Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 118/ШШ2022/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ийн

Хариуцагч: Завхан аймгийн сумын багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: ын нарын хооронд үүссэн сумын багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт хуульд нийцсэн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Б., гуравдагч этгээд С. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

2.1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ж. нь Завхан аймгийн сумын багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан тус багийн Засаг даргыг сонгохоор 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан дахин санал хураалтыг хууль бус болохыг тогтоолгох, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргыг сонгох 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн санал хураалтад олонхын санал авсан нэр дэвшигч Ж.г томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч нь сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд явагдсан хуралдааны явцад тус багийн Засаг даргад нэр дэвшиж, санал хураалтад оролцсон байх ба өөрийгөө олонхын санал авсан тул дахин санал хураалт явуулсан нь үндэслэлгүй хэмээн маргаж, уг дахин санал хураалтыг хүчингүйд тооцуулах, мөн хамт нэр дэвшин өрсөлдсөн С.ийг багийн Засаг даргаар сонгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, өөрийг нь тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгуулахыг хүсжээ.

2.3. Маргаан бүхий захиргааны актыг гаргаснаас хойш 17 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дээрх нэхэмжлэлийг тус шүүхэд шууд гаргасан байна. /Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй байна/

2.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сумын багийн Засаг даргыг сонгох сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшин оролцсон юм. Тухайн өдөр сонгууль товлосон цагтаа эхлэхгүй удсаар орой 16 цаг 17 минутад эхэлсэн. Санал хураалтын дүн танилцуулахад би 43 хувийн, 18 хувийн, 36 хувийн санал тус тус авсан бөгөөд хэнийх нь ч санал 50 хувьд хүрээгүй тул дахин санал хураахаар болсон. Дахин санал хураахад надад 111 хүний санал ирсэн, түүнээс нэг саналыг хүчингүй гэж тооцсон тухай тоологч , ажиглагч нар хэлсэн. Тухайн үед хянагчаар ажиллаж байсан Л.******* ямар хуудас хүчингүй болсон юм хэдэн санал хураагдсан талаар асууж үзэхийг хүсэхэд нь огт үзүүлээгүй. Тэгээд дүнг танилцуулахдаа надаас нэг санал хүчингүй болж, тай санал тэнцсэн гэсэн хариу хэлсэн. Маргааш дахин санал хураалт явуулна гээд тарсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-нд дахин санал хураалт болоход сонгогчид саналаа өгөх үед утсаараа бичлэг хийхийг оролдож, надад санал өгсөн зарим хүнийг ажиглагч ******* нь зодох зэргээр сонгогчид нөлөөлж байсан. Ийм байдлаар сонгогчид хууль бусаар нөлөөлж олонхын санал авсан юм. Сонгуулийн явцад хөтлөгдсөн тэмдэглэлийг би сүүлд олж үзсэн бөгөөд 109 санал авсан байхад надтай санал тэнцсэн гэж дүнг худал танилцуулаад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хууль бусаар дахин санал хураалт явуулсан байна. Дээрх байдлаар хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т заасан сонгогдох эрхийг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд олонхын санал авч нэрээ уламжлуулах эрхийг маань зөрчсөн тул... зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна... дахин санал хураалтаар нийт 220 хүн санал өгснөөс саналын харьцаа 111, 109 болоод, үүнээс нэг саналын хуудас хүчингүй болж, хүчинтэй саналын хуудас 219 болсон байхад тэмдэглэлд бид хоёрын авсан саналыг тэнцсэн гэж тэмдэглэсэн байсныг би хараагүй учраас санал тэнцсэн юм байна гэж ойлгоод 3 дахь санал хураалтад оролцсон. Гэтэл ард иргэд 3 дахь санал хураалтын дараа манайд ирээд 2 дахь санал хураалт хууль бус боллоо, чи 2 дахь санал хураалтад үнэмлэхүй ялалт авсан, чи тэмдэглэлээ үзээч, яриач гэсэн учраас би тэмдэглэлээ үзтэл 2 дахь санал хураалт үнэхээр хууль бус байсан. 111 сонгогч надад, 109 сонгогч С.т санал өгсөн байсан. Хавтаст хэрэгт баримтаар өгсөн саналын хуудаст ч бас С.ийн нэрийн эхний С үсгийг дугуйлсан 2 саналын хуудас байсныг манай тоологчид үзээгүй байсан. Тухайн үед хүчингүй саналын хуудсыг бид нарт үзүүлэх ёстой байсан боловч үзүүлээгүй. ******* үзүүлсэн гэсэн байна лээ... С. бас буруу ойлголттой байна гэж бодож байна. гийн мэдүүлэгт нийт 220 хүн санал өгснийг тоолоод нэг нь 111, нөгөө нь 109 болоод, дахин тоолоод нэг нь 110, нөгөө нь 109 болсон гэсэн байгаа. надад тайлбарлахдаа нийт хэдэн хүн санал өгсөн юм бэ гэхэд ******* 219 хүн санал өгсөн гэж хэлсэн учраас би түүн дээр ач холбогдол өгөөгүй юм гэж хэлээд надаас уучлалт гуйсныг би С.т тайлбарлаад өгчихье... гэв.

2.5. Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон боловч дахин санал хураалтыг өмнөх дарга Т.******* нь хөтлөн явуулсан. Санал тэнцэх, нэг саналын хуудсыг хүчингүйд тооцох болсон талаар надад мэдээлэл байхгүй нэрсийн жагсаалтын талаар Засаг даргын Тамгын газрын нарийн бичгийн дарга У.******* нь багийн Засаг даргын сонгуулиар нэрсийн жагсаалтыг гаргаж гарын үсэг зуруулж байсан... Тухайн сонгуульд 220 хүн санал өгснөөс нэхэмжлэгч нь 111 хүний, хамт өрсөлдсөн С. 109 хүний санал авсан гэж тэмдэглэл дээрээ хөтөлсөн байсан. Тэрний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд хандсан гэж бодож байна. Нэхэмжлэгч олонхын санал авсан байх магадлалтай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч олонхын санал авсан байхад С.ийг багийн Засаг даргаар сонгосон бол буруу байх байх гэж бодож байна... Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дэх сонгуульд багийн иргэдийн Нийтийн Хуралд өрсөлдөөд нэгээр гарсан. Тэгээд тэр өдрийн орой багийн Засаг даргыг сонгох сонгуульд би оролцоогүй. Учир нь тэр өдөр орой болсон байсан. Өмнөх Хурлын дарга ******* тэр оройны сонгуулийг явуулсан. Тэгээд орой нь сонгууль явагдаад хаагдсан хойно хүмүүс тарсан хойно надад тамгаа өгсөн. Би харанхуй шөнө гэртээ ирсэн. 3 дахь санал хураалт 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой сумын Соёлын төвд болсон. Түүнийг нь би хөтөлж явуулсан... гэв.

2.6. Гуравдагч этгээд С. шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.гийн нэхэмжлэлийг буруу үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон багийн Засаг даргын сонгуульд миний бие багийн Засаг даргад нэр дэвшигчийн хувиар оролцсон. Багийн иргэдийн Нийтийн Хурал болж гурван нэр дэвшигчээ зарласнаар 15 цагт багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгууль болсон. Сонгуулийн явцад маргаан шуугиан гараагүй эхний санал хураалтаар би 82, Ж. 97, Б. 40 хүний санал авч, 50+1 хувийн санал авч чадаагүй тул олонхын санал авсан Ж. бид хоёр дахин санал хураалтад орох болсон. 219 хүн саналаа өгснөөс 109,109-өөр тэнцэн нэг санал хүчингүй болсон, хоёр нэр дэвшигчийн дугаарыг хоёуланг нь дугуйлсан гэсэн мэдээ авсан. Хоёр дахь санал хураалт дуусахад цаг орой болсон 11 цаг 30 минут хөдөө хээр тул тэр өдөр дахин хураах боломжгүй байсан. Мөн иргэдийн 60 хувь нь явсан байсан. Үлдсэн иргэд, хоёр нэр дэвшигч зөвшилцөж ярилцсаны эцэст гурав дахь санал хураалтыг 11 дүгээр сарын 02-нд сумын төв дээр 10 цагаас 19 цагийн хооронд явуулахаар тохирсон. Үндэслэлгүй гэх нь 1. Сонгогчийн тоо таарч байгаа 2. Нэр дэвшигч бүр тус тусын ажиглагч тооллогчоо өөрсдөө оруулсан. 3. Ж.гийн зээ , охин ******* нар хамт тоолж хянасан. 4. Үнэхээр асуудал байсан бол ярилцан тохирч гурав дахь сонгууль яагаад болгосон юм. Гурав дахь санал хураалтаар 53 хувь, 47 хувиар ялсан... Би энэ сонгуулийг хуулийг зөрчсөн зүйл байхгүй гэж бодож байна. Учир нь тухайн үед сонгуульд хянагч, тоологчоор аль нэг намаас хүн оруулаагүй, хувь хүн өөрийнхөө хянагч тоологчийг оруул гэсэн нэр дэвшигч нар өөрсдийнхөө хүмүүсийг оруулсан. Миний өрсөлдөгч Ж. эгчийн талаас түүний охин хянагчаар сууж байсан. Мөн зээ нь байсан. ах байсан. Миний талаас ******* гэдэг залуу байсан. Манай авга ах ******* байсан. Сонгууль яаж явагдсан гэхээр санал хураалт явагдаад, саналын хайрцгийг тэр хүмүүс тойрч сууж байгаад задална. Тэгээд бүгдээрээ саналын хуудсыг дамжуулаад тоолдог. Тухайн үед нэр дэвшигчид өөр өөрсдийнхөө итгэмжлэгдсэн хүмүүсээ оруулсан байсан. Саналын хуудсыг хоёр, гурван ч удаа тойруулж тоолсон, харуулсан байдаг. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ саналын хуудсыг сумаас тэгж хэвлэгдэж ирсэн гэж бичсэн байсан. Саналын хуудас сумаас хэвлэгдэж ирээгүй. Хар дагуулахгүйн тулд саналын хуудсыг сонгууль явуулах ажлын хэсэг нь санал хураах байранд хэвлэсэн байдаг. Би өөрөө өрсөлдөгч учраас санал хураах байрны гадна байсан. Сонгууль яаж явагдсаныг мэдээгүй, мэдэх боломж ч байхгүй. Хянагч тоологчоор дотор орсон миний хүмүүс санал тэнцсэн байна яах вэ гэсэн. Тэгэхээр нь хүмүүс тараад явчихсан байна. гурав дахь шатны сонгуулийг маргааш хийе гээд маргааш нь хийсэн. Ер нь Ж. эгчийг яагаад ингээд байгааг би сайн ойлгохгүй байгаа. Үнэхээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хууль бус боллоо гэж үзсэн юм бол дараагийн шатны сонгуулийг яах гэж явуулсан юм бэ? Сонгуулийн дүнг зөвшөөрөөд л сонгуулиа явуулсан шүү дээ. Маргаантай боллоо гэж бодсон бол тухайн үед нь хэлж ярьж маргаж болох байсан. Би хавтаст хэргийн материалтай танилцсан. Гэрчүүдийн мэдүүлгүүдийг уншсан. Хамгийн эхэлж тоолоход Ж. эгч 111 санал, минийх 109 болсон байсан. Дараа нь дахиад тоолоход Ж. эгчийн 111 гэж тоолсон санал 110 болсон байсан. гурав дахь тооллого дээр Ж. эгчийн 110 саналын хуудас дотроос Ж. эгчийн нэрийг бүтэн дугуйлсан, миний нэрийг тал дугуйлсан саналын хуудас гарч ирсэн. Энэ хуудас дээр сонгогч нь хоёр нэр дэвшигчийн нэрийг хоёуланг нь дугуйлсан учраас саналын хуудас хүчингүй болоод бид хоёрын авсан санал тэнцсэн байсан... Б. ах нэг дэх сонгуулиар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар илт давуугаар гарч ирсэн. Ингээд хоёр дахь сонгуулийг та удирдсан. Тэмдэглэл тань дээр байх ёстой. Хоёр хүн тэнцсэн гэдгийг та зарласан. гурав дахь сонгуулийг та хийхээр болсон нь үнэн. Тэгээд та гурав дахь сонгуулиа нээгээд хаасан. Ард түмний нүдэн дээр та санал тэнцсэн гэж зарласан... Ж. эгчийн авсан саналаас хүчингүй болсон зүйл байхгүй. 2 нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг хоёуланг нь дугуйлсан байсан учраас хүчингүйд тооцсон. Үүнийг харахад санал өгсөн гэдгээ тэмдэглэсэн. Гэхдээ аль нэгэнд нь санал өгөх гээгүй тухайн саналын хуудсыг хүчингүй болгох гэж санаатайгаар тэмдэглэсэн байгааг анхаарч үүн дээр ялгах анализ хийх хэрэгтэй юм... гэв.

2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т багийн Засаг даргад нэр дэвшүүлэх бүрэн эрх нь багийн иргэдийн Нийтийн Хуралд олгогдсон, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвшүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т хэрвээ санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнд дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ж. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хоёр дахь санал хураалтаар С.тай санал тэнцээгүй буюу С.аас илүү санал авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал, шүүх дээр ирсэн саналын хуудаснуудаас харахад Ж.гээс нэг саналын хуудсыг хүчингүй болгоод, бусад саналын хуудаснуудыг хүчинтэйд тооцож 109, 109-өөр тэнцлээ гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас харахад саналыг хүчингүйд тооцох ийм баримтууд тухайлбал, С. дээр хүчингүй хоёр саналын хуудас өнөөдөр хүчинтэйд тооцогдоод, ингээд санал тэнцсэн мэтээр дүн гарч гурав дахь санал хураалт болсон байна. Зураг 1-д зааснаар С үсгийг харлуулж тэмдэглэсэн нь хүчинтэй саналын хуудас биш байна. Саналын хуудсыг ямар тохиолдолд хүчинтэйд тооцдог гэхээр тухайн үед нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлж тэмдэглэнэ гэсэн ийм шаардлагыг тавиад Ж. гуайгаас нэг саналын хуудсыг хүчингүйд тооцохдоо Ж.гийн нэрийг бүтэн дугуйлаад С.ийн нэрийг хагас дугуйлсан байсан гэсэн байна. Ийм учраас өөрөөр хэлбэл журмыг зөрчсөн учраас нэг саналын хуудсыг хүчингүй болгосон гэдэг. Гэтэл яагаад өмнөх дугаарыг нь дугуйлах битгий хэл хүний нэрийн үсгийг нь баллаад байхад тэр саналыг хуудсыг яагаад хүчинтэй гэж тооцоод, санал тэнцсэн гээд байгаа юм бэ, хоёр саналын хуудас хүчингүй байсан байна. Ж. гуайн тухайд нэг саналын хуудас өмнөх дугаарыг бас баллаж харлуулсан байсан. Энэ бас хүчингүйд тооцогдох ёстой байх. Гэсэн хэдий ч олдохгүй байгаа нэг саналыг орхиод, 220 хүн санал өгсөн гэдгийг орхиод, 109/109 дээрээс харахад л С.ийн саналаас хоёр саналын хуудас хүчингүй. Ж.д өгсөн саналаас нэг саналын хуудас хүчингүй байна. Ингэхээр санал яагаад ч тэнцэхгүй. Ийм байхад санал хураалт тэнцсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байсан байна. Тийм учраас нэхэмжлэгч нь хоёр дахь санал хураалтаар би олонхын санал авсан гэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Олонхын санал авсан учраас багийн Засаг даргад нэрээ уламжлуулах эрх нь үүссэн байсан байна. Ийм байхад гурав дахь санал хураалтыг явуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл гурав дахь санал хураалтыг явуулсан учраас энэ санал хураалт хууль бус болж таарна. Мөн энэ санал хураалтын дүнгээр гарсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаартай тогтоол мөн хууль бус юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна... Гуравдагч этгээд тайлбартаа хоёр дахь санал хураалт тэнцлээ гэж зөвшөөрөөд гурав дахь санал хураалтад оролцсон мөртлөө одоо яагаад ийм маргаан үүсгээд байгаа юм бэ? гэж байна. Тухайн үед Ж. гуай хоёр дахь санал хураалтын дүнд итгэсэн. Энэ саналын хуудсыг үнэн зөвөөр тоолсон, саналын хуудаснууд бүрэн бүтэн байгаа гэж итгэсэн. Тийм учраас гурав дахь санал хураалтад орсон байдаг. гурав дахь санал хураалтад оролцсоны дараагаар хүмүүс Ж. гуайг тэмдэглэлээ олж үз, саналын зөрүү гараад байна гэж хэлсэн учраас тэмдэглэлийг олж үзсэн байна. Ингэхэд үнэхээр зөрүүтэй байсан учраас шүүхэд хандсан байна. Шүүхэд баримтаар авагдсан саналын хуудаснуудыг харахад хүчинтэй эсэх нь эргэлзээтэй саналын хуудаснууд ч гарч ирсэн. Ийм учраас одоо шүүх дээр маргаан үүсгээд явж байгаа. Тухайн үед бол хоёр дахь санал хураалтын дүнг үнэн зөв гэж итгэсэн байсан... гэв

ҮНДЭСЛЭХ нь:

3.1. Нэхэмжлэгч Ж. нь Завхан аймгийн сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явагдсан дахин санал хураалтыг хууль бус болохыг тогтоолгох, тус сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус сумын багийн Засаг даргыг сонгох 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сонгуульд олонхын санал авсан нэр дэвшигч Ж.г томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Нэхэмжлэгч нь сумын багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн байх ба 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явагдсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны явц дахь дахин санал хураалтын дүнгээр хуралдаанд оролцсон олонхын буюу 110 саналаар дэмжигдсэн байхад өөрийг нь багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, томилуулахаар сумын Засаг даргад уламжлалгүй, 11 сарын 02-ны өдөр дахин санал хураалт явуулсан нь хууль бус, хамт нэр дэвшиж өрсөлдсөн С. иргэдийн олонхын санал авч чадаагүй, хүчингүй болсон гэх саналын хуудсыг ажиглагч нарт харуулаагүй хэмээн маргажээ.

3.3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үнэлэн, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.4. Завхан аймгийн сумын багийн иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхлэн хуралдаж, уг хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох асуудлуудыг хэлэлцэж, санал хураалтуудыг явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр маргаан бүхий 03 дугаартай тогтоолыг гаргажээ.

2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас... тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан байх ба энэ хэргийн тухайд хэргийн оролцогч нар хуралдааны ирцийн тухайд маргаагүй, хуралдааны ирц хангалттай байсан гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаа болно.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтуудыг үндэслэн ын ийг багийн иргэдийн олонхын буюу 129 иргэний /53 хувийн/ санал авсан хэмээн багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, түүнийг томилуулахаар сумын Засаг даргад уламжлах асуудлыг шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд)

Уг тогтоолыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ...баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална, 17 дугаар зүйлийн 17.1.2-д баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ...саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах гэж тус тус заажээ.

Дээрх маргаан бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг ын *******, ын хэмээх нэрээр буюу хоёр янзаар гаргасан байх ба хариуцагчийн тайлбарласнаар багийн Засаг даргад сонгогдсонд тооцогдсон гэх гуравдагч этгээдийг нутгийн иргэд ******* хэмээн нэрийддэгийн улмаас 03 дугаар тогтоолыг эхлээд уг нэрээр гаргасан бөгөөд дараа нь тогтоолыг түүний иргэний үнэмлэх дээрх албан ёсны нэр болох гэх нэрээр дахин зөвтгөн гаргасан байгааг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 8 дугаар хуудас) Гуравдагч этгээд С.ийг нутгийн иргэд ******* гэж нэрийддэгийг гэрч Н.*******, О., Л.*******, Т.*******, Г.******* нар батлан мэдүүлж байгаа болно. (хавтаст хэргийн 49, 53, 58,61, 67 дугаар хуудас)

3.4. багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тухайд иргэн Ж., С., Б. нар нэрээ дэвшүүлж, санал хураалт явагдсан байх боловч хэн аль нь хуралдаанд оролцогчдын олонхын буюу 50-аас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ж., С. нарын дунд дахин санал хураалт явагдсан байна.

Хуралдаанд оролцсон нийт иргэдээс нууцаар санал хураахад Ж.г 97, С.ийг 82, Б.Гантулгыг 40 иргэн тус тус дэмжиж саналаа өгсөн болох нь хуралдааны тэмдэглэл, гэрч О., Л.*******, Г.*******, У.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 42-46, 53, 58, 67, 73 дугаар хуудсанд)

Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон нийт иргэний тоог 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд 222, 221, 219 гэх зэргээр зөрүүтэй, засвартай өөр өөрөөр тусгасан байх ба санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтыг хэрхсэн нь тодорхойгүй, багийн иргэдийн Нийтийн Хурал дээр хадгалагдаагүйгээс тухайн өдрийн санал хураалтад яг хэдэн иргэн оролцсоныг баримтаар тогтоох боломжгүй байна.

Харин гэрч нарын мэдүүлэг болон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /У.*******, Б.******* нарын болон Т.*******гийн хөтөлсөн/ тэмдэглэлээс харахад багийн Засаг даргад нэр дэвшигч Ж. 97 /43.6 хувийн/, С. 82 /18 хувийн/, Б. 40 /36.9 хувийн/ санал тус тус авч, 3 саналын хуудас хүчингүй болсон нь тогтоогдож байгаа тул тэдний авсан саналын хувь тоог харгалзуулан тооцож үзэхэд санал хураалтад 222 иргэн оролцсон байна. (хавтаст хэргийн 42, 45)

Дээрх саналын дүнгээс харахад гурван нэр дэвшигч нарын хэн нь ч 50-аас дээш хувийн санал аваагүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...Засаг даргад ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасны дагуу дахин санал хураалт явуулах үндэслэл бүрдсэн байна.

Дахин санал хураалтыг хамгийн өндөр санал авсан Ж., С. нарын тухайд явуулснаар дахин санал хураалтад 219 иргэн оролцсон байх ба хоёр нэр дэвшигч тус бүр 109 санал авч, тэднийг дэмжсэн саналын тоо тэнцсэн болох нь гэрч О., Г.*******, Л.*******, У.*******, Т.******* нарын мэдүүлэг, саналын хуудсанд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 37, 53, 58, 61, 67, 73 дахь тал)

Хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг аль алиныг нь тэмдэглэсэн нэг саналын хуудас гарсан талаар дээрх гэрчүүд мэдүүлж байх бөгөөд уг хүчингүйд тооцсон гэх нэг саналын хуудас нь дээрх нийт 218 саналын хуудас дотор байхгүй болох нь дахин санал хураалтын /хоёр дахь/ саналын хуудсанд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

Өөрөөр хэлбэл, дээрх хүчинтэй 218 саналын хуудаснаас гадна хоёр нэр дэвшигчийн аль алиных нь нэрийг тэмдэглэж, хэнийг нь дэмжсэн нь эргэлзээтэй нэг саналын хуудас байсан бөгөөд түүнийг хүчингүйд тооцсон талаар дээрх гэрчүүд мэдүүлж байх тул нэхэмжлэгч Г.г хоёр дахь санал хураалтаар иргэдийн олонхын саналыг авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Санал тоолох комисс томилох талаар тогтоол гараагүй боловч хуралдааны тэмдэглэлд санал тоолох иргэдийг сонгосон тухай тусгагдсан байх ба нэр дэвшигч нар өөрсдийн хүсэлтээр саналын хуудас тоологчоор О., Г.******* нарыг санал болгож томилуулсан байх бөгөөд нэр дэвшигч Ж. нь иргэн О.г өөрийн тоологчоор ажиллуулсан байх тул гэрч О.гийн ...багийн Засаг даргыг сонгох санал хураалт нийт гурван удаа явагдсан... Хоёр дахь санал хураалтаар авсан саналын хуудсыг ******* бид хоёр нэр дэвшигч нарын авсан саналыг хоёр нэрээр нь ялгаад тоолсон. Би гийн нэртэй саналын хуудсыг тоолоод 111, ******* ийн нэртэй саналын хуудсыг тоолоод 108 болгосон, дараа нь бид хоёр зөрүүлээд дахин тоолоход ******* гийн саналыг 110 гэж, би ийн саналыг 109 гэж тоолсон. Бид хоёрын тоолсон тоо зөрсөн учраас дахиад би гийн саналыг тоолоход 110, ******* ийн саналыг тоолоход 109 байсан. Хажууд ажиглагч, хянагч нар давхар хянаж байсан. гийн 110 санал дотроос нэг хүчингүй саналын хуудас гарч ирээд хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн...тэр саналын хуудас дээр нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг бүтэн, нөгөө нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг хагас дугуйлсан байсан тул хүчингүйд тооцсон. Уг хүчингүй болсон саналын хуудсыг ******* авсан... Санал хураалтын өмнө саналын хуудсанд зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлна гэдгийг хүмүүст анхааруулж байсан. Нэр дэвшигчийн өмнөх дугаарын өмнө, нэрийн өмнө цэглэсэн тэмдэглэгээ байсан. Энэ нь аль нэр дэвшигчийг дэмжиж байсан нь тодорхой учраас хүчинтэй саналд тооцсон... гэх мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хоёр дахь санал хураалтын дүнгээр багийн Засаг даргад нэр дэвшигч Ж., С. нарын авсан саналын тоог тэнцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудсанд)

Мөн дээрх хүчингүйд тооцсон гэх саналын хуудасны талаар санал хураалтын ажиллагаанд ажиглагчаар оролцсон гэрч Л.******* ...Миний ажигласнаар 111, нь 108 санал авсан, тэгээд хоёр тоологч тоолсон саналаа сольж тоолоход 108 нь 109, харин 111 нь 110 болсон, уг 110 саналын нэг нь хүчингүй болсон гэсэн. Дүнг ******* танилцуулсан. Хүчингүй болсон саналын хуудсыг үзье гэхэд ******* үзүүлэх шаардлагагүй гээд үзүүлээгүй. Тоолж байхдаа тоологч нар нэг хүчингүй хуудас байна гэж хэлэхэд нь би хальт харахад гийн нэрийн урд талын дугаарыг бүтэн дугуйлаад ийн нэрийн дугаарыг хагас дугуйлсан байсан харагдсан. Санал хураахын өмнө нэг л хүний нэрийг дугуйлж тэмдэглэнэ. Өөрөөр тэмдэглэвэл хүчингүй болно гэдгийг тоологч, ажиглагч бид нар бүгдээрээ хүмүүст хэлж анхааруулж байсан... хэмээн мэдүүлж байгаагаас харахад хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг хоёуланг нь тэмдэглэж, аль нэр дэвшигчийг дэмжиж байгаа нь эргэлзээтэй байсан нэг саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь тогтоогдож байна.(хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд)

багийн Засаг даргыг сонгох хоёр дахь санал хураалтын дүнгээр хоёр нэр дэвшигчийн авсан санал тэнцсэн /109, 109/ гэх дүнг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй, өөрийгөө олонхын санал авсан гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явагдсан дахин санал хураалт /гурав дахь/-ыг хууль бус гэж үзэж байгаа боловч тийнхүү хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй өмнөх Хурлын дарга Т.******* удирдан явуулж, хуралдааны тэмдэглэлийг өөрөө давхар хөтөлсөн байх ба уг дахин санал хураалтад зориулж 221 саналын хуудас хэвлэгдэн, 219 иргэн саналаа өгч, илүү гарсан 2 хуудсыг устгасан, мөн Ж. 109, С. 109 санал тус тус авч, нэг санал хүчингүй болсон талаар тодорхой бичиж тэмдэглэжээ. (хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд)

Харин У.*******, Б.******* нарын хөтөлсөн тэмдэглэлд хоёр дахь санал хураалтын талаар тодорхой ойлгомжтой бичээгүй, Нийт 264-44=220-1=219=109 ...Санал тэнцсэн учир 2021 оны 11 дүгээр сарын 2-нд сумын төвд сонгуулийг дахин хийхээр болов гэж тусгасан байх ба энэ талаар гэрч У.******* ...санал хураалтын дүнд , нар хоёулаа тус бүр 109, 109 санал авч тэнцсэн. Нэг саналын хуудас хүчингүй болсон. Саналыг *******, нар тоолсон, хажууд нь ажиглагч нар хараад зогсож байсан... хэмээн тодруулан мэдүүлсэн байна. (хавтаст хэргийн 43, 74 дүгээр хуудсанд)

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дахин санал хураалтын саналын хуудсанд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс харахад нэр дэвшигч Ж., С. нарын нэрээр санал тэмдэглэгдсэн нийт 218 саналын хуудас байх ба тэдгээр дотор хоёр нэр дэвшигчийн аль алиных нь нэрийн өмнөх дугаарыг давхар тэмдэглэсэн саналын хуудас байхгүй байна. (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)

Өөрөөр хэлбэл, шүүхийн үзлэгээр тогтоогдсон дахин санал хураалтын нийт 218 саналын хуудаснаас гадна хүчингүйд тооцсон буюу хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь дэмжсэн үндэслэлээр хүчингүйд тооцсон гэх нэг саналын хуудас байсан нь дээрх гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх ба хүчинтэй 218 саналын хуудсан дээр гэрч нарын мэдүүлж буй хүчингүйд тооцсон гэх нэг саналын хуудсыг нэмэхэд дахин санал хураалтад нийт 219 иргэн оролцсон байна.

Түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дахин санал хураалтын саналын хуудсыг тоологч нар гурван удаа тоолсон байх ба аль ч тооллогын дүнгээр нийт 219 хүн саналаа өгсөн нь гэрч Л.*******, О., У.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 53, 58, 73 дугаар хуудсанд)

Тодруулбал, дахин санал хураалтын дүнг гаргахаар саналын хуудсыг эхний удаа тоолоход Ж. 111, С. 108, хоёр болон гурав дахь удаад тоолоход Ж. 110, С. 109 санал авсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул дахин санал хураалтад нийт 219 хүн саналын хуудсаар саналаа өгсөн гэж үзэхээр байна.

3.5. Тиймээс багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдөр явагдсан багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн үндэслэлээр 11 сарын 02-ны өдөр дахин санал хураалт явуулсан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Баг, хорооны ...Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаас Ч.ийг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг /53 хувийн/ авсан үндэслэлээр тус багийн Засаг даргад сонгогдсоноор тооцож, батламжлуулахаар гаргасан Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд уг тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, ...саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ...баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж тус тус заасныг зөрчөөгүй төдийгүй Ж. нь хуралдаанд оролцсон багийн иргэдийн олонхын санал авч чадаагүй болох нь дээр дурдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул Ж.г багийн Засаг даргаар томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнийг сумын багийн Засаг даргаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Дээрх маргаан бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоол болон ******* /нэхэмжлэгч Ж.гийн охин гэх/-ийн хөтөлсөн уг өдрийн хурлын тэмдэглэлд С.ийг дэмжсэн иргэдийн саналыг 129 гэж дурдсан байх боловч саналын хуудсанд хийсэн шүүхийн үзлэгээр түүнийг дэмжсэн саналын хуудас 128 байх ба /нэг саналын зөрүүтэй бичигдсэн/ энэ нь олонхын санал авсан С., олонхын санал авч чадаагүй Ж. нарын авсан саналын эрэмбэд нөлөөлөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй. (хавтаст хэргийн 47, 39 дүгээр хуудсанд)

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дахин санал хураалтын саналын хуудсанд шүүхээс хийсэн үзлэгээр нэр дэвшигч С. 128, Ж. 114 санал авсан нь тогтоогдож байгаа тул уг өдрийн дахин санал хураалтад нийт 242 иргэн оролцсон гэж үзэж, түүнээс нэр дэвшигч нарын авсан саналын хувийг тооцож үзэхэд С. багийн иргэдийн олонхын /52.8 хувийн/ саналаар багийн Засаг даргад дэмжигдсэн байна.

3.6. багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд явагдсан хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг тийнхүү хуульд заасны дагуу хэлэлцэн, дахин санал хураалтын дүнд хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар дэмжигдсэн С.ийг тус багийн Засаг даргад сонгогдсонд тооцож, томилуулахаар эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг даргад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор уламжлахаар тийнхүү шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд багийн Засаг даргыг сонгох ажиллагаа дээр дурдсан эрх зүйн дүгнэлтүүдээр хуульд нийцэж байх төдийгүй нэхэмжлэгч Ж.гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.гийн Завхан аймгийн сумын багийн Засаг даргыг сонгохоор 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин санал хураалт явуулсныг хууль бус болохыг тогтоолгох, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сонгуульд олонхын санал авсан Ж.г томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, багийн Засаг даргаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг баримтлан Завхан аймгийн сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явагдсан дахин санал хураалтыг хууль бус болохыг тогтоолгох, тус сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус сумын багийн Засаг даргыг сонгох 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сонгуульд олонхын санал авсан нэр дэвшигч Ж.г томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгуулах шаардлага бүхий иргэн Ж.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан Ж.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ