Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00169

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00966 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1348 дугаар магадлалтай,

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

Ч.Од холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64,747,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00966 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Оаас 34.087.725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.660.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Биас улсын тэмдэгтийн хураамжид 531.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 328.388 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1348 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 250 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын гомдолдоо: ...Магадлалыг бүхэлд нь зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Оыг хүү авах эрхтэй хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн атлаа хүүнд төлсөн төлбөрөөс 34,087,725 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ойлгомжгүй. Учир нь нэхэмжлэгч Ч.Билгүүндарь нь 30,660,000 төгрөгийг хүүнд 34,087,725 төгрөгийг үндсэн зээл эсхүл бараа материалын үнэ гэж өгөөгүй ба 64,747,725 төгрөгийг зөвхөн хүүнд төлсөн болохоо өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг өөрийн хүсэл зоригийн үүднээс зээлийн хүүг сайн дурын үндсэн дээр төлсөн болохыг анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэж хариуцагчаас 34,084,725 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй. 2.Нэхэмжлэгч Б.Бь нь намайг дарамтлаад хүчирхийлээд байхаар би хүүнд мөнгө төлөөд байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог боловч хавтас хэрэгт түүнийг дарамталж аргагүйн эрхэнд оруулж хүү авдаг байсан үйл баримт тогтоогдоогүй ба нэхэмжлэгч энэ үйл баримтаа нотолж чадаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж төлбөр гаргуулсан явдалд гомдолтой байна. 3. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай ойлголт нь талуудын аль нэгний хүсэл зоригоос үл хамаарах ойлголт юм. Гэвч талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх ба талууд үүнээс гарах үр дагавар ойлгож сайн дурын үндсэн дээр гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай ойлголт биш юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч Б.Б нь Ч.Оаас 153,300,000 төгрөгийг зээлж аваад 218,047,725 төгрөгийг буцааж төлсөн ба бичгээр хүү төлөхийг тохироогүй тул илүү төлсөн гэж 64,747,725 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, харилцан тохирч хүү төлсөн, нэхэмжлэгчийн төлсөн мөнгөнд  худалдан авсан гар утасны үнэ 1,400,000 төгрөг, автомашины улсын дугаар зуучлуулан авсан 2,000,000 төгрөг, хувцас захиалуулж авсан 26,439,848 төгрөг, н.Мөнх-Амгалан гэдэг хүний дансанд шилжүүлсэн 5,000,000 төгрөг орсон байгаа гэж маргажээ. /хх1, 52/

 

6. Талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан, үндсэн зээл 153,300,000 төгрөгийг зээлийн хүү 20 хувиар бодоход хүүд 30,660,000 төгрөгийг төлөх ёстой, зээлдэгч Б.Бь 218,047,725 төгрөгийг төлж, 34,087,725 төгрөгийг илүү төлсөн нь үндэслэлгүй байх тул хариуцагч Ч.О нь буцааж өгөх үүрэгтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцсэн байна.

 

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан, талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч зээлдэгч буюу нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, хүүг төлж байсан тул талуудын тохирсон хэмжээнд хүүг тооцсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.гэж заасныг зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив. Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон, үүнээс 34,087,725 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар буцаан шаардах эрхтэй байна.

 

8. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00966 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1348 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 328,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД