Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1267

 

 

 

 

 

 

  2019             12            19                                       2019/ДШМ/1267                      

 

 

Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн өмгөөлөгч Н.Баярхүү,

шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Ц.Батхүү,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Зын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, түүний өмгөөлөгч Т.Урангэрэлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Дн А, 1975 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Т овгийн Тын Г, 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

3. Х овгийн Дын З, 1985 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Баянгол дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.А нь “...” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “...” ХХК-иас Т.Гтай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 189.729.900 төгрөгийг авч, Д.Зтай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад нийт 343.327.397 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Т.Г нь “...” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Атэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “...” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Д.З нь “...” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Атэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “...” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.А, Т.Г, Д.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.З, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овогт Дгийн Аийг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Тын Г, Х овогт Дын З нарыг бусадтай бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгин 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Аийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Г, Д.З нарыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Т.Г, Д.З нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.А, Т.Г, Д.З нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Аээс 171.663.699 төгрөгийг, шүүгдэгч Т.Гас 94.864.800 төгрөгийг, шүүгдэгч Д.Заас 76.798.899 төгрөгийг тус тус гаргуулан “...” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “...” ХХК-иас ирүүлсэн 771 хуудас 84 удаагийн зам тээврийн осол болсон гэх анхан шатны баримтыг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А, Т.Г, Д.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хоригдох хугацаандаа ухамсарлан ойлгож байна. Мөн хохирлоо төлж байгаа ба цаашид тогтмол графикийн дагуу хохирлоо төлж, тус байгууллагыг хохиролгүй болгож дуусгах болно. Иймд миний хувийн байдал, хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Заас 76.798.899 төгрөг гаргуулж гэсэн бөгөөд өмнө нь төлсөн 5.598.900 төгрөгийг хасаж бичээгүй байгааг залруулж өгнө үү. Одоо миний хохирлын дүн 71.199.999 төгрөг байгаа болно. ...” гэв.

Шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Зыг ...бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар хууль бусаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ... гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дурдсан атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад Д.Зыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэсэн байна.

Анхан шатны шүүхээс Д.Зт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, өөр төрлийн ял оногдуулах асуудлыг судлан үзэхэд шүүгдэгчийн хувьд төлбөр төлөх боломж хязгаарлагдмал, орлогын тодорхой эх үүсвэргүй байх тул түүнийг учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэсэн. Шүүгдэгч Д.З нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа, үлдсэн төлбөрийг хэрэгт авагдсан графикийн дагуу 2 жилийн дотор сар бүр хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэснийг харгалзан өмгөөлөгч би түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон тэнсэж өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.З нь гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, учруулсан хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд өөрийн гаргасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлж байсан. Үлдэгдлийг нь 2 жилийн дотор хөдөлмөр эрхэлж, нийгэм хамт олон дотроо, өөрийн эдийн засгийн бодит боломжоор төлж дуусгахаа илэрхийлсэн. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг нийгмээс заавал тусгаарлах шаардлагагүй, манайх бизнесийн байгууллага тул хохирол төлүүлэх нь чухал тул энэ тал дээр л анхаараач гэсэн тайлбар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн зүйл, заалтыг хэрэглээд тэнсэх боломжтой юм. Иймд шүүгдэгч Д.Зт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Ц.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Аийн хувьд гэм буруу дээр маргаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Тийм учраас тайлбар байхгүй. Хохирлыг нөхөн төлнө. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Баярхүү “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар хууль бусаар даатгалын нөхөн төлбөрийг авах гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, шүүхийн шатанд маргадаггүй.  Мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээсэн. Мөн хохирол төлбөр төлөхөө илэрхийлдэг. Анхан шатны шүүх яагаад хорих ялаар шийтгэсэн талаар шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийсэн байгаа. Хохирлоо нөхөн төлөх бодит боломж байхгүй байна гэж дүгнэсэн. Графикийн дагуу төлөлт хийж байгаа. Гэхдээ сарын төлөлт нь их байсан. Энэ үндэслэлээр шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Энэ тогтоолын үндэслэх хэсэгт техникийн шинжтэй алдаа гарсан ч тогтоох хэсэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих гэж байгаа нь үндэслэлтэй байна. Яагаад үүнийг анх залилангаар татаж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлд зааснаар татах болсон бэ гэхээр эхлээд залилах гэмт хэрэг байна гэж үзэж байгаад, сүүлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна гэж үзсэн. Д.Аийн хувьд яагаад  завших гэмт хэрэг биш байна гэж үзээд байна вэ гэхээр албан тушаалын байдлаа ашиглаж энэ гэмт хэрэгт оролцсон. Албан тушаалын байдлаа ашиглаж гэж үзсэн учир завших гэмт хэргийн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Нөхөн төлбөр гаргуулах эрхтэй хүн бол үүнийг олгоё гэсэн эрхтэй боловч яг дансыг хариуцаж байгаа хүн Д.А биш  юм. Тэгэхээр албан тушаалын байдлаа ашиглан бүлэглэж оролцсон байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Заас хохирлыг гаргуулахдаа буруу тооцоо гаргасан байсан. Түүнд өөрчлөлт оруулаад бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн талаар тодорхой шаардлагуудыг хуульчилж, мөн хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, тогтоох хэсэгт тусгавал зохих байдлуудыг нарийвчлан зохицуулжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “...Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял, Д.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж...шийдвэрлэв.” гэж дүгнэсэн атлаа тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад “...Т.Гантулгыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, ...Д.Зыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөр өөр байдлаар дүгнэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх оногдуулсан эрүүгийн хариуцлагад үндэслэлтэй дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.

2. Анхан шатны шүүх Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ, шүүгдэгч Д.З, Т.Г нарт прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тодорхой заажээ.

Үүнээс үзэхэд, “...” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө завших байдлаар хууль бусаар бүлэглэж авсан шүүгдэгч Д.З, Т.Г нарын үйлдэл нь уг компанийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Аийн албан тушаалын байдлаа ашигласан үйлдэлтэй зайлшгүй шалтгаант холбоотой бөгөөд тэрээр уг албан тушаалд ажиллаж байгаагүй бол энэ гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл боломжгүй байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Д.З, Т.Г нар нь “...” ХХК-д албан тушаал, ажил гүйцэтгэж байгаагүй,...албан тушаалын байдалтай ямар ч холбоогүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж нэрлэн зааж, улмаар хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд шүүхийн шийдвэрийн “удиртгал хэсэг”, “тодорхойлох хэсэг”, “тогтоох хэсэг”-т тусгавал зохих шаардлагын талаар нарийвчлан зохицуулжээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бичилт нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, тогтоолын “Удиртгал” хэсэгт шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг жагсаан бичсэн, харин “Тодорхойлох” хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар дүгнэлтийг бүрэн хийхгүйгээр зөвхөн дурдах байдлаар жагсаан бичсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...Хохирлын тооцоог зөвтгөж өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудын үндэслэлд энэ удаа тодорхой дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.А, Д.З, Т.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ