Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2019/02734

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг 2 давхарт байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам-4 тоотод оршин суух, Тугчин овогт Н.Д-т холбогдох  

 

Гэрээний үүрэгт 13,268,325 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мо” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон товчооны зам, 4/Б-д байрлах, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшлийн газарт гал гаргасан ба уг галын улмаас манай байгууллагын эд хөрөнгийг шатаан устгаж, бидэнд хохирол учруулсан билээ.

Уг галын улмаас учирсан бодит хохирлоо үнэлж гаргуулахаар бид хөндлөнгийн “Бэст эстимэйт” ХХК-иар “Эвдрэл, хохирлын үнэлгээ” хийлгэсэн ба уг үнэлгээгээр 12,515,850 төгрөг гэж тогтоогдсон. Уг үнэлгээний дүн дээр талууд маргаагүй бөгөөд төлбөрийг төлж барагдуулахаар 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэн Н.Д-тай бид “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, манай байгууллагыг хохиролгүй болгох талаар харилцан тохиролцсон. “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 1.3.1-т “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ижил төрлийн контейнерээр солих”, 1.3.3, 1.3.4-т заасны дагуу хариуцагч Н.Д нь өнөөдрийг хүртэл контейнерээ солиогүй, төлбөрөө төлж барагдуулаагүй тул уг гэрээний 1.2-т заасан 12,515,850 төгрөгийг гаргуулах, 2.2-т заасны дагуу алдангид 375,475 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 377,000 төгрөг нийт 13,268,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Бид төлбөр барагдуулах гэрээг үндэслэн нэхэмжилж байгаа. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Гэрээний учир холбогдол, агуулгыг хариуцагч Н.Д-д маш сайн тайлбарлаж өгсөн. Гал гарснаас хойш байгуулсан учир сэтгэл санаа тогтворгүй байх, ноцтой төөрөгдсөн, учир холбогдолоо ойлгохгүй байх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулахад шахалт үзүүлсэн, дарамталсан зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Монос” –ын уулзварт зам дагуу 2004 оноос өдий хүртэл цайны газар ажиллуулж байна. Манай УБДС ХК-ийн №287 тоот техникийн нөхцөлийн дагуу 27 байгууллага дундын эзэмшлийн Ф-200, 615 метр шугамаас 30 м хос урт дулааны болон цэвэр усны шугамтай бас УСАГ-н №276/4 тоот цэвэр болон бохир ус зайлуулах техникийн нөхцөлтэй ба 1,2,3 гэсэн бохирын цооног, 45 метр бохирын шуга сүлжээний байгууламжтай хууль ёсны эзэмшлийн заагын зурагтай. Гэтэл “Монос” ХХК нь манай дулааны болон цэвэр усны инженерийн шугамын дагуу 40 тн контейнераа 60 см орчмын шугам дээр давуулан тавьчихсан ба энэ намар 10 сард шугам шинэчлэх явцад хүндрэл учруулж контейнер доогуур техник ашиглах боломжгүй болгож маш их нэмэлт зардал гаргасан. Харин 2019 оны 3 сард бохирын системийн 1 дугаартай цооног шугамын хамт хөлдөж бидэнд хүндрэл учирсан. Мэргэжлийн слесаруудад хандсан хэдий ч уураар гэсгээдэг багаж төхөөрөмжөө хулгайд алдсан гэсэн. Аргаа барж 2019 оны 3 дугаар сарын 2-3 шилжих шөнө 1 дугаартай бохирын цооног ба ариутгал татуургыг гэсгээх зорилгоор 2 ш дугуй шатааж хонуулсан. Өглөө нь аажуухан 11 цагийн үед гэсгээсэн цооногоо ухахаар очиход цооногоос 1,5 метр орчимд байрлуулсан тус компаний 20 тн контейнерээс утаа гарч байгааг анзаарч гал компанд дуудаж зохих арга хэмжээ авсан. Би сандарч нилээд шоконд орсон анх удаа ийм зүйлтэй нүүр тулсан. Харин азаар зөвхөн сарнай тосны сав 20 орчим хувь нь хэлбэр өнгөө алдаж ашиглах боломжгүй болсон байсан гэтэл тэднийх бусад сав баглаа боодлоо утаа шингэсэн дахин ашиглах боломжгүй гэх мэтээр тайлбар тавьж бүгдийг нь нэхэмжилсэн. Тус компаниас уучлалт гуйж санамсаргүй болсон хэрэг явдал гэж тайлбарлаж тэр байтугай эдний хуулийн зөвлөхийн сүрдүүлгэнд автаж төлбөр барагдуулах гэрээг нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Харин тодорхой цаг хугацааны дараа би сэхээ авч дулааны болон цэвэр усны инженерийн шугам сүлжээний тухай хууль бас яг энэ болсон процессод хамааралтай “Хот суурины усан хангамж ариутгал татуургын ашиглалт”-н тухай хуулийг олж судалсан. Хуулийн судлах явцад хэдийгээр би санамсаргүй байдлаар хүний хөрөнгөд хохирол учруулсан ч харин тэднийх манай техникийн нөхцөлтэй хуулиар зөвшөөрөгдсөн инженерийн шугам сүлжээ, засвар үйлчилгээ чөлөөтэй хийх хуулиар зөвшөөрөгдсөн хамгаалалтын зурвас дотор контейнэрээ байрлуулсан болох нь дээрх хуулийг уншин судлахад ойлгогдож байна. Энэ компаний 20 тн контейнер нь манай бохирын 1 дугаартай цооногоос дөнгөж 1,5 метр зайнд байрласны уршигаар уг контейнерт халалт үүссэн. Хот суурины усан хангамж ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 17.6-д төвлөрсөн усан хангамжийн дамжуулах түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 м хамгаалалтын зурвас тогтооно гэжээ. Гэтэл эдний халалтанд өртсөн 20 тн контейнер нь дулааны болон цэвэр усны шугамаас 2,5 метр зайнд байрлаж байгаа нь манай шугамын хамгаалалтын зурвас дотор байрлаж байна гэсэн үг. Тус хуулийн 17.7 заасны дагуу хот дотор цэвэр ус дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэж заажээ. Гэтэл манай 1 дугаартай бохирын цооног ба ариутгал татуургаас 1,5 м зайд 20 тн контейнер байрлуулсан аюул эрсдэлгүй засвар хийх боломжийг алдагдуулсан гэж үзэж байна. Мөн 6 дугаар бүлгийн 17.8-д зааснаар ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд 17.8-4-д зааснаар газар эзэмших ашиглах өмчлөхийг хохироглоно гэж заажээ. Эндээс үзэхэд энэ компанид нийтийн эзэмшлийн газар доорх инженерийн шугам сүлжээн дээр түүгээр үл барам манай цайны газрын хуулиар зөвшөөрөгдсөн инженерийн байгууламжуудын засвар үйлчилгээ хийх аюулгүйн зурвас дотор дур зоргоороо контейнер эд юмаа байрлуулсан нь дээрх хохирол гарах гол шалтгаан болсон. Тус хуулийн 6 дугаар бүлгийн 17.14-д зааснаар бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс 2 тийш 6 м-с багагүй зайнд барилга байгууламжийг барихыг хориглоно гэж заасан. Гэтэл тус компанийн 20 тн контейран байгууламж манай гэсгээлт, засвар хийсэн 1 дугаартай цооног ба ариутгал татуургаас 1,5 м зайд байрлаж байгаа нь эрсдэл үүсэх гол шалтгаан болсон. Байгууллага дундын хуулиар зөвшөөрөгдсөн инженерийн шугам сүлжээний зурваст, эрсдэлтэй газарт хөрөнгө юмаа байрлуулсан нь өөрсдийнх нь буруу тул эрсдлээ өөрсдөө хариуцах нь хуулинд нийцэж байна.

Актлагдсан бараагаа гал гарсныг далимдуулж үнийг нь надаас нэхэмжиилж байгааг зөвшөөрөхгүй. Инженерийн шугам дээр гэсгээлт хийх нь миний буруутай үйлдэл биш учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэв.

 

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:Миний бие 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г М ХХК-тай байгуулахдаа гэрээний агуулгын талаар төөрөгдсөн байна. Тухайн үед би айж сандраад “М” ХХК-ийн санал болгосон гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж, зөв байх гэж бодоод гэрээ байгуулсан. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд: 17.8.4- газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох, 17.14 бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс 2 тийш 6 м-с багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно, 17.6 төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш хамгаалалтын зурвас тогтооно гэж тус тус заажээ. Гэтэл “М” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Монос дээд сургууль буюу одоогоор Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай үйлдвэрийн байр түрээслэх гэрээ хийсэн байх бөгөөд уг газар нь ЭЗШУИС-н газар юм байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1031 тоот захирамжаар 188028/0176 тоот нэгж талбарын дугаартай, 2013 м/кв газрыг 5 жилийн хугацаатай 000303854 тоот гэрчилгээгээр Монос дээд сургуульд олгогджээ. Энэ гэрээ болон гэрчилгээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссанаас гадна, кадастрын зургаас харахад уг газрыг хууль зөрчиж, инженерийн шугам сүлжээг оролцуулан олгосон байна. Ийнхүү хуулиар хориглосон газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, мөн хориглосон бүсэд контейнер байрлуулж, хууль зөрчин бохирын шугамын хөлдөлтийг гэсгээхэд саад учруулсанаас халалт үүсэх нөхцөл бүрдэхэд хүргэжээ. Иймд миний бие гэрээ байгуулахдаа тухайн үед “М” ХХК-ийг хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж, ашигладаг, контейенер байрлуулсан нь хууль ёсны байсан гэж бодсон тул гэрээний агуулгын хувьд төөрөгдөлд орж, уг гэрээг байгуулсан тул 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж, иргэний хуулийн 57.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Н.Д нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө “М” ХХК-ийн хашаанд ил гал гаргасны улмаас эзэмшигчийн бараа бүтээгдэхүүнээ хадгалж байсан контейнер галд өртөж М ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Галд өртсөн контейнер, болон доторх бараа, сав боодол, баглаанд эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд 12,515,859 төгрөгийг хохирол учирсан хэмээн үнэлэгдсэн. Нэхэмжлэгч нь Д нь “М” ХХК-д хандан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “...танайд их хэмжээний хохирол учруулсандаа гэмшиж, хүлцэл өчиж байна, танайхаас надад тавьж байгаа акт нэхэмжлэхийг би ойлгож хүлээн авч байна..., танай хохирлыг барагдуулах ажилд минь гүн тусламж үзүүлнэ үү.” Хэмээн төлбөр барагдуулах ажилд уян хатан хандахыг хүссэн хүсэлт гаргасан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “...санамсар болгоомжгүй нөхцөл байдлаас үүссэн хэрэг явдал учир та бүхнийг нааштай шийдвэр гаргаж хурдан хугацаанд энэ асуудлыг нэг мөр шийдэх боломж олгоно уу” гэсэн хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтүүдийн дагуу манай компани Н.Д-тай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр Н.Д-ын төлбөр барагдуулах ажилд уян хатан хандахыг хүссэний дагуу галд өртсөн, дахин ашиглах боломжгүй болсон 20 тн даацтай контейнерийг ижил төрлийн контейнероор солих, сольсон нөхцөлд “Эвдрэл хохирлын үнэлгээ”-р тогтоогдсон хохирлоос 5,624,290 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээний агуулгын талаар төөрөгдсөн, айж сандраад “М” ХХК-ийн санал болгосон гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж, зөв байх гэж бодоод гэрээг байгуулсан гэсэн байна. Төлбөр барагдуулах гэрээ нь “М” ХХК-д учирсан гэм хорыг арилгах, учирсан хохирлыг арилгах зорилгоор харилцан тохиролцож байгуулсан гэрээ болно. Тус гэрээгээр Н.Д нь “Эвдрэл хохирлын үнэлгээ”нд маргаангүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, төлбөрө төлөх нөхцөлөө харилцан тохирсон.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” нь Иргэний хуульд зааснаар талуудын хүсэл сонирхлын дагуу, харилцан тохиролцож байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ ба нотариатаар баталгаажуулсан болно. Гэтэл Н.Д гэрээний үүргээ биелүүлэлгүй, гэрээ байгуулагдсанаас хойш “...би дарамтанд орсон учир гэрээнээсээ татгалзаж байна танайд гарсан хохирол өөрсдийн чинь буруу би хариуцлага хүлээхгүй...” гэсэн агуулга бүхий 3 удаагийн тайлбар гаргасан учир манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Манай байгууллагын зүгээс иргэн Н.Д-ыг айлган сүрдүүлсэн, дарамталсан үйлдэл гаргаж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Н.Д-т холбогдуулан гэрээний үүрэгт 13,268,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. манай байгууллагаас хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч гал гарснаас хойш олон хоногийн дараа уулзаж ярилцаад дээрх гэрээг хийсэн учир гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй... хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тухайн үед би айж сандарсандаа М ХХК-тай төлбөр барагдуулах гэрээний нөхцлийг ойлголгүй гэрээ байгуулсан, хэлсэн бүгдийг нь зөвшөөрсөн, гэтэл Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж хамгаалалтын болон эрүүл ахуйн хоритой бүсэд зөвшөөрөлгүй газар контейнэр байрлуулсан байсан. ...би устгалд оруулсан бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг гадуур эмийн сан, дэлгүүрээр орж үзэхэд хэрэглэгдэхээ больсон актлагдсан савнууд байсан..., ...мөн дээрх эд зүйлийг ашиглах боломжгүй, хадгалалт зөрчсөн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг..., иймд зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н.Д-тай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн товчооны зам 4/Б-д байрлах “Монос косметик” ХХК-ийн газарт гал гарсны улмаас иргэн Н.Д нь нийт 12,515,850 төгрөгийн хохирлыг учруулсан. Уг хохирлыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №20190313219 дугаартай “Эвдрэл, хохирлын үнэлгээ”-ээр тогтоосон, дээрх хохирлыг төлбөр төлөгч Н.Д төлөх, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөр авагчийн өмчлөлийн 20 тоннын даацтай галд өртсөн контейнерийг цаашид ашиглах боломжгүй болсон тул ижил төрлийн контейнераар солиулах, контейнерийг сольсон тохиолдолд “Эвдрэл, хохирлын үнэлгээ”-ээр тогтоогдсон хохирлоос 5,624,290 төгрөгийг хасч тооцох, үлдэгдэл төлбөр болох 6,891,560 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ. /хх-ийн 5,4-р тал/

 

Нэхэмжлэгч М ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр “Бэст эстимэйт” ХХК-иар хохирол үнэлгээний тайланг гаргуулсан байна. Уг №20190313219 дугаартай тайлангаар гал гарсны улмаас Монос косметик ХХК-ийн эд хөрөнгөд буюу Биоген зовхины тосны /15 мл/ сав 6,290 ширхэг 5,038,290 төгрөг, Сарнай  60 мл-тэй тосны сав 8,551.00 ширхэг 3,540,114 төгрөг, Удвал пүдр 50 мл сав 360.0 379,800 төгрөг, Сарнай тос 60гр-тай таг 8,300.0 ширхэг 83,000 төгрөг, Бар чийгшүүлэгч 120 мл, хайрцаг 1,250 ширхэг 223,750 төгрөг, хүүхдийн шингэн тос 100 мл сав 6,406.0 ширхэг 2,664,896 төгрөг, контнейр /20 тонны/ засварын зардал 326,000 төгрөг, ажлын хөлс 180,000 төгрөг, тээврийн зардал 80,000 төгрөг нийт завсарлах материалын зардалд 586,000 төгрөг нийт 12,515,850 төгрөгийг хохирол  гэж тогтоосон байна. /хх-ийн 8,9-р тал/

 

Хариуцагч Н.Д нь Монос дээд сургуулийн зүүн талд буюу Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 4 тоот хаягт байршилтай 120 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг, мөн хаягт байрлалтай 241 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан түүнд олгосон газар эзэмших эрхийн 0241014 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000681058 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 19, 20/ Хариуцагч нь өөрийн өмчлөл эзэмшлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлчилгээний барилгаа ашиглах явцадаа Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХК болон Ус сувгийн Удирдах газраас зохих техникийн нөхцөл /№276/04, №287/-үүдийг авч, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг байгуулсан байна. Гэрээний хавсралт буюу Зааг эзэмшлийн зураг гэх баримтаар хэрэглэгч буюу Н.Д хариуцах цэвэр, бохир усны шугамын зааг эзэмшлийг тогтоож өгсөн байна.   /хх-ийн 21-26/

 

Нэхэмжлэгч М ХХК нь Монос Дээд сургууль буюу Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай байгуулсан түрээсийн гэрээний дагуу тэдний эзэмшлийн газарт бараа бүтээгдэхүүнээ хадгалах зориулалт бүхий 20 тонныг контейнерийг байршуулан ашигладаг гэсэн тайлбарыг гарган 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эм зүйн шинжлэх ухааны их сургууль болон М ХХК-ийн хооронд байгуулсан ТГ18-19/04 дугаартай Түрээсийн гэрээ, Монос дээд сургуулийн газар эзэмших гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 40-45-р тал/

 

Хариуцагч Н.Д нь 2019 оны 3 дугаар сарын 20, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэгч “Монос косметик” ХХК-ийн захиргаа санхүүд хандан өргөдөл гаргасан байх бөгөөд дээрх өргөдөлд дурдсанаар “...цайны газрын бохирын худаг гэсгээх явцдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж танайд их хэмжээний хохирол учруулсандаа гэмшиж байна..., ...танайхаас тавьж байгаа актыг ойлгож, хүлээж авч байна..., ...зарим тосны савнууд өнгө зүсээ алдаагүй, ... зарим савыг цэвэр марлиар арчихад үнэр нь арилж байх тул цэвэрлэж ариутгаад шинжилгээнд хамруулж хүлээлгэн өгч, үлдсэн тооцоог барагдуулна..., ... контейнерт байсан савнууд улсын төв лабраторын шинжилгээгээр стандарт, чанар байдлаа алдаагүй, үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан...,” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байжээ. /хх-ийн 46,47-р тал/

 

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02-03-390/71 дугаартай, иргэн Н.Д-т хүргүүлсэн “Шинжилгээний дүнгийн тухай” тоот албан бичигт “...Монос косметик” ХХК-ийн төмөр чингэлэгт хадгалагдаж байсан гоо сайхны сав, баглаа боодлоос 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дээж авч НМХГ-ын Төв лаборторид шинжлүүллээ. Тус лабораторид шинжлүүлсэн 160210500948 тоот сорилын үзүүлэлтээр ...дээрх нэрийн гоо сайхны сав, баглаа боодол нь шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд эрүүл ахуйн шаардлага хангаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /хх-ийн 52-р хуудас/

 

Хариуцагч Н.Д гал гарсан үйл баримтын талаар маргадаггүй ба энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан гэх тайлбарыг гаргадаг.

2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Н.Д нь бохирын хоолой хөлдсөнийг гэсгээх зорилгоор машины 2 ширхэг дугуйг шатааж, улмаар хажууд нь байрлах М ХХК-ийн эзэмшлийн 20 тоннын чингэлэгт байх гоо сайхны бүтээгдэхүүний сав, баглаа боодол, түүхий эд түймэрт өртсөн гэх дуудлагын дагуу  Нийслэлийн онцгой байдлын газрын, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн баг очиж галыг унтраасан болох нь Нийслэлийн онцгой байдлын газраас ирүүлсэн Зөрчлийн хэрэг материалд авагдсан гал түймэр унтраасан тухай нотломжоор тогтоогдож байна. Уг галын улмаас иргэн Н.Д галын аюулгүй байдал хангаагүй гэсэн үндэслэлээр зөрчлийн 1902000144 дугаартай хэрэг нээн шалгаж улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.14-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн болох нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0030653 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.   

 

М ХХК нь өөрийн хүсэлтээр Номин холдинг ХХК-йн магадлан итгэмжлэгдсэн эко стандарт лабораторид нунтаг пудрийн сав 3 ширхэгийг илгээж сорьцын шинжилгээг хийлгэсэн байх бөгөөд уг шинжилгээгээр бактерийн ерөнхий тоо, хөгц мөөгөнцөр гэх үзүүлэлтээр шинжилгээний дүнг гаргасан байгаа боловч энэ нь гал гарах үед уг чингэлэгт хадгалагдаж байсан сав мөн эсэх, мөн цаашид үйлдвэрлэлд ашиглаж болох эсэх талаар тодорхойлоогүй байх тул үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 137-р тал/ 

 

Нэхэмжлэгч дээрх чингэлэгт байсан галд шатсан ашиглах боломжгүй болсон гэх гоо сайхны бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлын тоо ширхэгийг комисс томилон тогтоож уг тоо ширхэгийн дагуу үнэлгээг гаргасан байгаа боловч эдгээр сав баглаа боодлоос хэд нь ашиглах боломжгүй болж устгасан, хэдийг нь засан сайжруулж дахин ашиглах боломжтой байсан болох нь тодорхойгүй, хэрэв галын улмаас цаашид хэрэглэх боломжгүй бол түүнийг устгасан эсэх талаарх баримт хэрэгт байхгүй байна. Түүнчлэн эдгээр сав баглаа боодол нь галын улмаас ашиглах боломжгүй болсон уу, хэрэглэхээ больсон хуучин бараа бүтээгдэхүүн байсан уу гэдгийг баримтаар тогтоож чадаагүй, улмаар “Бэст эстимэйт” ХХК-иар хохирол үнэлгээний тайлан бодитой эсэх нь эргэлзээтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч уг тосны савнууд нь хэрэглэгдэхээ больсон, акталагдсан савнууд байсан гэсэн тайлбарыг гаргадаг ба хэрэгт авагдсан зөрчлийн хэрэгт ирүүлсэн НМХГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж.Цэрэнпагмын гэрчээр асууж авсан тэмдэглэлд “...тухайн чингэлэгт хадгалагдаж байсан төрлийн сав, баглаа боодлоос дээж авсан... , ...тухайн сав, баглаа зах зээлд хэрэглэгдэхээ больсон, туршилтанд ашиглана гэхээр нь манайхаас дээж авч лаборторид шинжилгээнд өгсөн. Тухайн сав баглааг хадгалалт нь төмөр чингэлэгт хадгалсан учир бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд дахин ашиглах боломжгүй, сав баглаанд бүтээгдэхүүн хадгаллаа гэж үзэхэд тус бүтээгдэхүүнд ямар нэгэн нөлөөлөх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байдаг /хх-ийн 96-р тал/

 

Хариуцагч Н.Д 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр М ХХК-тай байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, гал гарсан нь миний буруу учир би төлбөрийг төлнө гэж буруу бодсон. Гэтэл чингэлэг зөвшөөрөлгүй газар байрласан, хязгаалалтын бүсэд тавьсан байсан, хөрөнгөө өөрсдөө хамгаалах ёстой байсан, чингэлэг дотор зах зээлд хэрэглэгдэхээ больсон, ашиглалтаас гарсан зүйлийг хадгалж байсныгаа надаар төлүүлэхээр гэрээ байгуулсан байсан, би сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл зүйн дарамтанд орсны улмаас гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн  Төлбөр барагдуулах гэрээ”-г Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргадаг.

Иргэний хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор хуульчилсан байдаг.

Хариуцагч Н.Д нь гал гаргасан үйлдлээ зөвшөөрдөг учир уг галын улмаас учирсан хохирлыг арилгах хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл чингэлэгт гал гарсан учир галаас учирсан хохирлыг арилгах хүсэлтэй байсан хэдий ч уг хэлцлээр чингэлэгт хадгалагдаж байсан сав баглаа боодлыг бүгдийг нь ашиглах боломжгүй галд шатсан гэж ойлгон гэрээ байгуулсан байгаа нь  түүнийг хохирлыг арилгах хүсэл зоригоо илэрхийлэхдээ түүний үр дагавар, цар хүрээ ач холбогдолын талаар төөрөгдсөн гэж үзэхээр байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний агуулгыг хариуцагч төөрөгдөж хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар хариуцагч Н.Д-ыг ноцтой төөрөгдсөн гэж үзэн талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд заасны дагуу төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Хариуцагч Н.Д-ын дээрх шүүхэд гаргаж буй тайлбар мэдүүлэг нь хэрэгт авагдсан түүний нэхэмжлэгч М ХХК-д хандан гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлт, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт тайлбар гэх бичгийн баримтуудад дурдагдсан байдаг бөгөөд уг хүсэлт, тайлбарт дурдсанаар гал тавьсан үйлдлээ зөвшөөрдөг ч чингэлэгийг зөвшөөрөлгүй газар байрлуулсан, чингэлэг доторх эд зүйлсийг шаардлага хангахгүй ил задгай, бохир газар хадгалсан, тухайн гоо сайхны бүтээгдэхүүний сав баглаа боодол шинэчилэгдэж, актагдсан, зах зээлд хэрэглэгдэхээ больсон байсан, заримт савыг ариутган ашиглах боломжтой байсан, зарим нь шаталтанд өртөөгүй байсан гэсэн тайлбарыг гаргаж байсан байдал нь гал гаргасан үйлдлийг зөвшөөрдөг ч галын улмаас дээрх хохирол учирсан гэж зөвшөөрч байгаагүй, төлбөрийг гэрээний дагуу барагдуулах талаар зөвшөөрөхгүй байгаа болохоо нөгөө талдаа мэдэгдэж  байсан гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэгч талын гэрээний үүрэг шаардсан асуудал хуулийн үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг.  Мөн бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан бөгөөд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно.

 

Нэхэмжлэгч төлбөр барагдуулах гэрээний үүрийн биелэлтийг хангуулах шаардлага гаргадаг бөгөөд уг гэрээг байгуулан үндэслэл болсон гал гарсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох чингэлэг, түүнд байсан бүтээгдэхүүний сав баглаа боодлыг галын улмаас дахин ашиглах боломжгүй болж, хэдий хэмжээний бодит хохирол учирсан, уг эд хөрөнгүүд нь аж ахуй нэгжийн санхүүгийн данс бүртгэлд хэрхэн тусгасан байсан талаар болон уг бараа бүтээгдэхүүнийг чингэлэгт хадгалж байсан нь бараа бүтээгдэхүүнийг хадгалах чанар стандартыг хангаж байсан эсэхийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч М ХХК нь түрээсийн гэрээний дагуу Монос дээд сургуулийн эзэмшлийн газар дээр чингэлэг тавьж ашиглаж байсан гэх тайлбарыг гаргадаг ч нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, түрээсийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам, гудамж 4/А хаягт байрлах хичээлийн 3 дугаар байрны 2 давхарын 252 м.кв талбай бүхий байрыг түрээслэсэн байх бөгөөд хариуцагчийн “...өөрийн эзэмшлийн бус газар дээр зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр усны шугам инженерийн шугам дээр, бохирын худаг ба ариутгал татуургын хамгаалалтын зурвас дотор байрлуулж Хот суурин усан хангамж, ариутгал,  татуургын ашиглалтын хууль зөрсөн гэсэн тайлбарыг үгүйсгэж, няцааж чаддаггүй.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохих усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна. мөн 17.14-т бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж уг хамгаалалтын зурваст газар ашиглаж, 20 тоннын чингэлэг байрлуулсан болохыг дурдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлж холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

Иймээс Монос косметик ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Д сөрөг шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт томилогдон иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

                                                                                                       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.3.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Д холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 13,268,325 төгрөг гаргуулахыг хүссэн Монос косметик ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М ХХК болон Н.Д нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах” гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,300 төгрөг, хариуцагч Н.Д-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас /215,204-70,200=145,004/ дутуу төлсөн 145,004 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулан, нэхэмжлэгч   М ХХК-иас 215,204 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Д-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.НЯМСҮРЭН

 

                               ШҮҮГЧИД                                         Э.АМИН-ЭРДЭНЭ

 

                                                                                       Л.ОЮУНЦЭЦЭГ