Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/03129

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр   

Дугаар 101/ШШ2019/03129

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “В” -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МТ” ХХК холбогдох

23,625,866 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

5,683,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Шинэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч, А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “В” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлөх нүүрс тээврийн үйлчилгээний хөлс нийт 15,203,370 төгрөгийг хугацаа хэтрүүлсний алданги нийт 5,641,944.75 төгрөгийн хамт буюу нийлээд 20,845,314.75 төгрөгийг хариуцагч “МТ” ХХК-иас гаргуулах тухай. Нэхэмжлэгч “В” ХХК болон хариуцагч “МТ” ХХК нарын хооронд 27 тоот “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. “МТ” ХХК-тай байгуулсан дээрх нүүрс тээврийн гэрээний дагуу 2018 оны 11 сарын 26-ны өдөр гүйцэтгэсэн 2 автомашины рейсийн төлбөр 13,293 юань буюу 5,184,270 төгрөг, 2018 оны 11 сарын 29 өдрийн 2 автомашины рейсийн төлбөр 12,725 юань буюу 4,962,750 төгрөг, 2018 оны 12 сарын 12 өдрийн 2 автомашины рейсийн төлбөр 12,965 юань буюу 5,056,350 төгрөгийн тээврийн үйлчилгээний хөлс одоог хүртэл огт төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байна. Мөн 2018 оны 11 сарын 26 өдөр гүйцэтгэсэн 2 автомашины рейсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 5,184.27 юань буюу 2,021,865.3 төгрөг, 2018 оны 11 сарын 29 өдрийн 2 автомашины рейсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 4,848.225 юань буюу 1,890,807.75 төгрөг, 2018 оны 12 сарын 12 өдрийн 2 автомашины рейсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 4,434.03 юань буюу 1,729,271.7 төгрөг болсон байна. Иймд МТ ХХК-тай байгуулсан “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ”- ий дагуу гүйцэтгэсэн нүүрс тээврийн үйлчилгээний хөлс 15,203,370 төгрөгийг хугацаа хэтрүүлсний алданги нийт 5 641,944.75 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.

“В” ХХК нь хариуцагч “МТ” ХХК-аас нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,845,314.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан билээ. Манай компани анх нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсний алдангийг 2019 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон байсан бөгөөд энэ хугацаанаас хойш 2019 оны 06 сарын 11 -ны өдрийг хүртэлх нийт 62 хоногийн алдангийг нэмж нэхэмжилж байна. 2019 оны 04 сарын 10-ны өдөр алданги тооцохдоо эхний тээврийн төлбөр төлөх хугацаанаас 130 хоногоор, 2 дахь тээврийн төлбөр төлөх хугацаанаас 127 хоногоор, 3 дахь тээврийн төлбөр төлөх хугацаанаас 114 хоногоор тус тус тооцон нэхэмжилсэн байсан. Эхний тээвэрлэлт буюу 2018 оны 11 сарын 26-ны өдөр нүүрс буулгасан 2 машины тээврийн төлбөр 13293 юанийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ 39.879 юань болох ба үүнийг 62 хоногоор тооцоход 2,472.498 юань буюу 948,153.533 төгрөг; /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ Хоёр дахь тээвэрлэлт буюу 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 2 машины тээврийн төлбөр 12725 юаниас 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ 38.175 юань болох ба 62 хоногоор тооцоход 2,366.85 юань буюу 907,639.638 төгрөг; /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ Гурав дахь тээвэрлэлт буюу 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 2 машины тээврийн төлбөр 12965 юаниас 0.3 хувиар алданги тооцоход нэг хоног ногдох алдангийн хэмжээ 38.895 юань болох ба 62 хоногоор тооцоход 2,411.49 юань буюу 924,758.185 төгрөг /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ тус тус болж байгаа бөгөөд нийт нэмэгдүүлж буй алдангийн хэмжээ 7,250.838 юань /2,472.498+2,366.85+2,411.49/ буюу 2,780,551.36 төгрөг болж байна. /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ Иймд хариуцагч “МТ” ХХК-аас нэхэмжилж буй нүүрс тээвэрлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг 7,250,838 юань буюу 2,780,551.36 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган манай компанид учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Мягмарсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: 7,601,685 төгрөгийн алданги гаргуулахаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 22,805,055 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Шинэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу зөвшөөрөл олгож байж уурхайгаас нүүрсийг ачиж өгнө. Ямар нэгэн зөвшөөрөлгүй гадны машин орж ачаа ачиж хилийн боомт руу зөөх боломж байхгүй. Хариуцагч ажлаа гүйцэтгүүлсэн байж одоо зөвшөөрөлгүй ачсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч “МТ” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “В” ХХК-ийн 2019 оны 05-р сарын 01-ний өдрийн 19/02 тоот нэхэмжлэхтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. “МТ" ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2018 оны 11-р сарын 17-ны өдөр нүүрс тээврийн 27 тоот гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэхдээ “В" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж гэрээний гол заалтуудыг биелүүлээгүй учир уг гэрээг захиалагч тал дангаар шийдэж шууд цуцалсан ба нэхэмжлэхийг хүлээж авах үндэслэл боломжгүй болохыг гэрээний дараах үндсэн заалтууд дээр тайлбарлан өгч байна. Үүнд:

1. “В” ХХК нь Гэрээний 2.5-д заасан 2018 оны 11-р сарын 20-ны өдөр ажилд гаралгүй харин 11-р сарын 26-ны өдөр ажилд гарсан гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан байна. Нэг ёсондоо гэрээнд заасан хугацаанаасаа 6 хоногийн дараа ажилд гарсан байжээ гэж харагдаж байна. Гэрээний 2.5-д заасан хугацаанд гүйцэтгэгч ажилд гараагүй /албан ёсоор манай компанид мэдэгдээгүй/, Гэрээний 12.4 заалт /ажилд гарах өдрөөс 5-с дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд захиалагч гэрээг дангаар цуцлах эрхтэй/. Иймд захиалагч тал уг гэрээг дангаар хүчингүйд тооцон цуцалсан.

2. Гэрээний 2-р зүйлийн 2.1-д заасан заалтын дагуу нүүрс ачих, зөөж буулгах ажлыг Захиалагчийн шууд хяналтын дор гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөр барахгүй ямар нэг тооцоо хийж, тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй. /Манай компанийн нэр дээр тээвэр хийж байгаа машинуудтай тооцоо нийлж баримт үйлддэг тодорхой журам байдаг бөгөөд тамга тэмдэг бүхий баримт үйлддэг./

3. Мөн гэрээний 3-р зүйлд заасан тээврийн хэрэгсэл түүний хүчин чадал, ашиглалтын шаардлага бүхэлдээ зөрчигдсөн. Гэрээний 4.1-д заасан ээлжийн жолооч байхгүй. Захиалагчийн төлөөлөгчийн тавьсан шаардлага болох Гэрээний 4.6 болон 4.7-р заалт зөрчигдсөн. Захиалагчийн төлөөлөгчийн тавьсан шаардлага болох гэрээний /5.2.4/, /8.6/-р заалтад заавал суурилуулагдахаар шаардсан тээврийн хэрэгсэлд байршуулах GPS төхөөрөмж байрлуулаагүй.

4. Гэрээний 6.1 заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлд дурдсан 3 удаагийн тээврийн тооцоо болох 15,203,370 төгрөгийг “МТ” XX компанитай тооцоо нийлсэн акт огт үйлдээгүй. Мөн гэрээний 8.2-т заасан захиалагчийн төлөөлөгчөөс зөвшөөрөл авч ажилд гараагүй.

5.         Гэрээний 12-зүйлийн 12.2-д зааснаар уг гэрээний 2.2-т заасан захиалагчийн шаардлага үр дүнг үзүүлээгүй учир захиалагч гүйцэтгэгчид ямар нэгэн ажлын хөлс болон түүний үлдэгдлийг төлөхгүй байхаар заасан байгаа. Гэрээний 2.2-р заалтад сард 16-с доошгүй удаа тээвэр гүйцэтгэх ёстой.

Манай компани болон нүүрс зөөлгөж байгаа Хятад улсын компани хоорондын байгуулсан гэрээнд тодорхой тооны машиныг тогтмол явуулж байхаар заасан байдаг. Гэрээнд зааснаар тогтсон тооны машинаар үйлчилгээ үзүүлэхийн тулд “В” XX Компанид итгэн тус компанийн 2 машиныг 6 сарын хугацаатайгаар тээвэрт явуулахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж бид хятадын компанитай байгуулсан гэрээний заалтаа зөрчиж үүний улмаас өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадалгүй хохирч яваа болно. Мөн “В” ХХК нь өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй манай компанийг давхар давхар хохироосон ба гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд ямар нэгэн албан ёсны мэдэгдэл, шаардлага, албан тоот хүргүүлж байгаагүй тул төлбөр тооцоо, хохирол, алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “В” XX компанийн нэхэмжлэлийн дагуу Манай компани санхүүгийн баримт бичигт олон удаа нягтлан тулгалт хийсэн боловч тус компанитай тооцоо нийлсэн төлбөрийн хариуцагч болохыг нотлох баримт олдоогүй ба харин эсрэгээр манай гэрээт байгууллага болох “Сод монгол” ШТС-аас үүрэн холбооны холбогдох боломжгүй байдал болон компанийн Лого-г ашиглаж 3,928,200 төгрөгийн түлш зээлээр авч явсан ба компанийн кэмпээс 2ш дугуй болон 1ш аккумулятор зээлээр авсан нь тогтоогдоод байна. Бид өөрийн компанийн хохирлыг бүрэн тогтоолгож баримтаа бүрдүүлж тус компаниас албан ёсоор нэхэмжлэх болно. “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн зүгээс 2019 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг бүхэлд нь эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбараа хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх” гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээнд заасан ажлын үр дүнг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүйгээс болж манай компанийн зүгээс хохирол амссан нөхцөл байдалтай байгаа билээ. Тодруулбал, Талуудын хооронд байгуулагдсан “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх” гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлт хийж, захиалагчтай тооцоо нийлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, дур мэдэн компанийн лого-г ашиглан харилцагч байгууллагаас зээлээр түлш авсан зэрэг үйлдлүүдийг нэхэмжлэгч “В” ХХК нь гаргасан байдаг. Иймд манай компани тээвэрлэлтийн хөлс болон алданги төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн гэдэгт эргэлзэж байна. Учир нь гэрээний хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн тул хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох хэрэгтэй гэв.

 

Хариуцагч “МТ” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “МТ” ХХК болон хариуцагч “В” ХХК нарын хооронд 27 тоот “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ”-г 2018 оны 11 сарын 17- ны өдөр байгуулсан нь үнэн болно. Тус компани нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, ажил үүргээ биелүүлэх гэж байна гээд манай компаниас тээврийн хэрэгслийн дугуй, аккумулятор авсан, компанийн нэр барьж “Сод монгол”-ын колонкоос бензин авсан байх тул хохирлыг гаргуулахын тулд энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. “В” ХХК нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа тээвэрлэлт хийх талбайд ирээгүйгээс гадна бүрэн бус тээврийн хэрэгсэл /Хол замд тээвэр хийх хүнд даацын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагатай дугуй муу, нөөц дугуйгүй зэрэг/-ээр тээвэр хийхээр ирсэн байсан тул тухайн үед манай компанийн зүгээс 2ш /хоёр/ шинэ дугуй, 1ш аккумулятор зэргийг гэрээний 10.3-г үндэслэн дараа төлөхөөр баримт бичиг хийж зээлээр өгсөн болно. “В” ХХК нь гэрээний 5.2.5 заасныг ашиглан манай компанийн харилцагч байгууллага болох “Сод Монгол” ШТС-с нийт 1571,28 литр түлш зээлээр авсан. Мөн гэрээний 6.1-д заасныг зөрчин тооцоо нийлсэн акт үйлдээгүй зэрэг манай байгууллагын нэрийг ашигласан үйлдлүүдээ бидэнд мэдэгдээгүй зэрэг нь биднийг хохироосон үйлдэл юм. Иймд “МТ” ХХК нь “В” ХХК-с хоёр дугуйн үнэ 1,500,000 төгрөг, 1571,28л түлшний үнэ 3,928,200 төгрөг, нэг ширхэг аккумуляторын үнэ 255,000 төгрөг. Нийт 5,683,200 төгрөгийг “В” ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

            Нэхэмжлэгч “В” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа ба тус сөрөг нэхэмжлэл нь манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний болон хариуцагч “Мин соно транс” ХХК нь ажлын дүнг хүлээн авсны нэг нотолгоо болж байна. Учир нь: “В” ХХК болон “МТ” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба компанийн төлөөллүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, нэмэлт тоноглол хийх зорилгоор гэрээнд заасан хугацааг 4 хоногоор хойшлуулан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар аймагт байрлалтай уурхайд манай 2 тээврийн хэрэгсэл очиж, захиалагчийн зааврын дагуу нүүрсийг тээвэрлэн заасан газарт 2018 оны 11 сарын 26-ны хүргэж буулгасан юм. Ийнхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад Сүхбаатар аймгийн төв Баруун Уртаас уурхай хүртэлх зам нь бартаа ихтэй, шороон зам байсан учир хариуцагч талын байрлаж буй кэмпэд очиход манай тээврийн хэрэгслийн дугуй элэгдсэн байсан. Иймд “В” ХХК-ийн менежер И.Мягмарсүрэн миний бие “МТ” ХХК-ийн кэмпийн менежер Х.Алтангэрэлтэй уулзаж тус кэмпэд бэлэн байсан 2 ширхэг дугуйг тус бүрийг нь 670,000 төгрөгөөр тооцон, рейс хийх төлбөрөөс хасаж тооцох нөхцөлтэйгөөр худалдан авсан. Тухайн үед дугуйг хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй ба хариуцагч талаас шүүхэд 750,000 төгрөгөөр үнэлж зарсан мэт зарлагын баримтыг гаргаж өгсөн нь өөрсдөө нөхөж хийсэн хуурамч гарын үсэгтэй баримт байгаа тул нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Түүнчлэн “МТ” ХХК нь манай компанид төлөх төлбөрөө “нүүрсийг уурхайгаас тээвэрлэн хилийн наана орших буулгалтын талбайд хүргэн өгсний дараах өдөр, хэрэв амралтын өдөр таарвал дараагийн ажлын эхний өдөрт” шилжүүлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч “МТ” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн манай компанийн эхний тээврийн төлбөрийг шилжүүлэлгүй, уурхайгаас төлбөр орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулж, захирал Ц.Анарзул нь манай компанийн менежер И.Мягмарсүрэнтэй уулзан “тун удахгүй төлбөр шилжин орноо, санаа зоволтгүй, хилийн наана орших Сод Монголоос түлшээ манай компанийн нэрээр зээлэн аваад тээврээ хийж бай” гэсэн тул тус компанийн кэмп менежер Х.Алтангэрэл нь Сод Монгол шатахуун түгээх станц руу очиж уулзан манай компанийн 2 тээврийн хэрэгсэлд түлш хийлгэж өгсөн юм. Харин манай компани хариуцагч талаас аккумулятор аваагүй тул сөрөг нэхэмжлэлд дурдсан аккумуляторын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн манай төлбөрийг хугацаанд нь төлсөн бол бид авсан 2ш дугуй болон түлшний мөнгийг тухайн үед нь төлөх байсан ба одоо ч хариуцагч талаас ажлын хөлсөө авбал төлөх болно. Захиалагч тал эхний ажлын төлбөрийг төлөөгүй байхад ч бид хамтын ажиллагаагаа хүндэтгэж, “МТ” компанийн захирал Ц.Анарзулын хүсэлтээр дахин 2 удаа тээвэр хийн, нийт 3 удаа тээвэр хийсэн болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 дугуйны төлбөр 1,340,000 төгрөг, 1571,28л түлшний үнэ 3,928,000 төгрөг, нийт 5,268,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулахад татгалзах зүйлгүй бөгөөд аккумуляторын үнэ гэсэн 255,000 төгрөг, 2 дугуйны төлбөрөөс 160 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх 415,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс 2 дугуйг уурхай дээр очоод уурхай хариуцаж байсан Аагий гэх залуугаас авсан. 1 дугуйг 670,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Тухайн үед хүлээн авахдаа ямар нэгэн акт үйлдээгүй. Дараа нь акт үйлдэж нэг браимт өгсөн бол тэр хуурамч байсан. Тухайн баримтад миний гарын үсэг байхгүй, 2 машины 1 машины жолоочийн гарын үсэг хуурамч байсан. Тэгээд хариуцагч байгууллагын зүгээс бидний аккумулятор авсан гэж байна. Бид аккумулятор аваагүй. Анх очиход аккумулятор байгаагүй. Ачааны машины аккумулятор энгийн машины аккумулятор шиг биш. Үнийн хувьд зөрүүтэй байдаг. Бид Улаанбаатар хотоос 1 аккумуляторыг 600,000 төгрөгөөр авна. Гэтэл биднийг 255,000 төгрөгөөр аккумулятор гэж тайлбарлаж байна. Тийм зүйл байхгүй. Бид “МТ” ХХК-ийн ачааны машинд явдаг гэсэн наадаг наалттай байсан.. Бид түүнийг ашиглаад түлш авсан гэх зүйл байхгүй. Ямар нэг машинд наалт наагаад үнэгүй түлш авдаг зүйл байхгүй. Хэрвээ “МТ” ХХК түлш түгээх газартай гэрээтэй бол түүнийгээ үзүүлэх хэрэгтэй. Нэхэмжлэгч байгууллага ачааны мөнгийг авч чадахгүй, тухайн үед  хүйтэн, 2 жолоочтой байсан учраас бид орхиж болохгүй байсан тул “МТ” ХХК-ийн зүгээс та нар түлш аваад өгөөч гэхэд хариуцаж байсан Аагий гэх залуу очиж авч өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг үнэгүй түлш аваагүй. Иймээс бид аккумуляторын үнийг хүлээн зөвшөөрөхгүй, 2 дугуйны үнэ болон 3,928,200 төгрөгийн бензин авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлээс 415,000 төгрөгийг зөвшөөрөхгүй бөгөөд 5,268,000 төгрөгийг хийсэн ажлын хөлснөөсөө хасах хүсэлтэй байна гэв.

           

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “В” ХХК нь гэрээний төлбөрт 15,203,370 төгрөг, алдангид 8,422,496.11 төгрөг, нийт 23,625,866.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын алдангийг 7,601,685 төгрөг болгон тодруулж, нийт 22,805,055 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

            Хариуцагч “МТ” ХХК нь нүүрс тээвэрлэсэн эсэх талаар маргаагүй боловч гэрээнд заасны дагуу зөвшөөрөл аваагүй, тооцоо хийж акт үйлдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан ба ажил гүйцэтгэх явцад авсан гэх 2 ширхэг дугуйны үнэ 1,500,000 төгрөг, түлшний үнэ 3,928,200 төгрөг, аккумуляторын үнэ 255,000 төгрөг, нийт 5,683,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж талууд маргаж байна.

            Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Зохигчийн хооронд “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх” гэх нэртэй 27 дугаартай, огноогүй гэрээ байгуулагдсанаас үзэхэд, гэрээний 2.4-т зааснаар гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэж тодорхойлох боломжтой байна.

Талууд гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

            Гэрээний талууд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын талаар тооцоо нийлсэн зүйлгүй, гэрээг дүгнээгүй байх бөгөөд үүнд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Улмаар нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан нүүрс тээвэрлэсэн гэх тээвэрлэгч, илгээгч, хүлээн авагч нь тодорхойгүй баримтад тулгуурлаж хариуцагчаас төлбөр гаргуулах боломжгүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэгч нь 3,928,200 төгрөгийн шатахуун авсан болохоо хүлээн зөвшөөрч байх бөгөөд аккумуляторын үнэ 255,000 төгрөг, 1 ширхэг дугуйны үнийг 670,000 төгрөгөөр тооцож авсан тул 2 дугуйны үнэ 1,500,000 төгрөгөөс 160,000 төгрөг, нийт 415,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөс татгалзсан.

Хариуцагч “МТ” ХХК нь нэг ширхэг нь 750,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуй, 255,000 төгрөгийн үнэтэй аккумуляторыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан 131 дугаартай Зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь уг баримтыг хуурамч гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Энэхүү зарлагын баримтад бараа, бүтээгдэхүүний үнэ, тоо, ширхэгийг тусгасан, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан этгээдүүд тодорхой байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.

Гэрээний 5.2-т зааснаар нүүрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэх явцад автомашинд гарах болон бусад урсгал зардлыг гэрээний гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон байх бөгөөд шатахууны зардлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, 1,755,000 төгрөгийн үнийн дүнтэй аккумулятор, дугуйг нэхэмжлэгч тал худалдаж авсан нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “МТ” ХХК-иас 22,805,055 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “В” ХХК-иас 5,683,200 төгрөг гаргуулж, хариуцагч “МТ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “В” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 820,811 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 321,650 төгрөг, хариуцагчийн 105,881 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 105,881 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 1 төгрөг тус тус гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА