Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

     2019          12            24                                         2020/ДШМ/12    

 

Ж.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Ж.О-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/819 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1911021301000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

........ О-, 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, ...., бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..... тоотод түр оршин суудаг гэх, /РД:....../,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Ж.О- нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1194в тоотод байрлах иргэн Э.А-ы хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, “Iphone 7” загварын гар утсыг хулгайлан авч, 547.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Оюун-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чонос овогт Жанчивын Оюун-Эрдэнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хөрш айл болох Амараагийнд утсаар ярих гэж ороход хаалга нь онгорхой, орон дээр нь нэг хүн унтаж байсан. Тэр хүний хажууд утас байхаар нь ярих гэж аваад кодыг нь гаргаж чадахгүй болохоор хүнээр гаргуулах гээд зам дээр зогсож байсан машины жолоочоос “Энэ утасны кодыг гаргаад өгөөч” гэж гуйхад “энэ утас но-той юм биш үү” гэхээр нь “үгүй, манай дүүгийн утас” гэхэд “та дүүгээ дагуулаад ир” гэхээр нь “за” гээд цааш эргэтэл машин шууд хөдлөөд явахаар нь машины дугаарыг нь цээжилж авсан. Тэгээд санаа зовоод гэртээ орж ирээд байж байтал, Амараа орж ирээд “та манайд орсон уу” гэхээр нь “тийм ээ, эгч нь ороод утас байхаар нь авч гараад ийм юм болчихлоо” гэж үнэнээ хэлэхэд Амараа цагдаа дуудсан. Намайг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл, би Амараагийнд орохдоо утас хулгайлъя гэж санаж ороогүй, гэрийнх нь хаалга онгорхой, дотор нь хүн байсан учраас орсон. Харин утсыг нь зөвшөөрөлгүй авч гарсандаа буруутай. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж, гэмшиж байна. Би одоо 46 настай, биеийн байдал муу, 5 хавирга хугархай, зүүн хөлийн тавхай 21 хадаастай, зүүн гарын шуу хугархай, бөөрний даралттай. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.О- нь тухайн өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогчийн гар утсыг хулгайлсан. Гар утас унтаж байсан хүүхдийн толгой дээр нь буюу дэрэн дээр байсан. Үнэхээр нь Ж.О- утсаар ярих шаардлагатай, утасны кодыг гаргаж мэдэхгүй байсан бол хүүхдийг сэрээгээд кодыг нь гаргуулаад ярих боломжтой байсан. Утасны кодыг эзэмшигч, өмчлөгч нь мэдэхээс биш гудамжинд явж байсан таксины жолооч мэдэх боломжгүй. Гэрчийн мэдүүлэгт “замаар явж байсан автомашинуудыг зогсоож гар утас үзүүлж байсан. Сүүлд нь над дээр ирж үзүүлэхээр нь “энэ ямар учиртай утас вэ гэж асуухад цаашаа явсан” гэдэг. Хаалга нь онгорхой байсан ч Ж.О- тухайн айлд орох эрхтэй хүн биш бөгөөд тэрээр гэрт нь орж унтаж байсан хүнд мэдэгдэлгүйгээр гар утсыг нь аваад гарч байгаа үйлдэл нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

             Шүүгдэгч Ж.О- нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1194в тоотод оршин суух иргэн Э.А-ы хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, 547.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 7”  загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.А-ы “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчим би Баянхошуу явж, ажилчдаа тосож аваад гэртээ ирсэн чинь охин маань “гар утас алга болсон байна, та залгаач” гэхээр нь залгасан чинь холбогдохгүй байсан. ...Манай ажлын Ганаа гэх залуу “танай гадаа чинь нэг хүүхэн Амараа гэж орилж байгаад гэрт чинь ороод гарсан” гэж хэлсэн. Тэгээд би манай тэр хавиар архи уугаад байдаг Оюун-Эрдэнийн гэрт нь ороход согтуу хэвтэж байсан. “Та манай гэрт орсон юм биш үү” гэсэн чинь “харин тиймээ, би танайхаас гар утас авсан, зарах гээд зогсож байсан чинь надаас хүн аваад зугтаачихсан” гэж хэлсэн ...” /хх 13/,

гэрч Г.Гансүхийн “...Өглөө 06-07 цагийн орчим сэрээд хашаан дотор явж байхад манай ажлын газрын дарга А-ы гэрийн хашааны гадна хар өнгийн нүдний шил зүүсэн, бор цайвар өнгийн хүрэм өмссөн, бараан өнгийн царайтай эмэгтэй гэрийнх нь гадаа “Амараа, Амараа” гэж орилж байгаад тэдний гэр лүү ороод 2-3 минут болсны дараа гэрээс гарч явсан. ...” /хх 20/,

гэрч Д.Дамдиндоржийн “...Би өглөө 07 цагийн орчим өөрийн 32-64 УБР улсын дугаартай, саарал өнгийн “Honda insight” загварын автомашинтай найзыгаа хүргэж өгөх гээд Хайлаастаас Баянхошуу руу явах чиглэлд зам дээр зогсож байхад төв замын урд талд нэг эмэгтэй хүн машинууд зогсоогоод юм үзүүлээд байх шиг байсан. Харин би замынхаа хойд талд зогсож байсан. Уг эмэгтэй над дээр ирж уулзаад “эгч нь шартаж үхлээ, охиныхоо утсыг 5000-10.000 төгрөгөөр зарчихмаар байна” гэж хэлээд халааснаасаа “Iphone 7” загварын цайвар өнгийн гар утас гаргаж ирээд надад үзүүлсэн. ...Би юун утас юм бэ, ямар учиртай юм бэ гэхэд манай утас гээд байсан. ...Тухайн үед би 102 дугаарын утас руу залгаж үзэхэд эгч нь охиныхоо утсыг аваад явж байгаа юм, битгий цагдаа руу залгаач гэж гуйсан. ...Тэгээд манайх энд ойрхон, би явчихаад ирье гэж хэлээд утсаа надад үлдээчихээд яваад өгсөн. ...” /хх 22-23/,

Ж.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчим утсаар ярих гээд Амараагийн гэрийн гадаа очиж Амарааг дуудаад, гарч ирэхгүй болохоор нь хаалгыг нь татахад онгорхой байсан. Гэрт нь ороход буйдан дээр хүн унтаж байсан. Мөн буйдан дээр гар утас байсан, утсыг аваад ярих гэхэд кодтой байсан. Кодыг нь тайлж чадахгүй байсан учраас хүнээр онгойлгуулах гээд аваад гарсан. ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 25-26/, алдагдсан эд хөрөнгийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ж.О- нь “хохирогч Э.А-ы гэрийн хаалга онгорхой байсан тул орон байранд хууль бусаар нэвтрээгүй” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч тэрээр бусдын гэрийн хаалга нь онгорхой байсан хэдий ч дураараа орох эрхгүй бөгөөд тухайн орон зайд хадгалагдаж байсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.О- нь Э.А-ы гэрийн гадаа очоод түүнийг нэрээр нь дуудсан, улмаар гэрийн хаалгаар нь шагайн хүнгүй байгааг мэдмэгцээ дотогш нэвтэрч эд зүйл авсныг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.Оюун-Эрдэнийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.О гэрт орж, улмаар 547.000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ж.О- нь анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн үйл баримт, хохирол, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүх энэ нөхцөлүүдийг үндэслэл болгон тухайн зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчээс тухайн үеийн нөхцөл байдлаа өөрчлөн давж заалдах гомдол гаргах эрхээ эдэлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оюун-Эрдэнийн “...орон байранд хууль бусаар нэвтрээгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/819 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН