Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2020/04545/И |
Дугаар | 001/ХТ2022/00013 |
Огноо | 2021-12-24 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00013
Д.Дэлгэрбалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01525 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01319 дүгээр магадлалтай,
Д.Дэлгэрбалын нэхэмжлэлтэй,
Р.Ганбат, Ц.Энхбат, Л.Элбэгзаяа, У.Солонго, Ц.Энхсайхан, Ц.Гэрэл, Б.Итгэл, Монголтранс ХХК-д холбогдох
Монголтранс ХХК-ийн 19,98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, Монголтранс ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Энхбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Дэлгэрбал нь хариуцагч Р.Ганбат, Ц.Энхбат, Л.Элбэгзаяа, У.Солонго, Ц.Энхсайхан, Ц.Гэрэл, Б.Итгэл, Монголтранс ХХК нарт холбогдуулан Монголтранс ХХК-ийн 19,98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, Монголтранс ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01525 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монголтранс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг баримтлан Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн Д.Дэлгэрбалын нэхэмжлэл, хариуцагч Ц.Гэрэл, Р.Ганбат, Ц.Энхбат, Б.Итгэл, Л.Элбэгдаваа, Ц.Энхсайхан, У.Солонго нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголтранс ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01319 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Р.Ганбат, У.Солонго, Ц.Энхсайхан, Л.Элбэгдаваа болон Монголтранс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.10-ны өдрийн 1525 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.27-ны өдрийн 1319 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсгийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүнд холбогдох бичгийн нотлох баримтуудыг зөв дүгнэж чадаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Монголранс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг нэхэмжлэлд дурдсан хариуцагчид буюу компанийн хувьцаа эзэмшигчид болон компани өөрөө хариуцах эрхтэй этгээдүүд мөн эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа нэг хэлбэрээр зөрчсөн, эсхүл түүнд хохирол учруулсан байх ёстой. Гэтэл ТУЗ-ын тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж буй нэхэмжлэлд хариуцагчаар нэрлэгдэж буй Монголтранс ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн, яаж зөрчсөн болох нь тодорхойгүй, эдгээр хариуцагчид ТУЗ-ын тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хариуцах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй хэдий ч нэхэмжлэгчийн заасан хариуцагч нь жинхэнэ хариуцагч мөн эсэх, хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлд дурдсан шаардлагыг биелүүлэх эрх, үүргийг хүлээх эсэхийг шүүх шалгаж, тогтоосны үндсэн дээр тухайн шаардлагад үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн хувьцаа эзэмшигч Р.Ганбат, У.Солонго, Ц.Энхсайхан, Л.Элбэгдаваа болон Монголтранс ХХК нар нь ТУЗ-ын тогтоолыг хүчин төгөлдөр эсэхийг хариуцах эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Харин компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг шийдвэр гаргасан этгээд нь буюу Төлөөлөн удирдах зөвлөл хариуцах ёстой ба ийнхүү жинхэнэ хариуцагчийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл нь 2020.04.01-ний өдрийн 1/4-1 тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, түүнд холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд энэхүү үндэслэлээр тайлбараа гаргаж мэтгэлцсэн, мөн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо энэ талаар тодорхой тусгаж, шүүх хуралдаанд мөн адил тайлбарласан хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэхүү үндэслэлд огтоос хууль ёсны дүгнэлт хийгээгүй тул шийдвэр, магадлал нь илт үндэслэл муутай төдийгүй, шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй юм. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн үйл баримт, зохигчдын хооронд үүссэн маргааны бодит нөхцөлд байдал, холбогдох нотлох баримтууд буруу дүгнэж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хариуцах эрхгүй этгээдүүдэд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.
2. Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүнд холбогдох бичгийн нотлох баримтуудыг зөв дүгнэж чадаагүй тухайд: Зохигчийн хооронд үүссэн маргаан нь Ц.Энхбатаас 250,000 долларыг гаргуулж ЭМ ЭС БИ ХХК-д, ЭМ ЭС БИ ХХК-аас Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011.05.10-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанаас эхлэлтэй бөгөөд энэхүү маргаантай асуудал нь 10 дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх 1731 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ удаа дараа хууль зөрчсөн ба энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон бөгөөд хамгийн сүүлд Улсын дээд шүүх 2017.11.30-ны өдрийн 1501 дүгээр тогтоолоор 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу компанийн бусад хувьцаа эзэмшигч өөрсдийн эзэмшлийн хувьцааны тоонд хувь тэнцүүлэн худалдан авах давуу эрхтэй бөгөөд давуу эрхийн зохицуулалт нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гишүүн нэг нь нөгөөгөө давуу байх эрх биш компанийн гишүүн бус этгээдээс тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийн ойлголт гэж дүгнэн Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Дэлгэрбалд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон. Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын дээд шүүхийн 1501 дүгээр тогтоолын дүгнэлтэд нийцүүлэн маргаан бүхий 19.98 хувийн хувьцааг худалдан борлуулах асуудлыг шийдвэрлэж хариу ирүүлэх талаар 2020.03.04-ний өдрийн 2/6931 дүгээр мэдэгдлээр Монголтранс ХХК-д мэдэгдсэн. Уг мэдэгдэл болон компанийн хувьцаа эзэмшигчдийн санал, шаардлагад үндэслэн 2020.03.21-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчид ээлжит бусаар хуралдаж хурлаас маргаан бүхий 19.98 хувийн хувьцааг худалдан авахаар санал гаргасан нэр бүхий 18 хүнд эзэмшиж буй хувьцаанд нь хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү компанийн 19.98 хувийн хувьцааг хуваах асуудлыг шийдвэрлэснээр хувьцааны үнийг хэнд, хэрхэн төлж барагдуулах асуудал үүссэн. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголтранс ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Хуралдаж 2020.04.01-ний өдөр 01 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор 19.98 хувийн хувьцаанаас өөрт ногдох хэсгээр худалдан авсан хувьцаа эзэмшигчид үнийг төлөх хүртэл хугацаанд компанийн данснаас 180,000 долларыг гаргуулж хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрбалд олгохоор тухайн үед компанийн захирлын үүргийг гүйцэтгэж байсан Д.Дэлгэрбалд үүрэг болгосон. Тодруулбал, энэхүү тогтоолоор гагцхүү хувьцааны үнийг хэрхэн төлөх асуудлыг л шийдвэрлэсэн, харин хувьцаа хуваах асуудлыг 2021.03.21-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдвэрлэсэн юм. Тиймээс Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэснийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлсэн гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт туйлын буруу юм. Дээрх үндэслэлээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд Монголтранс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг компанийн хувьцаа эзэмшигчид болон компани хариуцах хууль зүйн боломжгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Монголтранс ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Монголтранс ХХК-ийг дурдаагүй нь тус компанид холбогдох хэсгээр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан мэтээр эргэлзээтэй байдал харагдаж байгаа тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч Д.Дэлгэрбал нь хариуцагч Р.Ганбат, Ц.Энхбат, Л.Элбэгдаваа, У.Солонго, Ц.Энхсайхан, Ц.Гэрэл, Б.Итгэл, Монголтранс ХХК-д холбогдуулан Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, Монголтранс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргасан.
7. Анхан шатны шүүх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.
8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох диспозитив зарчмыг зөрчсөн байх тул хяналтын шатны шүүх залруулах боломжгүй, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.
8.1. Нэхэмжлэгч хэнд холбогдуулан ямар нэхэмжлэл гаргахаа өөрөө шийддэг ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн тодорхойлсон этгээд буюу хариуцагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хүрээнд маргааны үйл баримтын хэмжээ хязгаарыг тодорхойлох нь диспозитив зарчмын үндсэн шинж юм.
Нэхэмжлэгч Д.Дэлгэрбал нь хариуцагч Р.Ганбат, Ц.Энхбат, Л.Элбэгдаваа, У.Солонго, Ц.Энхсайхан, Ц.Гэрэл, Б.Итгэл, Монголтранс ХХК-д холбогдуулан Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, Монголтранс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн 2 шаардлага эдгээр хариуцагч нарт бүгдэд нь холбогдсон эсэх, эсвэл аль нэг шаардлага нь хамааралтай эсэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох шаардлага хариуцагч нарт хэрхэн холбогдож байгаа болохыг шүүх тодруулаагүй, эрх зүйн уг асуудал тодорхой бус нөхцөлд хариуцагчийн хэн нь ямар хэмжээнд, аль шаардлагын эсрэг мэтгэлцэх, улмаар маргааны үйл баримт тогтоогдож, хууль хэрэглэх үндэслэл бүрдэх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
8.2. Монголтранс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолоор Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцаанаас өөрийн хувьд ногдох хэсгийг худалдан авах хүсэлт гаргасан 18 хувьцаа эзэмшигчид хувааж, хувьцааны үнийг төлөх хүртэл компаний данснаас 180,000 ам.долларыг гаргаж хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрбалын дансанд шилжүүлэхийг гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбалд үүрэг болгосон, худалдан авах санал гаргасан хувьцаа эзэмшигчдэд авлагын тооцоо үүсгэн шилжүүлэхийг ерөнхий нягтлан бодогч Г.Болормаад үүрэг болгосон /2-р хавтас 9-10/ байна.
8.3. Монголтранс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэснийг зөрчиж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэж Компанийн хууль, компанийн дүрмээ тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэхдээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг хариуцагч нар төлөөлөх эрхтэй эсэхийг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.
8.4. Компанийн тухай хуульд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээ, ялгаа заагийг эрх зүйн хувьд дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Монголтранс ХХК эсвэл хувьцаа эзэмшигч нарт холбогдох эсэх талаар шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийх үүрэгтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т ...гэж заасан боловч нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч мөн эсэх асуудал шүүхийн зайлшгүй хийх дүгнэлт болох нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д агуулагдсан, энэ талаар шүүх тодруулах нь хууль зөрчихгүй болно.
10. Хариуцагч нар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын талаар тайлбар гаргахдаа хувьцааны үнийг хэнд, хэрхэн барагдуулахыг шийдвэрлэх үүднээс ТУЗ тогтоол гаргасан гээд уг асуудал нь 2020.03.21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлэгдсэн, 19,98 хувийн хувьцааг нэр бүхий 18 хувьцаа эзэмшигч худалдан авахаар саналаа гаргасан гэж тайлбар гаргасан ба шүүх Төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хууль болон дүрмээ зөрчсөн гэж үзэхдээ эдгээр баримтыг харьцуулан дүгнэх үүргээ биелүүлээгүй байна. Шүүх баримтын хэлбэр, агуулгыг аль алиныг нь авч үзэж, эрх зүйн дүгнэлт хийх ёстой. Зохигч ийм тайлбар, баримт гаргасан нөхцөлд Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчийн хурлын эрхийг эдэлж хууль зөрчсөн, эсвэл хувьцаа эзэмшигчийн хурлаар энэ асуудал нь шийдвэрлэсэн, Төлөөлөн удирдах зөвлөл нөгөө талаас хувьцаа эзэмшигч нар энэ асуудлаар хоорондоо ямар байр суурьтай байгааг тодруулах нь маргааны үйл баримтад ач холбогдолтой байна.
11. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01525 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01319 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД