Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 182ШШ2020/00446

 

 

 

 

 

 

 

 

                     2020        03          02  

                  182/ШШ2020/00446

    

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: УББ ХХК-ийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: Ш.Ц-д холбогдох

 

4.113.521 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Зээлдэгч Ш.Ц нь УББтай 2003 оны 12 дугаар сарын 09-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, бизнес, худалдаа хийх зорилгоор 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн гэрээгээр ... улсын дугаартай, 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй ..... маркийн авто машин, .... улсын дугаартай, 680.000 төгрөгийн үнэлгээтэй .... маркийн авто машиныг барьцаалсан. Зээлдэгч Ш.Ц нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа газраа өөрчилсөн байсан тул 2007 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар хандаж 2007 оны 07 сарын 24-ний өдөр эрэн сурвалжлах тоот шийдвэр гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч эрэн сурвалжлах ажиллагааг явуулж 2020 оны 01 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг, ... хороо, ..... гудамж, .... тоот хаягт амьдарч байгааг тогтоосон.

Зээлдэгч нь Зээлийн гэрээнд заасны дагуу авсан зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн дагуу төлөх үүрэгтэй хэдий ч 2004 оны 05-р сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн хувиарт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 01-р сарын 13-ны өдрийн байдлаар зээл нь 5709 хоног хэтэрсэн, нийт 4.113.521 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24.3 “Зээлийг заасан хугацаанд төлөхгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ш.Цээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 391.970 төгрөг, зээлийн хүү 3.073.010 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 648.541 төгрөг, нийт 4.113.521 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

УББнаас 2003 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлэн авсан нь үнэн. Гэхдээ дээрх төлбөрийг төлж барагдуулсан. Мөн оргон зайлж зугтсан зүйл огт байхгүй, утасны дугаар хүртэл хэвээрээ байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УББ нь хариуцагч Ш.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 391.970 төгрөг, зээлийн хүү 3.073.010 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 648.541 төгрөг, нийт 4.113.521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 4.113.521 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ш.Ц нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа газраа өөрчилсөн байсан тул 2007 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар хандаж 2007 оны 07 сарын 24-ны өдөр эрэн сурвалжлах тоот шийдвэр гаргасан. Тиймээс 4.113.521 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж,

Хариуцагч нь зээлийг төлж дуусгасан, оргон зугтсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэв.

    

Хариуцагч Ш.Ц нь нэхэмжлэгч УББтай 2003 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 12/34003 тоот зээлийн гэрээ байгуулж, 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2.000.000 төгрөгийг, бизнес, худалдаа хийх зориулалтаар УББнаас зээлдэн авсан байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан…үеэс үүснэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б болон хариуцагчийн тайлбараар  хариуцагч нь 2003 оны 12 дугаар сарын 09-нд 2.000.000 төгрөгийг авсан гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2004 оны 06 дугаар сарын 09-ны өдөр дуусахаар байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг шаардсан, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Ш.Цийг эрэн сурвалжилж олж тогтоосон. 2007 оны 06 дугаар сарын 24-ны өдөр шүүхэд хандаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  дугаартай шийдвэр гаргасан гэж тайлбарласан.

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тоот албан бичгийн хуулбар хувь хэрэгт авагдсан тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч УББны нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Цд холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол үндсэн зээл 391.970 төгрөг, зээлийн хүү 3.073.010 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 648.541 төгрөг, нийт 4.113.521 төгрөг гаргуулах тухай УББны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч УББны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.766 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

                              

 

                              

                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН