Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00122

 

  

Б.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00614 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 964 дүгээр магадлалтай, 

Б.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

Н.Цэрэнчимэдэд холбогдох  

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Цэрэнчимэд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Б.Алтанхуяг нь Н.Цэрэнчимэдэд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00614 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Цэрэнчимэдээс 8,040,000 төгрөг гаргуулж Б.Алтанхуягт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.Цэрэнчимэдээс 143,500 төгрөг гаргуулж Б.Алтанхуягт олгохоор шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 964 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00614 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ гэсэн гол үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Б.Алтанхуяг 2019.12.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2019.12.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч 2020.02.03-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан байна. Мөн өдрөө хариуцагч эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл /ХХ-ийн 10-р тал/, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцсан тэмдэглэл /ХХ-ийн 11-р тал/-үүдэд гарын үсэг зуржээ. Ийнхүү хариуцагч 2020.02.17-ны өдөр шүүхэд хариу тайлбараа гаргасан ба тайлбартаа ...нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,000 төгрөгийг Б.Алтанхуягт өгөх ёстой. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч, хариуцагч нараас тус хэрэгтэй холбогдуулан гаргаж өгөх шинэ нотлох баримт болон хүсэлт байна уу гэхэд аль аль нь байхгүй гэсэн. Ингээд шүүх хуралдаан эхлээд явж байхад хариуцагч өөрийн хүүхдүүд болох Ц.Пүрэвдоржийн 5822060720, Ц.Дагвадоржийн 5830060082 тоот данснаас Б.Алтанхуягийн данс руу төлбөр тооцоо хийдэг байсан... гэж мэдүүлсэн зэрэг нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу явагдаж хариуцагчийг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.6-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн талуудын мэтгэлцэх нь байна.

3.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн худалдан авагч нь 8,040,000 төгрөгийг 2019.12.16-нд хийхээр тохирч гарын үсэг зурж үйлдсэн баримт /ХХ-ийн 5-р тал/-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу явагдсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ. 

6. Нэхэмжлэгч Б.Алтанхуяг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдах-худалдан авах гэрээний дагуу надаас 770 ширхэг лаа авснаас 2019.12.16-ны өдрийн байдлаар 8,040,000 төгрөг төлөх ёстой... гэж тодорхойлсон байна. 

7. Хариуцагч С.Батбаяр ...2019.07.09-ний өдөр 5,400,000 төгрөгийн үнэ бүхий 450 ширхэг лаа авч хүү Ц.Пүрэвдоржийн 5822060720 тоот данс, Ц.Дагвадоржийн 5830060082 тоот данснаас Б.Алтанхуягийн данс руу лааны төлбөр тооцоог хийж үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг болсон. Дараа нь 1,400,000 төгрөгийн үнэ бүхий 120 ширхэг лаа, мөн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг лаа авсан бидний тохиролцсон тооцоогоор 3,800,000 төгрөг төлөх байсан... гэж мэтгэлцжээ. 

8. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаас дүгнэвэл худалдах-худалдан авах гэрээний тохирсон үнийг төлөх хэмжээ маргааны зүйл болсон байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах замаар талуудыг хүсэлт гаргах эрхээр хангаж чиглүүлэх, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй, түүнчлэн талуудын зөрүүтэй тайлбарыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

Давж заалдах шатны шүүхийн ...Хариуцагчийн нэрлэн заасан Ц.Пүрэвдорж, Ц.Дагвадорж нарын дансаар нэхэмжлэгчид лааны үнэд хэдэн төгрөг шилжсэнийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарна... гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 964 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ 

                                            ШҮҮГЧИД                   П.ЗОЛЗАЯА 

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД