| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0022/э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-01-16 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа
Иргэдийн төлөөлөгч З.Н
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ж-ын От холбогдох 201614000537 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгч М овгийн Ж-ын О, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** дүгээр баг, ** дугаар гудамж ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, РД:хх000000000.
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.О нь 2016 оны 11 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутагт баригдаж байгаа Эрүүл мэндийн цогцолборын барилгын хашаан дотор Г.Г-тэй маргалдаж алх шидэж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: 1. Хохирогч Г.Г-ийн “Бид нар ажиллаж байгаа барилга дотроо байрлаж байсан. Гэтэл 2016 оны 11 сарын 22-ны өдөр бүгд ажилдаа гараад ажиллаж байтал О тамхи татаад зогсоод байсан. Би түүнд хандаж ажлаа хий, хурдан ажлаа дуусгая гэж хэлтэл “О бие засчихаад, тамхи татаж байна, ажлаа хийж л байна” гэж уурласан. Тэр өдөр ажил бараг дуусах гэж байсан болохоор бүгд зэрэг хийгээд дуусгая гэж бодсон. Тэгээд О миний өөдөөс уурлаад үг авахгүй байхаар нь хажуудаа байсан шар өнгийн алхыг О руу шидчихсэн. Уг алх Оыг оносон эсэхийг сайн мэдээгүй. Доошоо тонгойгоод ажлаа хйиж байгаад яг найтаах гэж байтал толгой таг хийгээд л би газар уначихсан. Үүнээс хойш юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. О миний шидсэн алхыг буцаагаад над руу шидсэн болохыг би сүүлд хагалгаанд орсны дараа мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/
2. Гэрч Н.Г-ийн “С- над руу ирээд инженерээ эмнэлэг заагаад өг, эмнэлэг явъя гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад С- хэлэхдээ Г-, О хоёр муудалцаад О Г- рүү алх шидээд толгойг нь хагалчихлаа эмнэлэг явъя гэж хэлсэн. Би О Г- нарын ажиллаж байсан хэсэг рүү очтол Г- газар суугаад, түүний толгойноос цус гарч байсан. Би Г-ийг барилга руу оруулаад анхны тусламжийн хайрцагнаас бинт гаргаж толгойг нь боогоод, халуун цай уулгаад эмнэлэг авч явсан. Тэгээд Оаас болсон асуудлыг тодруултал Г- ах намайг бие засчихаад иртэл ажлаа хийсэнгүй гэж уурлаад над руу алх шидсэн. Би зөрүүлээд алх шидтэл толгойнд нь оночихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/
3. Гэрч Л.С-ы “О тамхи татаад бид хоёр Г-ийн хажууд зогсож байтал Г- уурлаад Оыг ажлаа хий гэж хэлсэн. Хариуд нь О ажлаа хийж л байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд над руу бас уурлах байх гэж бодоод эргэж хараад алхаж байтал Г- газар унаад О түүн рүү очоод бариад авахаар нь салгатал Г-өөс толгойноос нь цус гарч байсан. Энэ үед шар өнгийн алх Г-ийн хажууд байсан. Тэгээд би Г-өд энэ талаар хэлж мэдэгдсэн. Тэгээд Г- Г-ийг эмнэлэг рүү авч явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 830 дугаартай шинжээчийн “Г.Г-ийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хуйханд баруун чамархайд язарсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас гавлын баруун чамархай ясанд цоорхой гаргах, ясны хэлтэрхийг авах хагалгаа хийжээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-36-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ “Г- ах надруу алх шидэхээр нь буцаагаад алх шидсэн нь үнэн. Толгойд нь ононо гэж бодоогүй. Гэмшиж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа мэтгэлцэхдээ “Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Г- нь шүүгдэгч рүү алх шидэж халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан байна. Ж.О нь аргагүй хамгаалалт хийх нөхцөл бүрдсэн. Г-ийн халдлага довтолгоо зогссон гэж О мэдэх боломжгүй. О нь халдлагаас өөрийгөө хамгаалах явцад Г-ийн биед гэмэл учруулсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг ялын шүүмжлэлдээ “Оын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2016 оны 11 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутагт баригдаж байгаа 1,4,5 дугаар хорооллын Эрүүл мэндийн цогцолбор төвийн барилга дээр ажиллаж байсан Г.Г- нь хамт ажиллаж байсан Ж.Отай ажлаа хийсэнгүй гэсэн үндэслэлээр маргалдаж алх шидэж Оын хөлд оносон байна. Ж.О нь уг алхыг авч Г.Г- рүү шидэж түүний толгойн тус газарт онож хүнд гэмтэл учруулжээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч дээрхи үйл баримт болон хохирогчид учирсан гэмтлийн талаар маргалдаагүй бөгөөд Ж.О нь Г-ийн үйлдэл төгссөн гэдгийг мэдэх боломжгүй учир алхыг буцааж шидсэн нь аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа талаар шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлж байна.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Оыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.От яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Аргагүй хамгаалалтын үндсэн нөхцөл нь халдлага бодитой эхэлсэн дуусаагүй байх явдал бөгөөд халдлага нэгэнт эхэлж, хамгаалалт хийхээс өөр аргагүй байдал үүссэн тохиолдолд аргагүй хамгаалалт хийх эрх буюу үндэслэл нь үүснэ. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд Ж.О нь алхыг авч буцааж шидэх үед Г.Г- нь халдлага довтолгоогоо үргэлжлүүлж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Довтолгоон дууссан нь тодорхой, амь нас, эрүүл мэндэд аюултай үйлдэл төгссөн байхад эсрэг үйлдэл хийж бусдын бие махбодид гэмтэл учруулсныг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ж.От ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ж.О нь нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шар өнгийн алх, шар өнгийн метр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Ж-ын Оыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ж.Оыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн алх, метр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Ц.АЛТАНГАДАС