Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/03175

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 14 өдөр         Дугаар 101/ШШ2019/03175             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Т.Болормаа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Овоотын 0-0 тоот хаягт оршин, Б овогт Б.М /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Да хүрээ гудамж, 0 тоотод байрлах, “С” ХХК /РД:0/-нд холбогдох,

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 43,586,277 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч А.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.У, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М би 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “С” ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд бүсэлхийн 4,5 дугаар нугаламын жийргэвчийн цүлхийлт, үений суулт үүсэх нурууны мурийлт зэрэг гэмтэл авч, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссоос 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоож, G54-1 бүсэлхий ууцны сүлжээний эмгэг гэсэн онош тавигдсан болно. Үүнээс хойш 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 03 дугаар сард тус тус үйлдвэрлэлийн осол гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар сунгаад байна. Би 2014 оноос эхлэн “Суман гүн трейд” ХХК-иас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьсан боловч амжилт олоогүй учраас 2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Осол гэмтэл гарсан эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийг хянаж үзээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1957 дугаар шийдвэрээр намайг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс “С” ХХК-д нарийн боовчин, ачигчаар ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоосон. Миний нуруундаа гэмтэл авсан шалтгаан нь “С” ХХК-д ажиллаж байхдаа 50 кг гурил машинаас өөрөө буулгаад 6 алхмын цаана агуулахад хийгээд эргүүлээд зуурсны дараа 50 кг гурилаа 25 кг-аар нь 2 хувааж туслах уутлаад ахиад үүрээд 2 давхарын шат дамжлага руу аваачиж шарах ажлыг 24/24 цагийн турш давтамжтайгаар хийдэг байсанд байгаа юм. Тухайн үедээ би ажиллахгүй амаръя, чөлөө авъя гээд удирдлагадаа хандахад чөлөө өгөхгүй, орлож ажиллах хүнгүй гээд ажлаас гаргахгүй түгжчихдэг байсан. “С” ХХК нь намайг илүү цагаар ажиллуулдаг байсан нь Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 28-06-199/166 дугаар актаар тогтоогдох бөгөөд 2013 оны 12 дугаар сар, 2014 оны оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад илүү цаг ажилласны хөлсийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байсан юм. “С” ХХК-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 74.2-т заасны дагуу хориглосон хэм хэмжээ зөрчиж намайг илүү цагаар ажиллуулсан, 74.3-т заасны дагуу хоёр ээлж дараалан илүү цагаар ажиллуулсан мөн Монгол Улсын MNS 4970-2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын дээд хэмжээ стандартын 1.8-д заасны дагуу ганцаараа 20 км хүртэл зайд тэгш хөндлөн гадаргуугаар хүнд ачаа зөөвөрлөхөд ачааны жин 18 наснаас дээш насны эмэгтэйчүүд 20 кг-аас илүү байж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 108.1-т заасны дагуу тогтоосон хэмжээнээс хүнд ачааг эмэгтэй хүнээр өргүүлэх, зөөхийг хориглоно гэж заасныг зөрчсөн буруутай үйлдлүүдээс болж миний эрүүл мэндэд хохирол учраад байна. Одоог хүртэл би 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай ажил байтугай ганцаараа гэрээсээ гараад явж чадахгүй байнгын асаргаанд байх шаардлагатай байна. G54-1 бүсэлхий ууцны сүлжээний эмгэг гэсэн онош нь заавал хагалгаанд орж байж бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл гэх бөгөөд Монгол Улсад “Гранд мед эмнэлэг”-т жийргэвч солих хагалгаа 80-90 хувийн үр дүнтэй хийдэг болохыг олж мэдсэн. “Гранд мед эмнэлэг”-т үзүүлж, оношлуулахад хагалгаа, ор хоног, сувилгааны зардалд нийт 31,944,220 төгрөгийн зардал гарна гэж хэлсэн.

Иймд надад учирсан эрүүл мэндийн гэм хор нь “С” ХХК-ийн буруутай үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоотой байна гэж үзэж тус компаниас Иргэний хуулийн 228.4-т заасны дагуу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нурууны жийргэвч солих хагалгааны зардалд нийт 31,944,220 төгрөг, Иргэний хуулийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 5,190,145 төгрөг нийт 37,134,365 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 74.2-т заасны дагуу хориглосон хэм хэмжээ зөрчиж намайг илүү цагаар ажиллуулсан, 74.3-т заасны дагуу хоёр ээлж дараалан илүү цагаар ажиллуулсан мөн Монгол Улсын MNS 4970-2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын дээд хэмжээ стандартын 1.8-д заасны дагуу ганцаараа 20 км хүртэл зайд тэгш хөндлөн гадаргуугаар хүнд ачаа зөөвөрлөхөд ачааны жин 18 наснаас дээш насны эмэгтэйчүүд 20 кг-аас илүү байж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 108.1-т заасны дагуу тогтоосон хэмжээнээс хүнд ачааг эмэгтэй хүнээр өргүүлэх, зөөхийг хориглоно гэж заасныг зөрчсөн буруутай үйлдлүүдээс болж миний эрүүл мэндэд хохирол учраад байна. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Т, Ц.О, Т.Ч нарын дүгнэлтэд: “7 сарын хугацаанд 24 цаг ажиллаад 24 цаг амардаг 50 кг гурилыг олон удаагийн давтамжтай үүрч зөөхөд дээрх бүсэлхийн 4,5-р нугаламын жийргэвчийн цүлхийлт, үений суулт үүсэх нурууны мурийлт зэрэг эмгэг өөрчлөлт үүсэх боломжтой” гэх мөн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Б.М-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохдоо түүний биед учирсан гэмтлийг G54-1 бүсэлхий ууцны сүлжээний эмгэг гэж оношилсон нь үндэслэлтэй байна” хэмээн дүгнэсэн. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаар бүхий Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд “шинжээч томилж Б.М-ийн биед үүссэн эмгэг /G54-1/ гадны нөлөөллийн улмаас үүссэн эсэх, эсхүл бусад өвчний улмаас үүссэн эсэх шалтгааныг тогтоож дүгнэлтийг ирүүлэхийг даалгасан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Анагаах ухааны сургуулийн мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч Д.Б, гэмтэл согог заслын эмч А.Э, дүрс оношилгооны эмч Д.Т нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэд: Б.М-ийн хувьд дээрх эмгэг нь нуруунд үргэлжилсэн ачаалал нөлөөлсний улмаас бүсэлхий нурууны жийргэвч шахагдсан байх боломжтой гэж дүгнэж байна. Нурууны жийргэвчний гэмтлийн /ивэрч гарах/ үндсэн шалтгааны нэгд олон давталттай хүнд юм өргөх нөлөөлөл багтдаг. Нурууны бусад хэсэгт цочмог үүссэн гэмтэл бие даасан эмгэг үгүй” хэмээн дүгнэсэн нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажиллаж байсан хөдөлмөрийн орчин, хийж байсан ажил үүрэгтэй холбоотойгоор үүссэн гэдгийг нотолж байна. Миний бие одоогийн байдлаар эмчийн хяналтад эмнэлэг сувилалаар эмчлүүлж байгаа хэдий ч эрүүл мэнд сайжрахгүй байна. Одоог хүртэл би 50 хувиас 60 хувь хүртэл хөдөлмөрийн чадвар буурснаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна. “Гранд мед” эмнэлэг нь анх 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр №16/161 тоот тодорхойлолтдоо: хагалгааны төлбөр-Fusion хагалгаа 2 төвшинд 1,200 доллар /тухайн өдрийн ханш/, ор хоног дунджаар 11 хоног /4 ортой өрөө 33,000 төгрөг хамгийн хямд/-363,000 төгрөг, хоолны мөнгө өдрийн 3 хоол 2 цайтай 19,000х11 хоног=209,000 төгрөг, лабораторийн шинжилгээ-224,100 төгрөг /дунджаар/, дүрс оношилгоо рентген зураг уушги 2 байрлалаар нэг удаа 38,000 төгрөг, бүсэлхий нуруу 2 удаа 76,000 төгрөг, СТ /компьютер томограф/ тодосгогчтой 290,000 төгрөг, MRI бүтэн нуруу /шаардлагатай бол/ 450,000 төгрөг, хагалгааны дараах эмийн эмчилгээ-700,000 төгрөг /дунджаар/ гэх мэтчилэн тухайн үеийн зардлыг дунджаар тооцон гаргасан. Тэгвэл 2019 оны байдлаар тооцож үзэхэд нийт төлбөр дунджаар хагалгаа 1,200 доллар*2,685.97 төгрөг=34,562,740 төгрөг /Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хаалтын ханш/

Иргэний хуулийн 228.4-т заасны дагуу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нурууны жийргэвч солих хагалгааны зардалд нийт 36,912,840 төгрөг, Иргэний хуулийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 6,673,437 төгрөг нийт 43,586,277 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуульд заасны дагуу гэм хорыг арилгуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б.М-аар манай байгууллага нь хүнд ажил хийлгээгүй” гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт тус бүр дээр тухайн хүнийг хүнд хүчир ажил олон удаагийн давтамжтай хийсэн гэдгийг нотолсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид үүссэн гэмтэл нь мэдрэлийн гаралтай болон гэмтлийн гаралтай гэж хоёр төрөл байдаг. Мэргэжлийн эмч нараас асууж тодруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн гэж бодож байгаа. Хариуцагч талаас уг гэмтэл нь гэмтлийн гаралтай болон мэдрэлийн гаралтай эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасан. 2016 оны болон 2019 оны шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн гаралтай гэдгийг нь тогтоосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-г нэхэмжлэлдээ байнгын асаргаанд байх шаардлагатай талаар дурдсан байна. Байнгын асаргаанд байх асуудлаар хороо дүүргийн нийгмийн халамжид хандаж байсан эсэх гэсэн байгаа. Бид хороо, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандаад 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр халамжийн 125,000 төгрөг авдаг байсан. Шүүхийн шийдвэрээр 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “суман гүн трейд” ХХК-д ажилласнаас болоод гэмтэл  учирсан гэдгийг тогтоосон. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон учир нийгмийн даатгалаас мөнгө авсан. Хариуцагч тал 2018 оны 03 сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна. түүнээс хойш сунгасан бол баримтаа гаргаж өг гэсэн. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар сунгасан. Уг актыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хариуцагч талаас гэмтлийн гаралтай гэдэг нь эргэлзээтэй байна. Ердийн мэдрэлийн гэмтлийг манай байгууллага руу нялзаагаад байна гэсэн. Ердийн мэдрэлийн өвчин байсан бол нэхэмжлэгч талаас өдийг хүртэл ингэж явахгүй байсан гэдгийг хэлье. 2016 он болон 2019 оны шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн гаралтай гэдэг нь тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан байна. Цаашид нэхэмжлэгчийн эрүүл мэнд нь дахин дордохоос бид урьдчилан сэргийлэхээр 43,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.М-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол болон нөхөн төлбөр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргана. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 сарын хооронд нэхэмжлэгч Б.М “С” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа нуруундаа гэмтэл авсан гээд маргаан үүссэн. Гэмтэл авсан эсэх талаар шүүхийн тогтоол байгаа. Ажиллаж байх хугацаандаа гэмтэл авсан болохыг тогтоож байгаа боловч энэ нь үйлдвэрийн осол мөн эсэхийг тогтоогоогүй. Энэ хэрэг олон жил шүүхээр хянагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн осол гэж үзэж байсан. Харин нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ гэм хорын хохирол нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан үйл баримт, болж өнгөрсөн үйл баримт өөрчлөгдөөгүй байхад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах бүрэн боломж байсан. Нэхэмжлэлийг дахин дахин хүлээж авч байгааг гайхаж байна. Шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол гэдгийг тогтоогоогүй зөвхөн нуруундаа гэмтэлтэй байна гэж тогтоогдсон. 21 настай эмэгтэйгээр өдөр бүр 50 кг гурил зөөж байгаа гэж бодсон шинжээчээс ямар дүгнэлт гарах вэ. Уг шинжээч өдөр бүр 50 кг гурил өргөсөн хүнд ийм гэмтэл үүснэ гэсэн байгаа болохоос гарцаагүй тийм гэмтэл үүссэн нь нотлогдсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө тэгж тодорхойлдог. Шинжээч нарын дүгнэлт гэмтэл үүсэх боломжтой байдлаар тодорхойлсон. Олон удаагийн давтамжаар тэр үйлдлийг хийвэл ийм гэмтэл авна мэдээлэл шинжээчид очдог. Гэмтэл авсан нь тогтоогдохгүй байна. Гэм хорын хохирол шаардаж байгаа бол гэм хор учирсан байх, эрүүл мэндэд нь бодитой хохирол учирсан байх, гэм буруутай гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Эдгээрийн хороонд шалтгаант холбоо байх ёстой юм. Манай компанийн үйл ажиллагаанаас болоод нуруундаа гэмтэл авсан нь тогтоогдохгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрт өнгөрсөн хугацаанд давж заалдаагүй. Бид өмнөх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан үйл баримт яригдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, мөн хуулийн 65 дугаар зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан нурууны жийргэвч солиулах хагалгааны зардал 31,944,220 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 7 сартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 5,190,145 төгрөг, нийт 37,134,365 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага хагалгааны төлбөр 12.000 ам доллар /12.000х2,685.97 Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ханш=34.562.740 төгрөг /, ор хоног 4 ортой өрөө 33,000 төгрөг буюу 363,000 төгрөг, хоолны мөнгө 209,000 төгрөг, лабораторийн шинжилгээ 224,100 төгрөг, дүрс оношлогоо уушги 2 байрлалаар нэг удаа 38,000 төгрөг, бүсэлхий нуруу 2 удаа 76,000 төгрөг, MRI бүтэн нуруу 450,000 төгрөг, хагалгааны дараах эмийн эмчилгээ 700,000 төгрөг, MRI бүтэн нурууны зураг 290,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 6,673,437 төгрөг нийт 43,586,277 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна. /хх-ийн 160-162-р тал/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Гранд мед эмнэлгийн мөн өдрийн 16/161 тодорхойлолтыг хавсаргажээ. Уг эмнэлгийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх шаардлагыг хангаагүй байх бөгөөд уг баримтад гарын үсэг зурсан Н.Б гэх хүн нь Гранд мед эмнэлгийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, эмнэлгийн тамга, тэмдэг дарагдаагүй, ийм эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь нотлогдоогүй байна.

Баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж, баталгаажуулна. Байгууллагын тамгыг дарга, орлогчийн, байгууллагын тэмдгийг зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна гэх албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг баримтлаагүй тодорхойлолт хэрэгт авагджээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4.-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй бөгөөд Б.Мөнхзаяа нь хагалгаанд орох шаардлагатай талаарх эмчийн бичиг, мөн өвчтөний карт зэргийг хавсаргаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүйг дурдвал зохино.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна, 29.5.-д ажил олгогч нь энэ зүйлийн 29.2.-т заасан үүргээ биелүүлээгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Үйлдвэрлэлийн ослын үед үйлдвэрлэлийн тодорхой хүчин зүйлийн үйлчлэлээр ажилтны эрүүл мэндэд хохирол шууд илрэх бөгөөд биеийн гадна, дотно авсан гэмтэл, бэртэл, түлэгдэлт зэрэг хэлбэрээр илэрдэг тул үйлдвэрлэлийн ослыг тэр даруйд нь тогтоодог байна.

Нэхэмжлэгч Б.М “С” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж байсан талаарх холбогдох мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д зааснаар “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох” хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Эдгээр үндэслэлээр “С” ХХК-д холбогдох гэм хорын хохирол 43,586,277 төгрөг гаргуулах тухай Б.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “С” ХХК-иас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 43,586,277 төгрөг гаргуулах тухай Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД

 

                                       ШҮҮГЧИД                                              Т.БОЛОРМАА

 

                                                                                                      Г.СОЛОНГО