Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 921

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/00921

 

 

“ Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00511 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Ж, Л.Д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 96 022 107 төгрөг, гарсан зардалд 13 000 төгрөг, нийт 96 035 107 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Зоригтбаатар

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Билгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Ж, Л.Д нар нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Ф ББСБ ХХК-тай 11/05 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 60 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд Ж.Ж, Л.Д нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 1А байрны 48 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203000164 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан ба хариуцагч Ж.Ж, Л.Д нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа байнга зөрчиж, зээл хүүний төлбөрөө хугацаа хэтрүүлсэн.

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Эрдэнэбат мөн орсон боловч бид Ж.Ж, Л.Д нараас төлбөрөө шаардана.

Иймд Ж.Ж, Л.Д нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 30 112 189 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 909 918 төгрөг, нотариатын зардалд төлсөн 13 000 төгрөг, нийт 96 035 107 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 60 000 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж 36 022 107 төгрөг нэхэмжилж байгаа нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэж байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 75 хувиар багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан Ж.Ж, Л.Д нараас 96 035 107 төгрөгийг гаргуулж “ Ф ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ж.Ж, Л.Д нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000164 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1А байр, 48 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 330 төгрөгөөс 708 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4 төгрөгийг, хариуцагч нараас 708 326 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д заасан эрхийн дагууу мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу хүсэлт гаргасан боловч шүүгч мөн 92 дугаар зүлийн 92.6-д заасныг илтэд зөрчиж, хэргийг хэлэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хууль бус хурлыг хийсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх мөн хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмуудыг баримтлалгүй, хэт нэг талыг барьж хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах, шүүх хуралдаанд хуульчаас мэргэжлийн туслалцаа авч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдэж, илт загнаж зандарсан өнгө аясаар харьцаж, өөрийн хуульд заасан эрхээ эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд шүүх хуралдааны дэг зөрчсөн мэтээр сануулж нарын бичгийн даргаар шүүхийн хамгаалагч цагдааг дуудуулж байсан нь шүүгч өөрийн давуу байдлаа ашиглаж айлган сүрдүүлж байгаа мэт сэтгэл зүйн хувьд илт дарамттай нөхцөл байдал үүсч шүүгчид эргэлзэх, шударгаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн болно.

Иймд хуулийн суурь зарчим, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь шүүх шийдвэр гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэрийг гаргасангүй.

Шүүгч дээрх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийдвэр гаргасан бөгөөд гаргасан шийдвэрт ч үндэслэлгүй дүгнэлтүүдийг өгч хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ Ф ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Ж, Л.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 96 022 107 төгрөг, нэмэлт зардалд 13 000 төгрөг буюу нийт 96 035 107 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000164 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 1А байр, 48 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх хариуцагч нарт нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгч, тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, товыг мэдэгдсэн байна. /хх 35 дахь тал/ Иймд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй.

 

Мөн шүүх хуралдааны эхэнд татгалзал байхгүй гэж хариулж байсан хэргийн оролцогч, шүүгч тодорхой хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах талаар хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүх хангаагүй талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь эргэлзээ төрүүлсэн гэх шалтгаанаар шүүгчийг татгалзан гаргах тухай шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй. Иймээс шүүгч хүсэлтийг зохих журмын дагуу гарсан татгалзал биш гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу биш, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хууль зүйн үндэслэлгүйгээр шүүгчээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргаж үл болох гэсэнтэй нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь зөв юм.

 

“ Ф ББСБ” ХХК болон Ж.Ж, Л.Д, Б.Эрдэнэбат нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх, зээлдүүлэх талаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн байх бөгөөд мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

 Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр зээлийн барьцаанд Ж.Ж, Л.Д нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1А байр, 48 тоотод байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалах барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, барьцаалагч нар нь уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй өмчлөгч болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.  

 

Зээлийн гэрээнд Ж.Ж, Л.Д, Б.Эрдэнэбат нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх боловч нэхэмжлэгч зөвхөн Ж.Ж, Л.Д нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 24 637 400 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй. Зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар хүлээдэг тул хариуцагч нар үндсэн зээлд 60 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар бодогдсон хүүгийн үлдэгдэл 9 814 107 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ээс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 20 298 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 909 918 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч хугацаандаа биелүүлээгүйн улмаас хэтэрсэн хугацааны хүү тооцогдож, зээлдэгчийн төлөх нийт хүүгийн хэмжээ нэмэгдсэн байдлыг зээлийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагч нарын гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардалд 13 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00511 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 638 850 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА