Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2206

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Я.Ц холбогдох,

 

19,050,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл барагдуулах үүргийн гүйцэтгэлд 12,700,00 төгрөг, алданги 6,350,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан.

“Баясгалант өргөө” ХХК-ийн хөнгөн бетон блокны үйлдвэрт цахилгааны ажил хийж гэрээний дагуу тодорхой төлбөрийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлбөр барагдуулах хэлцэл гэж хийгээд нотариатаар баталгаажуулсан. Хэлцлээр Цэрэндэндэв нь ажил гүйцэтгэх ажлын хөлсний үлдэгдэл болох 12,700,000 төгрөгийг төлөөгүй байгааг баталгаажуулж, үүнийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө гэж хэлцэл байгуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,700,000 төгрөгийг төлсөн гэх баримтыг хэрэгт өгөөгүй. Өмнөх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Алтангэрэл гэх хүн баримт гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Гэтэл тус баримтыг одоо болтол гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь 12,700,000 төгрөгийг хүлээж аваагүй.

Талууд төлбөр барагдуулах хэлцэлд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл мөнгийг өгнө гэж заасан ч хариуцагч н.Цэрэндэндэв нь одоо болтол өгөөгүй. Мөн хариу тайлбартаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байсан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1, 132 дугаар зүйлийн 132.1-т заасны дагуу алданги тооцсон. Иймд хариуцагчаас 19,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Тус хэлцэлд ажил гүйцэтгэхээр 37,000,000 төгрөгийг төлөхөөр заасан. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 24,300,000 төгрөгийг төлсөн гэж заасан. Үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцсон.

Цэрэндэндэв нь үлдэгдэл мөнгө болох 12,700,000 төгрөгийг төлбөр барагдуулах хэлцэл байгуулснаас хойш 1 жилийн дотор төлсөн гэж хэлсэн. Төлбөрийг 3 хувааж төлсөн. Эхний 2 төлбөрийг тус бүрд нь 5,000,000 төгрөг төлсөн. Төлбөр өгөхдөө гарын үсэгтэй баримт бичиг авсан. Үлдэгдэл төлбөр болох 2,700,000 төгрөгт ямар нэгэн баримт бичиг аваагүй гэж хэлсэн. 12,700,000 төгрөгийг Нямжавыг ажил дээрээ дуудан бэлнээр төлсөн гэж хэлсэн. Иймд төлбөрийг төлж дуусгасан учраас баримт шаардлагагүй гэж үзээд баримт бичгийг үрэгдүүлсэн гэсэн.

Нотлох баримт байхгүй учраас манай талаас төлбөр төлөх ёстой гэж харагдаж байгаа хэдий ч Нямжавыг нэхэмжлэл гаргахыг мэдсэн бол Цэрэндэндэв нь тус баримтыг хадгалдаг байж гэж хэлсэн.

Баримт бичиг байхгүй ч гэсэн нэхэмжлэгч Нямжав нь 12,700,000 төгрөгийг хүлээн авсан.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ж.Н  нь хариуцагч Я.Ц т холбогдуулан төлбөрт 12,700,000 /арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, алдангид 6,350,000 /зургаан сая гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 19,050,000 /арван есөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Я.Ц  нь 12,700,000 төгрөгийг 3 хувааж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Н  нь Баясгалант Өргөө Констракшн ХХК-ийн хөнгөн бетон, блокны үйлдвэрт цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг 37,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Я.Ц , нэхэмжлэгч Ж.Н  нар нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, уг хэлцлийн дагуу Баясгалант Өргөө Констракшн ХХК-ийн хөнгөн бетон, блокны үйлдвэрт цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтыг нийт 37,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд үүнээс 2015.09.07-ны өдөр 24,300,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2016.12.31-ний дотор багтаан төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заажээ.

 

Ж.Н  нь Баясгалант Өргөө Констракшн ХХК-ийн нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээний хөлс буюу төлөгдөөгүй өрийг төлөх үүргийг хариуцагч Я.Ц  нь төлөхөөр шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч Ж.Н  нь хариуцагч Я.Ц ээс шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...12,700,000 төгрөгийг 3 хувааж төлсөн, эхлээд 5,000,000 төгрөгөөр 2 удаа, 2,700,000 төгрөгөөр нэг удаа тус тус төлсөн. 10,000,000 төгрөг өгөхдөө баримт үйлдэж авсан боловч одоо уг баримт байхгүй. Нэхэмжлэгчийн ингэж нэхэмжлэл гаргана гэж бодоогүй” гэж тайлбарлах боловч уг үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

 

            Түүнчлэн, нотолгооны хуваарилалтын хувьд хариуцагч нь төлбөр төлсөн байдлыг баримтаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа байсан, мөнгө шилжүүлэн өгөхдөө баримт үйлдсэн гэж тайлбарлах атлаа уг баримтыг үрэгдүүлсэн гэж байгаа нь үндэслэл муутай байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж, талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах хэлцэлд “Хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 12,700,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэх эрхтэй.” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь 12,700,000 төгрөгийн 50 хувиар тооцож 6,350,000 төгрөг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Хариуцагч нь “...хариуцагч төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа. Алдангийн хэмжээ хэт их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгаж өгнө үү” гэж, нэхэмжлэгч нь “алдангийн хэмжээг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд багасгахад татгалзах зүйл байхгүй” гэж тус тус тайлбарлаж, мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг эрхээ хэрэгжүүлээгүй алдангийн хэмжээг ихэсгэсэн байх тул алдангийн хэмжээг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Я.Ц ээс нийт 12,700,000 төгрөг, алданги 3,175,000 төгрөг, нийт 15,875,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,175,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Ц ээс нийт 15,875,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,175,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Н  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Я.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид 237,325 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР