Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0233

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Т” ХХК

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2022/1027/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дүгээр шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 14.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан гаргасан “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НА-232200000** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийн 6-д заасан зөрчилд холбогдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 алданги, нийт 95,625,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгдвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий асуудалд харилцааг нарийвчлан зохицуулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан санхүүгийн анхан шатны баримт буюу нотлох баримтыг тооцохгүй, үнэлэлгүйгээр орлого олохтой шууд холбоо хамааралтай хасагдах зардлыг эс тооцож татвар ногдуулсан актад гомдол гаргасан.

2.2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, мөн зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж тус тус хуульчилсан.

2.3. Анхан шатны шүүх хариуцагч нарын акт болон тайлбарын үндэслэлдээ дурддаг ерөнхий харилцааг зохицуулсан хууль буюу Татварын ерөнхий хуулийн цахим буюу и баримт байх шаардлагад нийцүүлж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний талаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээхээр орлого олохтой холбоотой гарсан зардлаа тооцуулахаар нэхэж байгаад эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй. “Т” компани тээвэр илгээмжийн (карго) компанид төлсөн төлбөрт гаалийн 5%, НӨАТ-ын 10%, тээврийн зардал, үйлчилгээний зардал ашиг шингэсэн төлбөрийг нэгтгэж нийлүүлж төлсөн.

2.4. Анхан шатны шүүх дээрх хуулийн шаардлагад нийцсэн баримтаар нотлогдох зардлыг хасаж тооцохгүй нөхөн татвар ногдуулж улмаар хариуцлага тооцож алданги торгууль оноож хуулийн этгээдийн эрх ашгийг хохироосон захиргааны актыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож зөвтгөөд шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байсаар атал (хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн бичгийн цаасны хайрцагт хийсэн санхүүгийн анхан шатны баримтууд, карго гэрээ, журнал, тайлан, дансны хуулга) байхгүй мэт дурдаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2.5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байхад хариуцагч татварын алба сүүлд өөрчлөлт орсон ерөнхий зохицуулалтаар зөвхөн и баримтыг тооцож бусад баримт зардлыг үл тооцож акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шүүх хариуцагч нарын дахин давтагдашгүй дугаар бүхий цахим баримтаар л зардал тооцно гэх тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагч нар нь албан өрөөнөөсөө цахимаар и баримт хуулж шалгалт явуулж нөхөн татвар ногдуулсан байдаг. Хариуцагч нар нь хуулийн этгээдийн гаргаж өгсөн хуулийн болон олон улсын санхүүгийн стандарт шаардлагад нийцсэн баримтуудыг хүлээн авсан атлаа үнэлж тооцоогүй анхан шатны шүүх ч мөн адил шинжлэн судлаагүй.

2.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 6 болон 6.1-д Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн болон Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг иш зааж маргаан бүхий аж ахуйн нэгжийн орлогыг тайлагнаагүй гэж тааж үзээд, буруу дүгнэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Мэдээж нэхэмжлэгч хуулийн этгээд орлого олохтой холбоотой бодит гарсан зардлаа тайлагнаад тэрнээс нь татварын байцаагч нар цахим биш байна гээд акт тавьсан. Нэхэмжлэгч алданги торгуулиас чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй бодитой гарсан зардлыг тооцоогүй үндэслэлгүй нөхөн татвар ногдуулсан учир нэхэмжлэл гаргасан.

2.7. Иймд хууль буруу хэрэглэж хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр нөхөн татвар ногдуулж, алданги торгуулийн хариуцлага хүлээлгэсэн татварын улсын байцаагч нарын актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрт өөрчлөлт оруулж, төлбөр ногдуулсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын огноо дугаарыг орхигдуулсныг нэмж өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгчээс Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НА-232200000** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийн 6-д заасан зөрчилд холбогдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 алданги, нийт 95,625,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч татварын улсын байцаагч нар 23224008** дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалтыг явуулж маргаан бүхий НА-232200000** дугаар нөхөн ногдуулалтын актаар 85,886,857.96 төгрөгийн нөхөн татвар, 32,238,903.97 төгрөгийн торгууль, 9,159,566.91 төгрөгийн алданги, нийт 127,285,328.84  төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 905,287,033.04 төгрөгийн зөрчилд ногдуулсан 127,285,328.84 төгрөгийн төлбөрөөс 84,567,260.5 төгрөгийн зөрчилд ногдох 8,456,726.05 төгрөгийн нөхөн татвар, 2,537,017.82 төгрөгийн торгууль, 1,691,345.21 төгрөгийн алданги, нийт 12,685,089.08 төгрөгийн төлбөрийг бууруулж, 820,719,772.54 төгрөгийн зөрчилд ногдох 77,430,131.91 төгрөгийн нөхөн татвар, 29,701,886.15 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж тогтоожээ.

4. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч “... тус зардал нь худалдан авсан төлбөрийн баримт, касс, харилцах, бараа материалын орлого, зардлын баримт, ерөнхий журналууд зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр баримт байсаар байхад зардалд тооцоогүй үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй. ... 2020, 2021 онд цар тахлын үед тээврийн каргоны компаниар бараагаа авч бид каргоны компанийн захирлын дансанд төлбөрөө шилжүүлсэн. Гаалийн татварыг каргоны компани төлж байсан ...” гэж, хариуцагч татварын улсын байцаагч нараас “... хяналт шалгалтын зөрчил Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасныг үндэслэж хасагдах зардлыг нэгэн зэрэг хангах ёстой шаардлага хангаагүй байхад хасч татвар ногдох орлогоо бууруулсан гэж акт тавьсан ...” гэж маргасан.

5. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчийн өөрийнх нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу орлого олохтой холбоотой гарсан зардал болох нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан тайлан, журнал, ажил гүйлгээний мэдээ зэрэг санхүүгийн баримтаар тогтоогдохгүй байна”,

 “... хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж зааснаар бараа, ажил, үйлчилгээний зардал нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар батлагдахгүй гэж үзэн нөхөн татвар ногдуулж торгууль, алданги, хүү тооцсон нь үндэслэлтэй ...”

 “... татвар төлөгч хуулийн дагуу ногдуулан тайлагнасан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд татварын алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөх ба нэхэмжлэгч нь 2020 оны 191,401,045.75 төгрөгийн 2021 оны 455,883,613.73 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлөхөөр татварын тайланд тайлагнаагүй тул тус хуулийн дагуу алданги, торгуулиас чөлөөлөгдөхөөргүй байна ...” гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “... орлого олохтой холбоотой гарсан зардлаа тооцуулахаар нэхэж байгаад эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй ...” гэжээ.

6.1. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын үндэслэл нь уг асуудлаар гараагүй, хариуцагч нар энэ талаар маргаагүй, гагцхүү Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:” гэж 5 нөхцөлийг заасны зөвхөн 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:” гэж заасан шаардлагыг хангаагүй зардлыг хасаж, татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гарсан гэж үзсэн тул маргаагүй асуудал буюу уг хуулийн 131.1.-13.1.3-д заасан нөхцөлийг хангасан эсэх талаар дүгнэлт хийгээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

7. Мөн гомдолд “… Нягтлан бодох бүртгэлийн хуулиар нарийвчлан зохицуулсан байхад хариуцагч нь татварын сүүлд өөрчлөлт орсон ерөнхий зохицуулалтаар зөвхөн е-баримтыг тооцож, бусад баримт зардлыг үл тооцож акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй, шүүх хариуцагч нарын дахин давтагдашгүй дугаар бүхий цахим баримтаар л зардал тооцно гэх тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн” гэжээ.

7.1. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2024/0054 дүгээр тогтоолоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэхдээ “... БНХАУ-аас бараа импортолж ирсэн байх бөгөөд энэ тохиолдолд зардал нотолсон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт”-ыг шаардах боломжгүй, харин гаалийн татвар төлснийг нотлох баримтыг шаардах боломжтой эсэхэд шүүх дүгнэлт өгөх хэрэгтэй. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрт гаалийн бүрдүүлэлтийн хураамж, холбогдох татвар багтсан эсэх, ачаа тээвэрлэлтийг хариуцсан компани нь гаалийн бүрдүүлэлт хийж, зохих татварыг төлсөн эсэхийг (ялангуяа цар тахлын хязгаарлалтын үед) тодруулж шалгах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой ...” гэж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2025/0008 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхэд буцаахдаа “өмнөх тогтоолд дурдсан гаалийн татварын хүрээнд хасагдах зардлыг нотлох баримт гаргаж өгөөгүй, эх сурвалжаа заагаагүй байхад дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь оновчгүй, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой” талаар тус тус дурдсан.

7.2. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар “Тээвэр зуучлалын компани нь өөрийнхөө нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж манай барааг импортолж оруулж ирсэн, захирлынх нь данс руу төлбөрөө хийсэн” гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайн каргоны компанийн төлсөн гаалийн татвартай холбоотой нотлох баримт өөрт нь байхгүй бол эх сурвалжаа зааж, хаанаас ямар баримт цуглуулах талаар хүсэлтээ гаргаагүй байх тул импортоор хэзээ, хэчнээн хэмжээний, ямар бараа оруулж ирсэн, гаалийн татварыг хэний нэр дээр хэзээ төлсөн, тухайн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдөн импортолж оруулж ирсэн бараа нь маргаж буй хасагдах зардалд хамаарч байгаа бараа мөн эсэх зэргийг шүүх мэдэх боломжгүй тул анхан шатны шүүхийг энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, дүгнээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

7.3. Мөн хэрэгт ирүүлсэн 2020, 2021 оны нотлох баримт гэх материалд “Тээвэр зуучийн гэрээ” ирүүлсэн боловч уг гэрээнд хэчнээн хэмжээний ямар барааг хэзээ тээвэрлүүлэх талаар, тухайн барааны гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн татварыг хэн төлөх талаар заагаагүй, нэхэмжлэгчийн тээвэрлүүлсэн гэх бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримтгүй байх тул цар тахлын үед оруулж ирсэн бараанд каргоны компани гаалийн татварыг төлсөн нь тогтоогдоогүй, дээрх хуулийн 13.1.4-д заасан хасагдах зардлыг нотлох нэг шаардлага хангагдахгүй байх тул нөхөн ногдуулалтын актыг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

7.4. Дээрх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 01  дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн тул хүчин төгөлдөр үйлчилж байгаа аливаа хуулийг татвар төлөгч болон татварын улсын байцаагч хэн аль нь дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчийн импортолж оруулж ирсэн гэх барааны тухайд хасагдах зардлыг нотлох хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзсэн, харин хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 2018 оны зардлыг хасаж тооцсонд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзээгүй байх тул “сүүлд өөрчлөлт орсон хуулийн ерөнхий заалтыг хэрэглэж, зөвхөн цахим баримтыг шалгасан нь буруу” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Мөн давж заалдах гомдолд “... шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д 2020 оны татвараас чөлөөлөх тухай хуулийг иш зааж маргаан бүхий аж ахуйн нэгжийн орлогыг тайлагнаагүй гэж тааж үзээд хууль хэрэглээний алдаа гаргасан. Нэхэмжлэгч алданги торгуулиас чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй бодитой гарсан зардлыг тооцоогүй үндэслэлгүй нөхөн татвар ногдуулсанд гомдож нэхэмжлэл гаргасан ...” гэжээ.

8.1. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2024/0054 дүгээр тогтоолоор “нөхөн татвар төлөх үүрэгтэй гэж үзвэл 2020 оны Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг хэрэглэх эсэх талаар шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй” гэж заасны дагуу анхан шатны шүүх ийнхүү дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Уг хуулийн /2 удаа хугацаа сунгасан/ 1 дүгээр зүйлд “… хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.” гэж заасан “хуулийн дагуу ногдуулан тайлагнасан” гэх урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэгч хангахгүй байх тул “уг хуулийн чөлөөлөлтөд хамрагдах үндэслэлгүй” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын огноо дугаарыг нэмсэн өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “... нөхөн ногдуулалтын актын ...” гэснийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НА-232200000** дугаартай нөхөн ногдуулалтын актын ...” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 

 

 

 ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

 

 

 ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ