Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02020

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 25 өдөр

      Дугаар 183/ШШ2019/02020

                         Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: И ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: С ХХК -д холбогдох

 

            Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 121 500 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

Гэрээнээс татгалзаж, худалдан авсан барааны үнэнд төлсөн төлбөр болон алдангийн 12 162 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагчийн төлөөлөгч Ц.Батзаяа, гэрч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

            Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ууганбаяр, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК нь манай компанитай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулан нийт 12 162 000 төгрөгийн хамгаалалтын тусгай хэрэгсэл худалдан авсан. Урьдчилгаа төлбөрт 50 хувь болох 6 081 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн ба бид 2018 оны 7 сарын 9-ний өдөр хамгаалалтын тусгай хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч тал үлдэгдэл төлбөр болох 6 081 000 төгрөгийг өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Манайхаас мөнгөө төлөхийг хүссэн албан бичгийг удаа дараа явуулсан боловч хариу ирүүлээгүй байна. Иймд С ХХК-иас үлдэгдэл төлбөр болох 6 081 000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож 3 040 500 төгрөг, нийт 9 121 500 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гаргуулж өгнө үү. Хариуцагч тал гэрээнд заасан акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай тал хариуцагч компанийн Зайсан хилл цогцолборт байрладаг Еон диско клубийн байранд аваачиж хүлээлгэж өгсөн. Мөн гэрчүүд энэ талаар мэдүүлж байгаа нь эд хөрөнгийг хүлээн авсан гэдгийг нотолж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.    

       

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С ХХК, И ХХК нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, гэрээнд заасан үүргийнхээ дагуу гэрээний нийт үнэ 12 162 000 төгрөгийн 50 хувь болох 6 081 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр И ХХК-ийн Капитал  банкин дахь данс руу шилжүүлсэн. Гэтэл  И ХХК нь гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний хавсралтад заасан тусгай хэрэгслийг захиалагчид актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй хохироож байна. Өөрөөр хэлбэл гэрээний 1.1-д заасан “актаар хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлэх, хүргэлт үйлчилгээг гүйцэтгэх” гэсэн үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын байгуулсан гэрээний дагуу манай компани гэрээний үүрэгт үнийн дүнгийн 50 хувь болох 6 081 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл И ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд тусгай хэрэгслийг актаар хүлээлгэж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн. Иймд бид гэрээнээсээ татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6 081 000 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргээс алданги тооцсон дүн 6 081 000 төгрөг, нийт 12 162 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.  

 

Нэхэмжлэгч И ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компани нь манай компаниас гэрээнд заасан бүх нэр төрлийн тусгай хэрэгслийг бүгдийг нь хүлээн авсан. Энэ тухай баримт үйлдсэн байгаа. Хэрвээ гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн авсан зүйлсээ буцаах зарчим үйлчилдэг. Манайхаас авсан эд хөрөнгийг хэрхэх талаараа яагаад ярихгүй байгааг гайхаж байна. Уг эд зүйлсийг ашиглаж байсан гэдэг нь гэрч Б.Ариунболдын мэдүүлэгт яригдсан. Иймд манай тал гэрээний үүргээ биелүүлж, эд зүйлсийг зохих газарт нь өөрсдийнх нь заасан хүмүүст хүлээлгэж өгсөн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан  гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 081 000 төгрөг, алданги 3 040 500 төгрөг, нийт 9 121 500 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6 081 000 төгрөгийг, алдангийн 6 081 000 төгрөг, нийт 12 162 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

 

            Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2018/06 дугаар “Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч И ХХК нь 12 162 000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг урьдчилгаа төлбөр болох 6 081 000 төгрөг шилжсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор актаар бүрэн хүлээлгэж өгөх, худалдан авагч С ХХК нь гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногт багтаан урьдчилгаа төлбөр 6 081 000 төгрөгийг төлөх, бүтээгдэхүүн 100 хувь хүлээлгэн өгсний дараагаар акт үйлдэж, нэхэмжлэх ирүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан үлдэгдэл төлбөр 6 081 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ./хх-ийн 10-11/

Дээрх гэрээний дагуу худалдан авагч С ХХК нь 2018 оны 6 сарын 21-ний өдөр  урьдчилгаа төлбөр болох 6 081 000 төгрөгийг худалдагч И ХХК-ийн Капитал банкин дахь 2012013407 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна./хх-ийн 33/

 

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2018 оны 7 сарын 09-ний өдөр  тусгай хэрэгсэл хүлээлцэх акт үйлдэж нийт 11 төрлийн тусгай хэрэгслийг хүлээлгэж өгсөн, гэрээний үүргээ биелүүлсэн тул дутуу төлсөн төлбөрийг, алдангийн хамт гаргуулна” гэж тайлбарлаж, хавтаст хэргийн 12,13 дугаар талд тусгай хэрэгсэл хүлээлцэх актыг нотлох баримтаар ирүүлж, гэрчүүдээс мэдүүлэг авахуулсан байх ба хариуцагч тал актаар хүлээлгэж өгөөгүй, уг эд зүйлсийг С ХХК хүлээж аваагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна. 

Хариуцагч С ХХК нь Зайсан хилл цогцолборын Еон клубыг ажиллуулдаг, түүнчлэн уг клубын хамгаалалтанд дээрх хамгаалах хэрэгслийг худалдан авахаар гэрээ байгуулсан асуудлаар, түүнчлэн уг клубын хамгаалалтыг СХХК хариуцан ажиллуулж байсан зэрэг асуудлаар хариуцагч маргаагүй байна.

Харин дээрх хамгаалах хэрэгслийг С ХХК нь актаар хүлээж аваагүй, гэж тайлбар гаргасан нь гэрч У.Дөлгөөний “...СХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд тусгай хэрэгсэл ирдэг өдөр С ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбилэг тусгай хэрэгсэл ирсэн талаар утсаар мэдэгдэж, манайх агуулах сав байхгүй тул та нар хүлээж аваад, өөрсдөө хадгал гэсэн. Би ээлжийн ахлах Б.Чулуунбаатарт ирсэн бараа материалыг тоолж хүлээж ав гэж үүрэг өгсөн. Зайсан хиллын опператорын өрөөнд тоо ёсоороо байсныг ажлаа өгөхдөө ээлжийн ахлах Б.Ариунболод үлдээсэн.” Гэсэн мэдүүлэг, гэрч Б.Чулуунбаатарын “2018.7.09-ний өдөр хамгаалалтын албаны дарга У.Дөлгөөн надруу яриад тусгай хэрэгслийг хүлээж авсан гэсэн. Жижиг тусгай хэрэгслийг хүлээж аваад акт үйлдээд нэг хувийг нь Снэг хувийг нь И ХХК авсан. Тусгай хэрэгслийг Еон клубд СХХК-ийн хамгаалагч нар ашиглаж байсан. Гар станц, энгэрийн камер, гав, хантааз, чихэвч, бээлий байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Даваасүрэнгийн “2018.07.09-ний өдөр ...манай удирдлага надад С ХХК-ийн Еон клубд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа СХХК-ийн албаны даргад хүлээлгэж өгөх үүрэг өгсөн боловч албаны дарга нь гадуур ажилтай ээлжийн ахлах Б.Чулуунбаатарт хүлээлгэж өг гэсэн. Үүний дагуу тусгай хэрэгслийг ээлжийн ахлах Б.Чулуунбаатарт хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг,  гэрч  Б.Ариунболдын “2018 оны 8 сарын дундуур өдрийг сайн санахгүй байна, Албаны дарга яриад И ХХК-иас засуулж ирсэн 22 ширхэг чихэвчийг хүлээж ав гэж утсаар үүрэг өгсний дагуу актаар хүлээж авсан. Өмнө нь Дөлгөөн албаны дарга байсан бөгөөд тэр үед албаны даргын ажлыг Сайнбаяр авсан байсан.” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх ба уг хамгаалах хэрэгслийг хариуцагч тал хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.  

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч С ХХК нь Зайсан хилл цогцолборын Еон клубыг ажиллуулдаг бөгөөд уг клубын харуул хамгаалалтыг СХХК хариуцан ажиллаж байхдаа 2019 оны 07 сарын 9-ний өдөр И ХХК-иас хүлээлгэн өгөхөөр ирүүлсэн хамгаалах хэрэгслийг С ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбилэгийн зөвшөөрлөөр СХХК-ийн ажилтан актаар хүлээн авсан  болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.” гэж зааснаар хариуцагч С ХХК нь хамгаалах хэрэгслийг хүлээж авчээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч компанийн захирлын үүрэг болгосноор эд хөрөнгийг хүлээн авсан, улмаар уг эд зүйлсийг зориулалтын дагуу ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байгаа нь хариуцагч талыг эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болж байх тул хариуцагч нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 5.2-т “...хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох”-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн дүнг үндсэн төлбөрийн үлдэгдлийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. 

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч С ХХК нь И ХХК-ийг хамгаалах хэрэгслийг актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг, алдангийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 9 121 500 төгрөгийг гаргуулан И ХХК-д олгож, хариуцагч С ХХК-ийн гэрээнээс татгалзаж, 12 162 000 төгрөг гаргуулах сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 161 000 төгрөгийг, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 161 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай. 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ