Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 456

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Ду  аймгийн С  сумын 4-р баг Үйзэн гэх газар оршин суух, Х овогт Угийн О /ЗК /-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай 139/2019/00291/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1981-1993 оныг дуустал мал малласан.  Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр  байгаа боловч бичилт тамга дутуу  учир 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.О нь  ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

У.От хамаарах Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 5 сарын 28-ны өдрийн 198 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 04 хуудас/

Нэхэмжлэгч У.О нь  1983 оны 03 сарын 26-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 5 сарын 31-ний өдрийн  08/350 дугаартай  “ Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Мандах ББХКомпани” –ын талаарх тодорхойлолт /хэргийн 05 хуудас/

-Нэхэмжлэгч У.От 1985 оны 8 сарын 15-ны өдөр Дундговь аймаг Сайнцагаан сумын Мандах нэгдлээс олгосон 1985 оны 08 сараас 1990 оны 12 сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй;  1991 оны 1 сарын 01-ний өдрийн  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс олгосон 1991 оны 01 сараас 1992 оны 12 сарыг дуусталх хугацааны ажлын хоног, олгосон урьдчилгааны бичилттэй хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 07-10 хуудас/

- Гэрч Б.Буянтогтохын  “ Би 1979 оноос эхлэн  нэгдэлд мал малласан.  Тэгэхэд У.О нь  ээж дүүгийн хамт мал малладаг байсан.  У.О нь  1981 оны 1 сараас 1993 он хүртэл  Дундговь аймгийн  Сайнцагаан сумын  Мандах нэгдэлд  малчнаар  ажиллаж байсан. Эхлээд  насанд хүрээгүй хүүхдүүдийг  туслах малчнаар ажиллуулдаг  байсан. Би энэ нэгдэлд малчин байсан.  Манайхан айл саахалт байдаг байсан учраас  энэ хүний  ажиллаж байсан талаар  сайн мэднэ.  Тасралтгүй ажилласан. Өөр ажил хийгээгүй  малчин л хийж байсан. ”  гэх мэдүүлэг /хэргийн 44 хуудас/

-Гэрч Ц.Г-ын “  У.О нь 1981 оноос эхлэн ээжийн хамтаар  мал малладаг хүүхэд байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд  1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сар хүртэл   буюу нэгдэл  тарах хүртэл ажилласан.  Би энэ хугацаанд Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин, тракторын  жолоочоор  ажилладаг байсан юм. Тракторын  жолооч  хийж айлуудаар  өвч тэжээл  тараадаг байсан учраас  энэ хүний ажиллаж байсан талаар  сайн мэднэ.  У.О нь нэгдэлд хонь, ямаа маллаж байсан. Тасралтгүй ажилласан. Өөр ажил хийгээгүй  малчин л хийж байсан  ” гэх мэдүүлэг /хэргийн 45 хуудас/

-Гэрч Ц.Б-ын “  У.О нь 1981 оноос эхлэн мал дээр гарсан хүн байгаа юм. Тухайн үед нэгдлийн  олон мал малладаг байлаа., тийм учраас  сургууль төгсөөд л хөдөө гардаг байсан. У.О  нь 1981 оны 1 сараас эхлэн ээжийн хамтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин болсон. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 12 сар хүртэл ажилласан. Манайхан айл саахалт байдаг байсан, би өөрөө хөдөөгүүр  явж түүхий эд авдаг байсан учраас  энэ хүний  ажиллаж байсан талаар  сайн мэднэ. Тасралтгүй ажилласан. Өөр ажил хийгээгүй  малчин л хийж байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 46 хуудас/

-У.Оийн 1987 оны 05 сар, 1989 оны 01 сар, 1990 оны 2, 10, 12 сар, 1991 оны 01, 02 саруудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 102-110-р хуудас/ зэргээр шууд байдлаар,

            - Ц.Ба-ыг 1979 оны 1 сарын 01-ний өдрөөс 1994 оны  4 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин,  туслах ажилтанаар ажиллаж байсан болохыг тогтоосон  Сум дундын 11 дүгээр шүүхийн  2014 оны 01 сарын 23-ны өдрийн 4 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 82-84-р хуудас/

-Ц.Г-ыг  1983 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны  6 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд тракторч машинчаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн  2013 оны 4 сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 85-86-р хуудас/ зэргээр дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.

БНМАУ-н Ардын их хурлаас  1973 оны 07 сарын 03 өдөр баталсан Хөдөлмөрийн хуулийн 10-р бүлгийн 163-р зүйлд “Залуучуудын нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зорилгоор 16 нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуйн соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд 15 нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгээр ажилд авч болно” гэж заасан байна. Мөн БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 1973 оны 07 сарын 27 өдрийн 276 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2-р бүлгийн 3-р зүйлд “нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд өөрийн биеэр оролцож, ... нэгдлийн дүрмийн шаардлагыг дагаж биелүүлэхээ хүсэж илэрхийлсэн, 16 нас хүрсэн иргэн.... ХАА-н нэгдлийн гишүүн байж болно” гэж заасан байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн актуудаар хөдөлмөр эрхлэх нас 15 /хамгийн багадаа/ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 сарын 01-ээс, 1983 оны 03 сарын 25 хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  Тус хэргийн 11-38, 87 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.  

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-д   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Х овогт Угийн О /ЗК /-ийг  1983 оны 3 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1981 оны 01 сарын 01 нээс 1983 оны 03 сарын 25 хүртэл мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б