Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/02741

 

                                     

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр         Дугаар 101/ШШ2019/02741            Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 0 тоотод байрлах, “М” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0тоотод байрлах, “Х” ХХК /РД: /-д холбогдох

 

            Түрээсийн гэрээний үүрэгт 107,408,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Ц.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Ц.Ш нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Тус компани нь “Х” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2016/05/27 дугаарт машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн өмчийн нийт 13 техникээр Булган аймгийн Бүрэгхангай сум, 3 дугаар баг, Туулын зүүн дэнж гэх газар 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Түрээслэгч тал болох “Х” ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлөх 83,133,333.33 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нийт 292 хоногийн алданги болох 24,274,836 төгрөг, үндсэн төлбөр болох 83,133,333.33 төгрөгийн хамт нийт 107,408,170 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт гэрээний дагуу нэхэмжлэгч тал 10 машин механизмуудыг нэгэн зэрэг хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал харилцан адилгүй хугацаанд машин механизмуудыг хариуцагч талд хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу түрээслэгч нь түрээслүүлэгчийн эзэмшилд эд хөрөнгийг хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Түрээслэгч энэ үүргээ зөрчсөн хэрнээ 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.  Гэрээний 1.6 дахь заалтад машин механизмуудыг ажилд гарснаар төлбөрийг тооцно гэж заасан Түрээслэгч нь машин механизмуудыг ашиглахдаа өөрийн цагийн хуваарийн дагуу харилцан тохиролцож ажиллана гэж заасан. Үүний дагуу ажилласан цагийн хуваарийг машины улсын дугаараар бүртгэж байсан. Гэрээний 1.6-д заасны дагуу н.Эрдэнэбаатар бүртгэл болон нарядын дэвтэрт ажилласан цагийн хуваарийн бүртгэл хийгдсэн байгаа. Ажилласан цагийг бүртгэж жолооч нараар гарын үсэг зуруулсан байгаа. Ингэснээр гэрээний 1.6-д заасны н.Эрдэнэбаатарын өдөр тутмын бүртгэлийн дэвтэрт ажлын цагийг бүртгэсэн байна. Нарядын дэвтэр 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс бүртгэл хийгдсэн байна. Уг дэвтэр 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх нийт 29 хуудас тасралтгүй бүртгэгдсэн байгаа. Машин өдөрт хэдэн цаг гарсныг бичээд жолооч нараар гарын үсэг зуруулаад, гэрээний 1.6-д заасан шаардлагыг хангасан байгаа. Гэрээний 1.6-д машин бүрийг ажилласан цагаар нь нэг бүрчлэн бүртгээд жолооч нараар гарын үсэг зуруулсан гэсэн шаардлагыг манай талаас хангасан байгаа. Эдгээр нотлох баримтын хүрээнд машин механизмууд нийт 28,365,600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа.  

Нэхэмжлэлийн гаргасан дээрх төлбөр нь ямар ч үндэслэлгүй байна. Зарим машин засвартай байсан үүнийг хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтэрт бичсэн байгаа. Жишээ нь тэмдэглэлийн дэвтрийн 30 дахь тал дээр экскаватор ажиллаагүй / цаг уураас болоод ажилд гараагүй/ гэсэн байна. Давагдашгүй хүчин зүйлээс болоод ажилд гардаггүй. Нэхэмжлэгч тал эдгээр сул зогсолтыг үнэлэхгүйгээр 83,133,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь үндэслэлгүй байна. Бодит нотлох баримтад үндэслэсэн 28,365,600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байна. Өмнө нь манай компани “М” ХХК-тай хамтран ажиллаж байсан. Эдгээр нотлох баримтыг үнэлж, шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 76,340,000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Үүнийг дээд шүүхийн тогтоолд шинжээч томилсон нь хуулийг зөрчөөгүй байна. Харин шинжээчид асуулт тавихдаа тээврийн хэрэгслийг ямар хугацаагаар түрээсэлсэн  болохыг тогтоохыг заасан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалттай нийцээгүй байна гэсэн. Машиныг ямар хугацаагаар түрээсэлсэн нь биш тухай машин нь өдөрт хэдэн цаг ажил хийснийг тогтоолгох ёстой байсан. Үүнийг хоёр талын цагийн бүртгэл тулгуулгарлаж гарах ёстой байтал зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хавтаст хэргийн 103-142 тал дахь цагийн бүртгэл дээр үндэслэж дүгнэлт гаргасан. Нарядын дэвтэр хүртэл цагийг бүртгээд жолооч нараар гарын үсэг зуруулсан. Манай талаас бодит нотлох баримт дээр үндэслээд 28,365,600 төгрөгийг гэж тооцсон үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн 83,133,000 төгрөг нэхэмжилсэн нь бодит нотлох баримтад үндэслээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            “М” ХХК “Х” ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 107,408,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 28,695,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2016/05/27 тоот машин механизм түрээслэх гэрээ байгуулагдаж, “М” ХХК нь өөрөө буулгагч 10 ширхэг, авто ачигч 1 ширхэг, экскаватор 1 ширхэг, усны машин 1 ширхгийг ажилтны хамт түрээслүүлэх, хариуцагч “Х” ХХК сард нийт 131,000,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх-ийн 3-4 дүгээр тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байх ба талууд энэ талаар маргаагүй.

Түрээслэгч түрээслүүлэгчид өөрөө буулгагч 7 ширхэг /улсын дугаар 3388УНЯ, 9588УНӨ, 5921УНА, 7126УНӨ, 9398УНЛ, 6672УНЧ, 9515УНЗ/, экскаватор 1 ширхэг, усны машин 1 ширхэгийг тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид түрээсийн гэрээний тооцоотой холбоотой тус бүрдээ хөтөлсөн тооцооны баримт, нарядын болон бүртгэлийн дэвтэр, сул зогсолтын мэдээ, цалингийн тооцоо баримтуудыг шүүхэд гаргасан /хх-40-95, 103-141, 145, 207-221 дүгээр тал, хэргийн хавсралт 2 ширхэг дэвтэр/ ба хэн аль нь эсрэг талын гаргасан баримтыг маргаж хүлээн зөвшөөрөөгүй байна.

Түрээсийн гэрээний 1.1-д техникүүдийг ажилд гаргасан өдөр тус бүрээр түрээсийн төлбөрийг тооцно, 1.5-д түрээслэгч түрээсийн техникүүдийг ажиллуулахдаа өөрийн уурхайд баримталж байгаа цагийн хуваарийн дагуу түрээслүүлэгчийн ажилтнуудыг ажиллуулна, түрээсийн ажилтнууд түрээслэгчийн уурхайд мөрдөж байгаа журмын дагуу ажил, амралтын цагийн горимыг мөрдөнө, 1.6-д засвар үйлчилгээ хийсэн болон ажил эхэлсэн хугацааг өдөр тутмын ажлын бүртгэлээр бүртгэж талууд гарын үсэг зурснаар баталгаажуулж тооцно, 1.7-д гэрээ байгуулснаас хойш уурхай руу явуулсан техникүүдийн түрээсийн төлбөрийг тус уурхайд очиж, ажиллаж эхэлсэн өдрөөс тооцно гэж тус тус заасан ба зохигчид машин механизмыг хүлээлцсэн баримт үйлдээгүйгээс гадна гэрээнд заасны дагуу машин механизмын ажилласан хугацааг өдөр тутмын ажлын бүртгэлээр бүртгэж хамтран гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр шинжилгээ хийсэн “У” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 32/18 дугаар дүгнэлтэд түрээсийн төлбөрт 83,133,333.33 төгрөг, алданги 24,274,836 төгрөг, нийт 107,408,170 төгрөгийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн /хх-185-186/ ба уг дүгнэлтийг хариуцагч маргаснаар дахин шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтэд нэхэмжлэгчийн баримтаар түрээсэлсэн 10 машин механизм нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 4084,4 цаг ажилласан, нэг өдрийн ажиллах цаг 20 цаг гэж тооцвол төлбөл зохих түрээсийн төлбөр 76,233,666.67 төгрөг болно, хариуцагчийн баримт 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх бөгөөд бусад өдрийн ажилласан баримтууд дутуу, түрээсийн төлбөр төлсөн гэх баримт авагдаагүй гэжээ /хх-228-231 дүгээр тал/. Мөн дүгнэлтийн хавсралтад тээврийн хэрэгсэл бүрийн ажилласан хугацааг хоногоор, цагаар тооцсон байна.

 

Зохигч талууд дээрх шинжээчийн дүгнэлттэй 2018 оны 11 дүгээр сарын 12, 14-ний өдөр тус тус танилцсан ба түүнийг маргаж үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт шүүхэд гаргаагүй болно /хх-240 дүгээр тал/.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан өдөр тутмын ажлын бүртгэл гэх дэвтэр /шар хавтастай/ болон нарядын дэвтрийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзэхэд түрээсийн 10 машин механизм өдөр бүр бүрэн ажилласан эсэх, аль нь ямар хугацаагаар хэрхэн ажилласан, аль нь ямар шалтгаанаар ажиллаагүй болохыг тодорхой тусгаагүй, мөн түрээслүүлэгч байгууллагын ажилтан болох машин механизмын жолооч баталгаажуулаагүйгээс эдгээрийг эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй байна.

 

Шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтийг үндэслэн түрээсийн гэрээний үүргийг тогтоох үндэстэй гэж дүгнэв.

 

Уг шинжээчийн дүгнэлтэд түрээсэлсэн хугацааг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тогтоосон байх бөгөөд талууд 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан өгсөн талаар маргаангүй болно.

 

Түрээсийн зүйлийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 4084.4 цаг ажилласан, нэг өдрийн ажиллах цаг нь 20 цаг гэж тооцож, нийт 76,223,666.67 төгрөг байгааг шүүх машин механизмыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс тооцоход ажилласан цагийн нийт 4004.4 цагаар тооцож, /нэг өдрийн дундаж ажилласан хөлс 18,664.59 төгрөг/ ажилласан гэж 74,747,950 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь тус түрээсийн гэрээнээс өмнө байгуулсан түрээсийн гэрээний дагуу илүү төлсөн 9,100,000 төгрөгийг нэхэмжлэлд тооцуулна гэж маргаж байх /хх-144 дүгээр тал/ боловч өөр гэрээтэй холбоотой маргааныг тус иргэний хэрэгт хянан шийдвэрлээгүй учир уг тайлбарыг хүлээн авах боломжгүй. Харин хариуцагч тухайн гэрээний дагуу илүү төлсөн гэх төлбөрөө нэхэмжлэгчээс буцаан шаардахад тус шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Түрээсийн гэрээний 4.1-д түрээслэгч гэрээнд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд түрээсийн төлбөрийг тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-ийн алданги төлнө, 1.3-д түрээсийн төлбөрийг сар сардаа төлж байхаар харилцан тохиролцов гэж зааснаас үзэхэд талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийн талаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ба хариуцагч нь түрээсийн төлбөрийг тухайн сард нь төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардсан нь үндэстэй.

 

Нэхэмжлэгч түрээсийн техникийг буцаан авсан 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нийт 292 хоногт алданги тооцсон нь үндэстэй байх ба алдангид 21,826,401 төгрөг /74,747,950*0.1%*292/ тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Х” ХХК-иас түрээсийн төлбөр 74,747,950 төгрөг, алданги 21,826,401 төгрөг, нийт 96,574,351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь ажлын хөлс 1,200,000 төгрөгийг төлүүлэх тухай мэдэгдлийг ирүүлсэн /хх-227/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд хамаарах уг төлбөрийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн,56.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч тал 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Э-аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь Б.Э-ыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 96,574,351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,833, 819 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 1,200,000 төгрөгийг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, мөн 640,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч” М” ХХК-д тус тус олгосугай.

 

3. Хариуцагч” Х” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО