Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.З/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Н/РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 294 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.З миний бие иргэн Р.Нтэй 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 700 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Р.Н нь мөнгө зээлсэн өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний дагуу хүү нь/18 700 000*1%=187 000*12 сар/ 2 244 000 төгрөг, алданги нь /18 700 000*0,1%=18 700*730 хоног=13 651 000/ 13 651 000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь буюу 9 350 000 болж байна.

Нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч Р.Зд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нь нэг бүрийн төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлсийг өгөөгүй байдаг. Хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэх боломж байхгүй. Энэ гэрээний хувьд 2013 оны 08 дугаар сард 10 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээг хугацаа сунгах байдлаар хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Иймд хариуцгач Р.Нэс зээл, зээлийн хүү, алданги нийт 30 294 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 420 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Р.Номин-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Н миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Р.Згийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Р.Н миний бие 2015 оны 10-р сарын 20-ны өдөр Р.Згээс 18 700 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар аваагүй болно.

Харин 2013 оны 8-р сард Р.Згээс 10 сая төгрөгийг 1 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай Амаар харилцан тохиролцож зээллэж авч, сар бүр үндсэн мөнгө, хүүгийн хамт 500 000 төгрөгийг нийт 11 200 000 төгрөг төлөөд дуусгасан.

Р.З нь 2015 оны 10-р сард авсан мөнгөний үлдэгдэл тооцоо 18 700 000 төгрөг болсон, үүнд зээлийн гэрээ хийнэ гээд ажил дээр байнга ирж хэл ам хийж, утасдаад байхаар нь аргагүй эрхэнд, дарамт шахалтад орж гарын үсэг зурсан. Тугайн үед тооцоо дууссан гэхэд З миний тооцоо гээд надад хүч өгөхгүй өөрийнхөөрөө бичсэн үнийн дүн билээ.

Харин 2013 оны 8-р сард 10 сая төгрөгийг миний бие гадаадад явж байсан тул өөрөө биечлэн аваагүй, дүү Ундармаар дамжуулж авсан.

Р.З нь мөнгөө өгөхгүй байхаар ажил дээр ирээд “олж өг, хүлээж байгаад аваад явна” гээд аваад явдаг хүн байсан. Үүнийг болон мөнгийг төлж дуусгасныг Ундрам, Билгээ эгч, манай ажлын хүмүүс мэднэ.

Иймээс Р.Згийн нэхэмжилсэн 30 294 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Р.Номин-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Н миний бие 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Р.Згээс 18.700.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар аваагүй болно.

Н.Н хамтлагийн дуучин хийдэг ба хажуугаар нь дэлгүүр нээж худалдагчаар нь дүү Ундрамыг ажиллуулсан байдаг. Тэгээд өөрөө гадаад явж бараа бүтээгдэхүүнээ авчирдаг байсан. Барааны үнэ нь дутаж 2012 онд Алтанбилэгээр дамжуулан Р.Згээс 10,000,000 төгрөгийг зээлж авсан боловч 1 сарын хүүг суутгаж аваад 9,500,000 төгрөгийг Ундармаад бэлнээр өгсөн. Ундрам мөнгийг евро болгож Н.Н лүү шилжүүлсэн байдаг. Зээлийн хүүг сар бүрд нь Р.Згийн Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол  Р.З нь дэлгүүр дээр ирээд нэхээд авчихдаг байсан. Зээлийн гэрээг бол амаар хийсэн байдаг. Р.Згээс 10,000,000 төгрөгийн зээл авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ажил үйлс нь бүтэмжгүй болсны улмаас үндсэн мөнгө болон зээлийн хүүг өгч чадаагүй. Тийм учраас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа.” гэв.   

 

Нэхэмжлэгч Р.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг гаргахдаа хүч хэрэглэж хийсэн гэж тайлбарлаж байна. Тайлбарт хүч хэрэглэсэн гэдэгт сэтгэл санаа, сургууль дээр очиж хүүхэд дарамталсан гэж байна. Хэдийгээр амаар хэлж байгаа боловч хүч хэрэглэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн үед ярьж байгаа зүйлээ баримтаар нотлоогүй. Мөн хүч хэрэглэсэн бол цагдаагийн байгууллагад хандах бүрэн боломжтой байсан. Энэ гэрээг байгуулахдаа Н.Н нь гарын үсэг зурж, байгуулсан гэдэг үйл баримт нь дээр маргадаггүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар мөн эрхээ хамгаалуулах боломжтой байсан ч гомдлоо гаргаагүй байдаг. Иймээс хүч хэрэглэж хэлцэл хийгдээгүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.З хариуцагч Р.Нд холбогдуулан үндсэн зээл 18 700 000/арван найман сая долоон зуун мянга/ төгрөгийг, зээлийн хүү 2 244 000/хоёр сая хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг, алдангид 9 350 000/есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг, нийт 30 294 000/гучин сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Р.Н нэхэмжлэгч Р.Зд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Р.Н нь Р.Згээс 18 700 000/арван найман сая долоон зуун мянга/ төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар аваагүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Р.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нь хүч хэрэглэж хэлцэл хийгдээгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2013 оны 8 дугаар сард зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000/арван сая/ төгрөгийг 1/нэг/ жилийн хугацаатай, сарын 5/тав/ хувийн хүүтэй шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, Ж.Алтанбилэг, Ц.Ундрам нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18 700 000/арван найман сая долоон зуун мянга/ төгрөгийн Зээлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 18 700 000/арван найман сая долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Ж.Алтанбилэг, Ц.Ундрам нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ... үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 18 700 000/арван найман сая долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн өгөөгүй байх тул хариуцагчаас 18 700 000/арван найман сая долоон зуун мянга/ төгрөгийг, зээлийн хүү 2 244 000/хоёр сая хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг, алдангид 9 350 000/есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг, нийт 30 294 000/гучин сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

 Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 30 294 000/гучин сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх энэхүү шийдвэрээр 2013 оны 8 дугаар сарын 10 000 000/арван сая/ төгрөгийн зээлийн гэрээ холбоотой маргааныг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээг хүч хэрэглэн хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол ... хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээг хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18 700 000/арван найман сая долоон зуун мянга/ төгрөгийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Нэс нийт 30 294 000/гучин сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Р.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Номин-Эрдэнийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Нэс нийт 30 294 000/гучин сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Р.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Номин-Эрдэнийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Згийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309 420 төгрөгийг, хариуцагч Н.Номин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ