Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00146

 

                                    “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00409 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 929 дүгээр магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Гэрээний үүрэг 27,329,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, өмгөөлөгч Д.Түвшинтамир, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** ****” ХХК нь ****д холбогдуулан гэрээний үүрэг 27,329,084 төгрөггаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00409 дүгээр шийдвэрээрХөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас сургалт дадлагын нэмэлт гэрээний сургалтын төлбөрт З5,646,144 төгрөг, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээний урьдчилгаа төлбөрт 19,897,500 төгрөг, 94064655 дугаарын ярианы төлбөрт 1,785,440 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжшийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 929 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00409 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 25,543,644 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, үлдэх 1,785,439 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ****аас 285,668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжшийдвэрлэсэн байна. 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. **** нь 2013 онд “ **** ****” ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хэнээс ч илүү цалин хөлс, гэрээний тусгай нөхцөл эдэлж байгаагүй, бусад инженерийн адил цалин хангамж эдэлж байсан. ****ыг болон бүх инженерийг сургалтад суулгах болсон гэсний дагуу 2014.02.06-наас 24-ний өдөр Герман улсад сургалтад суусан бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана” гэж заасны дагуу сургалтад хамрагдсан гэж ойлгож байгаа бөгөөд энэ үед намайг 5 жил манай компанид ажилла гэж байсан ба ийм зүйл, заалтыг хөдөлмөрийн гэрээнд ороогүй юм. Хөдөлмөрийн гэрээг 10 жилээр байгуул гэсэн хууль бус саналыг ажил олгогч тавьж эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулах тухай заалтыг зөрчсөн. **** нь Хан-уул дүүрэгт 4 дүгээр хорооны нутагт орон сууцыг авахдаа 8 хувийн зээлд хамрагдаж авсан бөгөөд Шинэ өргөө хороолол 610 дугаар байрны 1 дүгээр орцны 2 дугаар давхарт 06 тоот орон сууцанд орсон. Уг орон сууцыг зээлээр авч, 8 хувийн зээлийг “ **** ****” ХХК-аас өгөөгүй Монгол Улсын Засгийн газар өгсөн гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлд бичсэнчлэн бид орон сууцны зээлд орох гэж хөдөлмөрийн гэрээг 10 жилээр байгуулаагүй бөгөөд жил тутам хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах шаардлагатай гэсний дагуу 2014.12.01-нд байгуулж, сүүлд нь орон сууцны зээлийн гэрээг 2014.12.15-нд байгуулсан. Ажил олгогч нь нэхэмжлэл гаргахдаа намайг ажлаас гарсан тул нэхэмжлэл гаргаж байна гэсэн байна. Ажил олгогч нь ажлаар хангахгүй ажилласан цалин хөлсийг зохих хугацаандаа олгохгүй, миний цалин хөлсийг багаар нийгмийн даатгалд бичиж хуулийг сахин биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байсан тул би ажлаас гарч, өөр ажил хийн дээрх 8 хувийн зээлээ төлж амьдарч байгаа.

3.1. Нэгэнт ажлын хөлсийг өгөхгүй байсан тул 2017.06.20-нд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн бөгөөд намайг Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг үндэслэн 2017.08.01-ний өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие “ **** ****” ХХК иргэний эрх зүйн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаа байхад ямар учраас тусгайлан зохицуулсан хуулийг зөрчиж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй” гэж заасантай илт хууль бус нэхэмжлэл гаргасан. Мөн ямар учраас 2017.08.01-ний өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байхад 2018.10.29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00409 дугаартай шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 25,543,644 төгрөгийг ****аас гаргуулж “ **** ****” ХХК-д олгох өөрчлөлт оруулсан. Давж заалдах шатны шүүх ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар ажлаар хангахгүй байсан тул цаашид амьдрах ямар ч боломжгүй болсныг анхаарч үзсэнгүй. Мөн 2013 оноос 2017.08.01-ний өдөр хүртэл ажилласан байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж 10 жил ажиллах ёстой гэсэн амьдралд огт нийцэхгүй шударга бус шийдвэр гаргах бөгөөд 2018.10.29-нд нэхэмжлэл гаргаж буйг болон 4 жил 8 сар ажилласан болохыг огт анхааран үзэлгүй хэт өрөөсгөл шийдвэр гаргажээ. Магадлалын үндэслэлээ дуусгавар болсон гэрээний зүйлийг шаардсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д заасныг баримталсан нь буруу гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь буруу болжээ. Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буюу ажилтан ажил олгогч талуудын харилцаа бөгөөд бие даасан нэг нэгнээсээ хараат бус хуулийн этгээд болон иргэн 2 хооронд байгуулсан гэрээ биш юм.

3.2. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл талуудын хооронд бие даасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1. “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.”, мөн хуулийн 6.1. “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй” гэсэн заалтыг анхаараагүй байна. Ажилтанд сард 400,000 төгрөгийн цалин гэж олгох бөгөөд сул зогсолтын үед үндсэн цалингийн 60 хувиар цалин олгох байтал түүнээс илт бага хэмжээгээр буюу 400,000 төгрөгөөр олгож орон сууцны хөнгөлөлт олгосон мөнгөө тооцон 10 жил ажил гэж тулган Хөдөлмөрийн тухай хуулийн албадан 7.1. “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалтыг ажил олгогч зөрчөөд цаашид эхнэр хүүхдээ тэжээх ямар ч боломжгүй болгосон тул ажлаас гарах болсон гэсэн хариуцагчийн тайлбарт огт дүгнэлт хийсэнгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү.”гэжээ. 

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхИргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 25,543,644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, үлдэх 1,785,439 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ. 

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Мобикомын утасны ярианы төлбөрт төлсөн 1,785,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

7. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ, сургалт дадлагын нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр түүнд олгосон орон сууцны хөнгөлөлтийн 19,897,500 төгрөг, сургалт дадлагын зардал 5,646,144 төгрөг, Мобикомын утасны ярианы төлбөрт төлсөн 1,785,440 төгрөг, нийт 27,320,084 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч **** “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу ерөнхий захирал нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, ажилтныг сургалтад хамруулах, орон сууцны талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь ажил олгогчийн үүрэг, Иргэний хуулийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил хуулийн нарийвчилсан зохицуулалтаар хөдөлмөрийн эрх зүйн маргаан, ...цаашид энэ байгууллагад хөдөлмөрөө мөлжүүлэх боломжгүй тул ажлаас гарсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан 3 сарын хугацаа өнгөрсөн тул зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн дээрх тайлбаруудаас үзвэлхариуцагч орон сууцны хөнгөлөлт, сургалт дадлагын зардал, Мобикомын утасны ярианы төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх, хөөн хэлэлцэх хугацаа маргааны зүйл болжээ. 

9. Хариуцагчийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ажил олгогч“ **** ****” ХХК-аас ХБНГУ болон Турк улсад сургалт дадлагад хамруулсны зардал 5,646,144 төгрөгийг гаргасан, түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийнурьдчилгаа төлбөрт 19,897,500 төгрөгийг ****д олгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. 

9.1 “ **** ****” ХХК **** нарын хооронд байгуулсан

а/ 2014.12.15-ны өдрийн Орон сууцны хөнгөлөлт олгох гэрээний 2.5-д “...компани орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 19,897,500 төгрөгийг бүрэн төлнө, 3.2.1, 3.3.2-т хөдөлмөрийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, 10 жил тогтвортой ажиллах, 3.3.5-д компани дотоод журамд зааснаар өөрийн болон захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтны орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрэн буюу ажиллаагүй үед ногдох хөнгөлөлтийг эргүүлэн төлүүлэх эрхтэй...” гэж,     

б/ 2014.01.29-ний өдрийн Сургалт дадлагын нэмэлт гэрээний 2.3, 3.2-т “...компанийн зардлаар суралцсан ажилтан компанид тасралтгүй 5 хүртэл жил ажиллана, 4.1-д компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд нийт зардлыг 100 хувь хүртэл буцаан төлүүлнэ...” гэж тус тус харилцан тохиролцсон байна. 

Дээрх тохиролцоонууд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр үйлдэж, хэн аль гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

Гэрээний хүчин төгөлдөр байдлынталаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

10. “ **** ****” ХХК-ийнХөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т “...ажилтан нь компанийн зардлаар сургалтад хамрагдсанаар тухайн сургалт дууссан буюу сургуулийг төгссөнөөс хойш 5-аас доошгүй жил компанид тогтвортой, идэвх санаачилгатай ажиллах үүргийг заавал хүлээх бөгөөд энэхүү үүргийг бүрэн биелүүлсэн тохиолдолд уг зардлыг ажилтнаас шаардахгүй...”, 13.2.1-д “...Компани нь ажилтны хүсэлтээр түүний амьдралын нөхцөлийг дээшлүүлэх дэмжлэг үзүүлэх үүднээс орон сууц худалдан авахад нь зориулж, урьдчилгаа төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөх ****аар дэмжлэг үзүүлж болно, 13.2.2-т компани нь ажилтанд худалдан авах гэж буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн хариуцах буюу хөнгөлөлттэй нөхцөлөөс зээл олгох ****аар дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ тохиолдолд ажилтантай холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, дэмжлэг үзүүлэх нөхцөлийг нарийвчлан тусгана, 13.2.3-т ажилтан компаниас энэхүү журамд заасан дэмжлэг тусламжийг хүлээн авснаар компанид 10-аас доошгүй жил тогтвортой, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллах үүргийг хүлээнэ, 13.2.4-т ажилтан журмын 13.2.2-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн компанид тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан бол ажилтанд үзүүлсэн дэмжлэг туслалцааг компанид буцаан төлүүлнэ...” гэж заажээ. 

11. “ **** ****” ХХК-ийн захирлын 2014.12.15-ны өдрийн 14/36 дугаар тушаалаар ****д орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэхдээ хөдөлмөрийн дотоод журам, гэрээний дагуу тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээсэн болохыг дурдсан, мөн **** нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргахдаа дээрх зардал, дэмжлэгийг 2-3 жилд төлж барагдуулах болохоо бичгээр илэрхийлсэн нь хэрэгт авагдсан байна.  

Хариуцагч **** сургалт дадлагын нэмэлт гэрээ, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээгээр хүлээсэн тогтвор суурьшилтай ажиллах үүргээ биелүүлээгүй, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул сургалтын зардал 5,646,144 төгрөг болон орон сууцны урьдчилгаа төлбөр 19,897,500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдох талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

12. **** өөрийн санаачилгаар “ **** ****” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаар гэрээ дуусгавар болж, талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг хангалттай дүгнэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. 

14. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 929 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагч талын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,668 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.ЗОЛЗАЯА           

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ 

                    ШҮҮГЧИД                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                    Д.ЦОЛМОН 

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД