Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Курсхааны хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2019/00431 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Шыварайгар овогт Адраашийн Курсхааны хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Курсхаан түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            А.Курсхаан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би 1979 онд 7 дугаар анги төгсөөд тэгээд сургуулиас гарч мал дээр гарсан. Би 1983 оны 6 дугаар сард цэрэгт явсан. Цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад суманд 1991 он хүртэл нэгдэл тартал мал маллаж байсан.

            Нэгдэл тарснаас хойш үргэлжлүүлэн мал маллаж тус сумандаа амьдарч байна. 55 нас хүрсэн хүн малчнаар тэтгэвэрт орох шаардлагыг хангасан учир шүүхэд хүсэлт гаргасан.

            Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2019/00431 дугаар шийдвэрээр: “

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шыварайгар овогт Адраашийн Курсхаан /ПЗ64110711/-ы Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Курсхааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Гэрч нарын мэдүүлгээр малчинаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдож байхад гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцолгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

            А.Курсхаан нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Шүүх А.Курсхааны хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагч А.Курсхаан нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан боловч уг хугацааны цалингийн материалууд Мянгад сумын архив 1998 онд шатны улмаас олдохгүй байгаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт Мянгад сумын 1980-1991 онуудын 70 дугаар данс шилжиж ирээгүй” гэсэн үндэслэл зааж, бусад нотлох баримтаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсч, хүсэлт гаргасан зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлажээ.   

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал

            Хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан Талархалд “бригадын 1981 оны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд өөрийн хариуцсан ажилдаа амжилт гаргаж сууриудын социалист уралдаанд 2 дугаар байр эзэлсэн тул талархал үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав” гэсэн бичилттэй байхад шүүх уг талархлаар нэхэмжлэгчийг ямар ажил хийж байсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргахдаа “...сууриудын социалист уралдаанд 2 дугаар байр эзэлсэн” гэх талархал гаргаж өгсөн байхад шүүх уг талархлаар нэхэмжлэгчийг ямар ажил хийж байсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

            Мөн хүсэлт гаргагч нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байхад шүүх хавтаст хэргийн 13 дугаар хуудаст авагдсан 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “баярын бичиг”-ийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

            Хавтаст хэргийн 67-72 дугаар хуудаст авагдсан Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь эргэлзээтэй гэх боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, цэргийн батлах, талархал, баярын бичиг зэрэг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэх боломжтой байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагч А.Курсхааны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олголоо.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2019/00431 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Курсхааны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                                    Б.ДАМБА

                                  

          М.НЯМБАЯР