Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00124

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00726 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 948 дугаар магадлалтай, 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох  

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,825,000 төгрөг гаргуулах

тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.     ******* нь *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг

9,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00726 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******аас 9,450,000 төгрөг гаргуулж *******т олгож, *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 948 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй. Талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 204, 254 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Учир нь *******ийн ирүүлсэн мод нь хуурай, сэнсэрсэн буюу муруй байсны улмаас хэрэгцээ хангахгүй байсан тухай ******* тухайн үед утсаар худалдагч талд мэдэгдсэн боловч тэрээр хүлээн аваагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******аас 9,450,000 төгрөг гаргуулж *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээлгэн өгсөн палкны үнэ, алданги нийт 9,825,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 9,575,000 төгрөг... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч ******* ...худалдан авсан палк чанарын шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн дээрх тайлбаруудаас үзвэл хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн палк чанарын шаардлага хангаагүй буюу биет байдлын доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ. 

9. Талуудын хооронд 2018.09.10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь нэг бүрийн үнэ нь 32,750 төгрөг, нийт 6,550,000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг палк шилжүүлэх, ******* 2019.04.20-ны өдөр үнийг төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.  

Дээрх тохиролцоог талууд бичгээр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

10. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлжээ.  

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

Нэхэмжлэгч гэрээнд заасан 200 ширхэг палкийг 2018.09.15-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч 250,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно

11. Доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах зэрэг шаардлагыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор худалдагчид шаардлага гаргах эрхтэй.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч ******* худалдах-худалдан авах гэрээний зүйл палкийг 2018.09.15-ны өдөр нэхэмжлэгчээс хүлээн авсан бөгөөд эд хөрөнгийг доголдолтой байсан талаар *******т мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т заасан аль нэг шаардлагыг гаргаж байгаагүй, шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй

******* шилжүүлсэн палкийг байшин барихад ашигласан байх тул хариуцагчийн ...худалдан авсан палк чанарын шаардлага хангаагүй... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхгүй. 

12. Талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцно харилцан тохиролцжээ. 

Анхан болон давж шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ, алдангийн хэмжээг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 125,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын хооронд байгуулсан гэрээ, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00726 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 948 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т

зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.БАНЗРАГЧ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                   Б.МӨНХТУЯА

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ