| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 183/2017/02457/и |
| Дугаар | 00434 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 00434
Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02599 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б, А.У нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 103 160 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.У-гийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Д.С, Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бид А.Б, түүний эгч А.У нарын хүсэлтээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 58В дугаар байрны 6 тоотод байрлах орон сууцыг барьцаалж, 60 000 000 төгрөгийн зээл олгохоор тохиролцож, зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Уг зээлийн болон барьцааны гэрээгээр 60 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай сар бүрийн 3,5 хувийн хүүтэй сар бүрийн хүүг нэгтгэсэн байдлаар улирлын сүүлийн сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлж, үндсэн зээлийн хугацааны эцэст алданги, хүү, үндсэн зээлийг төлж дуусгахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу зээлийн хүү төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн боловч төлөгдөөгүй. Одоо үндсэн зээл 60 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сар 8 хоногийн хүү 13 160 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг нийт 103 160 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын 78 000 000 төгрөг дээр эвлэрэх саналыг хүлээн авахгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.
Хариуцагч А.Б, А.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин алдангид 30 000 000 төгрөг төлөх эдийн засгийн боломжгүй байна. Нэхэмжлэгч нараас алдангиас хасч 78 000 000 төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд 93 000 000 төгрөгийг төлөх нөхцөлтэй эвлэрэх санал гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд алдангийг хасч өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А.Б, А.У нараас 103 160 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар А.Б, А.У нар дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол 58в дугаар байрны 6 тоотод байрлах 57 м.кв 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 336 750 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 337 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт, мөн 336 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч А.У давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр үндсэн төлбөр 60 000 000 төгрөг, хүүнд 13 160 000 төгрөг, алданги үндсэн төлбөрийн 50 хувь буюу 30 000 000 нийт 103 160 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд дээрх зээлийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу багасгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар хариуцагч А.Б, А.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, зээлийн хүү 13 160 000 төгрөг, алдангид 30 000 000 төгрөг нийт 103 160 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид зээлийн үндсэн үүрэг, зээлийн хүүгийн талаар маргаагүй, харин хариуцагч нар алдангийг хасах буюу багасгахыг хүссэн байна.
Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар хариуцагч А.Б-той 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 60 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж, сар бүрийн хүүг нэгтгэсэн байдлаар улирлын сүүлийн сарын 20-ны өдөр төлөхөөр, хугацаа хэтэрвэл хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 5-7/
Талууд үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул голын гудамж 58В дугаар байрны 6 тоотод байрлах орон сууцыг барьцаалж, уг зээлийн гэрээг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус сунгаж, хамтран зээлдэгчээр А.У зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь талуудын тайлбар, зээл болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх 11-14/
Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх 26 сарын зээлийн хүүд 48 600 000 төгрөгийг хариуцагч нар төлж барагдуулаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00959 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч нар алдангийг хасуулахыг хүссэн тайлбар, гомдол гаргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 156 дугаар зүйлийн 156.2, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нар зээлийн гэрээний нийт үүрэгт 103 160 000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Хариуцагч А.Б, А.У нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул анхан шатын шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлдийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Хариуцагч А.У Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээг багасгуулахаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаархи гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Ууганзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.У-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.БАЙГАЛМАА