Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01865

 

 

 

 

........... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02521 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ........... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..........-д холбогдох гэм хорын хохирол 13,268,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ..........-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Эм зүйн шинжлэх ухааны сургуулийн эзэмшил газрын хашаанд 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гал гарсны улмаас ........... ХХК-ийн чингэлэг болон түүнд байсан бараа бүтээгдэхүүнүүд шатаж хохирол учирсан. Нийслэлийн онцгой байдлын газраас гал тавьсан ..........-ыг шалгаж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх хуудсаар галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөний улмаас тус компанийн 20 т.н чингэлэг болон эд зүйл шатсаныг тогтоосон. Бест-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээгээр манай компанид 12,515,850 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын А-043 дугаартай тушаалаар галд шатсан бараа бүтээгдэхүүнийг компанийн эд хөрөнгөөс хасах тухай тушаал гарч бүтээгдэхүүнийг устгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Арвижих-Эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээгээр нэхэмжлэгчийн бараа, эд зүйлд учирсан хохирлыг нийт 12,142,062 төгрөг гэж тогтоосон. Бест-Эстимэйт ХХК-аар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээ хийлгэхэд шинжээчийн хөлсөнд 377,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч ..........-аас нийт 12,519,062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө бохирын цооног ба ариутгал татуургыг гэсгээх зорилгоор 2 ширхэг дугуй шатааж хонуулсан. Маргааш нь гэсгээсэн цооногоо ухахаар очиход цооногоос 1,5 метр орчимд байрлуулсан Монос коcметик ХХК-ийн 20 т.н чингэлгээс утаа гарч байгааг анзаарч Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгч зохих арга хэмжээ авсан. Галын улмаас тус компанид учирсан хохирлыг зөвшөөрч Төлбөр барагдуулах гэрээ-нд гарын үсэг зурсан. Гэвч хэсэг хугацааны дараа холбогдох хуулийг судлахад ........... ХХК манай техникийн нөхцөлтэй, хуулиар зөвшөөрөгдсөн, хамгаалалтын зурвас дотор чингэлэг байрлуулсан болох нь ойлгогдсон. Тус 20 т.н чингэлэг нь бохирын 01 дугаартай цооногоос дөнгөж 1,5 метр зайнд байрласнаар халалт үүссэн. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт Төвлөрсөн усан хангамжийн дамжуулах түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 метр хамгаалалтын зурвас тогтооно гэж заасан. Гэтэл тус чингэлэг дулааны болон цэвэр усны шугамаас 2,5 метр зайд байрлаж байгаа нь манай шугамын хамгаалалтын зурвас дотор байрлуулсан гэж үзэхээр байна. ........... ХХК нь нийтийн эзэмшлийн газар доорх инженерийн шугам сүлжээний зурваст буюу эрсдэлтэй газарт хөрөнгөө байрлуулсан тул эрсдэлийг өөрсдөө хариуцах ёстой гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

..........- нь ........... ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахдаа гэрээний агуулгын талаар төөрөгдсөн. Тухайн үед айж сандраад ........... ХХК-ийн санал болгосон гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд: 17.8.4-д газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох, 17.14 дэх хэсэгт бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш хамгаалалтын зурвас тогтооно гэж тус тус заажээ. Гэтэл ........... ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монос дээд сургууль буюу одоогоор Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай үйлдвэрийн байр түрээслэх гэрээ хийсэн. Уг газар нь ЭЗШУИС-ийн газар юм байна. Мөн хуулиар хориглосон газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, мөн хориглосон бүсэд чингэлэг байрлуулж, хууль зөрчин бохирын шугамын хөлдөлтийг гэсгээхэд саад учруулснаас халалт үүсэх нөхцөл бүрдсэн. Иймд ..........- нь Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахдаа ........... ХХК нь хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж, ашигладаг, чингэлэг байрлуулсан нь төөрөгдсөн тул тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

..........- нь ........... ХХК-д хандан 2019 оны 03 дугаар сарын 20, 26-ны өдрүүдэд ... төлбөр барагдуулах нөхцөлд уян хатан хандахыг хүссэн... хүсэлтүүдийг гаргасан. ........... ХХК дээрх хүсэлтүүдийн дагуу ..........-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр ..........- галд өртсөн, дахин ашиглах боломжгүй болсон 20 т.н контейнерыг ижил төрлийн чингэлгээр солих, сольсон нөхцөлд Эвдрэл хохирлын үнэлгээ-ээр тогтоогдсон хохирлоос 5,624,290 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгосон. Төлбөр барагдуулах гэрээ нь ........... ХХК-д учирсан гэм хорыг арилгах, учирсан хохирлыг арилгах зорилгоор харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээгээр ..........- нь Эвдрэл хохирлын үнэлгээ-нд маргаангүй, хүлээн зөвшөөрсөн, хүчин төгөлдөр гэрээ юм. Тус компанийн зүгээс ..........-ыг айлган сүрдүүлсэн, дарамталсан үйлдэл гаргаж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........-аас 6,383,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,884,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ........... ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч ..........-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ..........-аас улсын тэмдэгтийн хураамжид 117,084.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........... ХХК-д олгож, хариуцагч ..........-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч ........... ХХК-аас шинжээчийн зардалд 330,000 төгрөг гаргуулж Арвижих-Эстимейт ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг дагаж мөрдсөн эсэх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр магадлалд дурдсан асуудлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Хот суурин, усан хангамж ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчиж, техникийн нөхцөлтэй худагт цонолт үүсэх зайд эзэмшлийн бус газар чингэлэг тавьснаар өөрт нь гэм хор учирсныг зөвхөн намайг буруутгах байдлаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. ..........- нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны 1/53 дугаартай захирамжтай газрыг 2002 оноос өнөөг хүртэл эзэмшиж, үүнийг үндэслэн 2004 оноос дулааны болон цэвэр бохир усны тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгт холбогдох 1 дугаартай бохирын цооногийг ашигласаар ирсэн ба 2005, 2009 онуудад ашиглах эрхийн гэрчилгээ сунгагдсан. 2004 оноос хойш уг худгийн техникийн нөхцөлийн дагуу ашиглаж байсан ба УСАГ нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтын гэрээ хийсэн. Гэтэл ........... ХХК нь Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж хөрш айлынхаа тусгай зөвшөөрөлтэй шугам сүлжээнд дур мэдэн чингэлэг байрлуулсныг хамааралгүй гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

........... ХХК-ийн газар эзэмшил зөрчилтэй. Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиас түрээсэлсэн 4а-д байрлах 252 м.кв үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга нь кадастрын зураггүй, гаргаж өгсөн кадастрын зураг нь тухайн түрээсэлсэн гэх ажлын байрнаасаа хол өөр байрлалд буюу нийтийн эзэмшлийн шугам сүлжээнд байрлуулсан талаар ноцтой бичиг баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзсэнд гомдолтой. Эх хувьтай нь тулган шинжлэх шаардлагатай. ........... ХХК нь сав баглаа боодол галд өртсөн, өртөөгүйг ялган салгаж нэхэмжлээгүй, багахан хэмжээний Сарнай тосны сав хэлбэр дүрсээ алдсаныг далимдуулж бүх бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжилсэн. Учир нь тухайн сав баглаа боодлууд улсын төв лабораторийн шинжилгээгээр тэнцсэн гэсэн дүгнэлт гарсан, уг дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын байцаагч ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргасан. Бас тухайн байгууллагын нярав бүх сав баглаа боодлыг тоолж хүлээлцсэн байхад бүгдийг нь шатсан гэх үндэслэл байхгүй гэх мэт нэхэмжлэгч хууль бус алдаанууд их байна.

Онцгой байдлын газар уг контейнерын галыг зогсоогоод ямар ч зураг авалгүй явсан байхад цонолт болсон ажлын байрны доторх сав баглаа боодлыг тухайн байрнаас санаатай зайлуулж цонолтод өртсөн сав баглаа боодлыг шороотой хольж хутган зурагжуулан Онцгой байдлын газрын авсан зураг мэт харуулж түүнийг нотлох баримтаар шүүхэд өгсөн нь зөрчил юм.

Нярай хүүхдийн цацлага гэх задгай цаасан ууттай үл мэдэх нунтаг бүтээгдэхүүнийг чингэлэгт хадгалж, үйлдвэрлэл явуулж байсан нь тогтоогдон улсын байцаагч акт тавьсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ........... ХХК нь хариуцагч ..........-т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 12,142,062 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 377,000 төгрөг, нийт 12,519,062 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Хариуцагч ..........- нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бохирын хоолой хөлдсөнийг хэвийн ажиллагаанд оруулах зорилгоор автомашины 2 ширхэг дугуй шатаасны улмаас ........... ХХК-ийн 20 тонны чингэлэг болон түүнд байсан гоо сайхны бараа бүтээгдэхүүн шатсан болох нь талуудын тайлбар болон Онцгой байдлын газраас ирүүлсэн зөрчлийн хэргийн баримтаар тогтоогджээ. (1хав-66-115х)

 

Нийслэлийн онцгой байдлын гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0030653 дугаар шийтгэлийн хуудсаар ..........-т 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. (1хав-116-х)

 

Хариуцагч ..........-ын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ........... ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг тэрээр хариуцан арилгах үүрэгтэй. ..........- нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

1.в. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 12,519,062 төгрөгөөр тодорхойлсон ба уг хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй.

 

Бэст-Эстимэйт ХХК нь ........... ХХК-ийн контейнерт байсан бүтээгдэхүүний үнэлгээг 11,929,850 төгрөг, чингэлгийн засварыг 586,000 төгрөг, нийт 12,515,850 төгрөг гэж, Арвижих-Эстимэйт ХХК нь бүтээгдэхүүнийг 12,142,062 төгрөг, чингэлгийг засварлах зардлыг 245,000 төгрөг гэж үнэлсэн байна. (1 хав-9, 2 хав-78-90)

 

Хөрөнгийн үнэлгээгээр тухайн бараа бүтэгдэхүүний үнийг тогтоосныг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг тодорхойлох боломжгүй юм. Учир нь тус чингэлэгт байсан бүтээгдэхүүн нь сав-биоген зовхины тос 15 мл, сав-сарнай SPA-тэй тос 60 мл, сарнай витаминт тос 60 мл, сарнай тэжээлийн тос 60 мл, сав-удвал пудр 50 мл, таг-сарнай тос 60 гр, хайрцаг-бар чийгшүүлэгч 120 мл, сав-хүүхдийн шингэн тос 100 мл бүхий гоо сайхны бараа байсан нь болох талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургаар тогтоогдсон. (1хав-50-х)

 

Гэвч нэхэмжлэгч ........... ХХК нь дээрх гоо сайхны бүтээгдэхүүн нь зах зээлд худалдан борлогдох боломжтой байсан, эдгээр бүтээгдэхүүний хадгалалтын горим, бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа дуусаагүй болохыг баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, ашиглах боломжтой, боломжгүйг ялгаж салгаж тодорхойлоогүй тохиолдолд шууд үнэлгээг баримталж хохирлын хэр хэмжээг тогтоох боломжгүй юм. Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ж.Цэрэнпагма зөрчил шалгах ажиллагааны явцад ...тухайн сав баглаа, зах зээлд хэрэглэгдэхээ больсон, туршилтад ашиглана гэхээр нь манайхаас дээж авч лабораторид шинжилгээнд өгсөн. Тухайн сав баглааг хадгалалт нь төмөр чингэлэгт хадгалсан учир бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд дахин ашиглах боломжгүй... гэж гэрчээр мэдүүлэг өгсөн нь бичмэл нотлох баримтаар авагдсан байх ба түүнд хууль сануулсан байна. (хх-ийн 29)

 

Ийм учраас Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон Номин холдинг ХХК-ийн эко стандарт лабораторийн дүгнэлтийг үндэслэн тус бүтээгдэхүүн, сав баглаа нь чанар стандартын горим зөрчөөгүй, худалдан борлогдох боломжтой байсан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг гоо сайхны бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсан гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагаас гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбоотой хохирлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Харин шинжээч Бэст-Эстимэйт ХХК нь чингэлгийг засварлах зардлыг 586,000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй тул хариуцагч ..........-аас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч ........... ХХК-д олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.г. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Бэст-Эстимэйт ХХК-д үнэлгээний хөлсөнд төлсөн 377,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

1.д. Хариуцагч ..........- 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд хариуцагч нь уг хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөө талаар, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг бус эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулахаар шаардлагын үндэслэлээ өөрчилсөн тул уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх нь ач холбогдолгүй болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02521 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 6,383,392 гэснийг 586,000 гэж, 6,884,933 гэснийг 11,933,062 гэж,

2 дахь заалтын 117,084.28 гэснийг 18,230 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ..........-ын төлсөн 117,084 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ