Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00003

 

                                                               А.Хосбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00435 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 693 дугаар магадлалтай,

А.Хосбаярын нэхэмжлэлтэй,

Н.Чинболдод холбогдох 

Хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарантуяа, хариуцагч Н.Чинболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би 2019.03.12-ны өдөр өөрийн өмчлөлийн 39-29 УБ улсын дугаартай Кавасаки Нинжа 250 маркийн мотоциклоор Буянт-Ухаа чиглэлээс Сонсголонгийн зам руу орохоор Нисэхийн аюулгүйн тойрогт зөв эгнээ байр эзлэн шилжин ороод явж байтал 4 дүгээр эгнээ буюу аюулгүйн тойрогт шахаж явсан Тоёота Хариер маркийн машин гэнэт Яармагийн зам руу шилжиж намайг дайрч унагаж, улмаар зогсолгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж, Яармагийн замын хамгийн зүүн гар талын 4 дүгээр эгнээнд очиж зогссон. Уг зам тээврийн ослын зөрчил зохих журмын дагуу явагдаж осолд холбогдогч Н.Чинболдын буруутай гэдэг нь 100 хувь тогтоогдож, холбогдох акт, шийтгэврийн хуудас гарсан боловч уг этгээд нь элдэв арга мэх хэрэглэн бултан зайлж, хохирол барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд үнэлгээгээр тогтоогдсон 1,295,000 төгрөг, эмчилгээний зардал болон бусад зардалд 205,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019.03.12-ны өдөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа орчмын хэсэгт аюулгүйн тойрогт А.Хосбаяр нь өөрийн эзэмшлийн мотоциклоор замын хөдөлгөөний дүрмийг зөрчин миний унаж явсан автомашиныг ирж мөргөсөн болно. Тухайн үед Хан-Уул дүүргийн Замын цагдаад ослын талаар дуудлага өгч, ахмад Б.Мөнхдалай хэргийн газарт үзлэг хийсэн боловч хэргийн газрыг буруу зуран дараагийн шатны мөрдөн байцаагч ахмад Х.Эрдэнэтуулд шилжсэн. Үйл явдлын талаар болсон бүх зүйлийг амаар тайлбар өгсөн боловч мөрдөн байцаагч мэргэжлийн ур чадвар гаргалгүй, нэг талыг барьж, сайн судлалгүй яаруу сандруу өөрийн үзэмжээр дүгнэлт гарган, намайг гэм буруутайгаар шийдвэр гаргасан болно. Ахмад Х.Эрдэнэтуулын дүгнэлттэй миний санал нийлээгүй тул удирдах байгууллагуудад гомдол гаргасан болно. А.Хосбаяр нь үйл явдал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад цагдаагийн гаргасан дүгнэлтийн дагуу 1,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн эцэг, эх осол гарах үед байгаагүй байж байсан мэтээр худлаа ярьж, ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хүн гүтгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь гэнэт л машины урдуур орж ирээд осол болсон. А.Хосбаярын буруугаас зам тээврийн осол гарсан тул хохирлыг төлөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00435 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Чинболдоос хохиролд 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Хосбаярт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 693 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие өөрийн хийсэн гэм буруутай зүйл гаргасан бол хүлээн зөвшөөрөх, хариуцлага хүлээх чадвартай болно. Гэвч Хан-Уул дүүргийн нисэхийн аюулгүйн тойрогт А.Хосбаяртай 2019.03.12-ны өдөр ЗХД зөрчсөн хөдөлгөөн хийсэн осолд илт нэг талыг барьсан дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Миний бие хойшлуулах боломжгүй нөхцөлөөр 2020.02.01-нд АНУ-д 3 сарын хугацаатайгаар ирсэн боловч Covid 19 өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар Монгол руу буцаж чадахгүй байгаа тул энэ нөхцөл байдлыг минь хүлээн авч тодорхойгүй байгаа хугацааг хойшлуулж өгнө үү. Мөн зөрчил гаргасан газарт ХУД-ийн замын цагдаагийн жижүүрийн цагдаа газрыг хэмжиж ослын газрын зургийг зурж хэрэг бүртгэгч А/д н.Энхтуул байцаагчид шалгуулахаар өгсөн бөгөөд энэ хүн намайг гэм буруутай гэсэн шийдвэр гаргасанд миний бие санал нийлэхгүй байгаа тул дахин шүүхэд хандаж байна. н.Энхтуул нь мэргэжлийн ур чадвар гаргалгүй зөрчлийг нэг талыг барьж дүгнэлт гаргасанд, мөн хэрэг шалгах явцад намайг дарамталж, худал ярьж зальдаж дүгнэлт дээр гарын үсэг зуруулсан болно. Иймд миний бие энэ зөрчлийг зөвшөөрөхгүй байгаа тул дахин шалгуулж, авто тээврийн талаар мэргэшсэн өмгөөлөгч болон албаны хүнээс зөвлөгөө авч шалгуулахад ЗХД-ийн хэд хэдэн хууль дүрмийг зөрчсөн дүгнэлт гаргаж намайг буруутгасанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Хосбаяр нь хариуцагч Н.Чинболдод холбогдуулан 2019.03.12-ны өдрийн 17 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн аюулгүйн тойргийн замд зам тээврийн осол гарсан гэм хорын хохиролд нийт 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн ослын хувьд өөрийгөө гэм буруугүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Чинболдоос хохиролд 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Хосбаярт олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан, үүнтэй холбоотой гомдол гаргасан нь шийдвэрлэгдээгүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзэхэд тухайн зам тээврийн осол хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019.03.21-ний өдрийн 0015608 дугаартай Шийтгэлийн хуудас, мөн өдрийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ослын улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019.03.15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Суга таяг авсан 45,000 төгрөг, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 340,000 төгрөг, нийт 385,000 төгрөгийн зардал гарсан баримттай боловч нэхэмжлэгч эмчилгээний зардал болон бусад зардлыг шүүх хариуцагчаас шаардсан хэмжээгээр буюу 205,000 төгрөг гэж тооцсон нь зөв.

Түүнчлэн А.Хосбаярын эзэмшлийн мотоциклд учирсан хохирлын хэмжээг 2019.03.14-ний өдөр Хас үнэлгээ ХХК-аас 1,295,000 төгрөгөөр үнэлсэн нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд ба шууд бус зардал, засварлах үнэлгээ байх бөгөөд хариуцагч нь хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй, энэ үнэлгээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Дээрх үндэслэлээр ...миний бие энэ зөрчлийг зөвшөөрөхгүй байгаа тул дахин шалгуулж, авто тээврийн талаар мэргэшсэн өмгөөлөгч болон албаны хүнээс зөвлөгөө авч шалгуулахад ЗХД-ийн хэд хэдэн хууль дүрмийг зөрчсөн дүгнэлт гаргаж намайг буруутгасанд гомдолтой... тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шйидвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00435 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 693 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН