Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00431

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2019/00431

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Шыварайгар овогт Адраашийн К /..../-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 153/2019/00252/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч А.К, гэрч Н.Энхтуяа, Ж.Алтангэрэл нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1979 онд 7 дугаар анги төгсөөд тэгээд сургуулиас гарч мал дээр гарсан. Би 1983 оны 6 дугаар сард цэрэгт явсан. Цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад суманд 1991 он хүртэл нэгдэл тартал мал  маллаж байсан. Нэгдэл тарснаас хойш үргэлжлүүлэн мал маллаж тус сумандаа амьдарч байна. 55 нас хүрсэн хүн малчнаар тэтгэвэрт орох шаардлагыг хангасан учир шүүхэд хүсэлт гаргасан. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Миний эцэг нэгдэлд нярав, агентаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан....Цэргээс халагдаж ирээд 3 сар орчим морин тэрэгчнээр ажилласан байх. Сайн санахгүй байна....Цэрэгт явахаасаа өмнө аавтайгаа хамт мал маллаж байсан....Би ар гэрийн гачигдалтай гээд тракторын 6 сарын курсэд Говь-Алтай аймгийн Шарга сумын Техник мэргэжлийн сургуульд явсан. Тэгээд төгсөж ирээд нэгдлээс надад хуучин трактор өгсөн. Тэр тракторыг 6 сар барьсан, трактор актад гарсны дараа үргэлжүүлэн мал маллаж амьдарсан....Би малчнаар ажиллаж байснаа тогтоолгоно....Тариа бригад гэдэг нь 5 дугаар бригад юм. Тариа бригад гэдэг нь салаа бригад юм. Үйлдвэр бригад, Тариа бригад хоёр нь 5 дугаар бригад гэж явдаг байсан юм....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

А.К  нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч А.К нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.К нь 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хааж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 14-27 дугаар тал/

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1611000003 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 30 дугаар тал/ тогтоогдов.

А.К нь 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Давшилт нэгдлийн морин тэрэгчнээр ажиллаж байсан нь тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгээр хуулбарлан авсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 53 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 105 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч А.К нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Би ар гэрийн гачигдалтай гээд тракторын 6 сарын курсэд Говь-Алтай аймгийн Шарга сумын Техник мэргэжлийн сургуульд явсан. Тэгээд төгсөж ирээд нэгдлээс надад хуучин трактор өгсөн. Тэр тракторыг 6 сар барьсан, трактор актад гарсны дараа үргэлжүүлэн мал маллаж амьдарсан....Үйлдвэр бригад, Тариа бригад нь 5 дугаар бригад гэж явдаг байсан юм.... гэж, гэрч Н.Энхтуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ....А.К намайг 1986 онд ирэхэд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан....А.К чинь хосолсон ажил хийж байсан. Намар ногоо хураадаг байсан. Тракторын жолоочоор 2 жил гарантай ажилласан. Актад гарсан тракторыг 1 жил гарантай барьсан....А.К нь морин тэрэгчнээр ажиллаж байсан. Янз бүрийн ажил хийдэг байсан.... гэж, гэрч Ж.Алтангэрэлийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ....Тухайн үед манай Давшилт нэгдэл малаа төрөлжүүлж хариулдаг байсан. А.К нь цэргээс халагдаж ирээд нэгдэл тарах хүртэл ямаа маллаж байсан. Нэгдэл тараад хувийн аж ахуйтан болсон байх....Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ажиллаж байсан....Тариа бригадыг 5 дугаар бригад гэдэг байсан юм....Би тракторын курс төгссөн гэдгийг нь мэдэхгүй байна. Тракторын курсэд явсан гэж сонссон.... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч А.К нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хугацаат цэргийн алба хаасан, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан, Давшилт нэгдэлд тракторын жолооч, морин тэрэгчин зэрэг ажлуудыг хийж байсан нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Ховд аймгийн Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад дээрх хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байдал нь нотлогдохгүй байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулан асуухад нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч Н.Энхтуяа, Ж.Алтангэрэл нар нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлын талаар 1986 оноос хойш буюу нэхэмжлэгчийг цэргийн алба хааж ирснээс хойшхи үеийн талаар мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийг хугацаат цэргийн алба хаахаас өмнө нь хаана, ямар ажил хийж байсан талаар гэрч А.Ховдбай, А.Асыл нарын тус шүүхэд өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан.

Гэрч А.Ховдбайн тус шүүхэд өгсөн ....Би 1960-1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажилласан....А.К нь Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуулийг 1979 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар 1992 он хүртэл ажилласан.... гэх мэдүүлэг, А.Асылын тус шүүхэд өгсөн ...Би 1958-1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан....А.К нь 1979 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлгүүд /хх-ийн 42-43, 44-45 дугаар тал/ нь хавтаст хэрэгт авагдсан өөр бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрч А.Ховдбай, А.Асыл нарын мэдүүлгүүдэд нэхэмжлэгчийг Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад ажиллаж байсан гэж гэрчилсэн байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байна.

Иймд дээрх байдлуудын үндэслэн нэхэмжлэгч А.Кы Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Энхтуяа, Д.Батбаяр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан 1992 он, К гэх бичвэртэй баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 12 хуудсанд авагдсан Талархалаар нэхэмжлэгчийг ямар ажил хийж байсан нь тодорхойгүй, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан Баярын бичиг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтас хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан Баярын бичиг нь Баянхошуу багт алдараа тэмдэглүүлж байгаа хүнд олгосон байх ба нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хавтаст хэргийн 67-77 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн 2 дугаар хуудсанд Тариа малчин гэх бичвэр нь хөдөлмөрийн дэвтрийн 5 дугаар хуудсанд бригад, 1981 оны Давшилт нэгдлийн даргын 128-р тушаалаар гэх бичвэрүүдийн бичгийн хэв нь өөр, тус хөдөлмөрийн дэвтрийн 3, 4 дүгээр хуудас байхгүй, уг хуудаснуудыг алгасаж ажилд томилогдсон тухай бичвэрийг бичсэн, мөн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 81 дугаартай лавлагаагаар Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 1 сарын 12-нд Давшилт ХК болж өөрчлөн зохион байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад уг хөдөлмөрийн дэвтэрт 1981-1991 онуудын цалин хөлс бичвэртэй хэсэгт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК санхүү гэх бичвэртэй тэмдэг дарагдсан зэрэг нь хөдөлмөрийн дэвтрийг үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шыварайгар овогт А-ийн К /…/-ы Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ