Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00129

 

“А Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалтай,

 

“А Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т.М, Н.Унарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 83,910,028.7 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Т.М, Н.Унараас 83,910,028.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.М, Н.Унар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Т.М, Н.Унарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019682 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 12-р байр, 47 тоот хаягт байрлах 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.М, Н.Унараас улсын тэмдэгтийн хураамжид 647,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А Б” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах би давж заалдах гомдлын үндэслэлд нэмэлт тайлбар болох 1,795,811 төгрөгийг үндсэн зээлэнд оруулах тухай маргадаг. Учир зээлдэгч нар нь гэнэтийн осолд орсны улмаас орлогын эх үүсвэргүй болж тус орон сууцны зээлээ төлж чадахааргүй нөхцөл байдалд ордог. Ингээд хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2019 оноос эхлэн доголдож, уг нөхцөл байдлаа ч банкинд илэрхийлсэн боловч банк зээлийн гэрээндээ тусгаснаар тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-д “Зээлдэгчийн санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон нь ажиглагдсан” гэж заасны дагуу банк өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас зээлдэгч нар нь их хэмжээний хүүнд унаж байна. Зээлдэгч нар нь 2019.01.09-ний өдрөөс хойш нэг ч төгрөгний төлөлт төлөх боломжгүй байсан ба улмаар банк 2020.03.12-ны өдөр зээлийн ангиллыг бууруулж, 2019.04.10-ны өдөр дахин зээлийн ангиллыг бууруулж зээлийн хүүг зогсоосон мөн 2019.07.19-ний өдөр зээлийн ангиллыг муу зээлдэгчийн ангилалд оруулсан. Зээлдэгч нар нь хамгийн сүүлд төлөлт хийсэн хугацаа болох 2019.01.09-ний өдрөөс хойш бүхэл бүтэн 9 сарын дараа буюу 2019.09.17-ны өдөр 1,795,811.80 төгрөг зээлийн төлөлтөнд хийсэн боловч банк зээлийн хүүг зогсоож туу зээлдэгчийн ангилалд оруулсан атлаа уг мөнгийг үндсэн хүүнд тооцож суутгасан нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дансны хуулгаар нотлогддог. Иргэний хуулий 216 дугаар зүйлийн 216.1.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” болон 2006.12.21-ний өдрийн 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45,46 дугаар бүлэг, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ.” гэж зааны дагуу 2019.09.17-ны өдөр зээлэнд төлөгдсөн 1,795,811.80 төгрөг нь хүүнд биш харин үндсэн зээлээс төлөгдөх ёстой байсан. Гэвч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд шүүхийн шийдвэр, магадлалдаа огт дурьдаагүйд гомдолтой байна. Иймд 2019.09.17-ны өдөр тус зээлийн үндсэн хүүнд тооцогдсон 1,795,811.80 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Нэхэмжлэгч “А Б” ХХК нь хариуцагч Т.М, Н.Унараас зээлийн үүрэг, хохиролд нийт 83,910,028 төгрөгийг гаргуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч нар  61,769,410 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөөгүй, маргажээ.

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

7. 2018.04.09-ний өдөр А Бны Дархан салбар болон Т.М, Н.Унарын байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээр 73,500,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний үүргийг хангуулахаар Т.М, Н.Унарын өмчлөлийн Дархан-Уул аймаг дахь 77.59м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 165 дугаар зүйлийн 165.1,166 дугаар зүйлийн 166.1-д заасан зохицуулалтын дагуу дүгнэсэн байна.

 

8. Зээлдэгч нар зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу сар бүр 1,238,176 төгрөг, гэрээг цуцалсан 2019.10.09-ний өдөр хүртэл 22,287,168 төгрөгийг төлөхөөс 11,730,560 төгрөгийн төлөлт хийсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.гэж, 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.гэж зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлахдаа зээлдэгч нар нь зээлийн гэрээний 5.2.3-т заасан “...зээлдэгч зээл, хүү төлөх хуваарийг зөрчсөн”, 5.2.8-д заасан “зээлдэгчийн санхүү эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөхгүй болох нь ажиглагдсан” үндэслэл бий болсон гэжээ. Хариуцагч нар гэрээг цуцалсныг үндсэндээ маргаагүй, харин 2019.01 сард ажилгүй болж төлбөрийн чадваргүйгээс төлөлт хийгээгүй байхад нэхэмжлэгч нь гэрээг цуцлахгүй, зээлийг хүү 2019.10 сар хүртэл хуримтлуулсан тул энэ хугацааны хүүг төлөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Т.М нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийг танилцуулаагүй, гарын үсгийг дуурайлган зурсан гэж маргасан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 648 дугаар дүгнэлтээр үгүйсгэгдсэн, “зээл, зээлийн хүү төлөх хуваарь” гэсэн баримтад гарын үсэг зурсан нь тогтоогдсон байна. /хх-ийн 54-71-р тал/ Шүүх 2019.10 сарын байдлаар буюу гэрээг цуцалсан үеэр гэрээний үүргийг хязгаарлаж хариуцагч нараас үүргийг хангуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул “хүүг хасч тооцуулах”-ыг хүссэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.гэж заасан тул барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй.

 

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл ипотекийн зээлийн эх үүсвэр байгаагүй тул банк тухайн зээлийг өөрийн эх үүсвэрээс олгохоор хариуцагч талтай харилцан тохирч, гэрээг байгуулсан учир зээлийн хүүг багасгах боломжгүй, хариуцагч 2019.09.17-ны өдөр 1,795,811 төгрөгийг төлсөн боловч гэрээний хугацааны төлбөл зохих үүргийн хэмжээнээс хэтрээгүй тул үндсэн зээлээс хасах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 45,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД