Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0169

 

                           

                                             “Н Д” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0945 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Н Д” ХХК

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Гуравдагч этгээд “А Э” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

 

Хэргийн индекс: 128/2020/0620/З

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0945 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н Д” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/492, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Газрыг зориулалтын бусаар анх олгосон гэх үндэсгүй тухайд энэ асуудалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 16 га газар ашиглах эрхийг 2011 оноос хойш төслөө хэрэгжүүлэхээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, газрын төлбөрийг төлж, зохих төрийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн дагуу аялал жуулчлалын цогцолбор зочид буудал, аялагчдын амрах байрыг барьж байгуулах (шүүхийн үзлэгээр гэрэл зургаар баримтжуулсан аялал жуулчлалын үйлчилгээний барилга, зочид буудлын 6 суурь 2 давхар карказ баригдсан)-д өнөөдрийг хүртэл 10 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргаж, газрын төлбөрт гэхэд 964,6 сая төгрөг төлсөн болно. Сайдын 2020.06.29-ний өдрийн А/492 дугаар тушаалд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэж “зориулалтын бусаар анх олгосон” буюу өөрийн хууль бус тушаалаа хүчингүй болгох гэх нөхцөл байдал бодит байдалд байхгүй болно. Учир нь дээрх газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг учир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж барьж ашиглах боломжтой газар юм. Хэрэв анхнаасаа газрыг зориулалтын бусаар 2011 онд олгосон гэж үзэх юм бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох хугацаа өнгөрсөн учир Сайд ийм тушаал гаргах эрхгүй гэж үзнэ. Сайдын 2020.06.29-ний өдрийн А/492 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлүүдийг харвал нэг талаас сайд анхнаасаа хууль зөрчиж газар олгосон, нөгөө талаас газар ашиглагч зөрчил гаргасан гэсэн хоёрдмол утгатай буюу утга агуулгын илэрхий алдаатай ойлгомжгүй байгаа нь бичгээр гарах захиргааны актад тавигдах Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3-ийг тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт байна.

2.2. Дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан гэх тухайд нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, БОАЖЯ хамтран баталж зөвшөөрсөн зураг төслийн дагуу аялал жуулчлалын төслийн барилгын ажлыг эхлүүлж газраа зориулалтын дагуу ашигласан байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг буруу үнэлж эсрэг дүгнэлт хийжээ. Мөн газраа зориулалтын дагуу ашиглах гэтэл цагдаа, прокурор болон төрийн байгууллагын үйл ажиллагаа, шүүхэд маргаан явж байгаатай холбоотойгоор одоо газраа зориулалтаар нь ашиглах боломжгүйд хүрч саад болж байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэгжиж, шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох хэрэгтэй. Түүнчлэн шүүхийн үзлэгээр төдийгүй, нийтэд илэрхий бодит байдал дээр тухайн бүс нь барилгажсан бүс юм. Ийм байхад манайх аялал жуулчлалын төслийн барилга барих нь яагаад ганцаараа хууль зөрчсөн болчхов. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” үйл ажиллагааг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд явуулж болохоор заасан. Орон байр гэдэгт манай Аялал жуулчлалын төслийн зураг төсөл дахь зочид буудлын барилга болон урт хугацаагаар, олуулаа ирж байгаа гэх мэт аялагчдад зориулсан 1-3 сар хүртэл хугацаагаар түрээсэлж болох гал тогоо бүхий сууцны зориулалтай барилгууд хамаарна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2006.05.29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.9-т “Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно" гэж нэр томьёоны тайлбарыг хийсэн болно. Дээрх 2 асуудлын зөвхөн дамжуулан ашиглуулах дээр анхан шат дүгнэлт хийсэн.

2.3. Газрыг дамжуулан ашиглуулах, газар шилжүүлэх гэсэн 2 өөр ойлголтыг зөв тодорхойлох нь. Газар дамжуулан ашиглуулах гэдэг нь тухайн газрын гэрчилгээтэй этгээдийн нэр дээр гэрчилгээ нь хэвээр хадгалагдаж харин талбай дээр нь өөр этгээд аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг ойлгоно. /Газрын тухай хуулийн 35.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-ээс харж болно/ Газар шилжүүлэх гэдэг нь газрын гэрчилгээг А этгээдийн нэр дээрээс Б этгээдийн нэр дээр шилжүүлэн газрын гэрчилгээ гарах, мөн эцсийн өмчлөгч буюу газрын гэрчилгээтэй компанийн 33 хувь буюу түүнээс дээш хувийн хувьцааг бусдад шилжүүлэх замаар эцсийн өмчлөгч өөрчлөгдөх нь газрыг шилжүүлэх гэх ойлголтод хамаарна. /Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.7, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 30.6, Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 61.9, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын 4.3-аас харж болно/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг анхан шатны шүүх илтэд буруугаар өргөтгөн тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

2.4. Дээрх хуулийн заалтуудыг хууль системлэн, хэл зүйн дүрмийн болон агуулгын буюу логик аргуудаар тайлбарлан хэрэглэвэл дараах гол агуулга санаа байна. Системчлэн тайлбарлах нь: Хуулийн бүтцээс харвал 33 дугаар зүйлд хэнд газар ашиглуулах шийдвэр гаргах боломжтойг зааж 33-36 дугаар зүйл нь ямар газрыг хэнд, хэрхэн ашиглуулах, ашиглах газрын хэмжээ, хугацаа, газар ашиглах хүсэлт гаргах, шийдвэр гаргах зохицуулалтууд тусгагдсан. Харин ийнхүү 36 дугаар зүйлд заасан шийдвэр гарсны дараа 37 дугаар зүйлээр байгуулах гэрээ, 38 дугаар зүйлээр газар ашиглагчийн эрх, үүрэг, 39 дүгээр зүйлээр хориглох зүйл, 40 дүгээр зүйлд газар ашиглах эрх дуусгавар болох талаар зохицуулжээ. Иймээс 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн гол агуулга нь “гадаадын иргэн, хуулийн этгээдэд тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглуулахгүй” буюу эрх бүхий этгээд болох яам, сайд нь эдгээр этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахгүй, зөвхөн монгол улсын иргэн, хуулийн этгээдийн нэр дээр олгоно гэсэн агуулгатай байна.

2.5. Хэл зүйн дүрмийн хувьд тайлбарлах нь: Хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “... ашиглуулахыг хориглоно” гэх үг нь Монгол хэлний хэл зүйн дүрмийн бусдаар үйлдүүлэх хэв буюу эрх бүхий төрийн байгууллага бусдад ашиглуулах буюу тийм үйлдлийг хийх боломжийг үүрэгдэж хориглосон агуулгатай байна.

2.6. Агуулгын буюу логик аргаар тайлбарлах нь: Хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/“ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэдэг нь нэгэнт газар ашиглах эрхтэй болж гэрээ байгуулсны дараах харилцаанд газар ашиглагчид үүрэгдэж хориглосон заалт байна. Энэ нь бодитоор тухайн газар, талбай дээр өөр бусад иргэн, хуулийн этгээд байрлаж үйл ажиллагаа явуулж байгааг ойлгох болохоос биш Хөрөнгө оруулалтын харилцааны үндсэн дээр компанийн 24 хувийн хувьцаа эзэмшигч 2013 онд өөрчлөгдсөн нь газраа дамжуулан ашиглуулах гэх ойлголтод хамаарахгүй.

2.7. Хөрөнгө оруулалтын харилцааг гуйвуулсан тухайд компанийн 24 хувийн хөрөнгө оруулагчтайгаа хийсэн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ болох “Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ” бол цэвэр тухайн төслөөс олсон орлого, зарлага, ашгийг хэрхэн хуваарилах талаар иргэний эрх зүйн гэрээ хэлцэл. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан байсан уг иргэний эрх зүйн гэрээг хууль зөрчсөн гэж иргэний шүүх тогтоогоогүй, огт тийм зүйлгүй байхад Захиргааны хэргийн шүүх өөрийн хяналтын хүрээ хязгаарыг хэтрүүлэн гэрээг дур зоргоороо гуйвуулан тайлбарлан дүгнэж шийдвэрээ гаргасан. Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж, дэмжлэг авсан бүх аялал жуулчлалын төслүүдийн газрыг шүүх хүчингүй болгох хэрэг үү.

2.8. Түүнчлэн хэрэв үнэхээр л компанийн 24 хувийн хувьцаагаар хөрөнгө оруулалт татахыг газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, ашиглуулсан, аялал жуулчлалын барилга барьсныг зөрчил гэж үзэх бол энэ нь шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгох бус хориглосон хэм хэмжээг зөрчсөн Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулж, зөрчлөө арилгахыг анхааруулах асуудал болох юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7-д Хуульд заасан гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эсхүл 183 хоногоос дээш хугацаагаар бусдад ашиглуулах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн зүйлийн 9,10,11-т мөн нь газрыг үр ашигтай ашиглах шаардлагыг биелүүлээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан бол торгох шийтгэл ногдуулахаар заажээ.

2.9. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, тушаалын хууль зүйн үндэслэл зөрчилдөөнтэй, одоог хүртэл тодорхой бус: (Энэ асуудалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй) Сайд 2020.06.29-ний өдрийн А/492 дугаар тушаалаа гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу мэдэгдэх, сонсох ажиллагаа, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийлгүй Нийслэлийн Прокурорын газрын 2020.06.22-ны 1/35 дугаар мэдэгдлийг үндэслэн 7 хоногийн дараа прокурорын заавраар шууд манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль бус байна. Сонирхолтой нь сайдын тушаалд ТХГНТХ-ийн 40.1.1-ийг баримталсан нь газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл рүү иш татсан заалт ба Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох 5 өөр үндэслэл бий болохын аль нь болох нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хэрэв Газрын тухай хуулийн 39.1.4 болон 40.1.1 байж магадгүй гэж таамаглавал Газрын тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласан удаа дараа, ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал манай тохиолдолд байхгүй юм. Түүнчлэн шүүх “газар ашиглах эрхийг дуусгавар болгох” болон “газар ашиглах эрхийг хүчингүй болгох” гэх ялгаатай ойлголтуудыг ялгаж салгаж дүгнээгүй.

2.10. Сайдын 2022.12.28-ны өдрийн А/627 дугаар дугаар тушаал Газрын тухай хууль, хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг зөрчсөн хууль бус болох асуудалд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, буруу дүгнэлт хийсэн. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.12.02-ны өдрийн 9033 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар сайдын 2020 оны А/492 тушаалын биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн ба мөн эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор захиргааны хэргийг түдгэлзүүлсэн байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б нь 2022.12.28-ны өдрийн А/627 дугаар тушаалаар манай хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийсэн газраас 31640 м.кв талбайг (манай төслийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд) санаатайгаар он солигдохын өмнө давхцуулан “А Э” ХХК-д олгосон. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан бусдын газартай давхцуулан газар олгохгүй, шүүхэд маргаантай бол шинээр газрын гэрчилгээ гаргахгүй гэх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх, 61 дүгээр зүйл Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зүйл, заалтуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэр, захирамжийн заавал биелэгдэх чанарыг уландаа гишгэсэн хууль бус захиргааны акт байхад анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0945 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.             

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “Н Д” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/492, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалуудыг тус  тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/492 дугаар тушаалаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн, нэхэмжлэгч “Н Д” ХХК-г “хууль бусаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-д шилжүүлсэн” талаар дурдаж ирүүлсэн Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаар мэдэгдлийн дагуу “зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж барилга, байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн” гэж үзэж, 2011 оны А-338 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 16 га газрын эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Мөн маргаан бүхий дээрх сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ашиглаж байсан дээрх газрын зарим хэсэг буюу 31640 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг “А Э” ХХК-д олгосон.

4. Анхан шатны шүүхээс “... хэрэгт авагдсан 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Г” ХХК, “Н Д” ХХК нар /А тал/ болон “Э” ХХК /Б тал/ -иудын хооронд байгуулсан “Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ”, хуулийн этгээдийн лавлагаа зэрэг баримтуудыг үнэлж нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж, мөн хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахыг хориглосон этгээдэд өөрийн компанийн хувьцааг эзэмшүүлж, гэрээ байгуулах замаар дамжуулан ашиглуулсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ...” гэж дүгнэж, 2020 оны А/492 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаатай холбоотой “Сайдын 2022 оны А/627 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн зорилготой нийцэхгүй” гэж үзэж, уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо “маргаан бүхий актад зориулалт бусаар анх олгосон” гэсэн нь үндэслэлгүй, сайд өөрөө хууль зөрчиж газар олгосон, нөгөө талаас газар ашиглагч зөрчил гаргасан мэтээр утга агуулгын илэрхий алдаатай, актад тавигдах шаардлага хангаагүй байхад шүүх энэ талаар дүгнээгүй” гэжээ.

5.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 дугаар тушаалаар уг 16 га газрыг “Н Д” ХХК-д ашиглах эрх олгосон, энэ үед тус компанийн хувьцааг 100 хувь П.Н гэх Монгол улсын иргэн эзэмшиж байсан, мөн тушаал болон хэрэгт авагдсан гэрээ, газар ашиглах эрхийн 2011.12.12-ны өдрийн гэрчилгээнд зориулалтыг “аялал жуулчлал” гэж зааснаас үзвэл маргаан бүхий актад “анх зориулалт бусаар олгосон” гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх гомдлыг  үгүйсгэхээргүй байх боловч хариуцагчийн “анхнаасаа өөрийн буруу гаргасан тушаалын алдааг зассан” мэтээр маргаан бүхий актад тусгасан нь үгүйсгэгдсэнээр “газар ашиглагчийг зөрчил гаргасан” гэсэн хэсгийг шууд “хууль бус” гэж дүгнэх үндэслэл болохгүй тул уг гомдлыг хангах боломжгүй.

6. Мөн давж заалдах гомдолд “дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин, газар ухаж, барилга, байшин барьсан” гэх тухайд аялагчдад зориулж 1-3 сар хүртэл түрээсэлж болох гал тогоо бүхий аялал жуулчлалын сууцны барилга барих нь хууль зөрчөөгүй. Хуульд барихыг зөвшөөрсөн “орон байр” гэдэгт хамаарна. Тухайн орчим нь нийтэд илэрхий барилгажсан бүс байхад зөвхөн манайхыг хууль зөрчсөн гэсэн.” гэжээ.

6.1. Хэрэгт авагдсан 2013 онд батлагдсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, “Н Д” ХХК, “Г” ХХК, Амралт аялал жуулчлалын цогцолбор болон орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө эскиз зураг, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг баримтуудад 6-7 давхар 24 блок орон сууцны болон үйлчилгээний барилга төлөвлөсөн, мөн барилгуудын суурийг газар дээр барьсныг харуулсан үзлэгийн тэмдэглэл, фото зураг, нэхэмжлэгч талын эдгээрийг барихад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “... түр отоглох аяллын зориулалттай барилга” гэж үзэхээргүй байна.

6.2. Маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “Хязгаарлалтын бүсэд “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж заасан байсан.

6.3.Уг заалтын “орон байр” гэснийг Эрүүгийн хуульд заасан “орон байр” гэдэгтэй адилтган ойлгох хууль зүйн үндэслэлгүй. Харин мөн хуулиар зохицуулсан харилцааны хүрээнд ойлгож тайлбарлах шаардлагатай.

6.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан хуулийн зорилт болон мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж зааснаас үзвэл дээрх заалтын “орон байр” гэснийг дархан цаазат газрын унаган төрх, байгаль орчин, амьтан ургамал зэрэгт сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хүн түр буудаллах зорилгоор зохих журмаар баригдсан “орон байр” ашиглахыг зөвшөөрсөн гэж ойлгохоор байна. Харин хүн түр, эсхүл байнга амьдрах зориулалтаас хамааруулж тухайн газарт ашиглах “орон байр” гэдгийг тодорхойлох боломжгүй тул “аялагч 2-3 сар түр түрээсэлж байгаад явах зориулалттай” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. 

6.5.Түүнчлэн “нийтэд илэрхий барилгажсан” гэх боловч “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” ойлголт нь бусдын хууль бус үйл ажиллагаатай харьцуулах ойлголт биш тул энэхүү гомдлыг хангах боломжгүй.

7. Мөн гомдолд “... гадаад улсын хуулийн этгээдэд хууль бусаар ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн” гэх тухайд газар ашиглах эрхийн гэрчилгээ нь өөр компанийн нэр дээр шилжээгүй, Хөрөнгө оруулалтын хуульд зааснаар гадаадын этгээдэд 24 хувийн хувьцааг эзэмшүүлснийг газраа дамжуулан ашиглуулсан гэх ойлголт биш, хамтын ажиллагааны гэрээ бол цэвэр тухайн төслөөс олох орлого, зарлагыг хуваарилах талаар иргэний эрх зүйн гэрээ, уг гэрээг хууль зөрчсөн гэж хэн ч тогтоогоогүй байхад захиргааны шүүх эрхээ хэтрүүлж гэрээг гуйвуулан дур зоргоороо тайлбарласан, хэрэв зөрчил гарсан гэж үзвэл Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч анхааруулж болох асуудал” гэжээ.

 7.1. Энэ талаар анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан “Н Д” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээр 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Э” ХХК-ийг бүртгүүлсэн, тус компанийн бүх хувьцааг БНХАУ-ын нэр бүхий 3 иргэн эзэмшиж байх боловч 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Г” ХХК, “Н Д” ХХК нар /А тал/ болон “Э” ХХК /Б тал/-иудын хооронд байгуулсан “Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ”-ний ДӨРӨВ.2-т “нэхэмжлэгчид ашиглах эрх олгогдсон газар дээр орон сууц болон үйлчилгээний барилга байгууламж барихаар төлөвлөж, уг гэрээний А тал нь барилга байгууламжийг барих газраар хөрөнгө оруулалт хийхээр, Б тал нь газраас бусад барилга байгууламжийн угсралтын бүхий л ажилд 100 хувийн хөрөнгө оруулалт хийж, ингэхдээ уг төслийн цэвэр ашгийн 21 хувьтай тэнцэх хувьцааг А тал, 79 хувийн хувьцааг Б тал тус тус эзэмшихээр харилцан тохиролцсоныг үнэлж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж, хориглосон этгээдэд өөрийн компанийн хувьцааг эзэмшүүлэх, газраа дамжуулан ашиглуулсан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7.2. Учир нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд “1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж тус тус заасныг шүүх зөв хэрэглэсэн байна.

8. Мөн гомдолд “хариуцагч нь мэдэгдэх сонсох, нотлох баримт цуглуулах, нөхцөл байдал тогтоох  ажиллагаа хийгээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39-д заасан аль үндэслэлийг маргаан бүхий актад баримталсан нь тодорхой бус, А/627 дугаар тушаал хүчин төгөлдөр шүүгчийн захирамж зөрчсөн” гэжээ.

8.1.  Маргаан бүхий актад дурдсан Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 1/35 дугаар мэдэгдэлд “Н Д” ХХК нь ... гадаадын хөрөнгө оруулалттай этгээдийн охин компани болгосон, ... тусгай хамгаалалттай газарт өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол барихаар барилгын ажлыг эхлүүлэн барилгын суурь цутгаж, 1,2 дугаар давхрын өрлөгийн ажлыг хийсэн..., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн тул ашиглах эрхийг цуцлах арга хэмжээ авч хариу ирүүлэхийг шаарджээ. Уг мэдэгдэлд дурдсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдээгүй, хариуцагч нь уг мэдэгдлийг хүлээн авч, газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо дээр дурдсанаар хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ зөв хэрэгжүүлсэн талаарх тайлбар, баримтууд няцаагдаж байх тул уг гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй.

8.2. Шүүгчийн захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгчид эрх зүйн түр хамгаалалт тогтоох зорилготой, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүхээр хамгаалагдах нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхол байхгүй болж нэхэмжлэгчид эрхийн түр хамгаалалт тогтоосон захирамж үр дагаваргүй болсонтой холбоотой шүүх тухайн нэхэмжлэлийн хүрээнд объектив хяналт хийх шаардлагагүй тул бусдад эерэг үйлчлэлтэй гарсан хариуцагчийн 2022 оны А/627 дугаар захирамжийг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

             ШҮҮГЧ                                          Н.ДОЛГОРСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                          Ц.САЙХАНТУЯА

 

             ШҮҮГЧ                                          С.МӨНХЖАРГАЛ