Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/00726

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.С-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

П.П нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хангай” модны захад модны худалдаа эрхэлдэг бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 200 ширхэг палк буюу 6,650,000 төгрөгийн үнэ бүхий палкыг С.Ст худалдсан. 1 ширхгийг 32,750 төгрөг байхаар тохирсон.

С.Стай 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөр барагдуулахаар хугацаа тогтоосон хэлцэл хийж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл 250,000 төгрөгөөс өөр төлбөрийг төлөөгүй тул палкны үнийн үлдэгдэл 6,300,000 төгрөг, алданги 3,275,000 төгрөг, нийт 9,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх шаардлага гаргахдаа төлсөн 250,000 төгрөгийг хасаагүй байсан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

С.С нь нэхэмжлэлд дурдсан 200 ширхэг 6,550,000 төгрөгийн үнэтэй палкыг худалдан авсан. Захиалсан бүтээгдэхүүн ирэхдээ хуурай, чанарын шаардлага хангахгүй байсан тул энэ талаар тухайн үед П.Пт утсаар хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Иймд төлбөрийг зөвшөөрөхгүй. Одоо палк нь байхгүй, байшин баригдахад ашиглагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.П нь хариуцагч С.Саас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 9,825,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба анх гаргасан шаардлагаа 250,000 төгрөгөөр багасгаж, одоо 9,575,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч худалдан авсан палк нь чанарын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, П.П нь нэг бүрийн үнэ 32,750 төгрөг, нийт 6,550,000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг палкыг шилжүүлэх, С.С нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үнийг төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5%-ийн алданги тооцож төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 200 ширхэг палкыг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь 250,000 төгрөг төлсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд үүнд маргаагүй.

 

Нэхэмжлэгч худалдсан зүйлийн үнийг төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагчаас палкны үнэ 6,300,000 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний алданги 3,275,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардаж байгаа бол хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгө нь чанарын шаардлага хангаагүй буюу биет байдлын доголдолтой байсан гэх үндэслэлээр үнийг төлөхөөс татгалзсан тайлбар гаргаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, бүхий эд хөрөнгийг, хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т тус тус заасны дагуу биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.

 

Хэрэв худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой бол доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор буюу эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас зургаан сарын дотор гаргах эрхтэй.

 

Манай тохиолдолд хариуцагч нь чанарын доголдолтой холбоотойгоор Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т заасан аль нэг шаардлагыг нэхэмжлэгчид гаргаагүй, шаардлага гаргах талаар хуульд заасан хугацаа өнгөрсний зэрэгцээ шилжүүлэн авсан палкыг байшин барихад ашигласан байх тул шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь худалдсан палкны үнийн үлдэгдэл 6,300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талууд гэрээгээр “төлбөр төлөх хугацаа: 2019.04.20, талуудын хүлээх хариуцлага: төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцно” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн тул нэхэмжлэгч мөн алданги шаардах эрхтэй байна.

 

Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаанаас хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 264 хоногийн хугацааг хариуцагч хэтрүүлсэн байх тул шүүх хариуцагчийг 3,150,000 /(6,300,000х0,5%)х264хон=8,316,000 төгрөг боловч анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэж заасан Иргэний хуулийн 232.4-т нийцүүлнэ/ төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Иймд шүүх хариуцагч С.Саас 9,450,000 /6,300,000+3,150,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Пт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 125,000 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан С.Саас 9,450,000 төгрөг гаргуулж П.Пт олгож, П.Пийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА