Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
Хэргийн индекс | 184/2019/03271/И |
Дугаар | 184/ШШ2019/02862 |
Огноо | 2019-11-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2019/02862
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.М
Хариуцагч: М.М нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Г.М тай “Зээлийн гэрээ” байгуулж түүний нөхөр М.Мийн хаан банкны 5020556241 тоот төгрөгийн дансанд 9,477,000 төгрөг, 523,000 бэлнээр өгч 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй нийт 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг холбогдогч этгээдүүд биелүүлээгүйгээс үүдэн 2017 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны улмаас 2018 оны 06 дугаар сард Мөнхтөрөөс үндсэн мөнгөний хүүний тал нь болох 2,400,000 төгрөгийг бэлнээр авсан болно. Үлдэгдэл 12,600,000 төгрөгийг / Үндсэн мөнгө 10,000,000 зээлийн хүүгийн үлдэгдэл 2,600,000 төгрөг/ 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө өгөхөөр тохиролцсон боловч одоог болтол үүргээ биелүүлээгүй хөөцөлдөж байгаа зүйл бүтэхгүй байна гэх мэт өнөө маргаашаа аргацааж төөрөгдөлд оруулж хохироож байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 12,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хохиролыг бүрэн барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг гаргуулж өгнө үү.
2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний хувьд М.М, Г.М нарын зээлийн асуудлыг ярилцаад хөрөнгө барьцаалахаар болсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.М байсан учраас зээлийн гэрээг Г.М-тай байгуулсан байдаг. О нь манай гэр бүлийн хүн юм, гүйлгээний утган дээр Г.Б гэж байгаа учраас надаас мөнгө шилжүүлсэн гэж ойлгоно. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдсан. Одоо хариуцагч нараас 10,000,000 төгрөг гаргуулна, 2,600,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Т.Б нь дээрх шаардлагыг өмнө нь тус шүүхэд гаргаж, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00393 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүх хуралдаанд Т.Б биечлэн оролцсон бөгөөд Г.М д мөнгө зээлсэн, бэлнээр өгсөн, Г.М ы нөхөр М.М болон бусад хүмүүст мөнгө зээлээгүй гэж шүүхэд тайлбарласан байдаг. Иймд Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Мийн дансанд 9,477,000 төгрөгийг О гэдэг хүний данснаас шилжүүлсэн. Ямар зорилгоор шилжүүлснийг, яагаад Г.Б-с гэснийг мэдэхгүй байна. 523,000 төгрөг бэлнээр өгөөгүй гэдэг. Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн тэр үед М.М-өөс 2,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Г.М, М.М нар гэр бүлийн хүмүүс. Г.М зээл аваагүй, гэрээ байгуулаагүй болох нь шүүхээр тогтоогдсон, түүнээс гадна 2013 оны зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.М , М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд 10,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг ...2013 оны 11 сарын 28-ны өдөр М.Мийн дансанд 9,477,000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 523,000 төгрөг өгсөн, нийт 10,000,000 төгрөг зээлүүлсэн, хүүнд 2,400,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаж байна гэж, хариуцагч тал нь …10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, 2013 оны 11 сарын 28-ны өдөр М.Мийн дансанд 9,477,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, 523,000 төгрөг бэлнээр өгөөгүй, тухайн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.Б, хариуцагч М.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн харилцаа үүссэн, тухайн зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээл төлөх үүргээ зээлдэгч буюу хариуцагч биелүүлээгүй бол зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тухайн үүргийг шаардах эрхтэй.
Тодруулбал, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Т.Б-ийн эхнэр Б.О-ийн данснаас “Т.Б” гэх агуулгаар 9,477,000 төгрөг М.Мийн дансанд шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Т.Бэс 9,477,000 төгрөгийг хариуцагч М.Мд зээлдүүлсэн гэж үзнэ.
Тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн, зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Т.Б, Г.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэх баримт, нотариатчийн бүртгэлийн дэвтэр, “Иргэн Т.Бэс гаргасан М.М гэдэг багын найздаа 10 сая төгрөг зээлдүүлсэн өгөхгүй байна гэх СБ-3454 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсугай” гэсэн прокурорын тогтоол, цагдаагийн байгууллага дээр 2,400,000 төгрөг өгч, авсан талаарх талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч талаас ...523,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэж, хариуцагч нарын төлөөлөгчөөс ...дансанд мөнгө шилжиж орж ирсэн, тухайн мөнгө нь зээл гэдэг нь тодорхойгүй гэж тайлбарлах хэдий ч зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шаардлага болон татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх, өгөх үүргээ биелүүлээгүй тул тухайн тайлбарууд үндэслэлгүй болно. Мөн хариуцагч талын гаргасан зээлийн маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг, маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн харилцааг шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн хариуцагч талын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Мийн дансанд мөнгө шилжүүлсэн хэдий ч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул уг мөнгийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзлын хувьд шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй бөгөөд хариуцагч талын дээрх татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв. Учир нь хариуцагч М.Мийн дансанд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9,477,000 төгрөг орсон бөгөөд нэхэмжлэгч талаас 6 сарын хугацаатай зээлүүлсэн гэдэг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанчлан зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч Т.Бэс зээлдэгч М.Мийн эхнэр Г.М тай маргаан бүхий 10 сая төгрөгийн гэрээ байгуулсан үйл баримт, 2018 оны 6 сард М.Мөөс Т.Бд 2,400,000 төгрөг төлсөн үйл баримтаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох учиртай.
Нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч Г.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан байх боловч шүүхээс хариуцагчаар тодорхойлогдсон Г.М д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Г.М нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч талаас зээлийн харилцаа үүссэн болохыг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчээс Г.М д холбогдуулан зээлийн үүрэг шаардсан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Т.Бэс хариуцагч М.Мд холбогдуулан гаргасан шаардлагын хувьд түүний 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэх шаардлагаас бэлнээр өгсөн гэх 523,000 төгрөг, цагдаагийн байгууллагад өгсөн гомдлын хүрээнд төлсөн гэх 2,400,000 төгрөгийг тус тус хасч тооцон үлдэх 7,077,000 төгрөгийн зээлийн үүргийг хариуцагч М.Мд хариуцуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч талаас 2,400,000 төгрөгийг зээлийн хүүнд авсан гэх тайлбарыг гаргадаг ч талуудын хооронд хүү авах тохиролцоог бичгээр байгуулаагүй, улмаар хариуцагчаас төлсөн төлбөрийг хүүд суутгасан нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасантай үл нийцнэ.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 12,600,000 төгрөгөөс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 2,923,000 төгрөгийг болон нэхэмжлэхээс татгалзсан 2,600,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Мөөс зээлийн гэрээний үүрэгт 7,077,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж, хариуцагч Г.М д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөөс 7,077,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,523,000 төгрөгийг болон хариуцагч Г.М д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид 128,182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ