Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 141/ШШ2019/00141

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 141/ШШ2019/00141

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт оршин суугч А овогт Д-ын П-ийн нэхэмжлэлтэй

Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт оршин суугч С овогт У-ын М-д холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, хариуцагч У.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сард У.Мд өвлийн орон сууцыг 30 сая төгрөгөөр зарахаар тохиролцож, уг 30 сая төгрөгтөө 1 пургон машин, бэлнээр 500,000 төгрөг, 162 толгой хонь оролцуулахаар болсон. Пургон машиныг 9,000,000 төгргөнд тооцож авсан.  Харин байшингийн гэрчилгээ миний нэр дээр, би банкны барьцаанд тавьсан байсан учраас тухайн үед гэрчилгээг нь У.Мын нэр дээр шилжүүлж өгч чадаагүй, дараа нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан.  2016 оны 6 сард У.М эхнэртэйгээ манайд ирээд байшингийн үл хөдлөхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлж авмаар байна гэсэн. Тухайн үед пургон машиныг буцаагаад зарах гэсэн боловч зарагдахгүй, хуучин пургон машин ийм өндөр үнэтэй байдаггүй, У.Мас авсан машин нь 9,000,000 төгрөгийн үнэд хүрэхээргүй гэдгийг нь мэдсэн байсан учраас энэ талаараа У.Мд хэлээд машинаа буцааж ав гэхэд машинаа буцааж авахгүй, харин 4 сая төгрөг бэлнээр нэмж өгөхөөр болсон. Эхнэр нь 4 сая төгрөг юу юм бэ өгнө гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа У.М 3,500,000 төгрөг бэлэн авч ирээд 500,000 төгрөгийг нь хоёулаа дундаа хийчихъе, та 3,500,000 төгрөгөө аваад миний байшингийн үл хөдлөхийн гэрчилгээг чөлөөлөөд миний нэр дээр болгоод өг, тэгээд наймаагаа дуусгая гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд банкин дээр очоод үл хөдлөхийн гэрчилгээг барьцаанаас гаргуулж авах гэсэн боловч зээлээ бүрэн төлж дуусгаж байж авч болно гэсэн. Тухайн үед би Хас банкинд 11 сая төгрөгийн төслийн зээлтэй, уг зээлийн барьцаанд үл хөдлөхийн гэрчилгээ барьцаалагдсан байсан. Тэгээд би мөнгө хайж эхэлсэн, харин У.М надад 3,500,000 төгрөгөө өгөөгүй, буцаагаад аваад хөдөө явсан байсан. Би мөнгө хайгаад олохгүй болохоор Төрийн банкны эдийн засагч О-тай уулзахад “... та манай банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл авч болохоор байна, харин цалингийн зээлээ авсан тохиолдолд Хас банкны 11 сая төгрөгийн зээлээ төлөх шаардлагатай..” гэж хэлсэн. Би бодохдоо Төрийн банкнаас 8 сая төгрөгийн зээл аваад У.Мас 4 сая төгрөгөө аваад Хас банкны 11 сая төгрөгийн зээлээ төлөөд У.Мд үл хөдлөхийн гэрчилгээг нь чөлөөлөөд өгчхөөд зөвхөн Төрийн банкинд цалингийн зээлээ төлөөд байж болох юм гэж тооцоод Төрийн банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл аваад Хас банкинд хийсэн. Харин У.Мас мөнгөө авах гэтэл мөнгөө үрчихсэн одоо мөнгө байхгүй гэсэн. Гэтэл Төрийн банкнаас Хас банкны зээл хаасан баримтаа авчирч өг гээд нэхээд би хүнд байдалд орсон. Ингээд би дахин сар гаруй мөнгө хайж байтал Төрийн банкнаас нэмж зээл авах эрх үүсээд цалингийн зээлээ 11.890.000 төгрөгийн зээл болгож нэмэгдүүлээд  Хас банкны зээлээ хаасан. ХэрэвУ. М мөнгө өгнө гэж хэлээгүй байсан бол би Хас банкнаас авсан төслийн зээлээ хаах шаардлагагүй байсан, учир нь зээлийн хүү нь харьцангуй бага хүүтэй байсан юм. Ингээд У.М нь мөнгө өгөхгүй болохоор бид хоёр ярилцаад 2017 оны 6 сард нотариатч Г гэдэг хүн дээр очиж “... У.М надад үлдэгдэл 4.000.000 төгрөгийг өгнө, харин үл хөдлөхийн гэрчилгээг би чөлөөлж өгнө...” гэдэг гэрээ хийж нотариатаар батлуулсан юм. Гэрээний нэг хувь надад байхгүй байгаа. Би бичиг үсэг мэдэхгүй учраас тийм утгатай гэрээ байгуулагдсан гэж ойлгосон, уг нь манай эхнэр надтай хамт, У.М эхнэртэйгээ явж байсан юм. Гэтэл тэр гэрээ нь одоо танилцахад зөвхөн би гэрчилгээг нь чөлөөлж өгнө гэж бичсэн, надад мөнгө өгөх талаар ерөөсөө бичээгүй гэрээ байсан байна. Бид хоёр нэг л удаа нотариат дээр очсон юм, надад 4 сая төгрөг өгнө гэсэн агуулгатай гэрээ байхгүй, энэ гэрээ мөн байх, би тухайн үед уншаагүй учраас өөр гэрээ байх ёстой гэж ойлгоод байсан юм. Гэхдээ У.М надад 4 сая төгрөг өгөх нь үнэн, энэ талаар нотариатч Г, банкны эдийн засагч Отгонжаргал нар хэлсэн байгаа учраас одоо У.Мас 4 сая төгрөгөө нэхэмжилж байгаа юм. У.Мөнгөнхундагыг мөнгөө өгөхгүй болохоор би байшингийн үл хөдлөхийн гэрчилгээг Тэгшдаян гэдэг компанид 2 сая төгрөгөнд барьцаалаад зээл авсан байсан түүнийгээ төлөөд одоо 500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. У.М мөнгөө өгчих юм бол үл хөдлөхийн гэрчилгээг нь аваад түүний  нэр дээр нь  шилжүүлээд өгчихөж болно.

Мөн би бичиг үсэг мэдэхгүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төрсөн хүү П.Дыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан боловч хүү маань Ховд аймагт яаралтай ажилтай явж байгаа учраас шүүх хуралдаанд өөрөө оролцохоор хүсэлт гаргасан. Би өөрийн эдлэх эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө хэргийн материалд цугларсан нотлох баримттай итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даар дамжуулан танилцсан, харин 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн найз Ц.Төртогтохоор уншуулж танилцсан. Надад хэргийн материал, эрх үүрэг танилцах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт, гомдол байхгүй. Хариуцагч тал 2.000.000 төгрөг өгье, эвлэрэн хэлэлцэе гэж байгаа боловч би зөвшөөрөхгүй байна, би Мас 4 сая төгрөг авах ёстой. Би энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд хариуцагч У.Мас 4.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү ...” гэв. 

Хариуцагч У.М нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Би  П-ийн гаргасан 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 10 сард наймаа хийгээд П төрсөн дүүтэйгээ ирээд 30 сая төгрөгөндөө тооцоод  162 толгой хонь, пургон автомашин, бэлнээр 500 мянган төгрөг аваад явсан. 2016 оны 6 дугаар сарын 20-нд очиж хашаа байшингийн бичиг баримтаа авахаар очсон чинь машины үнэ дээр тохиролцоогүй. Би наймаагаа буцаая гэсэн чинь П “... малыг чинь алаад идчихсэн, мөнгө байхгүй, машинаас өөр юм байхгүй...” гэж хэлсэн. Машины үнэ дээр 4 сая төгрөг нэмж өг гэхээр нь би өгөхгүй гэсэн. Би 4 сая төгрөг нэмж өгөхөөр ерөөсөө тохиролцоогүй, одоо болтол хашаа байшингийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгож аваагүй байгаа. Тэгээд байшингийн бичиг баримт шилжүүлж өгөхгүй болохоор нь 2017  оны 6 дугаар сарын 23-ний өдөр нотариат дээр очоод 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд байшингийн бичиг баримтыг чөлөөлж миний нэр дээр шилжүүлж өгөхөөр гэрээ байгуулсан. Түүнээс хойш одоо болтол шилжүүлж өгөхгүй байгаа. Энэ талаар би Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. Би одоо Пд 2.000.000 төгрөг өгье, тэгээд маргаанаа дуусгавар болгоё, миний байшингийн гэрээ гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгчих гэдэг эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа. Эвлэрэхгүй тохиолдолд 2 сая төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би байшингийн үнэ хөлсийг хангалттай төлсөн учраас одоо надад Пд өгөх өр, төлбөр байхгүй тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч У.Мд холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдсаны үнээс төлөгдөөгүй үлдсэн 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй.” гэж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “... эдийн баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно....” гэж,  мөн хуулийн 14 дүгээр зүйлд “... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж,  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “... үл хөдлөх эд хөрөнгөтэй  холбоотой  гэрээний үүрэгт шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил....” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь  шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.П нь “...У.Мд өвлийн байшинг 30 сая төгрөгөөр худалдсан. Уг 30 сая төгрөгтөө 1 пургон машин, бэлнээр 500,000 төгрөг, 162 толгой хонь оролцуулан авахаар тохирсон. Пургон машинаа 9 сая төгрөгт тооцож авсан боловч машины үнэ дээр тохиролцоогүй учраас буцааж өгөх гэтэл буцаан авах боломжгүй, 4 сая төгрөг бэлнээр нэмж өгье гэж тохиролцсон, тиймээс 4 сая төгрөгийг У.Мас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн гэх тохиролцооны гэрээ, Хас банкны  барьцаат зээлийн гэрээнүүд, эргэн төлөлтийн хувиар, дансны хуулга, гэрч Б.Отгонжаргал, Д.Г нарын мэдүүлгүүдээр  нотлогдож байна гэж мэтгэлцжээ.

Харин хариуцагч У.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... 2015 оны 10 сард Пгээс 30 сая төгрөгөөр байшин худалдан авсан нь үнэн, 30 сая төгрөгөндөө тооцоод  162 толгой хонь, пургон автомашин, бэлнээр 500 мянган төгрөг аваад явсан. Машины үнэ дээр 4 сая төгрөг нэмж өг гэхээр нь би өгөхгүй гэсэн. Би 4 сая төгрөг нэмж өгөхөөр ерөөсөө тохиролцоогүй, одоо болтол хашаа байшингийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгож аваагүй байгаа. Тэгээд байшингийн бичиг баримт шилжүүлж өгөхгүй болохоор нь 2017  оны 6 дугаар сарын 23-ний өдөр нотариат дээр очоод 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд байшингийн бичиг баримтыг чөлөөлж өгөхөөр гэрээ байгуулсан, мөнгө өгнө гэсэн агуулгаар гэрээ байгуулаагүй..., гэж хариу тайлбарлан 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн гэх тохиролцооны гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлж мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч П нь бичиг үсэг үсэг мэдэхгүй, уншиж болон бичиж чадахгүй талаараа тайлбарласан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг нь эдлүүлэх зорилгоор итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч оролцуулах, хэргийн материал, нотлох баримттай танилцах эрхийг удаа дараа тайлбарласан боловч зохигч нь “... надад хэргийн материал, эрх үүрэг танилцах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт, гомдол байхгүй. Би энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэж байна...” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч У.Мд 30.000.000 төгрөгөөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Чандмань хэсгийн 2-2 тоотод байрлалтай 684 метр кв газрыг хашаа, байшингийн хамт худалдсан бөгөөд байшин, газрын үнэд бэлнээр 500,000 төгрөг, 162 толгой хонь, пургон машин оролцуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргахгүй байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

Маргаж буй талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Харин нэхэмжлэгч тал худалдах худалдан авах харилцааны явцад хариуцагч У.Мас байшингийн үнэд оролцуулан авсан пургон машины үнийг харьцангуй өндрөөр үнэлсэн учраас У.М нь нэмж 4.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэж маргаж байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь  2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн гэх тохиролцооны гэрээ, Хас банкны  барьцаат зээлийн гэрээнүүд, эргэн төлөлтийн хувиар, дансны хуулга, гэрч Б.Отгонжаргал, Д.Г нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэжээ.

Гэвч 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн гэх тохиролцооны гэрээнд У.М нь Д.Пд 4.000.000 төгрөг өгөх талаар ямар ч агуулга тусгагдаагүй, Хас банкны  барьцаат зээлийн гэрээнүүд, эргэн төлөлтийн хувиар, дансны хуулга нь зээлдэгч Д.П нь Төрийн банкнаас 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 8.000.000 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 11.890.000 төгрөгийн цалингийн зээл авсан талаарх мэдээлэл агуулсан боловч эх хувь биш, нотариатаар гэрчлүүлээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байна.

Мөн гэрч Б.О-ын “... Анх П нь  Хас банкинд 12 сая орчим төгрөгийн зээлтэй байж байгаад манай Төрийн банкнаас 8 сая төгрөгийн зээл аваад, мөн хашаа байшин зарсан хүнээсээ 4 сая төгрөгөө аваад нийт 12 сая төгрөгөөр Хас банкны зээлээ хаагаад манайд баримтаа авчирч өгөхөөр тохиролцсон юм. Гэтэл Хас банкны зээлээ бүрэн хаагаагүй баримт авчирч өгсөн болохоор нь зээлээ бүрэн төлж хаасан баримтаа авчирч өгөхийг шаардахад тэрээр  “... нөгөө хүн маань мөнгөө өгөхгүй байна, М гэдэг хүн малчны зээл авч байж чиний мөнгийг өгнө гэсэн боловч утасаа авахгүй байна энэ дугаар луу яриад өгөөч...”  гэхээр нь залгаж ярихад М нь “...тухайн мөнгийг төлнө, харин малчны зээл  авч болохгүй  байна гэж хэлсэн шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Гийн “... Хэдэн оны хэдэн сар гэдгийг нь санахгүй байна, Д.П нь хүнд хашаа байшингаа зарж оронд нь автомашин авч, зөрүү мөнгө авахаар тохиролцож гэрээ хийж байсан тэр гэрээг нарийн сайн санахгүй байна. Мөнгөө гүйцэд авсны дараа үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлнэ гэж ярьж байсан. Түүнээс хойш өөрт байсан хувиа алга болгочихсон гэж ирсэн боловч  тэр гэрээний нэг хувь олдоогүй, энэ гэрээ яагаад олдоогүй вэ гэхээр тэр 2 хүн хоорондоо тохиролцсон баримтаа 2 хувь үйлдээд батлуулаад аваад явсан учраас манай нотариат дээр  нэг хувь нь үлдээгүй байх...” гэсэн мэдүүлгүүд нь тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлсэн боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, эргэлзээтэй, У.М, Д.П нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж У.М нь Д.Пд 4 сая төгрөг нэмж өгөхөөр болсон, уг 4.000.000 төгрөг төлөхийг нотолсон нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, гэрч Д.Г нь Д.Пг хэн гэдэг хүнтэй  гэрээ хийж байсан талаар гэрчлээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч У.Мд  30.000.000 төгрөгөөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Чандмань хэсгийн 2-2 тоотод байрлалтай 684 метр кв газрыг хашаа, байшингийн хамт худалдаж түүний үнэд бэлнээр 500,000 төгрөг, 162 толгой хонь, пургон машин, мөн 4.000.000 төгрөг нэмж авахаар тохиролцсон болохоо нотлоогүй байна.

Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг  тохирсон байх явдал юм. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүйд хүрнэ.

 Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж заажээ. Гэрээний талууд худалдах, худалдан авах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд талууд үнэ тодорхойлох өөр арга хэрэгсэлээр тохиролцсон байдал ч мөн тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх,  татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй буюу нэхэмжлэгч нь  хариуцагчид худалдсан байшингийнхаа үнэнд 4.000.000 төгрөг нэмж авахаар тохиролцсон нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Иймд Д.Пгийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Мд холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Мд холбогдох “4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ