Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 478

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: ТБ-ны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: З овогт Ц-ийн Н-д холбогдох,

       2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.803.012,48 төгрөг, зээлийн хүү 508.597,52 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 2.311.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Ц.Н, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ТБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Н, С.Гнар нь ТБ-аас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 162000133326 тоот зээлийн гэрээний дагуу 2.853.435 төгрөгийг 10 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Үндсэн зээлдэгч С.Г нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Улмаар Ц.Н нь уг зээлийг төлөх талаар өргөдөл гаргаж, зээлд 1.229.632 төгрөгийг төлсөн. Одоо хамтран зээлдэгч Ц.Н уг зээлийг төлөх чадваргүй болсон тул зээлийн гэрээний 2.1.4-р зүйлд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл, хүүний төлбөр болох 2.311.610 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсэний төлбөр 4,000 төгрөг, нийт 2.315.610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ТБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ц.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр С.Г нь 2005 онд элэгний хавдар гэж оношлогдон өрхийн болон хавдрын эмчийн хяналтад 10 жил болсон. 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах болсон тул нөхөр маань группээ сунгуулж 2.866.600 төгрөгийн группийн зээл авч, өөрөө гарын үсэг зурсан, би гарын үсэг зураагүй. Тухайн үед зээл авахдаа ганцаараа хамтран зээлдэгчгүйгээр авсан. 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод очиж хавдар судлалын төвд шинжилгээ өгөөд ямар ч найдваргүй гэсэн хариу сонссон. Ингээд 2015 оны 10 дугаар сард нөхрөөрөө итгэмжлэл хийлгээд түрүүчийн зээлийн үлдэгдэл дээр нэг сарын группийн мөнгө нэмж авахад л би гарын үсэг зурсан. Улмаар нөхөр маань зээл авсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Би боломжоороо нөхрийнхөө зээлийг төлж байсан. Нөхөр нас барсан тул зээлийг шүүх рүү шилжүүлж өгөх талаар банкинд удаа дараа хэлж байсан. Гэтэл банк шүүх рүү шилжүүлж өгөөгүйд гайхаж байна. Би 2007 онд бүдүүн шулуун гэдэсний далд хэлбэрийн идээт үрэвслээр 9 удаа хагалгаанд орсон бөгөөд одоо байнгын памперстай явдаг. Би одоо цалин, тэтгэврийн зээлтэй хэцүү байгаа тул 2015 оны 10 дугаар сард нэмж авсан 1 сарын тэтгэврийн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн зээлийг төлж чадахгүй. Учир нь 2015 оны 9 дүгээр сард авсан зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй тул тэр зээлийг банкны алдагдал гэж үзэж байна гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч ТБ нь хариуцагч Ц.Н-д холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.803.012,48 төгрөг, зээлийн хүү 508.597,52 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 2.311.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч нь Нөхөр С.Г 2015 оны 9 дүгээр сард 2.866.600 төгрөгийн тэтгэврийн зээл авч, гэрээнд өөрөө гарын үсэг зурсан, би гарын үсэг зураагүй. Дараа нь 2015 оны 10 дугаар сард нөхрөөрөө итгэмжлэл хийлгээд түрүүчийн зээлийн үлдэгдэл дээр нэг сарын тэтгэврийн зээл нэмж авахад л би гарын үсэг зурсан. Иймд сүүлд авсан 1 сарын тэтгэврийн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн зээлийг төлж чадахгүй гэж маргаж байна.

       2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 162000133326-20151003 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээгээр С.Г нь ТБ-наас 2.866.600 төгрөгийг нэг жилийн 18 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдсэн. Гэрээнд зээлдэгч гэсэн хэсэгт С.Г гарын үсэг зуржээ.

       Мөн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 162000133326-20151103 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 2.585.234,61 төгрөг дээр 268.200 төгрөг нэмж нийт 2.853.435 төгрөгийг нэг жилийн 18 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдсэн. Гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт зээлдэгчийг төлөөлж нөхөр С.Г-аас олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Н, хамтран зээлдэгч гэсэн хэсэгт Ц.Н гарын үсэг зурснаар хариуцагч Ц.Н нь энэхүү зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна.

       Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

         Улмаар зээлдэгч С.Г нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна.

     Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч нь тэтгэврийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлд 1.229.632 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл 1.803.012,48 төгрөг, хүү 508.597,52 төгрөг, нийт 2.311.610 төгрөг төлөөгүй байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй, харин хариуцагч нь Нөхөр С.Г-ын 2015 оны 9 дүгээр сард авсан 2.866.600 төгрөгийн тэтгэврийн зээлд гарын үсэг зураагүй тул хариуцахгүй. Харин 2015 оны 10 дугаар сард нэмж авсан 1 сарын тэтгэврийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул 1 сарын тэтгэврийн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн зээлийг төлж чадахгүй гэж маргасан.

         Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 2015 оны тэтгэврийн зээлийн гэрээний 2.3.1-т Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ гэж тус тус заасан байх тул 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 162000133326-20151103 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 2.585.234,61 төгрөг дээр 268.200 төгрөг нэмж нийт 2.853.435 төгрөгийг нэг жилийн 18 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдсэн гэрээнд хамтран зээлдэгч гэсэн хэсэгт Ц.Н гарын үсэг зурснаар хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлэх үүрэгтэй байна.

       Өөрөөр хэлбэл, үлдэгдэл зээл дээр нэмж олгосон зээлийг нэгтгэн үндсэн зээл гэж тодорхойлон авсан зээлийн гэрээ нь хууль зөрчөөгүй байх бөгөөд уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгч Ц.Н зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба зээлдэгч С.Г нас барсан тул зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Ц.Н хариуцах үндэслэлтэй.

       Хариуцагчийн төлбөрийн чадвар муудсан нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч Ц.Н-ийн Би 2007 онд бүдүүн шулуун гэдэсний далд хэлбэрийн идээт үрэвслээр 9 удаа хагалгаанд орсон, мөн би цалин, тэтгэврийн зээлтэй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

        Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч ТБ-ны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

       Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ТБ нь шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой тул нэхэмжлэгч ТБ-ны нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал 4000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Н-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.803.012,48 төгрөг, зээлийн хүү 508.597,52 төгрөг, нийт 2.311.610 төгрөг гаргуулж ТБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай, нотариатын зардал 4000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-аас нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээ буюу 2.311.610 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51.934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ-д олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Н-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.803.012,48 /нэг сая найман зуун гурван мянга арван хоёр төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, зээлийн хүү 508.597,52 /таван зуун найман мянга таван зуун ерэн долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг, нийт 2.311.610 /хоёр сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулж ТБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай, нотариатын зардал 4000 /дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.000 /тавин хоёр мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-аас 51.934 /тавин нэгэн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБ-д олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ