Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01348

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01348

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00966 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.О-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64 747 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагч Ч.О-, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О-аас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 20 удаагийн гүйлгээгээр 153 300 000 төгрөгийг зээлсэн. Ч.О-д 79 удаагийн гүйлгээгээр зээл, зээлийн хүүд 218 047 725 төгрөгийг буцаан төлсөн. Бид хоёр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Ч.О- нь зээлийн хүү авах эрхгүй. Зээлийн хүүд төлсөн 64 747 725 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Б.Б-ийн хүсэлтээр 159 210 700 төгрөгийг зээлдүүлсэн. Бичгээр гэрээ байгуулаагүй боловч зээлийн хүүг 20 хувиар тохирч, Б.Б-ь нь зээл, зээлийн хүүгээ бүрэн төлж барагдуулсан. Б.Б-ь 218 047 725 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг үнийн дүнд ...түүний надаас худалдан авсан гар утасны үнэ 1 400 000 төгрөг, автомашины улсын дугаар зуучлуулан авсан 2 000 000 төгрөг, хувцас захиалуулж авсан 26 439 848 төгрөг, н.Мөнх-Амгалан гэдэг хүний дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн зэрэг нь орсон. Үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, зээлдүүлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан авсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчид 34 087 725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-иас улсын тэмдэгтийн хураамжид 531 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 328 388 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бараа захиалуулсны төлбөр, автамашины улсын дугаар зуучлуулсны төлбөр зэргийг шаардаагүй. Хүүд төлсөн төлбөр гэхийг буцаан шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй маргаагүй үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Б.Б-ийн хүсэл зориг нь хүүтэй мөнгө зээлэх байсан. Хэлцийн үр дагаврыг ойлгож байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл. Хүүтэй зээлснээ мэдэхгүй дарамтлаад байхаар нь төлсөн гэж мэтгэлцсэн ба хэрэгт дарамталж хүү авдаг байсан үйл баримт тогтоогдоогүй. Энэ талаар нотлох баримт гаргаж татгалзалаа нотлоогүй. Б.Б-ийг хүүтэй мөнгө зээлэх санал гаргаагүй бол зээл олгохгүй байсан ба зээл болон зээлийн хүүг төлж дахин зээл авдаг учраас олон удаагийн давтамжтай зээл олгосон. Бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй боловч нэхэмжлэгч өөрөө хүүтэй мөнгө зээлсэн болохоо зөвшөөрч хүү төлсөн бол уг хүүг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй ба буцаан гаргуулах үндэслэл болохгүй. Шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолоо: Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгчээс 20 хувийн хүү авах эрхтэй гэдгээ нотлоогүй. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, бичгээр гэрээ байгуулаагүй байхад 20 хувийн хүү авах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул 30 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэн хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ь нь Ч.О-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64 747 725 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 52/

Ч.О- нь Б.Б-ийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг 20 хувийн хүүтэйгээр буцаан төлөхөөр амаар тохиролцож, Ч.О-аас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 20 удаагийн гүйлгээгээр нийт 153 300 000 төгрөгийг Б.Б-ьд шилжүүлсэн, зээлдэгч нь зээл, хүүд нийт 218 047 725 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, ийнхүү шилжүүлсэн явдал нь зохигчдын хоорондын зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй болохыг талууд тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл, хүүд нийт 183 960 000 төгрөгийг буцаан төлөхөөс 218 047 725 төгрөгийг Ч.О-д шилжүүлсэн байх тул зөрүү 34 087 725 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ьд олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу шилжүүлсэн 30 660 000 төгрөгийн хүүг буцаан шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзал, түүний үндэслэл болох нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй. Хариуцагч нь Б.Б-ийн буцаан төлсөн 218 047 725 төгрөгийн үнийн дүнд худалдан авсан гар утасны үнэ 1 400 000 төгрөг, автомашины улсын дугаар зуучлуулан авсан 2 000 000 төгрөг, хувцас захиалуулж авсан 26 439 848 төгрөг, н.Мөнх-Амгалан гэдэг хүний дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөг орсон байгаа гэж тайлбарласан боловч татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр, үлдээж зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг ханган үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 250 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД