Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 101/2014/00093/И |
Дугаар | 2017 |
Огноо | 2019-09-11 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БАГСИТХТД , БАГСЗД нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 3/2 хаягт оршин байгаа, Ж Э Ю Г ХХК /РД:2675471/-д холбогдох,
Нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3,965,000,000 төгрөгийг гаргуулан Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, Ц.Туяацэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Н.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар, иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Гурван Булаг сумын ихрийн аманд Ж Э Ю Г ХХК нь 2006 оноос 2012 оны хооронд олборлолтын үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас байгаль орчинд хохирол учирсан бөгөөд 2011 онд Кондиц ХХК нь тус хохиролд дүгнэлт гаргасан. Хариуцагч Ж Э Ю Г ХХК-ийн учруулсан хохиролд газрын нөөцөд 30,000,000 төгрөг, газрын хэвлийд 259,200,000 төгрөг, экологийн орчинд 419,000,000 төгрөг, усны экологид 3,225,700,000 төгрөг, ургамлын нөөцийн экологид 28,400,000 төгрөг, агаарын орчин, амьтны аймагт 2,700,000 төгрөгийн, нийт 3,965,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг нь хариуцагч Ж Э Ю Г ХХК-иас гаргуулж орон нутгийн санд төвлөрүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талын учруулсан хохирол нь гэм хорын хохирол бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан бодит хохирлыг шийдвэрлэхдээ 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасан газрын нөөцөд учруулсан хохирлыг 3 дахин, газрын хэвлийн хохирол 2 дахин, хөрсөнд учруулсан хохирол 3 дахин, усны нөөцөд учруулсан хохирол 2 дахин, ургамлын нөөцөд учруулсан хохирлыг 5 дахин тооцсон бодит зардлыг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өгч байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явагдсан тухай огт яриагүй. Зөвшөөрөлтэй тул ухах нь зөв, ухсаны дараа шороогоороо булж, техникийн нөхөн сэргээлт хийж, геологийн нөхөн сэргээлт хийх ёстой. Гэвч энэ компани 10 жил ийм юм хийгээгүй. Хуульд доройтуулсан үйлдэл эс үйлдэхүйг гэм буруутайд тооцно гэж заасан. Худал тайлан гаргаж, худал юм бичдэг. Байгаль орчны тухай хууль нь зарим уурхайд мөрдөгдөөгүй тохиолдол байдаг. Гэхдээ хууль хүчин төгөлдөр болсноос хойш энэ нөхцөл байдал үүссэн. Татварын хураамж нь төрд орж байгаа хураамж юм. Хуульд заасан үүрэг, хариуцлагуудаа биелүүлэхгүй өдий хүртэл явчихаад манайх зөвшөөрөлтэй учраас ухах ёстой, байгаль орчин доройтсон, муудсан, мөс хайлах нь хамаагүй гэж ярьж байна. Хуульд заасан хийх ёстой зүйлсээ хийгээгүйгээс нь болж ийм зүйл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кондиц, Их Монгол байгууллага хоёрын шинжээчээр томилоход 3 хууль давхардаж орсон. Усанд 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж Кондиц дээрээ гарын үсэг зурсан боловч, Их Монгол байгууллагын шинжээч тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ нөхцөл байдал нь нөлөөнд орж гарын үсэг зурсан гэж үзэхээр байна. 251 тэрбум төгрөгийг нүүрсний замд учирсан хохирол гэж шүүхээр гаргуулж байсан. Үүнийг нь байгаль орчинд хохирол учирсан гэж шүүх дүгнэлт гаргаж байсан. Цэвдэгийн усыг дэлхий нийтээр ус гэж хүлээн зөвшөөрсөн. Цэвдэгийн ус нь хэзээ ч нөхөгдөшгүй баялаг. Тэгэхээр цэвдэгийг хайлуулж, ил гаргаж олборлолт хийж байна. Өөрсдийнх нь ярьж байгаагаар холоос зөөж ирээд цэвэрлэж угаана. Хариуцагч төлөвлөгөөгүй байж үйл ажиллагаа хийдэг. Төлөвлөгөөг батлуулах ёстой. Тэгэхээр хариуцагч тал хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь батлагдаж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирол гэдэг нь хэмжиж, тооцож болохуйц эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоо байх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч компани тухайн байгууллагад хуульд заасан журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулснаас болж хохирол учирсан буюу хэмжиж болохуйц хохирол учирсан байхыг шаардана. Энэ хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан байдлаар Ж Э Ю Г компани 2017 оны 01 сарын 23-ны өдөр 5341А гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авч үйл ажиллагаа явуулдаг. Тусгай зөвшөөрөл гэдэг нь хуулиар ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг хэлнэ. Хэрэгт ямар хууль зөрчсөн, ямар учраас үйл ажиллагаа явуулсан бэ гэдэг нь харагдахгүй байна. Иймд Ж Э Ю Г ХХК нь байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлгүй байна. Мөн Ж Э Ю Г ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлж авсан. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тусгай зөвшөөрөлтэй компани нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээх үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Кондиц компанийн дүгнэлт нь шүүхэд албан бичгээр ирсэн нь хэрэгт авагдсан байсан. Манай зүгээс Кондиц компанийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Комдиц компанийн дүгнэлтэд нөхөн сэргээгдэх талбай энэ хугацаанд Ж Э Ю Г ХХК нь тухайн уурхайтай нийлж зохих тусгай зөвшөөрлийг оруулан ашигт малтмалын тухай хуульд заасан уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг гарган ажиллаж нөхөн сэргээлгэх гэрээгээр орж ирсэн үйл баримтууд авагдсан байдаг. Эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын гаргаж байгаа шиг 2011 оноос өмнөх хохирол байх ёсгүй. Нэг газар үйл ажиллагаа явуулж байгаа учир 3.9 тэрбум төгрөгийн хохирол учирах үндэслэлгүй. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр харагддаг. Ийм учраас нэхэмжлэгч нарын хэлж байгаа Кондиц компанийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрт нөлөөлөх баримт биш юм.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялагийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон эсхүл байгаль орчны хэм хэмжээнд зөвшөөрөл бүхий хязгаараас хэтрүүлэн олборлосон үйл ажиллагааг хэлнэ. Хамгийн гол тавигдах шаардлага нь зөвшөөрөлгүй олборлосон байхыг хэлж байна. Иймд хариуцагчаар оролцож байгаа компани зохих ёсны зөвшөөрөл авсан энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсны төлөө тухайн байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэх үндэслэлээр мөнгө нэхэмжлэх юм бол Монгол Улсад уул уурхай байх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь ашигт малтмал ашиглана гэдэг нь газрын хөрсийг ухаж, ялгаж авах нь тодорхой байх бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байх нь хамаагүй газрын хөрсийг хөндсөн бол ямар нэгэн байдлаар газрын хөрсийг хэдэн метр куб шороо орсныг нь үнэлээд дүгнэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь байгалийн нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрөл ашигласны төлбөрийг төлөөд үйл ажиллагаагаа явуулж, олсон орлогоосоо улсын төсөвт холбогдох хураамжаа төлдөг. Харин ашигт малтмал олборлоод байгаль орчинд хохирол учруулсны төлөө мөнгө төлөх ёстой гэсэн ойлголт байхгүй ээ.
2011 оны Комдец компанийн гаргасан дүгнэлтээс хойш тус талбай нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийгдсэн. Иймд Кондец компанийн дүгнэлтийг барих боломжгүй буюу үндэслэлгүй юм. Нөхөн сэргээлт хийгдээгүй газрын зардлыг нэхэмжилсэн бол оновчтой байх байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирол биш, харин ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад үүсэж байгаа зүй ёсны газрын эвдрэл, өөрчлөлт юм. Иймд нэхэмжлэлийн үндэслэл буруу байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч БАГСИТХТД , БАГСЗД нар нь хариуцагч Ж Э Ю Г ХХК-д холбогдуулан байгаль орчинд учруулсан хохиролд 3,966,800,000 төгрөгийг Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарагжээ.
Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нутаг дэвсгэрт байрлах Өвөр Хөшөөтийн аманд Жи Эн Юу Голд ХХК нь байгаль орчинд учруулсан хохиролд 5,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 2006-2012 оны хооронд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нутаг дэвсгэрт байрлах Ихэрийн амны байгаль орчинд учруулсан хохирол 3,965,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж шаардсан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь нөхөн сэргээлт хийсэн, гэхдээ бид хууль зөрчөөгүй тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулаагүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д “... байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах...;”, 17.2.9-д “... учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх” гэж, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “...байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” тус тус зааснаар Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Ж Э Ю Г ХХК нь 2006 оноос 2012 оны хооронд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд 5341А ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр шороон ордны алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний нөхөн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн үйл баримтад талууд маргаагүй.
Харин, нэхэмжлэгч БАГСИТХТД , БАГСЗД нар нь 2006 оноос 2012 оныг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хохирол учруулсан тул Кондиц ХХК-ийн үнэлгээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж, хариуцагч нь “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан ба зохих төлбөр хураамжийг цаг тухайд нь төлж байсан. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаагүй” гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Ж Э Ю Г ХХК нь 2006 оноос 2012 оныг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргасан ба техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал шаардаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлага нөхөн сэргээлтийн зардал гаргуулахтай холбоогүй тул Ж Э Ю Г ХХК-ийн нөхөн сэргээлтийн зардалд хэдэн төгрөг зарцуулсан, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хэдэн га газарт хийсэн талаар тодруулах, түүний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд хамааруулан тооцох шаардлагагүй гэж үзэв.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны захиалгаар Эх Монголын байгаль ХХК-ийн үнэлгээний дагуу Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлт явуулахад гарах зардал биологийн нөхөн сэргээлтийн зардал 19,400,000 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн зардалд 144,300,000 төгрөг, хяналтын мониторингийн зардалд 13,250,000 төгрөг, нийт 178,830,000 төгрөг зарцуулахаар үнэлгээ гарсан ба уг үнэлгээ нь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнээс тусдаа байна.
Хариуцагч Ж Э Ю Г ХХК нь 2006 оноос 2012 оныг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд 12,579,936,994 төгрөгийн үнэ бүхий нийт 393,336,07 гр алт олборлосон /хоёрдугаар хх-ийн 244 дэх тал/ ба нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.12, 27.1.13-д зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заажээ.
Хариуцагч Ж Э Ю Г ХХК нь байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хийсний улмаас Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн амны байгаль орчинд эдэлбэр газрын хохирол буюу малчин өрхийн газрын бэлчээрийн хомсдол үүссэн /2 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал/, хөрсний гадаргын төлөв байдалд өөрчлөлт орсон, Ихэрийн амны алтны шороон ордын ашиглалтын улмаас эвдрэлд өртсөн 27,83 га талбай, уурхайн үйл ажиллагааны улмаас агаар мандалд тоосжилт үүссэн, 1,58 га талбайд тунгаагуур нуур үүсгэн газрын доорхи усыг алт угаахад ашиглаж, улмаар тунгаагуур нуур үүсч, ууршилт явагдаж байгаа зэрэг байгаль орчинд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ж Э Ю Г ХХК-ийн Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хохирол учруулсан хохирлын үнэлгээг Кондиц ХХК болон Эх Монголын байгаль ХХК гаргасан ба шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 445 дугаар тогтоолоор шинжээчээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц.Мөнхцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн бус орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Тулга, тус яамны Усны нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өнөржаргал нарыг томилсон. Шинжээч нар нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд дүгнэлт гаргах боломжгүй гэж тайлбар хэлбэрээр ирүүлсэн.
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Ихэрийн аманд 2006 оноос 2012 оныг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг одоо тодорхойлох боломжгүй. Учир нь байгаль өөрийн зүй тогтлоор нөхөн сэргэгдэж байдаг, мөн цаг хугацааны хувьд 2006-2011 онд байгаль орчинд учирсан хохирлыг 2019 онд үнэлгээг тогтоох нь хэргийн бодит үйл баримтад нийцэхгүй юм.
Кондиц ХХК болон Эх Монголын байгаль ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан газар дээр нь очиж хохирлын үнэлгээг бодитой гаргасан байх тул уг дүгнэлтэд үндэслэн хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
БОАЖЯамнаас өгсөн даалгаврын дагуу ажиллаж, уг яамаар зохих шийдвэрийг гаргуулсан “Кондиц” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Ихрийн амны адагт учруулсан нийт хохирлын хэмжээг дараахи байдлаар тогтоосон байна.
Гэрч Н.Жадамба нь “Кондиц ХХК-ийн хувьд цэвдгийн усны хэмжигдэхүүн, итгэлцүүрийг өндөр авсан тул түүнээс болж их өндөр гарсан” гэж мэдүүлэх ба гэрч Н.Жадамба нь Эх Монголын байгаль ХХК-ийн дүгнэлт гаргахад биечлэн оролцож байсан, уг дүгнэлтийг гаргахдаа “...Дэлхийн байгаль хамгаалах сан, Нидерландийн вант улс, Байгаль орчны яамны хамтарсан төслийн хүрээнд боловсруулсан аргачлалын дагуу устай холбоотой экологи-эдийн засгийн үндэслэлийг гаргасан” гэх мэдүүлгээс дүгнэж, шүүх Ж Э Ю Г ХХК нь Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг Эх Монголын байгаль ХХК-ийн дүгнэлтээр бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны захиалгаар Эх Монголын байгаль ХХК-ийн гүйцэтгэсэн Ж Э Ю Г ХХК-ийн Ихэрийн амны 5314А тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон орд ашиглалтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо”-д дүгнэлтэд Ж Э Ю Г ХХК-ийн Ихэрийн амны 5314А тоот тусгай зөвшөөрөлөөр олгогдсон 77га талбайн хэмжээнд байгалийн нөөц баялгийг ашиглах боловсруулах явцад байгаль орчинд учруулсан хохирлыг байгалийг бүтээгдэхүүн /ус, хөрс, газар, газрын хэвлий, ургамал, агаар гэх мэт/ хэсэг тус бүрийн нийлбэр, хохирлоор тооцон гаргасан.” гэж дурьдаад хохиролыг дараах байдлаар тогтоожээ.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заажээ.
Иймд хариуцагч Ж Э Ю Г ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Ихэрийн аманд 2006 оноос 2012 оныг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ихэрийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нийт 180,240,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Ж Э Ю Г ХХК-иас 180,240,000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Хариуцагч нь Эх Монголын байгаль ХХК-ийн дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн сануулж, гарын үсэг зуруулаагүй тул нотлох баримт болохгүй гэж тайлбарлах атлаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд “...Бидний зүгээс шүүхээс томилсон шинжээчийн гаргасан дүгнэлтийн дагуу 180,000,000 төгрөгийг гаргаж өгье, өөрсдөө нөхөн сэргээлт хийчих гэсэн боловч Сумын удирдлагуудын зүгээс манай өмгөөлөгч нар шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн. Тийм ч учраас эвлэрэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн гэв” гэж тайлбарыг гаргасан ба уг тайлбараас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 344/С дугаартай тогтоолын дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-221 тоот тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийн дүнг зөвшөөрч маргаагүй гэж үзэхээр байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-221 тоот тушаалын 1 дэх заалтаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Ж Э Ю Г ХХК-ийн ...Ихэрийн амны 5341А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон орд ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож дүгнэлт гаргах ажлын хэсгийг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр, шинжээчдийн багийг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулсан ба уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хамруулсан байна.
Түүнчлэн, уг бүрэлдэхүүнд багтсан С.Түмэннаст, Н.Жадамба, Г.Даваа нар шүүхэд шинжээчийн хувиар болон гэрчээр мэдүүлэг өгч, шинжээчийн дүгнэлт, түүний шинжлэх ухааны үндэслэл, үнэлгээ гаргасан аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн тул уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн цаг хугацааны хувьд 2006-2012 оны хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Ж Э Ю Г ХХК-ийн Ихэрийн амны 5341А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон орд ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 344/С дугаартай тогтоолын дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-221 тоот тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Ж Э Ю Г ХХК-ийн Ихэрийн амны 5341А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон орд ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учруулсан эсэх болон, одоо байгаа байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийхийг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж шийдвэрлэсэн.
Үзлэг хийх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгч биечлэн оролцох боломжоор хангаагүй гэж тайлбарлах боловч 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Цолмонбаатарын 99992527 дугаартай утас руу холбогдож үзлэг хийх товыг мэдэгдсэн болох нь Баянхонгор аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 131/АБ2018/00046 тоот албан бичиг, шүүгчийн туслах Н.Дэчмаагийн утсаар ярьсан тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ж Э Ю Г ХХК-ийн геологи хариуцсан мэргэжилтэн Алтанхүүг байлцуулан, үзлэг хийх газрын хэмжээг тодорхойлуулсан үйл баримтад талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ж Э Ю Г ХХК-иас 180,240,000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.784.760.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан Өвөрхөшөөтийн амны 12806А тусгай зөвшөөрөлтэй 204.37 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзсан тул энэ шаардлагад холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 1,059,150 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР