Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00042

 

                                                         Улаанбаатар хотын банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 944 дүгээр магадлалтай,

Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Цээпилд холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 4,113,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Ш.Цээпилд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,113,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол үндсэн зээл 391,970 төгрөг, зээлийн хүү 3,073,010 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 648,541 төгрөг, нийт 4,113,521 төгрөг гаргуулах тухай Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,766 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 944 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Цээпилд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,113,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж 2020.04.27-ны өдөр 944 тоот магадлал гарсан. Магадлалд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд дараах үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна хөөн хэлэлцэх хугацаа 2004.06.09-ний өдөр дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардсаныг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан зээлийн карт буюу эргэн төлөлтийн хуулгаас харахад хариуцагч нь 2005.04.11-ний өдөр 20,000 төгрөгийг зээлийн дансанд тушаасан байх нь Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.1-д ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж энэ өдрөөс эхлэн дахин хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэхээр байна. Мөн хариуцагч Ш.Цээпил нь зээлийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа хаягаа өөрчилсөн байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу 2007.07.24-ний өдөр 666 дугаартай шийдвэр гарч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж 2020.01.15-ны өдөр оршин суугаа хаягийг нь олж тогтоосны дагуу тус шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.2-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг нь олж тогтоох хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн шинжлэн судлалгүй, хуулийг буруу хэрэглэн хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 944 тоот магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаар шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь хариуцагч Ш.Цээпилд холбогдуулан 2003.12.09-ний өдөр байгуулагдсан 12/34003 тоот зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, бизнес, худалдаа хийх зориулалтаар авсан зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж, оршин суугаа газраа өөрчилсөн байсан тул 2007.06.24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар хандсан, 2007.07.24-ний өдөр №666 тоот шийдвэр гарсан, тиймээс үүрэгт үндсэн зээл 391,970 төгрөг, зээлийн хүү 3,073,010 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 648,541 төгрөг, нийт 4,113,521 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

6. Хариуцагч нь зээлийг төлж дуусгасан, оргон зугтсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2004.06.09-ний өдөр дууссан, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг шаардсан, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2020.01.15-ны өдрийн 25м/2г-199 тоот албан бичгийн хуулбар хувь тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

8. Давж заалдах шатны шүүх ...2007.07.24-ний өдөр эрэн сурвалжлах 666 дугаар шийдвэр гарч байснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тасалдсан, мөн зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар тасалдсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаанд шүүхэд хандаж байсан болон бусад байдлаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал бий болсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж дүгнэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... эргэн төлөлтийн хуулгаас харахад хариуцагч нь 2005.04.11-ний өдөр 20,000 төгрөгийг зээлийн дансанд тушаасан байх нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдож эхлэхээр байна. ...хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу 2007.07.24-ний өдөр 666 дугаартай шийдвэр гарч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж, 2020.01.15-ны өдөр оршин суугаа хаягийг нь олж тогтоосны дагуу тус шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна. Гэтэл шүүх нотлох баримтыг бүрэн шинжлэн судлалгүй, хуулийг буруу хэрэглэн хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Гомдолд ...2005.04.11-ний өдөр 20,000 төгрөгийг зээлийн дансанд тушаасан байх нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдоно гэсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн ... Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж, 2020.01.15-ны өдөр оршин суугаа хаягийг нь олж тогтоосны дагуу тус шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн хэдий ч энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй гэснийг буруутгах боломжгүй байна.

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн гэрээний маргааны үйл баримтад Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 944 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 80,766.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД