Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2021/0031/З |
Дугаар | 118/ШШ2021/0029 |
Огноо | 2021-06-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 118/ШШ2021/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг даргад холбогдох
Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Б/08 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Олонтүрүү багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, мөн тус сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Б/10 тоот овогтой ийг Олонтүрүү багийн Засаг даргаар томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга Г., хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой намайг Завхан аймгийн сумын Засаг дарга Г.ын 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Б/08 тоот захирамжаар сумын Олонтүрүү багийн Засаг даргын үүрэгт ажлаас минь хууль бусаар чөлөөлж, мөн тус сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Б/10 тоот захирамжаар овогтой ийг Олонтүрүү багийн Засаг даргын үүрэгт ажилд түр томилсон байгааг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд, Миний бие 2017 онд Завхан аймгийн сумын Олонтүрүү багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд багийн Засаг даргад өрсөлдсөн олонхийн санал авч иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор сумын Засаг даргад уламжилсан. Сумын Засаг даргад уламжилсан боловч нэлээн удаж байж сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ба миний Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, мөн дараагийн багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн хуралдаан 2020-2021 онуудад зарлагдаагүй. Гэтэл шинээр томилогдсон сумын Засаг дарга Г. нь 2021 оны 03 сард Тамгын газрын дарга Б.*******аар дамжуулан дуудаж Тамгын газрын хурлын зааланд Олонбулаг багийн Засаг дарга Б.******* бид хоёрыг ажлаа өг, чиний оронд Монгол Ардын намаас Олонтүрүү багт нэр дэвшсэн гийн гэдэг хүнийг авна, Б.*******ын оронд н.*******ыг авна та 2 ажлаа өг гэсэн. Бид нар хэрэв бидний ажлыг авахаар шийдсэн бол багийн иргэдийн Нийтийн Хурлаа хийгээд багийн Засаг даргын сонгуулиар явуулж, шинэ Засаг дарга сонгогдсоны дараа энэ төрийн нэр хүндтэй ажлыг зохих хууль журмын дагуу өгнө гэхэд сумын Засаг дарга та нараар би ажлаа заалгахгүй, та хоёрыг гуйсан ч гуйгаагүй ч ажлыг чинь авч энэ улсуудад өгнө гэсэн. Сумын Засаг дарга /өмнө нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн багийн Засаг дарга/ Ч.******* өөрөө өргөдлөө өгөөд гарсан байхад та нар яагаад өгдөггүй юм гээд байсан. Тэрнээс хойш чимээгүй болсон ба би ажлын тайлан, мэдээгээ өгөөд ажлаа хийж байсан. Гэтэл 2021 оны 4 сарын 12-нд сумын төв орж ирэхэд Олонбулаг багийн Засаг дарга Б.*******аас таныг болон намайг сумын Засаг дарга 2021 оны 04 сарын 01-ний өдөр захирамж гарган чөлөөлсөн байна гэхээр нь шинээр сонгогдсон сумын Засаг дарга Г. руу утсаар залгаж намайг чөлөөлсөн захирамж 01-нд гаргасан юм бол яагаад сарын эхээр Баянхонгор аймгийн малчин өрхөөр орж манай ойролцоо явсан байж энэ захирамжаа өгч болоогүй юм бэ гэхэд орой 22 цаг өнгөрсөн, айл хүндрүүлээд яах вэ гэсэн. Миний оронд багийн иргэдийн Нийтийн Хурлаар орж өрсөлдөөгүй, олонхийн санал аваагүй, дэмжигдээгүй шууд томилогдсон гийн нь одоогийн сумын иргэдийн Хурлын дарга *******гийн *******той цуг 2020 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд МАН-аас Олонтүрүү багт нэр дэвшигч бөгөөд нэг тойрогт, нэг намаас, нэг баг болж өрсөлдсөн сумын Засаг даргатай нэг намын хамаарал бүхий хүн юм. Ковид цар тахлын үеэр Монгол Улсын хэмжээнд төрийн албаны тогтвортой байдлыг хадгалж, олон хүн хамарсан сонгууль хийхийг хориглосон, төрийн албаны халаа сэлгээг хориглосон байхад багийн иргэдийн оролцоотой, Нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн иргэдийн Нийтийн Хурлаар нэр дэвшин өрсөлдөж, багийн иргэдийн олонхийн итгэлийг авч, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу сонгуулийн үр дүнгээр сонгогдож, томилогддог албыг шинэ Засаг дарга шууд ажлаа өг, чиний оронд ийм хүн орох гээд байна, өмнөх ажлаа өгсөн хүн шиг бай гэж шахаж иргэдийн итгэлээр олгогдсон үүрэгт ажлыг маань хууль бусаар авсанд гомдолтой байна. Миний өмнөх багийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ба багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах хүртэл түр томилогдож багийн иргэдийн Нийтийн хуралдаан нь 2017 оны 01 сард болж Олонтүрүү багийн Засаг даргад өрсөлдөж, багийн ИНХ-н тогтоолоор сумын Засаг даргад уламжилсан. Гэтэл сумын Засаг дарга нь томилохгүй 7 сар хүлээлгэсний эцэст Завхан аймгийн сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 01-ний өдрийн Б/06 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох... гэж заасны дагуу 4 жилийн хугацаагаар томилогдсон. Гэтэл 2020 оны сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон сумын Засаг дарга миний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад дээрх хууль тогтоомжуудыг зөрчин 2021 оны 4 сарын 01-ний өдрийн Б/08 тоот захирамж гарган үүрэгт ажлаас маань хууль бусаар чөлөөлж мөн өдрийн Б/10 тоот захирамжаар Олонтүрүү багийн Засаг даргад Ш.ийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг зөрчиж багийн иргэдийн Нийтийн хурал зарлагдаагүй, хуралдаан болоогүй, Засаг даргын сонгууль болоогүй, түүнд өрсөлдөөгүй, тогтоолоор уламжлагдаагүй, сул орон тоо гараагүй байхад шууд томилсонд гомдолтой байна. Учир нь шинээр томилогдсон сумын Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж томилж, чөлөөлдөг гэдгийг мэдсээр байж дэлхий нийтийн цар тахлын онцгой үед төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хадгалж төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа албан хаагчдаа тогтвортой ажиллуулахын оронд эсрэгээрээ түр томилох хууль зүйн нөхцөл байдал үүсээгүй байхад, хуулийн шаардлага хангаагүй хүнийг багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэргүй томилж байгаа нь хууль бус юм. Ингэж хууль бус шийдвэрүүдийг гаргаж байгаа нь миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны сонирхлыг ноцтой зөрчиж байна. Миний бие сумын Засаг даргын 2021 оны Б/08, Б/10 тоот захирамжуудыг хүчингүй болгуулахаар сумын Засаг даргын дээд албан тушаалтан буюу Завхан аймгийн Засаг дарга Д.*******д хандсан боловч Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 27-ны өдрийн 1/506 тоот албан бичгээр сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 01-ний өдрийн Б/08, Б/10 тоот захирамж үндэслэлгүй байна гэсэн байна. ... Ингэж хууль бус шийдвэрүүдийг гаргаж байгаа нь миний болон багийн нийт иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Үүний хор уршиг нь энэ цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед иргэдээс сонгогддог төрийн чиг үүргийг түргэн шуурхай хүргэж, багийн иргэн бүртээ тулж ажилладаг нийтийн албан тушаалтныг нэг ч иргэнээс асуулгүй хууль бусаар халаа сэлгээ хийж, багийн Засаг даргын туршлагагүй иргэнийг хуульд байхгүй түр-ээр тавьж байгаа нь Олонтүрүү багийн нийт иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах багийн иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, багийн иргэдийн өөрийн оршин суух багийн Засаг даргын сонгууль хийх, түүнд оролцох, сонгогдох, сонгох эрхэд халдаж байна. Миний бие багийн Засаг даргын үүрэгт ажил авахдаа хууль журмын дагуу иргэдийн сонголтоор багийн иргэдийн Нийтийн Хурлаар сонгогдож, Засаг даргад уламжлуулан батлуулсан юм гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц. нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08, Б/10 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Олон түрүү багийн Засаг даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар баг хорооны Засаг даргыг тухайн нэгжийн Нийтийн хуралд оролцож байгаа иргэдийн олонхийн буюу 50 хувиас дээш саналыг авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалттай. Гэтэл энэ саналыг авч хэлэлцэхгүйгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас чөлөөлөх санал ирээгүй байхад шууд чөлөөлж байгаа нь тухайн харилцааг тухайлан зохицуулсан хуулийг зөрчиж чөлөөлсөн байна. Багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нэгжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал гаргаснаар шийдвэрлэдэг. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлаас ямар нэг санал гараагүй буюу хурал хийгээгүй байхад чөлөөлсөн байна. Харин ийм санал байхгүй тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон зэрэг 2 тохиолдолд огцруулах буюу чөлөөлдөг. Энэ заалтууд нэхэмжлэгчийн хувьд хамаарахгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй, тайлагнаагүй, мөн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж маргаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч нь ажлаа хийж байсан болон ажил таслаагүй болох нь харагдаж байна. Мөн хариуцагчийн тайлбар нэлээд удаж байж саяхан ирсэн учраас нэхэмжлэгч талаас өөр баримтууд нэмж гаргах боломжгүй байсан. Түүнээс ажлаа хийж байсан тайлан мэдээгээ өгч байсан, багийн Засаг даргаар ажиллаж иргэддээ үйлчилгээгээ үзүүлж байсан талаарх баримтууд байгаа юм байна лээ. Хариуцагчийн зүгээс тайлангаа өг, ийм үүрэг даалгавар биелүүл гэдэг байдлаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй гэдэг нь шүүхийн мэтгэлцээн дундаас харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийг чөлөөлсөн захирамжийн үндэслэх хэсэгт тайлан мэдээ өгөөгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэж заагаагүй байгаа учраас үүнийг нуршиж тайлбарлах нь илүүц байх. Харин бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудлаар талууд нэлээд мэтгэлцлээ. Тэгэхээр энэ асуудлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэх бүрэн боломжтой. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2016 оны 12 сард томилогдсон учраас нэгжийн тухай хуульд заасан 4 жилийн хугацаа дууссан байна гэж маргаж байна. Нэхэмжлэгч талаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэгжийн тухай хуульд зааснаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал зарлаад, Хурлаас гарсан тогтоолыг Засаг даргад уламжилж, Засаг дарга тогтоолд үндэслэн шийдвэрлэснээр бүрэн эрхийн хугацаа тоологдохоор байгаа. 2016 оны захирамж нь төрийн албаны сул орон тоо гарсан учраас Ц.ыг түр хугацаагаар захирамж гарган томилсон байна. Уг захирамжийн үндэслэх хэсэгт багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн гэсэн үг, үсэг байхгүй байна. Тэгэхээр 2016 онд Хурал болоогүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараар давхар нотлогдож байна. Харин 2017 оны 08 сарын 01-ний өдрийн захирамж дээр Олон түрүү багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн тогтоолыг үндэслэж гаргасан байдаг. Эндээс харахад дээрх 6 сарын хугацаанд багийн Засаг даргаар албан ёсоор томилогдон ажиллаагүй харин түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна. Мөн Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгээ хянуулахаар хүргүүлээд хариу нь 7 сард ирсэн байна. Нэхэмжлэгч нь өөрийгөө томилох эрх байхгүй учраас сумын Засаг даргын шийдвэрийг харж хүлээж байсан байна. Гуравдагч этгээдийн тухайд багийн Засаг даргад түр томилно гэсэн заалт нэгжийн тухай хуульд байхгүй. Нэгжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөөд өрсөлдөөний дагуу 50 хувиас дээш хувийн саналыг авч Хурлаас уг саналыг тогтоолын хэлбэрээр эрх бүхий албан тушаалтан буюу сумын Засаг даргад уламжилснаар сумын Засаг дарга томилох байсан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг өмнө нь түр томилогдохдоо хууль зөрчсөн юм биш үү гэж маргаад байна. Нэхэмжлэгчийг томилсон асуудал нь өмнөх Засаг дарга нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас томилогдсон. Харин одоо үүрэг гүйцэтгэж байгаа Засаг даргын тухайд өмнөх багийн Засаг дарга нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн асуудал байхгүй. Тийм учраас ажил үүргээ гүйцэтгэж ажлаа хийж байхад сул орон тоо гарсан мэтээр ажлаас нь чөлөөлж хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчиж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль хуулийн хүрээнд амжилттай явагдаж Монгол ардын намаас 11 суудал, Ардчилсан намаас 4 суудал авч сонгуулийн үр дүнг ард түмний сонголтоороо баталгаажуулсан болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 24-нд хуралдаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Олонтүрүү багаас сонгогдсон төлөөлөгч Н.******* томилогдож, Засаг даргаар Олонбулаг багаас сонгогдсон миний бие нэр дэвшин аймгийн Засаг дарга батламжилснаар Засаг даргын хуулиар хүлээсэн бүрэн эрхээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Сумд сонгуулийн үр дүнгээр томилогдсон улс төрийн албан хаагчдад сумын иргэд, сонгогчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хугацаа нь дууссан улс төрийн албан хаагчид болох багийн Засаг дарга нараа багийн Иргэдийн Нийтийн хурал хийн солих шаардлага хүргүүлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан короновирус болох ковид 19 цар тахлын улмаас хатуу хөл хорионд бүх нийтийг хамарсан цуглаан зохион байгуулж болохгүй байсан учир багуудын иргэдийн Нийтийн Хурлыг хийж чадаагүй болно. Энэ хугацаанд Мандал багийг Засаг дарга болон Нуга багийн Засаг дарга нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч чөлөөлөгдсөн. Харин Олонбулаг багийн Засаг дарга Б.*******, Олонтүрүү багийн Засаг дарга Ц. нарт хамтран ажиллах боломжгүй байдлаа хэлж ярилцан 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс ажлаас нь чөлөөлж иргэн Б.Ууганбаатар, Ш. нарыг түр томилон ажиллуулсан болно. Эдгээр нэхэмжлэгч нар нь өөрсдөө томилогдохдоо багийн иргэдийн Нийтийн Хурал зарлалгүйгээр, өрсөлдөгчгүйгээр мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түр томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2016 онд багийн иргэдийн Нийтийн Хурал хийхгүй байх ямар нэгэн шалтгаан байгаагүй ба 2017 онд 2 ба 3 дугаар саруудад хурлаа хийн өрсөлдөгчгүйгээр сонгогдон ажлаа үргэлжлүүлэн хийсэн нь архивын баримтаас харагдаж байгаа. Авлигатай тэмцэх газарт эдгээр багийн Засаг дарга нарын материалыг 2017 оны 07 сард явуулан хянуулж Авлигатай тэмцэх газрын хариу албан бичиг нь 2017 оны 8 дугаар сард ирж батламжилсан байдаг. Энэ нь мөн өмнөх Засаг даргын буруутай үйлдэл болох нь харагдаж байна. Миний бие сумын Засаг даргын хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн ажлын алба Засаг даргын Тамгын газар болон багийн Засаг дарга нартай 4 жилийн ажлын төлөвлөгөө төлөвлөх, тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд малчид, иргэдийн саналыг тусгуулахаар их ажил байсан боловч эдгээр хуучин багийн Засаг дарга нар нэг ч удаа уулзалдаагүй, цаг хэцүү үед сонгуулиас хойш айл өрхөөрөө ороогүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй төрийн ажлыг цалгардуулж сул цалин авч ажлын тайлан ирүүлээгүй нь хамтарч ажиллах боломжгүй ажлаас чөлөөлөх үндэс болсон байгаа. Орон нутгийн сонгуульд хамтран ажилласан баг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажил хийхгүй байгаа, үүрэг даалгавар биелүүлэхгүй улс төржиж байгаа багийн Засаг дарга нарыг солих шаардлага тавьж байсан нь бас нэг үндэслэл болно. Эдгээр багийн Засаг дарга нар нь захирамжаа авч ажлаа хүлээлцэхээр болон нийгмийн даатгалын сангаас тэтгэмжээ авахаар материалаа бүрдүүлэн явсан боловч тамга тэмдгээ өгөхгүй байгаа нь Олонбулаг багийн Засаг дарга Б.******* ард иргэдийг хохироож байгааг анхаарч үзнэ үү. 2020 онд багийн хурал хийх ямар ч боломжгүй байсан бөгөөд Гамшгийн тухай хуулийн 14.6 дахь заалтаар улс аймгийн Онцгой комиссын шийдвэрийг зөрчихөөр байсан болно. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-д баг хорооны Засаг даргыг сум дүүргийн Засаг дарга нь тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж тодорхой заасан байна. Цаашид энэ байдлаар байвал багийн иргэд, малчид хохирч байгааг тооцон үзнэ үү гэж хүсч байна. Та бүхэн эдгээр байдлыг харгалзан үзэж оновчтой шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд сумын Засаг даргатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Онцолж хэлэх зүйл нь өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна гэсэн ойлголт төрж байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн урьдчилсан мэдүүлгийг 7 сарын хугацаанд хянасан гэж тайлбарлаж байна. Гэтэл журмаараа бол 10 хоногийн дотор хянагдаж ирдэг баримт байгаа. Тэгэхээр 7 сарын хугацаа болж байж ирсэн гэж байгаа нь нэхэмжлэгч өөрөө Авлигатай тэмцэх газарт явуулаагүй юм уу, эсхүл ирсэн хариуг өгөөгүй юм уу гэсэн ийм эргэлзээтэй байдал үүсч байна. Энэ баримт нь нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацааг тоолох гол баримт болох учраас, мөн ажилд томилогдсоноос хойш 7, 8 сарын дараа захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юу гэдэг талаар эргэлзээ төрж байна. Өнөөдөр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Засаг дарга л захирамж гаргасан гэсэн зүйл ярьж байна. Хэдийгээр Засаг дарга захирамж гаргаж байгаа боловч Ц. гэдэг хүний сонгох, сонгогдох, хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор захирамж гаргаж байгаа учраас тухайн хүнд хамааралтай. Мөн 2017 онд Хурал болсон эсэх талаар маргаантай зүйл яригдаж байна. Тэгэхээр энэ талаар сумын иргэдийн Нийтийн Хурлаас баримт авах зайлшгүй шаардлагатай байсан байна гэж үзэж байна. Энэ бол сумын Засаг даргын Тамгын газарт хамааралгүй байгууллага учраас энэ талаарх баримтыг гаргах боломжгүй нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл баримт гаргуулах тухай шүүхийн бичиг 2 удаа ирсэн боловч Засаг даргын Тамгын газраас баримт гаргах боломжгүй байсан байдал харагдаж байна. Дараагийн асуудал нь Ц. багийн Засаг даргаар 4 жил гаран ажиллаж байна гэж миний асуултад хариулсан. Тэгэхээр 2016 онд томилогдсон хүн 2021 онд ажиллана гэхээр 5 жил багийн Засаг даргаар ажиллах гээд байгаа байдал харагдаж байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн 4 жилийн хугацааг зөрчиж байна. Цар тахалтай холбоотойгоор Хурал хийх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, хуульд нийцэж гараагүй буюу нийгмийн даатгалын дэвтэрт анх томилогдсон хугацаа бичигдээгүй ийм нөхцөл байдалтай байгаа нь өөрөө эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 12 сард томилогдсон гэсэн баримт нь байдаг. Гэтэл нийгмийн даатгалын дэвтэртээ бичигдээгүй байгаа нь бүрэн эрхийн хугацааг тоолоход төвөгтэй байдал үүсгэж байна. 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна уу?, үгүй юу гэдэг нь хамаагүй. Багийн иргэдийн Нийтийн Хурал хийж байж томилогдох ёстой. Нэг процессыг 2 талаас нь тайлбарлах боломжгүй. 2016 онд өмнөх багийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул би түр томилогдсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Гэтэл 2021 онд чөлөөлж байгаа захирамж бас л өмнөх Засаг даргыг чөлөөлөөд дараагийн хүний түр орон тоо гарсан учраас томилсон байна. Хууль нэг үйлчлэх ёстой. Өөрт ашиггүй зүйлийг хууль бус, өөрт ашигтай зүйлийг хуулийн дагуу гэж тайлбарлаж болохгүй. Бүрэн эрхийн хугацаа бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажиллаж цалин хөлс авснаар эхэлнэ. Түүнээс түр орлон гүйцэтгэгчээр тавигдчихаад 2020 оны сонгуулиас өмнө иргэдийн Нийтийн Хурлаас сонгогдсон бол энэ хүний бүрэн эрх дахин 4 жил, нийтдээ 8 жил Засаг дарга хийх боломжтой байдлаар тайлбарлах боломжгүй. Энэ нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа асуудал. Дараагийн асуудал нь чөлөөлсөн тушаал, шийдвэр нь нэгжийн хуульд нийцээгүй байна гэж үзэж магадгүй. Гэхдээ түүнийг ажилд нь эгүүлэн тавих үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь бүрэн эрхийн 4 жилийн хугацаа нь дууссан хүнийг ажилд нь эгүүлэн тавьснаар дараагийн бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллуулах уу?, Энэ бол хууль зүйн том асуудал буюу факт болно. Тийм учраас эгүүлэн тавих үндэслэлгүй. Нөгөө талаар цалин хөлсний маргаан дээр нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн баримт Ц.ын баримт биш, Б.*******ын баримт байна. Б.*******ын баримтад үндэслэж Ц.ын нийгмийн даатгал төлөгдсөн байна гэж үзэх боломжгүй. Нийгмийн даатгалын дэвтэр 2020 он дуустал бичигдсэн. Бид нөхөн олгох цалинг бодохдоо ажлаас халагдсаны өмнөх 3 сарын цалингийн дунджаас боддог. Сумын байцаагчийн гаргасан баримтаас гаргуулах цалингийн хэмжээг бодож тооцох боломжгүй. Заавал нийгмийн даатгалаар баталгаажсан дүнгээр буюу нийгмийн даатгалын лавлагаагаар авч үзэх ёстой. Түүнээс нягтлан бодогч буруу бодсон тохиолдлыг шүүх авч үзвэл цалин хөлсний асуудал зөрүүтэй тогтоогдох боломжтой. Тийм учраас цалин хөлсний нэхэмжлэлийг нээлттэй үлдээж өгөөч. Цалин хөлсний асуудлыг энэ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие сумын Засаг дарга Г.ын гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/10 тоот тушаалаар Олонтүрүү багийн Засаг даргаар сум оронд үүсээд байгаа нөхцөл байдал корона вирус өвчний улмаас багийн иргэд нийтийн хурал хойшилсны учир түр томилогдсон болно. ... Ажлаа хуулийн дагуу гүйцэтгэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/08 дугаар Ажлаас чөлөөлөх тухай, Б/10 дугаар Түр томилон ажиллуулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалт, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн багийн даргыг томилж, чөлөөлөх журмыг зөрчиж хариуцагч намайг ажлаас чөлөөлсөн, гуравдагч этгээдийг багийн хурал хуралдаагүй байхад түр томилж миний хөдөлмөрлөх, сонгогдох эрхэнд халдсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгч багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэдийн ... олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно , мөн хуулийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ..., баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох.... гэжээ.
Нэхэмжлэгч Ц. нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Олонтүрүү багийн Засаг даргын албан тушаалд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/57 дугаар захирамжаар түр томилогдсон ба Олонтүрүү багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор багийн Засаг даргад санал болгосноор тус сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Олонтүрүү багийн Засаг даргаар томилогдсон байна.
Тодруулбал нэхэмжлэгч нь Олонтүрүү багийн Засаг даргаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан журмаар 4 жилийн хугацаагаар томилогдсон хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байх ба энэ хугацаанаас хойш тооцвол түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дуусгавар болохоор байхад 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр томилогдсон гэж үзэж бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Багийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө ажлаас чөлөөлөх зохицуулалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Багийн Засаг даргыг энэ хуулийн 32.1-д заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх..., 32 дугаар зүйлийн 32.1-д ... Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга ... түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж заажээ.
Дээрхээс бусад тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Багийн Засаг даргыг чөлөөлөх ... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр багийн Засаг даргыг чөлөөлөхөд тухайн нэгжийн иргэдийн Нийтийн Хурлаас бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлөхөөр ирүүлсэн саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар багийн хурал хийлгүй түр томилогдсон гэж маргаж байна. Шүүх тус захирамжийн үндэслэл, үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу хариуцагчаас гаргасан маргаан бүхий 2021 оны Б/08, Б/10 дугаар захирамжийн хүрээнд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулаагүй гэж маргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэжээ. Тус шүүхийн 2021 оны 140, 156 дугаар албан бичгээр хариуцагчаас Б/08, Б/10 дугаар захирамжийн үндэслэлд хамаарах баримтуудыг удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй ба хариуцагчийн тайлбарт ... нэхэмжлэгч 2017 оны 2, 3 дугаар сард хурлаа хийж өрсөлдөгчгүйгээр сонгогдон ажлаа үргэлжлүүлж хийж байсан нь архивын баримтаас харагдаж байна гэснийг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгээгүй, тайлан гаргаж өгөөгүй, ажлын цаг цалгардуулсан гэж байх боловч энэхүү нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаарх баримтыг шүүхээс удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй, мөн энэ үндэслэлийн талаар маргаан бүхий захирамжийн үндэслэлд дурдаагүй, үндэслээгүй, зөвхөн тайлбартаа тодорхойлсон байх тул энэ асуудалд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ц.ыг Олонтүрүү багийн Засаг даргаас чөлөөлсөн Б/08 дүгээр захирамж дээр дурдсан үндэслэлээр хууль бус тул уг хэргийн гуравдагч этгээд Ш.ийг Олонтүрүү багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэлгүйгээр багийн Засаг даргаар түр томилсон сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/10 дугаар захирамж мөн эрх зүйн үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байх тул тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/10 дугаар Түр томилон ажиллуулах тухай захирамж гарах болсон үндэслэл нь Б/08 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжийн үр дагавраар тодорхойлогдож байх тул Б/08 дугаар захирамж хүчингүй болсноор үр дагаврын хувьд Б/10 дугаар захирамж ч мөн хүчингүй болж, нэхэмжлэгчийг анх Олонтүрүү багийн Засаг даргаар томилсон сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн үйлчлэл шууд сэргэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн уг хэргийн гуравдагч этгээд Ш.ийг Олонтүрүү багийн Засаг даргаар түр томилсон сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/10 дугаар захирамж нь Олонтүрүү багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэлгүй гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хуульд заасан журмыг зөрчиж гаргасан дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгч Ц.ын төрийн албанд хөдөлмөрлөх, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7а/-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 58 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 2.468.654 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/08, Түр томилон ажиллуулах тухай Б/10 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.ыг сумын Олонтүрүү багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Ц.ын ажилгүй байсан 58 хоногийн цалинтай тэнцэх 2.468.654 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР