Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00377/И |
Дугаар | 00482 |
Огноо | 2019-10-16 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 00482
2019 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2019/00482 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 48 айлын орон сууцны 42 тоотод оршин суух, Оръяс овогт М-ийн Г /.../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Ховд Их сургууль /.../-д холбогдох
ээлжийн амралтын олговрын дутуу 1,025,598 /нэг сая хорин таван мянга таван зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 153/2019/00377/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа. 2018 оны 11 дүгээр сард 60 нас хүрсэн учраас тэтгэвэрт гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хичээлийн жил дуустал ажиллахад амралтын мөнгийг дутуу олгосон гэж би үзэж байна. Надад оногдох ёстой байсан амралтын 50 хувийг бодож олгосон учраас дутуу мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан. Энэ тооцоог надад амралт тооцож олгосон ажилтан болон мэргэжлийн нягтлан бодогчоос зөвлөгөө авч тооцуулсан....Би 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр амралт дууссан. Миний тооцсоноор 21 хоногийн амралтын хоногийг, түүнд ногдох ээлжийн амралтын олговор 1,025,598 төгрөгийг олгоогүй байгаа....Надад энэ хугацаанд 40 хоногийн амралт тооцогдох ёстой. Яагаад гэвэл бүтэн хичээлийн жилд 48 хоног амрах ёстой гэхээр би 8 хоногийн амралтаа тооцуулж авсан учраас одоо надад 40 хоногийн амралт тооцогдох ёстой гэж үзэж байна. Гэтэл надад 19 хоногийн ээлжийн амралт олгож, түүнд ногдох олговрыг олгосон....Профессороор ажиллаж байхад багштай ажиллах гэрээ байгуулсан....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч М.Г нь Ховд их сургуульд багшаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэгээд багшийн ажлаас чөлөөлж 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зөвлөх профессороор ажиллуулах захирлын тушаал гарсан. Тэтгэвэрт гарсан багш 50:25 хувиар зөвлөх багшаар ажиллах боломжтойг багшийн ажлын журамд зааж өгсөн. Мөн багшийн ажлын журмын 4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар профессор багшийн хувийн бүтэн жилийн хугацаанд 14 кредит гүйцэтгэн гэж заасан. М.Г багш дээрх кредитийн 50 хувийг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй байгаа. Мөн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирлын гаргаж өгсөн тодорхойлолт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар 7 хоногийн ажлын цаг нь 40 цаг байна. Ердийн ажлын цаг нь өдөрт 8 цаг байдаг. Гэтэл М.Г багш 5 өдөр бүтэн ажлаагүй. 2 сарын хугацаанд 7 хоногт 3 өдөр үлдсэн хугацаанд нь 7 хоногт 2 өдрийн хичээл заадаг, нийт 20 цагийн хичээл заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтанд ажилласан цагаас нь хамаарч цалин хөлс олгоно гэж заасан. М.Г багшийн гүйцэтгэл ажил хийсэн цаг нь 50 хувийн гүйцэтгэлтэй байсан. Профессор багш 50 хувийн гүйцэтгэлтэй бол 24 хоногийн амралт бодуулдаг, 25 хувийн гүйцэтгэлтэй багш бол 12 хоногийн амралт бодуулдаг. Тэгэхээр М.Г багш 11 дүгээр сарын 01-ний өдрөөс профессор багшаар ажилласан учраас энэ 2 сарын хугацаанд ажилласан амралтыг тооцсон. Өмнө нь ажиллаж байсан хугацааны амралтыг тооцоод цалин хөлсийг нь бодож тэтгэвэрт гарахад нь олгосон. Үлдсэн ажилласан хугацаанд ногдох 19 хоногийн амралтыг Ховд их сургуулийн захирлын ээлжийн амралт баталсан тушаалаар 19 хоног амрах нь зүйтэй гэсэн тушаал гарсан. Энэ талаар нягтлан бодогчтой тооцоо нийлсэн. М.Г багш зөвлөх профессор багшаар томилогдсоноос хойш нийт ажлын хоногийг амралтаа авах хүртэл тооцохоор 150 хоног байгаа юм. Ажлын хоног нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс бодохоор ажлын 150 өдөр байгаа. 7 хоногт ажлын 5 өдөр байдаг учраас тооцож үзэхээр М.Г багш 37 хоног ажилласан. 37 хоногоос нь 9,1 0 сарыг хасаад бодохоор 11,12 сар ажилласан. Дараагийн улиралд 7 хоногийн 2 өдөр ажилласан гээд тооцож үзэхээр М.Г багш 73 хоног Ховд их сургуульд ажилласан. Уг нь ажлын 1 хоног гэдэг нь ажлын 8 цагаас бүрддэг. Нэхэмжлэгч ажлын 8 цагаа гүйцэтгэж ажлаагүй. Ажилласан хугацааг нь бодож үзэхээр 73 хоног ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бодож үзэхээр амралт авсан хоногийг тооцож үзэхээр амралт авсан өдрөөс шалтгаалан тооцохоор багш нь нийт 48 хоног амардаг. Гэтэл М.Г багш 73 хоног ажилласан учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилласан хугацаа гүйцэтгэлийг нь харгалзан үзээд ээлжийн амралтыг тооцсон тул хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь Ховд их сургуульд холбогдуулан ээлжийн амралтын олговрын дутуу 1,025,598 /нэг сая хорин таван мянга таван зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч М.Г нь ....Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимд зөвлөх профессороор ажилласан хугацааны буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эдлэх ээлжийн амралтын хоногийг ажлын 40 хоногоор тооцон ээлжийн амралтын олговор олгох байтал ажлын 19 хоногоор тооцсноос ээлжийн амралтын олговор дутуу олгосон. Ээлжийн амралтын олговрын дутуу 1,025,598 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь ....Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлээр нь тооцож ээлжийн амралт, түүнд ногдох ээлжийн амралтын олговрыг олгосон.... гэж тус тус маргасан болно.
М.Г нь Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн профессороор ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимд зөвлөх профессороор ажилласан болох нь Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/231 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 41 дүгээр тал/
Ховд их сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/93 дугаар тушаалын 1 дүгээр хавсарлтаар батлагдсан Багшийн ажлын журам-ын 3.7.18-д ХИС-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан доктор, дэд профессороос дээш цолтой, эсвэл мэргэжлээрээ үндэсний хэмжээнд хүлээнд зөвшөөрөгдсөн хүнийг мэргэжлийн тэнхим, баг сургуулийн саналыг үндэслэн зөвлөх профессороор 1-9 сарын хугацаатай гэрээгээр ажиллуулж болно...., 3.7.22-т Зөвлөх профессор нь тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн /салбар сургуулийн захирал, сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захиралтай гэрээ байгуулж ажиллана гэж тус тус заажээ. /хх-ийн 54 дүгээр тал/
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зөвлөх профессорын ажилд ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгэж маргаагүй болно.
Зөвлөх профессорт ээлжийн амралтын хоног, түүнд ногдох олговрыг хэрхэн олгох талаар талууд хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлэх боломжтой байтал ажил олгогч нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ талаар ажил олгогч нь нэхэмжлэгчтэй хэрхэн тохиролцсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлээр нь тооцож ээлжийн амралт, түүнд ногдох ээлжийн амралтын олговрыг олгосон гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь цалин хөлсөө авсан байх бөгөөд нэхэмжлэгч нь цалин хөлсний талаар маргаагүй. Харин зөвлөх профессороор ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрын дутууг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг Боловсролын тухай хуулийн 43.1.2-т заасан багшийн ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох нийгмийн баталгаагаар хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байхаар хуульчилсан бөгөөд энэ хоног дээр Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан ажлын 33 өдрийн нэмэгдэл амралтын хугацааг нэмбэл нэхэмжлэгчид 2018-2019 оны хичээлийн жилд 48 хоногийн ээлжийн амралтын хоног, түүнд ногдох олговрыг олгохоор байна.
Харин нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн профессорын ажлаас чөлөөлөгдөхдөө 2018 оны 9, 10 дугааар сард ажилласан хугацааны ээлжийн ажлын 8 өдрийн амралт, түүнд ногдох ээлжийн амралтын олговрыг авсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Мөн Ховд их сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаартай Профессор багш, ажилтан, ажилчдын 2018-2019 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалаар нэхэмжлэгчид 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажлын 19 өдрийн ээлжийн амралт олгожээ. /хх-ийн 28-31 дүгээр тал/
Иймээс нэхэмжлэгч нь 2018-2019 оны хичээлийн жилд эдлэх ёстой ээлжийн амралт буюу зөвлөх профессороор ажилласан хугацааны ээлжийн амралтын хугацаа ажлын 40 өдөр байх ба үүнээс Ховд их сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаартай Профессор багш, ажилтан, ажилчдын 2018-2019 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалаар олгосон ажлын 19 өдрийн амралтыг хасахад нэхэмжлэгчид ажлын 21 өдрийн ээлжийн амралт, түүнд ногдох олговрыг ажил олгогч нь олгоогүй байна.
Шүүх Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журам-ын дагуу тооцооллыг гаргах нь зүйтэй байна.
Ээлжийн амралтын олговор тооцох журам-ын 4.-д Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага, нэгжид мөрдөж буй ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно. гэж заасан ба нэхэмжлэгч нь 2011 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн зөвлөх профессороор ажиллаж эхэлсэн байх бөгөөд амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрээр тооцох боломжгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн 2019 оны 11-5 дугаар саруудад олгсон цалин хөлсний нийлбэрийг тухайн саруудад нь хуваан, ажил олгогчийн мөрдөж буй ажлын өдрийн тоонд хуваан нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 38-39 дүгээр тал/
/2018 оны 11 сар 803,431 төгрөг + 12 сар 713,431 төгрөг + 2019 оны 1 сар 1,353,006 төгрөг + 2 сар 770,506 төгрөг + 3 сар 770,506 төгрөг + 4 сар 770,506 төгрөг + 5 сар 770,506 төгрөг = 5,951,892 төгрөг / 7 сар = 850,270 төгрөг / 20.7 хоног = 1 өдрийн 41,075.8 төгрөг х 21 хоног = 862,575 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2018 оны 11 сард ажлын 20 хоног + 12 сард ажлын 21 хоног + 2019 оны 1 сард ажлын 22 хоног + 2 сард ажлын 17 хоног + 3 сард ажлын 20 хоног + 4 сард ажлын 22 хоног + 5 сард ажлын 23 хоног = ажлын 145 хоног / 7 сар = 20.7 хоног/.
Иймд хариуцагч Ховд их сургуулиас ээлжийн амралтын олговрын дутуу 862,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163,023 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 862,575 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар хариуцагч Ховд их сургуулиас ээлжийн амралтын олговрын дутуу 862,575 /найман зуун жаран хоёр мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163,023 /нэг зуун жаран гурван мянга хорин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,164 /хорин есөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 25,251 /хорин таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ