд 2015 оны 06 дугаар сард малчнаар ажилд орж 163 толгой үхэр хүлээж авч, тус үхэрнүүдийг Халхгол сумаас өөрөө тууж ирсэн байдаг. Үүнээс хойш тус хүрээлэн нь үхэрнүүдийг байгууллагын цалин болон үйл ажиллагаанд хэрэглэх гэж маш ихээр зарлагддаг байсан гэж тайлбарладаг. 2016 оны 09 дүгээр сард 6 тугалтай үнээ байсан гэж тайлбарладаг. Худалдан авах гэрээ хийснээс хойш Ө.гийнд очиж үхэрнүүдийн зургийг авсан байдаг. Тугалны зураг огт байдаггүй. Тугалтай байсан бол эхийнх нь хамт зургийг нь авахгүй яасан юм бэ. Ө.гийн хэлж байгаагаар 2016 оны 09 дүгээр сард тэднийд 6 тугалтай үнээ байх боломжгүй, зөвхөн бяруун гунж байсан гэдэг. нь хүрээлэн нь үхрийн үржлийн гол мал болох бухыг зарсан. Ийм байхад ******* болтлоо үхэр нь өсөх боломжгүй. Хүрээлэн нь М.той гэрээ байгуулсан гэдгээ хариуцагчид албан ёсоор мэдэгдээгүй, сүүлд зүгээр л хэлсэн байдаг. Байгууллага 6 тооны үнээг тугалын хамт зарсан гэсэн даргын тушаал байгаагаас өөр зүйл байхгүй. Яг ямар зүсмийн үнээ, тугалыг зарсан нь тодорхойгүй. Ө. нь байгууллагын үхрийг сарын 200 000 төгрөгөөр маллахаар сүүлд тохирсон байдаг. Мөн төлийн хувь өгөхөөр тохирсон байдаг. М. нь Ө.тэй гэрээ байгуулаагүй. Хүрээлэн Ө.д малаа худалдсан. Байгууллагатай тохирсны дагуу сарын цалин болон төлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хасч 6 үнээг, 6 тугалын хамт өгөх боломжтой. Хэрэгт авагдсан малын тооцоо бодсон актанд байгаа малчин Ө.гийн гарын үсэг нь түүний гарын үсэг биш гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ө.гээс 25 500 000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр, 6 тооны шүдлэн үхэр, 6 тооны бяруу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа болно.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгээс 6 тооны үнээг 6 тугалын хамт 3 900 000 төгрөгөөр худалдаж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон тус хүрээлэнгийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/19 дугаартай Аж ахуйн хэрэгцээнд зориулж тугалтай үнээ зарлага болгох тухай тушаал, кассын орлогын ордерын тасалбар, суурийн малын тооцоо бодсон актын баталгаажсан хуулбар /хх-ийн 23-25 тал/, гэрч , А.Туяа нарын мэдүүлэг /хх-ийн 34-38 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч Ө. нь тус аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн малчнаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ө.тэй 2016 оны 10 дугаар сард малаа буцаан авахаар тэдний суурьт худалдаж авсан 6 тугалтай үнээгээ үлдээсэн байдаг. Гэвч тухайн үед худалдаж авсан малаа буцаан авч чадаагүй учир 2017 оны 06 дугаар сард дахин малаа авахаар очсон боловч хариуцагч Ө. нь өөрийн ажиллаж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс цалингийн тооцоо хийж цалингаа авсны дараа өгнө гэж малыг нь өгөөгүй үйл явдал болжээ.

Хариуцагч Ө. нь нэхэмжлэгч Ш.******* худалдан авсан 6 тугалтай үнээг өөрийн ажилласан хугацааны цалингаа аваагүй гэж өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Ө.гээс 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа 2016 оны 09 дүгээр сараас хойших хугацаанд буюу 2017 он, 2018 онуудад гарсан төлийг үрийг энэ хугацаанд жил бүр өссөн байдлаар нэмж байгаа. Энэ хугацаанд үхрүүд маань өсөж байсан. 2017 оны 07 дугаар сард очиход Ө.гийн эхнэр нь миний худалдаж авсан 6 үнээнээс 4 үнээ нь тугалж 3 эр, 1 охин тугал гарсан гэж хэлж байсан. Мөн 2018 оны төлийг нэмж нэхэмжилж байгаа. 2018 онд хэдэн үнээ тугалсныг мэдэхгүй байна гэж

Хариуцагч Ө. болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзаж буй үндэслэлээ: Эрдэм шинжилгээний хүрээлэн нь нийт 165 үхэрийг Халхгол сумаас авчирснаас тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан нь тухайн үед малыг сорчилж зарсаар байгаад 6 гунж үлдсэн байсан. Мягмарбат нь 6 тугалтай үнээ өгөөд явуулчих. Дараа нь болно биз гэж хэлж байсан боловч би өгөөгүй. Миний ажилласан хугацаанд цалин хөлс өгөөгүй учир цалингаа авч байж өгнө гэсэн. Тухайн үед 6 тугалтай үнээ байхгүй байсан учир зөвшөөрөхгүй. Мал тоолсон актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Энэ гарын үсэг миний биш гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь тухайн үед 6 тугалтай үнээ худалдаж авсан бөгөөд хариуцагч Ө.гээс энэ хугацааны үр шим болох төлийг авах ёстой гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа боловч дээрх хугацааны буюу 2017, 2018, 2019 оны хооронд хэдэн үнээ тугалсан энэ хугацаанд мал нь ямар байдлаар өссөн талаархи нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон нотлох баримтаа шүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тухайн үед худалдан авсан 6 тугалтай үнээг 2019 оны байдлаар анх худалдан авсан 6 тугалыг жил бүр нас нь нэмэгдсэн байх боломжтой гэж үзэн 6 хязаалан үхэрээр тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч тал нь тухайн үед 6 гунж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт ач холбогдол бүхий үндэслэлтэй нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн анх худалдаж авсан 6 тугалтай үнээ байхгүй талаар ямар нэгэн байдлаар нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Суурийн малын тооцоо бодсон акт-д зурсан гарын үсэг Ө.гийнх биш гэж маргаж байгаа боловч уг гарын үсгийг мэргэжлийн шинжээч томилуулан шинжлүүлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, мөн дээрх актанд дурдсан 51 толгой малыг нотлох баримтаар няцааж нотлоогүй болно.

Иймээс хариуцагч Ө.гээс 15 600 000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр гаргуулж нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9 900 000 төгрөгийн 6 шүдлэн, 6 бярууг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжинд хувьд нэхэмжлэгчийн төлсөн 285 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ө.гээс нэхэмжлэгчид төлөх хэмжээнд ногдох 235 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн дугаар зүйлийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.гээс 15 600 000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр гаргуулж нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9 900 000 төгрөгийн 6 шүдлэн, 6 бярууг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 450 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ө.гээс 235 950 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА